Энэ оны долоодугаар сарын төгсгөлд банкны салбарын ашиг хасах 26.7 тэрбум төгрөг гарсан нь анхаарал татаад байна.
2018 оны зургаадугаар сарын төгсгөлд арилжааны банкны салбарын ашиг 32 тэрбум төгрөг байсан юм. Тэгвэл долоодугаар сард чухам яагаад банкууд алдагдалтай ажиллах болов гэдэг сонирхол татаж байгаа юм.
Монголбанкны нэгтгэдэг тайланд өнгөрсөн оны долоодугаар сарын төгсгөл дэх банкуудын ашиг 130 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдэж байжээ.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилтэй харьцуулахад банкны ашиг 156 орчим тэрбум төгрөгөөр буугаад байна.
График 1, Арилжааны банкуудын ашгийн хэмжээ,
Чухам ямар шалтгаанаар арилжааны банкуудын ашиг өнгөрсөн жилээс огцом буурах болов гэдэг дээр ажиглагчид янз бүрийн тайлбар хэлж байна. Засгийн газар арилжааны банкуудаас богино хугацаанд, өндөр хүүтэй зээл авахаа зогсоосон нь нөлөөлсөн гэж үзэх нь ч байгаа юм.
Гэхдээ энэхүү том өөрчлөлт Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад хийгдсэн активын чанарын үнэлгээний үр дүнгээр хийгдэж буй ажлууд нөлөөлсөн нь Монголын Банкны Холбооноос (МБХ) тогтмол гаргадаг тайлангаас харагдаж байна.
Монголбанкнаас энэ оны хоёрдугаар сард гаргасан мэдэгдлээр "Активын чанарын үнэлгээгээр арилжааны банкуудын зээлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоонд үнэлэлт өгч, дүн шинжилгээ хийсний зэрэгцээ уул уурхайн лицензийн үнэлгээний аргачлалыг тодорхойлсон нь бусад улс орнуудад хийгддэг активын чанарын үнэлгээнээс онцгой ач холбогдолтой болсоныг дурьдах нь зүйтэй" гэж байв.
Мөн энэ үнэлгээгээний үр дүнд Монголбанкнаас арилжааны банкуудад өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх 9 сарын хугацаатай үүрэг даалгаврыг өгч, арилжааны банкууд тухайн шаардлагыг 2018 оны арванхоёрдугаар сард багтаан бүрэн хангасан байх шаардлагатай болсон билээ.
МБХ-ноос гаргасан салбарын хоёрдугаар улирлын тайлангаас үзвэл "2018 оны зургаадугаар сард банкууд нийт 275 тэрбум төгрөгөөр эрсдэлийн сангаа нэмж байгуулсан нь алдагдал бүртгэх гол шалтгаан болсон байна" гэжээ.
Тодруулбал, "Чанаргүй зээлийн багц 1.3 их наяд төгрөгт хүрч өссөн боловч, өсөлтийн хурд саарснаар нийт зээлд эзлэх хувь 8.2 болж буурлаа.
Хэдийгээр чанаргүй зээлийн багцын өсөлт саарч буй ч зээлийн эрсдэлийн сан огцом өссөнөөс үзэхэд чанаргүй зээлийн багцын ангилал муудсан байх үндэслэлтэй юм.
Зээлийн эрсдэлийн сан огцом өссөнөөр чанаргүй зээлийн багцын үлдэгдлийг давж, эрсдэл даах чадварын харьцаа 103 хувьд хүрч өссөн нь зээлийн чанарын ангилалд томоохон бүтцийн өөрчлөлт гарсныг харуулж байна.
2018 оны хоёрдугаар улиралд хэд хэдэн банк дүрмийн сангаа нэмэгдүүлсэн хэдий ч банкны системийн өөрийн хөрөнгийн хүрэлцээ буурсан явдал нь зээлийн багцын нийт активт эзлэх хувь 5 нэгж хувиар нэмэгдсэний зэрэгцээ тухайн жилийн хуримтлагдсан ашиг буурсантай холбоотой байв" гэжээ.
Хэдийгээр банкны салбар алдагдалтай гарсан ч Монголын банкны салбарын нийт хөрөнгө анх удаа 30.0 их наяд төгрөгийн босгыг давсан нь 2018 оны хоёрдугаар улирлын онцлох үйл явдлын нэг байсныг МБХ онцолжээ.
2018 онд системийн нөлөө бүхий банк (СНББ)-уудын нийт хөрөнгө 1.4 их наяд төгрөг буюу 5.5 хувиар өссөн байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд СНББ-ууд дотроос Хаан Банкны актив хамгийн тогтвортой буюу улиралд дунджаар 3.0 орчим хувиар өсч байгаа бөгөөд түрүүлж 8.0 их наяд төгрөгийн босгыг давжээ.
2017 онд активын хэмжээгээр тэргүүлэгч хоёр банк системийн нийт активийн 49.3 хувийг бүрдүүлж байсан бол 2018 оны хоёрдугаар улирлын
байдлаар уг үзүүлэлт 50.5 хувь болж өссөн байна. Өөрөөр хэлбэл Хаан Банк, Худалдаа Хөгжлийн Банкны нийт актив 15.2 их наяд төгрөгт хүрээд байна.
Цэвэр ашгийн хувьд 2018 оны хоёрдугаар улирлын дүнгээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Хаан Банк болон Голомт банкнаас бусад СНББ-уудын ашигт ажиллагаа буурчээ. ХХБ-ны хувьд 2018 онд 85 тэрбум төгрөгөөр эрсдэлийн сангаа нэмж байгуулсан байна.
График 2, Банкуудын цэвэр ашиг
- Системд нөлөө бүхий банкууд
- Бусад банкууд
ХасБанкны хувьд эрсдэлийн сангийн өмнөх санхүүгийн цэвэр орлого өмнөх оны мөн үеэс өсөлтгүй гарсан байна. Төрийн Банк болон УБ хотын Банкны хувьд мөн л өндөр дүнгээр эрсдэлийн сангаа нэмж байгуулснаар ашигт ажиллагаа мууджээ.
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк (ҮХОБ) нь дүрмийн санд оруулсан хөрөнгө оруулалтын 60 хувь, Чингис хаан банк нь дүрмийн санд оруулсан хөрөнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний алдагдал бүртгэсэн байна.
ҮХОБ-ны хувьд зээлийн чанар огцом муудаж эрсдэлийн сангийн зардал бүртгэсэн бол Чингис хаан банкны хувьд чанаргүй зээлийн нийт багц огцом өсөөгүй боловч мөн л өндөр дүнгээр сангаа нэмэгдүүлсэн. Системийн хэмжээнд Хаан банкнаас бусад 12 банкны ашигт ажиллагаа өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22.1 дахин буурсан үзүүлэлттэй байна гэж МБХ-ны тайланд дурджээ.