Зураг
Зураг
Индэр    
2018 оны 5 сарын 4
Зураг
АУ доктор, Амны хөндийн эрүүл мэнд судлаач

Эмэгтэйчүүдийн хэт таргалалт ба шүд авхуулах хоорондоо хамааралтай юу?

Зураг

Сүүлийн жилүүдэд метаболик синдром (MetS)* буюу бодисын солилцооны эмгэг хам шинжийн тархалт дэлхий даяар зогсолтгүй өсөн нэмэгдэж байгаа нь Европ болон Азийн орнуудын эрүүл мэнд, урьдчилан сэргийлэлтийн мэргэжилтнүүдийн санааг зовоосон ноцтой асуудлын хэмжээнд хүрээд байна. 

Метаболик синдром (MetS) нь нэлээд олон судалгаагаар амны хөдийн эрүүл мэндийн буруу дадал хэвшил ба шүдний тулгуур эдийн өвчинтэй*** холбоотой болохыг тогтоосон байдаг (Zhu and Hollis, 2015) бол бодисын солилцооны эмгэг ба шүдний эрүүл мэндийн хоорондын хамаарлыг БНСУ-ын насанд хүрсэн хүн амын дунд хийсэн судалгааны үр дүн Medicine сэтгүүлд хэвлэгдсэнийг шинжлэх ухааны тойм болгон хүргэж байна.

Метаболик синдром (MetS) гэдэгт бодисын солилцооны нэлээд олон нөхцөл байдлуудыг хамтатган нэрлэдэг. Тухайлбал гэдэс хэвлийгээр таргалах, цусны даралт ихсэх, цусан дахь глюкозын хэмжээ тогтворгүй байх, триглицеридийн хэмжээ өндөр байх, холесторолын хэмжээ бага байх зэрэг бодисын солилцооны олон өөрчлөлт нэг хүнд нэгэн зэрэг илрэх бөгөөд энэ эмгэгээр Ази тивийн хүн амын 5–20% өвчилсөн бол Европ тивийн дөрвөн хүн тутмын нэгд нь тохиолдож байна. (Kim et al., 2016) 

БНСУ-ын 2012 онд явуулсан Үндэсний хэмжээний эрүүл мэнд хоол тэжээлийн тандалт судалгаараар 20–64 насны хүн амын 91%-д нь шүд цоорох өвчин илэрсэн бол 40–64 насны хүн амын дөнгөж 34% нь бүрэн шүдтэй байгаа болох нь тогтоогдсон байдаг. 

Шүдээ авхуулах ба бодисын солилцооны эмгэгийн хоорондох хамаарлыг тогтоохын тулд судлаачид дээр дурссан үндэсний хэмжээний тандалт судалгааны материалыг ашиглаж иж бүрэн дата анализ хийсэн байна. Судалгааны мэдээлэлд анализ хийснээр судлаачид 8 болон түүнээс дээш шүдээ авхуулсан эрэгтэй хүмүүсийн дунд цусны даралт өндөр, цусан дах сахарын хэмжээ өндөр шинж тэмдгүүд зонхилж байгааг илрүүлсэн бол дээрх тооны шүдээ авхуулсан эмэгтэй хүмүүст метаболик синдромын бүх шинж тэмдэг эрэгтэйчүүдээс давамгай илэрч байсан байна. 

Ерөнхийдөө метаболик синдром илрээгүй эмэгтэй хүмүүс нь метаболик синдром бүхий эмэгтэй хүмүүсээсээ илүү олон шүдтэй байсан бол (24.5 ± 0.2 ба 21.0 ± 0.3) энэ хамаарал нь эрэгтэй хүмүүст илрээгүй байна. 

Ийнхүү эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хооронд хүйсийн ялгаатай үр дүн гарсан байдлыг судлаачид уг судалгаанд цэвэршилтийн дараах үе шатанд байгаа эмэгтэй хүмүүсийг хамруулсантай холбоотой байж магадгүй гэж үзэж байна. Олон судалгааны үр дүнгээр цэвэршилтийн дараа үед байгаа эмэгтэй хүмүүст холестрол ба триглециридийн түвшин ерөнхийдөө өндөр хэмжээнд илэрдэг бол липопротейн, холестролын хэмжээ цэвэршилтийн өмнөх насанд байгаа эмэгтэйчүүдээс бага байдаг болох нь тогтоогдсон байдаг. (Heianza et al., 2013) 

Түүнчлэн цэвэршилтийн дараах үе шатанд байгаа метаболик синдром бүхий эмэгтэйчүүд бүх эрхтэн тогтолцоог хамарсан үрэвсэлт өвчинд өртөх явдал нь ихэсдэг нь эрэгтэйчүүдтэй харьцуулахад хамаагүй олон тоогоор шүдээ авхуулах шалтгаан болдог байж магадгүй гэсэн таамаглалыг судлаачид дэвшүүлсэн байна. 

Статистикийн тооцооллын үр дүнд эмэгтэйчүүдийн Metabolic syndrome ба шүд авхуулах шалтгаан хоёрын хоорондын хамааралт байдлыг баталгаатайгаар тогтоож чадсан бөгөөд дараагийн судалгаагаар энэ хоёр шинж тэмдгийн хоорондын хамаарлыг бүр дэлгэрэнгүй нарийвчилан үзүүлэх шаардлагатай байгааг судлаачид өгүүллийн дүгнэлт хэсэгтээ дурдсан байлаа. 
Зөвлөмж:

Эндээс харахад эмэгтэйчүүдийн хэт таргалалт, ба бодисын солилцооны эмгэг хам шинж илрэх байдал нь шүд авхуулахтай шууд хамааралтай болох нь нотлогдож байна. Иймд та 40 гарсан насандаа туранхай гоолиг харагдахыг хүсч байгаа бол амны хөндийн эрүүл мэнддээ анхаарч шүдээ аль болох авхуулахаас зайлсхийх хэрэгтэй гэж мэргэжлийн судлаач зөвлөж байна. 

 


  • *Метаболик синдром (MetS) буюу бодисын солилцооны эмгэг хам шинж гэдэг нь зүрх судасны өвчин, цус харвалт, чихрийн шижин зэрэг эрхтэн тогтолцооны өвчнүүдийн шалтгаан болдог улмаар үхэлд хүргэдэг бодисын солилцооноос шалтгаалсан эрсдэлт хүчин зүйлсийн нийлбэр цогц илрэл юм. (Kaur, 2014)
     
  • **Tooth loss буюу шүдгүйдэл гэдэг нь хүний байх ёстой нийт шүднээс аль нэг нь байхгүй байх эмнэлзүйн тохиолдлыг нэрлэдэг нэр томьёо. (Al-Shammari et al., 2005)
     
  • ***Шүдний тулгуур эдийн өвчин (Periodontal disease) гэдэг нь шүдний тулгуур бүтцүүд болох буйл, шүдний холбоос эд, ясжмаг эд, түүшин ясыг хамран тархмалаар гэмтээдэг нянгийн гаралтай үрэвсэлт өвчин. (Offenbacher, 1996)

Эшлэл авсан өгүүллүүд:

  • Al-Shammari, K. F. et al.(2005) ‘Risk Indicators for Tooth Loss Due to Periodontal Disease’, Journal of Periodontology, 76(11), pp. 1910–1918. 
  • Heianza, Y. et al.(2013) ‘Effect of postmenopausal status and age at menopause on type 2 diabetes and prediabetes in Japanese individuals: Toranomon Hospital Health Management Center study 17 (TOPICS 17)’, Diabetes Care, 36(12), pp. 4007–4014. 
  • Kaur, J. (2014) ‘A comprehensive review on metabolic syndrome’, Cardiology Research and Practice. Hindawi Publishing Corporation, 2014. 
  • Kim, S.-W. et al.(2016) ‘Tooth Loss and Metabolic Syndrome in South Korea’, Medicine, 95(16), p. e3331. 1. 
  • Offenbacher S. (1996) Periodontal diseases: Pathogenesis. Ann Periodontol, 1, pp.821-878.
  • Zhu, Y. and Hollis, J. H. (2015) ‘Associations between the number of natural teeth and metabolic syndrome in adults’, Journal of Clinical Periodontology, 42(2), pp. 113–120.