Индэр    
2018 оны 6 сарын 29
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Ажлын байрны саналаа өвөртөлсөн ШИНЭ МОНГОЛЫН инженер оюутнууд

Зураг

"Ахлах сургуулийн тухайд би том охиныхоо сурч байсан Японы Ямагатагийн Баруун ахлах сургуулийг жишиг болгон байгуулж байсан бол коллежоо Японы КООСЭН загвараар, дээд сургуулиа дэлхийн номер нэг Массачусетсийн Технологийн Их сургуулийг загвар болгосон.

Нэрний тухайд ямар ч хүн сонссон “Хөөх New MIT” гээд инээдэг. Ч.Ганзориг захирал бид хоёр их тодорхой зорилго тавьчихсан нь дээд сургуулиа дэлхийн шилдэг 100 сургуулийн нэг болгоно гэсэн зорилготой" гэж “ШИНЭ МОНГОЛ” Хүрээлэнгийн захирал Ж.Галбадрах багш "Өглөөний Хүн" буланд гурван жилийн өмнө өгсөн ярилцлагадаа дурдаж байв. 

Тухайн үед Ж.Галбадрах багш Шинэ Монгол Технологийн Дээд сургуулиа (ШМТДС) нээгээд нэгхэн жил болж байсан бол өнөөдөр тус сургуулийн анхны төгсөгчид амьдралд хөл тавьж байна. 

Монголын өнөөгийн хамгийн тулгамдсан асуудлын нэг бол ажилгүйдэл, сургууль төгсөгчдийн чадвар чансаа сул байгаа явдал болоод буй. 

Хэдийгээр манай улсад ажилгүй 100 гаруй мянган хүн бий ч тэдгээрийн 20 мянга орчим нь ажил идэвхтэй хайдаг. Тэгвэл нөгөө талд аж ахуйн нэгж байгууллагуудад шаардлагатай 10 мянган ажлын байр бий ч тэдний хүссэн мэргэжил, ур чадварт нийцэх боловсон хүчин олдохгүй байна. 

Тиймээс ч нийгэм, цаг үе, ирээдүйн чиг хандлага, эрэлтэд тохируулан мэргэжил, сургуулиа сонгох нь орчин үеийн залуусын хамгийн чухал шийдвэр болоод байгаа юм.  Иймийн учир Монголын New MIT гэгдэх Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн удирдлага, зарим төгсөгчтэй уулзаж амжилт, ололтоос нь сонирхлоо. 

ШМТДС-ийг энэ жил 21 залуу төгсөж байна. 

"Бид ШМТДС-ийг нээхээсээ өмнө Америк, Япон, Тайвань зэрэг дэлхийн 30 орчим сургуулийн үйл ажиллагаа, хөтөлбөр, хичээлийн агуулга, стандарттай танилцсан. Ингээд хоёр сургуулийг загвар болгохоор шийдсэн нь Массачусетсийн Технологийн Их сургууль мөн Токиогийн Их сургуулийн сургалтын стандартыг барьж өөрсдийнхөө хөтөлбөрийг боловсруулсан. Мэдээж ингэхдээ Монголчлох, Монголынхоо онцлогт тохируулах зүйлс байсан.

Олон жилийн хугацаанд мөрдөгдөж амжилттай явж ирсэн эдгээр сургуулийг загвар болгож Монгол хүүхдүүдэд заагаад тэдний маань гурав нь гэхэд дэлхийн шилдэг их сургуулиудад мастерын хөтөлбөрт цаад газрынхаа Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр хамрагдаж тэнцэнэ гэдэг бидний хувьд их том амжилт юм. 

Анхны төгсөгчдийн маань эцэг, эхчүүд хүүхдүүдийн эзэмшсэн мэргэжил, боловсролд их өндөр сэтгэгдэлтэй байгаа нь бидэнд бас их урам болж байна" гэж ШМТДС -ийн захирал, Проф. Ч.Ганзориг багш ярив. 

 
Ж.Галбадрах багш Солонгосын КАЙСТ Их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болсон Б.Батзоригийн хамт,

Мастерын хөтөлбөртөө үргэлжлүүлэн Дэлхийн шилдэг 100 сургуулийн нэг, БНСУ-ын инженер, технологийн чиглэлийн ахисан түвшний судалгааны КАЙСТ их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болсон Б.Батзориг "Миний хувьд Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгсөж байна. Үргэлжлүүлэн КАЙСТ-д нано технологиор мастерын хөтөлбөрт хамрагдах гэж байна. Дэлхийн шилдэг 100 сургуулийн эхний 50-д багтдаг КАЙСТ-ийн хөтөлбөр, шалгалтад би гуравдугаар курсээсээ өөрийгөө бэлтгэсэн" гэж байлаа. 

Б.Батзориг “Шинэ Монгол Дээд сургуульд сурч байхдаа Японы Кюүшүгийн Их сургуульд дадлага ажил хийх боломж гарсан. Үүнээс хойш би өөрийгөө судалгааны чиглэлийн хүн болох юм байна гэдгээ ойлгосон. Тиймээс ч гуравдугаар курсээсээ хойш КАЙСТ сургуулийг нарийн судалж өөрийгөө бэлдсээр ийнхүү тэнцэж чадлаа" гэж байв. 

ШМТДС-ийн анхны төгсөгчдийн хоёр нь Японы Ёокохамагийн Үндэсний Их Сургуульд мастерын хөтөлбөрт мөн л 100 хувь Японы Засгийн газрын тэтгэлгээр сурах гэж байна. Тэдний нэг Б.Энхсайхан барилгын инженер мэргэжлээр төгсөж байгаа бөгөөд Японд бүтээцийн инженерээр 100 хувийн тэтгэлэгтэй сурахаар болжээ. 

 
Ч.Ганзориг багш Японы Ёокохамагийн Үндэсний Их Сургуульд мастерын хөтөлбөрт 100 хувь Японы Засгийн газрын тэтгэлгээр сурах гэж буй Б.Энхсайхантай хамт,

Шинэ Монгол Технологийн сургууль Япон Улсын Засгийн газрын санхүүжилт бүхий багш, оюутан солилцох Сакура Сайнс хөтөлбөрт долоо дахь удаагаа хамрагдаад байгаа юм байна. 

Нийт 69 оюутан, долоон багш энэхүү хөтөлбөрт хамрагдаж Японы томоохон их дээд сургуульд богино хугацаагаар суралцаж туршлага судалжээ. Өөрөөр хэлбэл, оюутнууд энд сурсан мэдсэн зүйлсээ Япон зэрэг хэд хэдэн оронд богино хугацаатайгаар судалгаа, дадлага хийх боломж олддог байна. 

 
Оюутнуудын гадаадад хийдэг дадлагуудын үеэр авхуулсан зураг,

ШМТДС өнөөдрийн байдлаар баклаврын ангиуддаа Архитектур, Барилгын инженер, Үйлдвэрийн автоматжуулалт, Механик инженер, Хүрээлэн буй орчны инженер, Цахилгааны инженер, Нано-Шинжлэх ухаан, инженерчлэл, Химийн инженерчлэл, Програм хангамж гэсэн 9 мэргэжил, мастерын 5, энтрепренершип ба инновацийн чиглэлээр мастерын 1 хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. 

Тус сургуулийн мастерын хөтөлбөрийн анхны төгсөгчийн нэг Т.Ганбаатар одоо Японы Кюүшүгийн Их сургуульд докторантаар сурч байгаа юм. Т.Ганбаатарын судалгаанууд Кюүшүгийн их сургуульд хамгийн өндөр амжилт үзүүлж байгаа талаар манайд захидал ирсэн гэж Ч.Ганзориг багш баяртайгаар ярьж байлаа. 

Мастерын хөтөлбөрийн бас нэг төгсөгч Д.Чулуунчимэг Хятадын Чиндаогийн Био Энергийн хүрээлэнд мөн сурч, ажиллаж байгаа юм байна. 

Сургалтын орчин нөхцлийн хувьд зориулалтын стандарт хангасан лаборатори зэрэг нь хүүхдүүдийн сурах, бүтээлч байдал түлхэц үзүүлдэг бөгөөд ШМТДС-ийн оюутнуудын нэрийн олон бүтээгдэхүүнийг тэд туршин үйлдвэрлэжээ. Хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах хямд технологи боловсруулах, хонины сүүлтэй саван, чацарганатай уруул өнгөлөгч гээд тэд хэд хэдэн бүтээгдэхүүн багш нарынхаа тусламжтайгаар туршин үйлдвэрлэжээ.

“Орчин маш сайн, тусдаа бие даан ажиллах олон өрөө тасалгаатай. Лабораториудын хувьд мөн олон сонголттой.  Сургалтын хөтөлбөрийн хувьд MIT-ийн  онлайн хичээлийн дагуу явдаг. Оюутнуудын хувьд ойлгоогүй зүйлсээ бие даагаад онлайнаар суралцах боломж их. Мөн өөрөө хүсвэл хичээлээ түрүүлээд ч судлах боломж их байдаг нь их таалагддаг” гэж Б.Батзориг сургуулийнхаа тухай ярьж байлаа. 

Мөн оюутнууд чөлөөт цагаараа урлаг, спортын олон төрлийн дугуйланд хичээллэдэг байна. Түүнчлэн намрын ургац хураалтад 14 хоногийн хугацаанд оролцдог нь тэдний бие даах, ажил хөдөлмөр эрхлэх чадварт эерэг нөлөөлдөг ажээ. 

(Зургууд дээр дарж томруулж үзэх боломжтой)

Оюутнуудын бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг бас нэгэн хөтөлбөр бол Робокон тэмцээнд бэлтгэн оролцох. Энэ жил маш богино хугацаанд бэлдэн оролцсон ч тун амжилттай оролцсон тухайгаа Ч.Ганзориг багш хуучлав. Тэд ирэх жил “Робокон 2019”-т нэлээд өндөр бэлтгэлтэй оролцох төлөвлөгөөтэй байна. Учир нь Тоёошигийн Технологийн Их сургуульд ажиллаж байхдаа ABU Робокон тэмцээний зургаан удаагийн аварга багийн дасгалжуулагч Проф. Шиничи Сузуки өнгөрсөн тавдугаар сараас ШМТДС-д зочин профессороор уригдан ажиллаж робоконы баг тамирчдыг бэлтгэж байна.

ШМТДС шинэ хичээлийн жилээс мөн хиймэл оюун ухааны лабораторийг байгуулахаар төлөвлөөд байгаа аж

Мэдээж шилдэг боловсон хүчин бэлтгэн гаргах хамгийн чухал хүчин зүйлсийн нэг багшийн ур чадвар, мэдлэг, сэтгэл, арга зүй. 

“Математик, биологи, хими, физик суурьтай өндөр технологийн инженерүүд бэлтгэх зорилготой учир математикийн багш гэхэд маш сайн байх ёстой. 

Манай математикийг гэхэд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Др., Проф. В.Адъяасүрэн багш гурав дахь жилдээ зааж байна. В.Адъяасүрэн багшийн шавь, доктороо Англи улсад хамгаалаад ирсэн У.Батзориг гэхэд багштайгаа хамт ажиллана гээд хүрээд ирсэн байх жишээтэй” гэж Ч.Ганзориг захирал ярьж байлаа. 

 
Др., Проф. В.Адъяасүрэн багш,

“ШИНЭ МОНГОЛ” Хүрээлэнгийн захирал Ж.Галбадрах “Багш боловсон хүчин гэдэг манай хамгийн чухал зүйл. Бид суурь шинжлэх ухааны хамгийн шилдэг багш нарыг бүрдүүлэхийг хичээж байна” гэж байв. Үнэхээр ч тус сургуулийн танилцуулга материалыг үзвэл дандаа л доктор, профессор багш нар байх аж. 

Өнөөдөр ШМТДС-д сурч буй 100 гаруй оюутны 50 гаруй хувь нь 15-100 хувийн тэтгэлгээр сурч байна. 

Сургуулийн зүгээс шилдэг оюутан, элслэгчдэд 15-100 хувийн тэтгэлэг олгохоос гадна Японы хэд хэдэн клуб, сангийн эргэн төлөгдөх нөхцөлтэй тэтгэлэгт оюутнууд нь хамрагдаж байна. Мөн түүнчлэн “Говь” зэрэг үндэсний компани боловсролд хөрөнгө оруулалт хийж зарим оюутанд тэтгэлэг олгодог талаар сургуулийн танилцуулгад бичжээ. 

“Бид маш олон оюутныг тэтгэлгээр сургаж байна. Заримдаа ч Ганзориг бид хоёр арай олон хүүхдэд тэтгэлэг өгөөд байна уу даа. Орлого, зардлаа тэнцүүлэхгүй бол” гэж ярьдаг хэмээн Ж.Галбадрах багш инээд алдан ярив. 

ШМТДС 2018 оны элсэгчиддээ л гэхэд “Science Challenge 2018” тэтгэлэгт сорилгод шалгарсан 296 сурагчид сургалтын төлбөрийн 30-50 хувийн хөнгөлөлттэйгээр 2018-2019 онд суралцах эрх олгоод байна. Гэхдээ тэдний энэ жил авах элсэгчдийн тоо 180 хүртэл байх гэнэ. 

Энэ өгүүллийн эхний хэсэгт би Монгол залуусын ажлын байрны олдоц муу мөн өөрсдөө ажилд тэнцэх чадвар, чансаа муу байгаа нь манай улсын хамгийн том бэрхшээл болоод байгааг дурдсан. Үнэхээр ч төрөл бүрийн судалгааны байгууллагын олон нийтийн дунд хийсэн асуулгаар хүмүүсийн хамгийн их санааг зовоож байгаа асуудал бол яах аргагүй ажилгүйдэл л байгаа юм. 

Тэгвэл ШМТДС Монголд төдийгүй олон улсад ч эрэлттэй байдаг мэргэжлүүдээр оюутнуудаа бэлдэж байна. Үүний баталгааг анхны төгсөгчдийнх нь үзүүлэлтээр хэмжиж болно. 

Ч.Ганзориг захирал “GTN компани хамтын ажиллагааныхаа хүрээнд манай сургуулийн долоон төгсөгчийг өөрсдийн мэргэжлийнх нь дагуу Японы баталгаатай, хүлээн зөвшөөрөгдсөн компаниудын шаардлагатай ажлын байранд шууд үндсэн ажилтнаар ажиллах боломжийг олгохоор ажиллаж байна. Төгсөгчид маань 4-6 сарын хэлний бэлтгэлд хамрагдаад ирэх оны нэгдүгээр сараас эхлээд Японд мэргэжлээрээ ажиллана. 

Япончуудын хувьд залуусын мэргэжил, ур чадвараас гадна тухайн хүүхэд, залуусын хандлагыг их харна. Итгэл даах чадвар, хариуцлага, бие даасан байдал, тэвчээр гэх мэт чанарыг голчлон харж байна. 

Энэ хөтөлбөрийн тухайд нөхцөл, боломжууд нь их чөлөөтэй, хангамж сайтай.  Гарааны цалин гэхэд сарын 2,600 доллараас эхэлж байгаа зэрэгт би их баяртай байгаа. Хүүхдүүдийг маань гадаад хүн гэж ялгалгүй яг л Япон залуусын хэмжээнд үнэлж ажиллах ийм хөтөлбөр байгаа юм. Хугацааны хувьд залуучууд маань гэрээндээ юу гэж тусгасан түүнээсээ хамаараад мэргэжлээрээ ажиллана” гэж байлаа. 

 
ШМТДС-ийн анхны төгсөгчид,

Ж.Галбадрах багш “Би өмнө нь гадаадад үргэлжлүүлэн сурч байгаа хүүхдүүддээ сургуулиа төгсөнгүүт л Монголдоо ир гээд дууддаг байлаа. Харин одоо наанаа 3-5 жил ажиллаад олон зүйл сурчихаад Монголдоо ирвэл зүгээр байна гэж зөвлөдөг болсон. 

Зарим хүн намайг чи тэгээд Монголд биш гадаадад л ажиллах хүчин бэлдээд байгаа юм биш үү гэдэг. Гэтэл төгсөгчид маань дандаа өндөр хөгжилтэй улсад сурч боловсроод Монголдоо ирээд хамгийн үнэ цэнэтэй мэргэжилтнүүд болж байна. 

Өнөөдөр Монголчууд бид олон улсын өндөр технологи оруулж ирэхдээ гадны мундаг инженерүүдийг ямар өндөр үнэ хөлстэй ажиллуулж байгаа билээ. Монголчууд нь гэхэд дандаа туслах ажлыг хийгээд байдаг тал бий. Тэгвэл миний явуулаад байгаа энэ оюутан залуус маань гаднаас урьж, залж хөлслөөд байгаа тэр үнэтэй инженер, мэргэжилтнүүдийг орлох хүмүүс болно гэж би бодож байна. Тиймээс ч залуусыгаа хөгжил өндөртэй газар сураад, ажиллаад олон зүйл сурчихаад эх орондоо ирээрэй гэж захидаг” гэж ярьж байлаа. 

Үндэсний компаниудын хувьд ч өөрсдөдөө эрэлттэй байгаа боловсон хүчний захиалгыг ШМТДС-д өгөхөөс гадна компанийхаа нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд өөрийн ажилчдыгаа бэлтгэх боломж мэдээж нээлттэй. 

ШМТДС-ийн анхны төгсөгчид болох 21 залуугийн гурав нь өнөөдрийн байдлаар Япон, Солонгост мастерын хөтөлбөртөө тэтгэлэгтэй суралцах урилгаа гардаж аваад байгаа бол долоо нь эзэмшсэн мэргэжлээрээ Япон улсад ажиллахаар болоод байна. Харин үлдсэн 10 орчим төгсөгчид үндэсний 20 гаруй томоохон компани ажлын санал тавиад байна.   Тухайлбал, тус сургуулийн шилдгийн шилдэг оюутан, төгсөгч Ц.Бат-Оргилд “Bolorsoft” компани ажлын байрны санал тавьж хиймэл оюун ухааны чиглэлээр ажиллахаар урьжээ. 

Мөн Монцемент, МАК, Эрдэнэт Үйлдвэр гээд олон аж ахуйн нэгж ШМТДС-иар боловсон хүчнээ бэлтгүүлэх сонирхлоо илэрхийлээд байна.