Индэр    
2018 оны 5 сарын 5
Зураг
Freelance journalist

"Би бүгдийг мэдчихлээ гэж өөрийгөө тоох нь хамгийн аюултай урхи"

Зураг

“Market Road Films”-ийг үүсгэн байгуулагч, “Эмми”-гийн хоёр удаагийн шагналт найруулагч, зохиолч Тони Гербер нь “National Geographic” сувгийн захиалгаар дэлхийн хамгийн аюултай, алс бөглүү цэгүүдэд 10 гаруй баримтат кино бүтээсэн.

Тони Гербер өнгөрсөн онд “CNN Films”-тай хамтран охидын боловсролын асуудлаар АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн Африкт хийсэн аяллыг баримтжуулсан. “We will Rise” нэртэй тус баримтат кинонд Мэрил Стрийп, Фрида Пинто нарын алдартай эмэгтэйчүүд тогложээ. Уулын горилла сармагчныг аврахын төлөөх байгаль хамгаалагчдын тэмцлийн тухай “Explorer: Battle for Virunga” киногоороо АНУ-ын Амьтан хамгаалах нийгэмлэгийн дээд шагнал хүртсэн байна.

Улаанбаатар” олон улсын кино наадмын үеэр айлчлахад Тони Гербертэй уулзаж, ярилцах ховорхон боломж тохиосон юм.

-Таны сүүлийн үед хийсэн уран бүтээлээс яриагаа эхэлье гэж бодлоо. “We Will Rise” охидын боловсролын тухай баримтат киног үзсэн. Хатагтай Мишель Обама болоод Мерил Стрийптэй ажиллахад ямар байсан бэ?

-Мишель Обама бол маш гайхамшигтай, халуун дулаан уур амьсгал цацруулсан харилцахад хялбар эмэгтэй байсан. Мэдээж түүнийг тойроод олон хамгаалалт байсан тул хэт ойрхон ажиллах боломжгүй. Тэрээр Морокко, Либери дэх Африк охидтой ямар ч бэлдсэн бичсэн зүйлгүйгээр үнэхээрийн чин сэтгэлээсээ харилцаж байсан. Охидын боловсролд үнэхээрийн санаа зовж явдаг нь харагдсан. Миний хувьд хатагтай Мишель Обама бол Африкт ч,  Америкт ч гэрэлтэж буй од.

Мэрил Стрийп ч мөн адил асуудалд чин сэтгэлээсээ ханддаг бөгөөд харилцахад хялбар эмэгтэй. Түүнтэй ажиллахад надад киноны том одтой ажиллаж байна гэхээсээ илүүтэйгээр зүгээр л жирийн хүнтэй ажиллаж буй мэт сэтгэгдэл төрсөн.

Тэр хийж байгаа ажилдаа гүн гүнзгий анхаардаг нь эвлүүлгийн өрөөнд бидэнтэй есөн өдрийг хамт өнгөрүүлэхэд л харагдаж байлаа.Зохиолоо, үгээ дахин дахин бичээд л, санаагаа яг зөв гаргах, өөрийнхөө харсан үзсэнээ, Мороккод юу мэдэрч ойлгосноо хүмүүст үнэн бодитоор нь хүргэх тал дээр маш их хичээж ажилласан. Түүний оюун ухааны болоод мэдрэмжийн чадвар нь надад гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн.

Монголд онгон зэрлэг байгаль болон яригдаж судлагдаагүй түүх маш их бий гэдэгт итгэлтэй байна.

-Та кино урлагтай хэрхэн холбогдсон бэ?

-Би багаасаа л кино хийхийг хүсдэг байсан бөгөөд эхлээд зохиолч болсон. Би театрт жүжгийн зохиолчоор ажилладаг байлаа. Театрт ажилласан туршлагаасаа би кино урлаг руу орсон. Миний эхнэр зохиолч хүн, одоо бид хоёр хамтраад уран сайхны кинон дээр ажиллаж байгаа.

-Таны хийсэн кинонууд ихэвчлэн нийгмийн эмзэг асуудлыг хөндсөн байдаг. Та яагаад энэ чиглэлийн кино сонирхон хийх болов?

-Би хувь хүн болоод нийгмийн асуудлыг илүү сонирхдог. Ер нь бол би хүмүүс болоод хувь хүний өвөрмөц байдлыг илүү сонирхдог. Хувь хүний мөн чанарт тулгуурласан кино хийхийн хажуугаар үүндээ нийгмийн шударга ёсны асуудлыг шингээхийг зорьдог.

Хууль тогтолцооны системийг өөрчлөн шинэчлэх гэхээсээ  илүүтэйгээр би киногоороо хүмүүсийн анхаарлыг аливаа асуудалд хандуулах,  шинэ нүдээр, өөр өнцгөөс хараасай, ядаж л ярьж эхлээсэй гэж бодож хийдэг юм.

-Та урьд нь Монголд ирж байсан гэсэн. Таны бодлоор бид юугаараа дэлхийн киноны ертөнцөд онцгойрох боломжтой вэ?

-Миний бодлоор Монгол өөрөө байгаагаараа маш онцгой өвөрмөц газар. Өргөн уудам газар нутагтай, цөөн хүн амтай, судлах зүйл маш ихтэй. Онгон зэрлэг байгаль гээд л яригдаж, судлагдаагүй зөндөө түүхүүд байгаа гэдэгт би итгэлтэй байна.

Миний нэг айдас бол Монголын киноны уран бүтээлчид бүгд л Чингис хааны тухай кино хийхийг хүсдэг. Дэлхий ертөнц зөвхөн энэ түүхийг л сонсохыг хүсэж байгаа гэсэн ташаа бодолтой байна.

Гэвч хувь хүний түүх, энгийн түүх, өдөр тутмын боловч хэлэгдэж яригдаагүй байгаа санааг нарийн детальтайгаар чин хүсэл эрмэлзлээр хийвэл дэлхий даяараа энэ түүхийг сонирхоно. Иймэрхүү кинонууд хол явна.

Монголд хичээл заахад ихэнх оюутнууд 13, 14-р зууны Монголын тухай хэдэн сая долларын түүхэн киноны зохиолтой байсан. Би тэдэнд хандан  “Окей, чи мөрөөдлөө орхиж болохгүй, заавал хийгээрэй. Гэхдээ энэ хооронд чи нэг их мөнгө орохгүй, бидний сонсоогүй цоо шинэ түүхийг баримтжуулан кино болгох боломж байна” гэж зөвлөсөн.

Миний л харж байгаагаар Улаанбаатар хотод маш их үйл явдал өрнөж байна. Гадны хүний нүдээр Улаанбаатар гайхалтай хот. Чамайг тойроод энэ хот сүндэрлэн босч байна. Олон шинэ барилга байгууламжуудтай эртний соёл зэрэгцэн оршиж байна.

Орчин цагийн болон эртний уур амьсгал зэрэгцэн оршиж байгаа хот бол үнэхээр өвөрмөц содон. Жишээ нь Нью-Йорк хотод 18-р зуунаас илүү хуучин зүйл гэж байхгүй. Монголын хувьд энэ бол өчигдөр л гэсэн үг.

Кино уран бүтээлч залуучууд өөртөө илүү итгэлтэй байж, зөн совин болоод дотоод хүчиндээ итгэх хэрэгтэй. Өөрийн дотоод дуу хоолойндоо бүү эргэлз. Олон улсын кино зах зээлийн тухай түр мартаад өөрийнхөө юу хүсэж байгааг бодох хэрэгтэй. Мөн мөнгө их ордоггүй кино хийх нь чи хэн нэгнээс зөвшөөрөл авах шаардлагагүй болно гэсэн үг. Зүгээр камераа шүүрч аваад л киногоо хийгээд эхэл. 

Улаанбаатарт бол орчин цаг болон эртний уур амьсгал зэрэгцэн оршиж байгаа үнэхээр өвөрмөц содон хот. Жишээ нь, Нью-Йорк хотод 18-р зууныхаас илүү хуучин зүйл гэж байхгүй.

-Би таны хоёр удаагийн хичээлд суулаа. Та өөрийнхөөрөө байх, өөртөө үнэнч байх тухай их ярьсан?

-Ер нь бол зөвлөгөө өгөх нь авахаас хавьгүй амархан байдаг. Уран бүтээлч хүн үргэлж өсөж, хөгжиж байх ёстой. Миний бодлоор бид хэзээ ч “бүгдийг мэдчихлээ” гэсэн төлөв байдалд хүрэх ёсгүй. Энэ бол хамгийн аюултай урхи.

Өөртөө үнэнч байна гэдэг миний хувьд өөрийнхөө өнцгөөс аливаа түүхийг өгүүлэн үзүүлэх юм. Кино хийх нь миний хувьд үргэлж сурч мэдэж байдаг аялал. Би цаашдаа байнгын хувьсан өөрчлөгдөж хөгжин дэвшиж амьдрах болно. Бүх асуултын хариуг мэдэж байгаа мэт санагдахгүй л байвал би үнэхээр азтай хүн юм.

Мэдээж зарим үед, хичээл зааж байхдаа ч юмуу бүгдийг мэддэг юм шиг царайлахаас өөр аргагүй болдог. Гэвч энэ дэлхий дээр бүхний мэдэгч хүн нэг ч байхгүй, бид бүгдээрээ л өөр өөрийн замналаараа аялж яваа хүмүүс юм. Мэдээж аялал маань илүү их эрдэм мэдлэг, мэдрэмж, туршлага, соён гэгээрлийн төлөө урагшилна. Ямар ч кино уран бүтээлч карьерийнхаа аль ч үед ийм л байх ёстой.

-Монголын залуу кино уран бүтээлчдэд санал болгох, хамтран ажиллах ч юм уу боломж бололцооны талаар танд өгөх зөвлөмж байна уу?

-Би энд хүмүүсийг зоригжуулан урам хайрлах гэж ирсэн. Монголд авьяас чадвар туршлагатай хүмүүс олон байна. Жишээ нь, “Гуру Медиа”-д миний найз Бямбаа, Ариунаа хоёр. Энэ хүмүүс гадаадын зах зээл болоод дотоодын нөөц бололцооны тухай сайн мэднэ.

Миний хичээлд суусан хүмүүс фэйсбүүкт групп үүсгэн бүгд ямар ямар туршлагатай талаараа ярилцсан. Нэг нь зохиолч, нөгөө нь найруулагч, зураглаач, нэг эмэгтэй олон улсын худалдааны мэргэжилтэн гэх мэт. Бүгдээрээ баг болоод ажиллаж болно. Хэрэгтэй бүх зүйл чинь энд байна. Гаднын хүн та нарт ерөөсөө хэрэггүй.

-Сүүлийн асуулт. Та “Би санааг олдоггүй, санаа намайг олдог, зүгээр л нүдээ нээгээд яв” гэж хэлж байсан. Ямар нэг санаа таныг энд, Монголд олов уу?

-Би нэг зохиол бичсэн. Говьд зураг авалт хийх хэрэгтэй хэсэг байгаа. Уул уурхайн талаар кино юм. Би сүүлд Монголд ирэхэд энэ санаа намайг олсон. Энэ удаа би их шахуу хугацаагаар их ажилтай ирлээ, маш завгүй байгаад буцах нь. Би гэр бүлийнхэнтэйгээ ирж, Монголыг үзүүлнэ гэж үргэлж боддог.

-Ярилцлага өгсөн Танд баярлалаа.


Ж.Мандхай