Зураг
Зураг
Индэр    
2018 оны 7 сарын 30
Зураг
Freelance journalist

ЯГ ОДОО ТА УРЛАГИЙН ХҮН БАЙ!



Монголд жинхэнэ урлаг бий болов уу? Бид урлагтай яг учирч амжсан уу? Урлагаар дамжуулж нийгмийн асуудлуудыг шийддэг. Урлагийг ойлгож хүн аз жаргалтай амьдарч чаддаг. Тэгвэл бид өөрсдийн доторх урлагийн тэнгэрээ хэрхэн сэрээх вэ? Энэ удаа та бүхэнд Солонгосын алдарт зохиолч Kim Young-ha-гийн TED talk дээр тавьсан илтгэлийг орчуулан хүргэж байна. Түүний “Би Өөрөө Шийдсэн” хэмээх хамгийн алдартай романийг одоогоор  Англи, Франц, Герман, Чех, Голланд, Польш, Турк, Хятад, Вьетнам, Монгол хэлнээ орчуулаад байна. 



 

ЯГ ОДОО ТА УРЛАГИЙН ХҮН БАЙ!

Өнөөдрийн миний сэдэв бол “Яг одоо артист бай” Энэ талаар ярихад ихэнх хүн эсэргүүцдэг. “Урлаг намайг тэжээж чадахгүй, би завгүй, сургуульд сурах ёстой, ажил олж хийх хэрэгтэй, хүүхдүүдээ ийм тийм юманд явуулах ёстой” “Надад урлагт зориулах цаг зав байхгүй” гэх мэт шалтгааныг хүмүүс хэлдэг. 

 Яг одоо артист байж болохгүй олон зуун шалтгаан бий. 

Чадахгүй, болохгүй. Ер нь яагаад бид артист байна ёстой гэж? Яагаад болохгүй гэж?  Бид өөрсдийгөө урлагтай холбож бодохоор нэг л биш. Магад урлаг бол хэн нэгэнд заяагдсан агуу бэлэг, тэр бэлгийг хүртэхийн тулд мэргэжлийн түвшинд бэлтгэгдэх хэрэгтэй. Та өөрийгөө урлагийн ертөнцөөс тэс хөндлөн, хол мэт боддог байх. Тийм ч байж болох, гэхдээ би тэгж бодохгүй байна. 

Бид бүгдээрээ төрөхдөө л артист байсан. 

Хэрвээ та хүүхэдтэй бол  намайг юу яриад байгааг гадарлаж магад. Хүүхдүүдийн хийж байгаа бараг бүх үйлдэл нь урлаг байдаг. Харандаагаар ханан дээр зурна. Зурагт үзэж дуурайж бүжиглэнэ. Гэхдээ энэ нь өөрийнх нь зохиосон өвөрмөц бүжиг болон хувирна. Тэд энэ урлагаа  өдөржин давтах тул хүүхдүүдээс зарим нэг нь жаахан залхдаг ч аав, ээж нь бол тэвчдэг. 

Хүүхдүүд заримдаа моно драм үзүүлнэ. Айл гэртэж тоглох нь моно драм аль эсвэл ямар нэг жүжиг юм. Жаахан том болоод ирэхээрээ хүүхдүүд худлаа ярьж эхэлнэ. Хүүхэд нь хамгийн анх хэзээ худлаа ярьсныг аав ээжүүд санадаг. Тэд шууд шоконд орно. “Чи одоо л яг өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг  харууллаа даа”  гэж ээж зэмлэнэ. Яг л аавыгаа дуурайж дээ. Чи ирээдүйд ямар хүн болмоор байна гэхчилэн цааш хүүхдээ асууж шалгаана. 

Та санаа зовох хэрэггүй. Хүүхэд худлаа ярьсан мөчөөс зохиолын санаа ч мөн эхэлж байна гэсэн үг. Тэд хараагүй зүйлээ ярьж байна. Энэ бол гайхалтай хэрэг. Тэр ч байтугай энэ үйл явдлыг тэмдэглэх хэрэгтэй. “Манай хүү худлаа ярьж эхэллээ!”  Жишээ нь хүүхэд ээж дээрээ ирээд, “Би өнөөдөр харь гаригийнхантай таарлаа” гэхэд жирийн ээж бол ингэж хариулдаг “Утгагүй юм ярихаа боль” сайн ээж аав бол ингэж асуудаг “Нээрээ юу? Харь гаригийнхан гэнээ? Тэд ямар харагдаж байна? Юу гэж байна? Хаана тааралдав?” гэж асууна. Хүүхэд хариуд нь “Дэлгүүрийн хажууд тааралдлаа” гэх мэт цааш яриа үргэлжилнэ. 

Иймэрхүү харилцан яриа өрнүүлж эхлэхэд, тэд эхний ярьсан зүйлдээ хариуцлага хүлээж, дараа дараагийнхаа ярих зүйлийг бодох хэрэг гарна. Тэгээд л нэг үлгэр бүтнэ гэсэн үг. Мэдээж энэ бол хүүхдийн зохиол, гэхдээ нэг өгүүлбэр хэлээд дараагийн өгүүлбэрээ бодох нь мэргэжлийн зохиолчдын хийдэг ажил. Мөн чанартаа бол адилхан. Roland Barthes хэлэхдээ “Flaubert роман бичээгүй. Нэг өгүүлбэрийг дараагийн өгүүлбэртэй нь холбосон. Өгүүлбэрүүдийн хоорондох дурлалын бурхан нь Flaubert-ийн роман юм” гэж.  Роман бол ерөнхийдөө нэг өгүүлбэр бичээд, дараа нь тэр өгүүлбэрийнхээ утга санааг гуйвуулахгүйгээр дараагийн өгүүлбэрийг бичих. Тэгээд үргэлжлүүлээд холбоод явна. 

За нэг жишээ хэлье. “Нэг өглөө, Грегор Замза хар дарсан зүүднээсээ сэртэл аварга том шавьж болчихсон орон дотроо хэвтэж байх нь тэр”.  Энэ бол Франц Кафкагийн “Хувирал” туужийн эхний өгүүлбэр. Энэ өгүүлбэрээр эхлэн цааш түүнийгээ тайлбарласаар Кафкагийн бүтээл контемпрари уран зохиолын шилдэг бүтээл болсон. Кафка аавтайгаа сайнгүй харилцаатай байсан тул өөрийн бичсэнээ түүнд үзүүлээгүй. Магадгүй тэр аавдаа үзүүлсэн бол “Миний хүү солиорчихжээ” гэж бодох байсан биз. 

Гэхдээ үүнд буруу зүйл байхгүй. Урлаг бол жаахан “галзуураад” тэрийгээ дараагийн өгүүлбэрээрээ тайлбарлах, хүүхдүүдийн хийдгээс нээх ялгаагүй зүйл. Худлаа ярьж эхэлж байгаа хүүхдүүд бол зохиолч болох анхны алхмаа хийж байна. Тэд ядардаггүй бөгөөд дуртайяа урлаг бүтээдэг.  Хэд хоногийн өмнө би Чэжү арал дээр очсон. Хүүхдүүд далайн эрэг дээр усаар тоглоод зарим нь элсээр уул, хүн, нохой хийж байлаа. Ээж, аав нь одоо давалгаа ирээд л бүгдийг нь урсгана шүү дээ гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл шал хэрэггүй юм хийх юм гэсэн үг. Гэхдээ хүүхдүүдэд энэ хамаагүй. Тэдэнд яг тэр үедээ хөгжилтэй байж элсэн дээр тоглосоор  байх нь л чухал. Хүүхдүүд хэн нэгэн магадгүй дарга нь хэлсэн болохоор л хийдэггүй, тэд зүгээр л хийдэг. 

Та балчир байхдаа юу ч хамаагүй зурах дуртай байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Би оюутнууддаа хамгийн аз жаргалтай үеэ бичих даалгавар өгөхөд тэд ихэвчлэн хүүхэд насандаа урлагтай холбогдож байсан талаараа бичдэг. Анх төгөлдөр хуур тоглож сурсанаа, найзтайгаа тоглож байснаа, хуучин камераараа анх бичлэг авснаа гэх мэт зүйлс бичнэ. Танд ч бас иймэрхүү дурсамж байдаг байх. Энэ үед урлаг таныг аз жаргалтай болгодог, яагаад гэвэл энэ ажил биш учраас. Ажил таныг аз жаргалтай болгодоггүй биз дээ? Ихэнхдээ л хэцүү байдаг. Францын зохиолч Michel Tournier-ийн алдартай үг байдаг.  Бага зэрэг хорон үг. “Ажил бол хүний натурын эсрэг зүйл юм. Баталгаа нь юу вэ гэвэл биднийг ядраадаг”. Бидний натурт байгаа юм бол ажил биднийг яагаад ядраана гэж. Бид тоглохоороо ядардаггүй. Шөнөжин ядрахгүйгээр тоглож чаддаг. Хэрвээ бид шөнөжин ажиллавал шөнөжин ажилласан хөлсөө нэхдэг. Яагаад? Ядарч толгой өвддөг учраас. 

Гэтэл хүүхдүүд зүгээр л хөгжилдөхийн тулд бүтээлч байж урлаг бүтээдэг. Тэд хүнд зарах гэж зураг зурдаггүй, мөнгө олох гэж төгөлдөр хуур тоглодоггүй. Мэдээж тэгэхээс өөр сонголтгүй хүүхдүүд байсан. Wolfgang Amadeus Mozart гэр бүлээ тэжээхийн тулд Европоор аялан тоглож байсан. Гэвч энэ бол хэдэн зууны өмнөх хэрэг. 

Хүүхдүүд хичээл сургуульд явж, гэрийн даалгавраа хийх хэрэгтэй болдог. Төгөлдөр хуур болон балетийн хичээлд явдаг ч тэр нь хөгжилтэй байхаа болино. Чамайг хий гэсэн учраас л хийж эхэлдэг. Дээрээс нь бас өрсөлдөх хэрэгтэй. Тэгэхээр энэ яаж хөгжилтэй байх юм бэ? Чи сургуульд орсон мөртлөө ханан дээрээ зурвал ээждээ загнуулах нь тодорхой. Хэрвээ чи том болсон ч  артист шиг амьдраад байвал олон дарамттай тулгарна. Хүмүүс чиний үйлдлүүдийг чинь асууж шалгааж, “зөв” байхыг чамаас шаардах болно. 

Би та нарт өөрийнхөө түүхийг ярьж өгье. 

Би наймдугаар ангидаа зургийн уралдаанд орсон. Чадлаараа хичээн зурж байлаа. Манай багш над дээр ирээд “Чи юу зурж байна?” гэж асуув. “Би хичээн зурж байна” гэж хариулав. “Яагаад зөвхөн хар өнгөөр зурж байгаа юм бэ?” Би зургийн дэвтэр дээрээ хар өнгөөр маш эрч хүчтэйгээр зурж байлаа. Маш харанхуй шөнө хэрээ модон дээр сууж байлаа гэж би тайлбарлаж эхлэв. Young-ha чи магадгүй зурахдаа сайн биш ч гэсэн юм зохиохдоо сайн юм. 

Гэхдээ багш тэгэж хэлээгүй л дээ. Ядаж тэгэж хэлсэн бол. “Өө муу мангар”. Энэ түүний хариулт байсан юм. Чи ордон зурах ёстой байсан гэж загнаж эхлэхэд би бүгдийг хараар будсаар л байв. Дараа нь тэр намайг ангиас хөөсөн. Тэнд олон охид байсан тул би маш их ичиж доромжлуулсан мэт санагдав. Миний тайлбарыг ерөөсөө сонсохыг хүсээгүй. Би уул нь үнэхээр гоё юм зурах гэж байсан. Хэрвээ тэр “багш шиг багш” байсан бол түрүүний миний хэлснийг хэлж надад урам хайрлаж дэмжих байсан. Мэдээж тийм багш ховор. 

Дараа нь би оюутан болсныхоо дараа Европт галлерей үзлээ. Үнэхээр шударга бус. Тэнд юу харсныг минь таа л даа. Миний зурсан шиг зургууд л Basel-д өлгөөтэй байхад би зурсан зургаа амандаа хийгээд олны өмнө зогсож шийтгүүлсэн байх гэж. Ийм зүйлийг комтемпрари арт гэдэг байсныг би хожим олж мэдсэн. Над шиг өрөвдөлтэйгээр тайлбарлах гэж оролддоггүй юм билээ. Ихэнх бүтээл нь нэр ч байхгүй. 20-р зууны комтемпрари арт маш сонин гаж зүйл хийж бүтээгээд хоосон орон зайг нь тайлбараар нөхдөг. Бараг л миний хийсэн зүйл шиг л байгаа биз. Мэдээж миний зурсан зураг хүүхдийн бүдүүн хадуун зураг байсан. За яахав тэгвэл одоо арай алдартай жишээний тухай ярилцъя. 

Пикассо. Тэр дугуйны жолоог суудал дээр нь залгаад “Бухын Толгой” гэж нэрлэсэн. Үнэмшилтэй сонсогдож байгаа биз? Эрэгтэйчүүдийн жорлонг нөгөө тал руу нь харуулж тавиад “Усан оргилуур” гэсэн. Энэ бол Duchamp байсан.  Хачирхалтай үйлдэл болоод түүний тайлбар хоорондын зайг дүүргэх нь ерөнхийдөө контемпрари арт юм. Пикассо бүр ингэж хэлсэн байдаг,  “Би харсан зүйлээ биш бодсон зүйлээ зурдаг” Би тэгэхээр заавал ордон зурах ёсгүй байсан байгаа биз. Би тэр үед Пикассогийн юу гэж хэлснийг мэддэг ч байсан болоосой. Тэгсэн бол би багштайгаа арай дээр маргалдах байжээ. Бидний дотор оршин байгаа бяцхан артистууд эсэргүүцэгчидтэй тулахаасаа өмнө л боолгоод үхчихдэг нь харамсалтай. Тэднийг булшилчихдаг. Энэ бол бидний эмгэнэл. 

Бидний дотор орших цоожлуулсан бяцхан артист тэгээд яадаг вэ, бүр алуулчихсан уу, алга болчихсон уу? Бидний артист хүсэл хэзээ ч алга болоогүй, байж л байгаа. Бид өөрийгөө илэрхийлж, илчлэхийг хүсдэгч дотроо “үхчихсэн” тул харанхуйгаар илэрхийлдэг. Караокед "She's Gone" юм уу "Hotel California"-г дуулан хий гитар тоглож байгаа хүмүүс байдаг. Ихэвчлэн тэд үнэхээр муухай сонсогддог. Маш муухай. Зарим хүмүүс ийм байдлаар рок болдог. Зарим хүмүүс диско клубд бүжиглэдэг. Үлгэр, домог, түүх, өгүүллэг зохиох чадалтай байсан хүмүүс шөнөжингөө интернет дээр дэмий чалчин сууна. Энэ бол бичих авьяас харанхуй байдлаар гарч ирж байгаа жишээ. 

Зарим аав нар хүүтэйгээ лего тоглож байхдаа хүүгээсээ илүү баярладаг. Тэд, “Битгий хүрээрэй, аав нь хийгээд өгье” гэнэ. Хүүхдийн сонирхол аль хэдийн буурч өөр зүйл хийж байхад аав ордноо барьсаар л. Бидний дотор байгаа артистик импульс дарлагдаж дарагдсан байгаа ч бүр алга болоогүй. Гэхдээ тэд өөрсдийгөө сөргөөр, атаархлын дүрээр харуулдаг. Та нар “Би зурагтаар гарахыг хүсч байна” гэдэг дуу мэднэ биз дээ? Телевиз бол бидний хийхийг хүсдэг боловч даанч чадаагүй  ажлыг хийдэг хүмүүсээр дүүрсэн газар. Тэд бүжиглэнэ, жүжиглэнэ,  илүү ихийг хийх тусмаа магтуулна. Тийм учраас бид тэдэнд атаархаж эхэлдэг. Бид удирдлагаа гартаа барин диктаторууд болж зурагтаар гарах хүмүүсийг шүүмжилнэ. Энэ ч жүжиглэж чадахгүй, тэр  ч дуулж чадахгүй. Хэлэхэд амархан л даа. Бид муухай болохоор атаархаагүй, зүгээр л бяцхан артистууд бидний дотор түгжигдсэн учраас л тэр. Энэ бол миний бодол. 

Одоо тэгэхээр яах ёстой вэ? Бид одооноос эхлэн өөрийнхөө артийг эхлүүлэх хэрэгтэй. Яг энэ мөчид зурагтаа унтраагаад, интернэтээс гараад, босоод ямар нэг зүйл хийх хэрэгтэй. Драмийн сургуульд Драматик гээд ангид би хичээл заадаг. Энэ ангид бүх  оюутнууд нийлж жүжиг тавих ёстой. Жүжигчний ангид явж байгаа гээд заавал жүжиглэнэ гэсэн үг биш. Тэд жүжиг бичиж болно, зохиолчийн ангийхан бас тайзан дээр жүжиглэж болно. Эхэндээ оюутнууд өөрийгөө чадна гэдэгтээ эргэлздэг боловч сүүлдээ бүгд хөгжилдөж үнэхээр чаддаг. Жүжигт тоглох гэж зовж байгаа хүн би бараг л хараагүй. Сургууль, цэргийн сургууль, тэр байтугай сэтгэцийн эрүүл мэндийн газарт ч хүмүүсийг нэгэнт эхлүүлчихэд л тэд маш дуртай байдаг. Цэргийн хуаранд хүмүүс жүжиг тоглоод хөгжилтэй байж цагийг сайхан өнгөрөөхийг би харсан. 

Өөр жишээ гэвэл, би зохиолын ангидаа оюутнууддаа тусгай даалгавар өгдөг. Яг зохиолчийн мэргэжлээр сураагүй  оюутнууддаа ч энэ даалгаврыг өгдөг. Зураг, хөгжмөөр сурч байгаа оюутнууд өөрийгөө бичиж чадахгүй гэж боддог. Би тэдэнд хоосон цаас нэг сэдэвтэй өгнө. Маш амархан сэдэв байж болно. Жишээ нь хүүхэд насны хамгийн азгүй тохиодол. Тэдэнд би яг галзуу юм шиг бич гэдэг нөхцөл тавьдаг. Галзуу! Би тэдний дундуур алхаж “Алив ээ алив” гэж өдөөнө. Тэд бүтэн нэг юмуу хоёр цаг галзуу юм шиг бичих ёстой. Эхний таван минут л бодож болно.  

Яагаад би галзуу юм шиг бич гэдэг вэ гэвэл удаан бичихээр толгойд олон янзын бодол эргэлдэж эхлэн, урлагийн буг чөтгөр сэмхэн биднийг багалзуурдан авна.  Энэ чөтгөр таныг бичиж чадахгүй гэх зуун зуун шалтгаануудыг чихэнд тань шивнэдэг. “Хүмүүс таныг шоолно. Энэ яг юу бичээд байнаа! Ямар гээчийн өгүүлбэр вэ? Энэ муухай бичгийн хэвийг хараач ээ!” гэх мэт. Чөтгөрт гүйцэгдэхгүйн тулд та маш хурдан гүйх хэрэгтэй. Удаан хугацаанд өгсөн гэрийн даалгавраас илүүтэйгээр оюутнуудын миний өмнө суугаад харандаагаар бичсэн 40-60 минутын галзуу бичлэг дундаас би хамгийн сайн бичвэрүүдийг олж харж байлаа. 

30-40 минутын дараа оюутнууд юу бичиж байгаагаа ч анзааралгүй бичсээр л байдаг. Яг энэ үед л ядаргаатай чөтгөр далд орно. 

Тэгэхээр би ингэж хэлж чадна. Хэн нэгэн артист байж болохгүй зуун зуун шалтгаануудын тухай биш артист байх нэг шалтгаан байхад л хангалттай. Артист байна гэдэг тийм ч чухал зүйл биш. Тэгэхээр яагаад байж болохгүй гэж. Бид доторх чөтгөрөө унтуулаад өөрсдийн артийг эхлүүлэх гэхэд гадна талд дайснууд гарч ирдэг. Энэ дайснууд бидний ээж аавын царайтай их төстэй байдаг. (Инээдтэй) Заримдаа эхнэр юмуу нөхрийн царайтай адил байж болно. Гэхдээ яг үнэндээ энэ дайснууд ээж аав чинь ч бас эхнэр нөхөр чинь ч биш юм. Энэ бол чөтгөр. Чөтгөрүүд. Тэд дэлхий дээр чамайг артист болгохгүйн төлөө ирсэн. Тэдэнд нэг шидэт асуулт байгаа.  
“Би жүжигчин болох гээд үзнэ ээ, Жүжгийн ангид явна” аль эсвэл “Би итали дуу сурмаар байна” гэж хэлэхэд чөтгөрүүд асууна. “Жүжиг ээ? Яах гэж?” Тэдний шидэт асуулт бол  “Юуны төлөө ?” 

Гэхдээ арт бол юуны ч төлөө биш. Арт өөрөө л ерөнхий зорилго нь. Урлаг бидний сүнсийг аварч аз жаргалтай амьдруулдаг. Биднийг өөрийгөө илэрхийлэхэд тусалж,  ямар нэг алкоколь, хар тамхи хэрэглэхгүйгээр аз жаргалтай болгодог. Тэгэхээр энэ прагматик асуултын хариултанд бид бүдрэхгүй байх хэрэгтэй. “Үгүй яахав, зүгээр л хөгжилдөх гэж. Чамгүйгээр хөгжилтэй байсанд уучлаарай” гэж та хариулах ёстой. “Би зүгээр л хийгээд үзмээр байна” гэж болно.  

Бид бүгдийн хийдэг олон юмны нэг нь урлаг байх тийм ирээдүйг би мөрөөддөг. 

Нэг удаа би New York-т такси барьж арын суудалд суув. Нэг жүжигтэй холбоотой мэдээлэл байхыг олж харав. Би жолоочоос “Энэ юу вэ?” гэж асуутал “Миний намтар” гэж хариулав. “Та юу хийдэг вэ?” гэж асуухад “Жүжигчин” гэж тэр хариулсан. Тэр таксины жолооч бас жүжигчин. “Та ямар дүрд тоглодог вэ?” гэж асуухад тэрээр бахархалтай нь аргагүй Хаан Lear гэж хариулав. “Миний хэн болохыг хэлж чадах хэн байна вэ? ” гэж Хаан Lear-ийн алдартай мөр байдаг. Энэ бол миний мөрөөдлийн өгүүлбэр. Зарим хүн өдрөөр гольфчин шөнөөр зохиолч байдаг. Аль эсвэл таксины жолооч бас жүжигчин, банкир бас зураач, нууцаар юмуу олонд зориулж өөрийн бүтээлээ хийдэг аль нь ч байж болно. 

Модерн бүжгийн домог болсон Martha Graham 1990 онд Солонгост ирсэн. 90 настай агуу артистаас сурвалжлагч энгийн асуулт асуув “Агуу бүжигчин байхын тулд юу хийх ёстой вэ. Залуу бүжигчдэд өгөх зөвөлгөө байвал хуваалцаач?” гэхэд “Зүгээр л хий /Just Do it” гэж тэрбээр хариулсан. Миний сэтгэл үнэхээр хөдөлсөн.  

Яг одоо!  Яаж? Зүгээр л хий! Just do it!

 

Эх Сурвалж : https://www.youtube.com/watch?v=zRvDWVfib2c