2018 оны 5 сарын 4
Freelance journalist, FuckUp Nights Ulaanbaatar organizer

Сэтгэл зүйч ажиллуулъя

Манай улсад төрсөн эхчүүдийн сэтгэл гутралыг тодорхойлох, эмчлэх нэгдсэн бодлого, үйлчилгээ байхгүй байна. Төрсний дараах сэтгэл гутрал гэдэг нь эх амаржсаны дараа нэг жилийн дотор сэтгэл санаа уйтгарлаж гуниглах, уйлах, тайван бус тогтворгүй, уур уцаартай болох, сэтгэл түгших, ядарч туйлдан сэтгэлийн тавгүй байдлаас болж шинэ төрсөн нярай хүүхэддээ анхаарал халамж тавих нь буурах зэрэг шинжээр илэрдэг эмгэг болохыг СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч Т. Мандхай тодорхойлж байна. Энэ эмгэг биологийн ба сэтгэлзүйн хүчин зүйлстэй салшгүй холбоотой гэнэ. Тухайлбал, дааврын өөрчлөлт, нойрны хямрал, урьд өмнө нь сэтгэл гутралаар өвдөж байсан эсэх, нөхөр юмуу хамтран амьдрагчийн хүчирхийлэл зэрэг нь эрсдэлт хүчин зүйлс болдог. “...Энэ нь эх, хүүхдийн эрүүл мэнд, нийгэм, сэтгэл санаа, танин мэдэхүй, бие махбодийн хөгжилд муугаар нөлөөлдөг. Хүндэрвэл ээж архинд орох, амиа егүүтгэх гэх мэт муу үр дагавартай” гэж тэрээр нэмж хэлэв. 

Эхчүүд төрөх эмнэлгээс гараад өрхийн эмнэлэгийн хяналтанд байдаг. Харин өрхийн эмнэлэгт энэ эмгэгийг тодорхойлох, илрүүлэх эмчлэх үйлчилгээ байдаггүй. Төрөх эмнэлэгүүдэд ч сэтгэлзүйчийн орон тоо үгүй. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нэг л сэтгэлзүйч хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдтэй голчлон ажилладаг байна. Нийслэллийн Өргөө амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн эмч Н.Бадрах манай улсад энэ талаар мэргэшсэн сэтгэл зүйч ерөөсөө байхгүй гэж нотлов. 

Өрхийн эмнэлэгийнхэн сэтгэл гутарсан эхчүүдтэй хэрхэн ажиллахаа мэддэггүй ажээ. СХД-ийн наймдугаар хорооны “Ээлтэй” өрхийн эмнэлгийн ахлах эмч Д. Оюун, бид нярай болон эхчүүдийнхээ бие махбодийн эрүүл мэндийн байдалд л илүү санаа тавьдаг. Заримдаа манайд ээжүүд уйлаад ирнэ. Бид өөрсдийн хэмжээнд л тайтгаруулна даа. Хэдэн өрхийн эмнэлэг дунд ядаж нэг сэтгэлзүйч байдаг бол гэж бодох юм хэмээн учирлав. 

Тэгвэл энэ төрлийн эмгэг манай эхчүүдэд бараг байдаггүй гэж зарим эмч үзэж байна. Тухайлбал Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч П.Одгэрэл дээр 2015 онд ганц удаа нэг ээж сэтгэл гутарсан байдалтай иржээ. Тэр бүсгүй нөхрөө харахаар уур хүрч, хүүхэд гаргасандаа харамсаж байгаагаа хэлж байснаас өөр тохиолдлыг эмч санахгүй байлаа. Дүүргийн эмнэлэгийн сэтгэлзүйч нарт ч энэ талаар тэр бүр хандаад байдаггүй гэнэ. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн сэтгэл зүйч С.Долгорсүрэн хэлэхдээ “Сэтгэл гутралд орлоо гэж ээж бараг хандаж ирдэггүй юм даа. Жилд 2-3 хүн л ирдэг байх ойролцоогоор. Өрхийн эмнэлгээс манайх руу явуулсан тохиолдол бараг байхгүй” гэв. “Ногоон Бөмбөлөг” сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлдэг төвийн сэтгэл зүйч A.Хонгорзулын ярьснаар сүүлийн таван жилд хоёр гурван ээж сэтгэлээр гутарч хандаж байжээ. 

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв болон Өмнөд Калифорний Их Сургууль 2015 оноос хамтран хийж буй судалгааны урьдчилсан дүнгээр Монголд 11 эх тутмын нэг нь сэтгэл гутралтай гэж гарчээ. Мөн ДЭМБ, НҮБ-ын хүн амын сангийн хамтарсан судалгаанд төрсний дараах сэтгэл гутрал нь хөгжиж буй орнуудад 10-41 хувийн тархалттай байгаа гэж гаржээ.

Төрсний дараах сэтгэл гутралаас гадна төрсний дараах солиорол гэж байдаг бөгөөд ихэвчлэн удмын байдаг байна. Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн сэтгэцийн эмч Т.Мандхайгийн хэлснээр “Сүүлийн таван жилийн хугацаанд шар хадны эмнэлгээр төрсний дараах солиоролоор 21 эмэгтэй эмнэлэгийн тусламж үйлчилгээ авсан байна. Манай эмнэлэг дээр солиорлын тохиолдлыг л бүртгэдэг.” 

СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн, даван туулагч Б. Сувд хэлэхдээ “Би маш энгийн юманд дүрс хийн уурлаад юм авч шиддэг, чаралж хашгирдаг болсон байсан. Хүүхдэд маань хадам эгч юм хэлсэн чинь өмөөрч бодонгуутаа гарнаас нь шүүрч орлуу шидээд тоглоомын хайрцагаар хөхөртөл нь зодсон байсан. Уурлаад шууд заазуур аваад босдог байх жишээний. Цай уугаад сууж байгаад бараг уурлахааргүй юманд шууд аягатай цайгаа аваад шидэж байсан. Дараа нь их гэмшдэг, би яагаад ингэсэн юм бол гээд. Би ийм аймар болтол нь зодсон гэж үү дээ гээд өөртөө ч итгэдэггүй байсан.”

Хүн амаа өсгөх бодлоготой манай улсын хувьд эхчүүдийн сэтгэлийн эрүүл мэнд чухал учраас энэ талаар нэгдсэн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, сэтгэл судлалын ухааны магистр, сэтгэл зүйч Э. Дэжид онцоллоо. Түүнийхээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч нарт эхчүүдийн төрсний дараах сэтгэл гутралын талаар мэдлэг олгох сургалт явуулах нэн тэргүүнд шаардлагатай аж. Мөн үндэсний хэмжээний стратеги боловсруулж удирдамж, ном гарын авлагууд өрхийн эмнэлэгүүдэд тараах, сэтгэцийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүсийн тоог нэмэгдүүлэх, анхан шатны нэгж болох өрх, дүүргийн эмнэлэгт ядаж нэг сэтгэлзүйчтэй байхыг санал болгож байна. 

x