Индэр    
2018 оны 5 сарын 7
Зураг
Freelance journalist

Өөртэйгөө өнгөрүүлсэн арав хоног

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

- Тэмдэглэл - 

Аяны хөнжлөө аваад, хувцсаа цүнхэндээ хийгээд “Найрамдал”-ын зүгт нэгэн модон байшинд ирлээ. Эрэгтэй эмэгтэйгээр нь ялгаад оруулав. Бөөн гудаснууд зэрэгцүүлэн тавьсан байна. Бүгд ор хөнжлөө засаад хувцас хунараа эмхлэн тавьцгаалаа. Тэнд очсон зуу гаруй хүнийг цуглуулан дуудаад дараагийн арав хоногт хэрхэн амьдрах тухай чанд хатуу дүрмийг багш танилцуулан, утсаар ярих сүүлийн боломж олгов.

Ирсэн хүмүүс тодорхой хэмжээгээр сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан тул бүгд зөвшөөрөн тэр мөчөөс хойш дуугаа хураалаа. Арав хоногийн турш өөр хоорондоо ярьж, тэр байтугай дохио зангаагаар ч харьцах ёсгүй бөгөөд харц доошоо өөр өөрсдийгөө хичээн амьдрах ёстой.

Маргааш үүрийн 04.00 цагт хонх цохиход бүгд сандралдан босч  бясалгалын харанхуй өрөө рүү орлоо. Бороо ороод, гадаа салхитай, сэрүүхэн, дотор нэг тийм гунигтай бас аймар. Анхаарлаа төвлөрүүлэн элдэв янзын юм бодохгүй, орж гарч буй амьсгалаа ажиглах маш амархан даалгавар өгсөн боловч хүний анхаарал гэж яг яс юман дээрээ нэг секунд ч төвлөрч чадахгүй тэнээд явчихдаг юм билээ.

Ингэж тэгж өрөмний өт шиг суусаар цаг өнгөрч өглөөний цайндаа оров. Жоохон амраад буцаад бясалгалдаа орно, цагаан хоол иднэ, бие засна, унтана. Энэ хэмнэлээр арав өдөр лам мэт амьдрах ёстой, өдөр бүр яг адилхан. Гэхдээ мэдээж тэвчээртэй суух, анхаарлаа төвлөрүүлэх арга техник өдөр ирэх тусам сайжирна. Бүх бие организмаа нягт мэдрэх болоод яг одоо байгаа цаг хугацаандаа оршиж сурах гэж их л хичээсэндээ. Энэ бол Випашяна бясалгал юм.

Өөрөө өөртэйгөө, асуудалтайгаа нүүр тулахаас өөр ямар ч аргагүй. Хаашаа ч зугтах юм уу түр аргацаах аргагүй. Хотын хөл толгой нь мэдэгдэхгүй амьдралаас түр амс хийгээд өөр лүүгээ өнгийн харахад бас л энэ сэтгэлийг гамгүй эдэлж дээ гэж бодогдоно. Энэ үйл явц мэдээж амар юм уу сайхан байгаагүй. Гэхдээ бодит байдлаас, өөрөөсөө зугтаад зугтаад нуугдах газар дуусна.

Бодит байдлыг харах сөхөөгүй, өөрийн төсөөлсөн, магадгүй бусдын төсөөллийн ертөнцөд ямар харалган амьдарч байсан нь өдөр ирэх тусам маш ойлгомжтой нүдэнд харагдаж эхэлнэ. Өөрөө өөрийнхөө учрыг ойлгоогүй таниагүй хүн бусдын учрыг олно гэж ёстой хаана ч байхгүй. Ингэж тэгж худлаа үнэн амьдралаа аргацаасаар л нэг л өдөр авсандаа орно гэсэн үг. Бусдын өмнө жүжиг тавьж амьдрах хүнийг үнэхээр ядраадаг, тэгэхдээ энэ бол юу ч биш, өөрийнхөө өмнө өөртөө жүжиг тоглож амьдрах бүр аймшигтай.

Бясалгалын үеэр янз бүрийн шийдэгдээгүй асуудлууд бөөлжис цутгах мэт хоолойн дээр гараад ирнэ. Илүү төвлөрөх тусам, улам гүнээс ундарна. Тэгэхдээ энд ингэх гэж, хамаг гадаад орчноос тасраад өөртэйгөө учрах гэж ирсэн учраас улам их ухах хэрэгтэй.

Цаг хугацааг зогсоосон мэт өдөр хоног минут секундээр өнгөрч гэр орондоо очмоор ингэмээр тэгмээр санагдавч сүүлийн өдрийн нинж бясалгал дээр шагнал нь юу байсныг мэдэрнэ. Бүх биеийн нүх сүвээр гэрэл цацраад ч байгаа юм шиг хамаг амьтныг хайрлан энэрэх сэтгэл чин зүрхнээс мэдрэгдэх тэр мэдрэмж үгээр тайлбарлахын аргагүй, зөвхөн хэн нэгэн биеэрээ мэдэрч байж л ойлгох юм. Энэ мэдрэмжийг энэ ертөнцийн бүх хүнд хүсэн ерөөе.