2018 оны 3 сарын 20
Freelance journalist, FuckUp Nights Ulaanbaatar organizer

Уламжлалтайгаа ухрах уу, урагшлах уу?

Гэрэл зургийг mpa.mn
2017-4-14 нд Trends.mn сайтад нийтлэгдсэн өгүүллийг дахин нийтлэв. 

Хуульч О. Мөнхсайханы “Хурдан мориноос унаж амь насаа алдсан 25 хүүхдийн гэгээн дурсгалд зориулав” нийтлэлд: “Жил бүр 300 хүүхэд бэртэж, ХОЁР хүүхэд амь насаа алджээ. Амь эрсдсэн унаач хүүхдүүд дотор ТАВАН настай хүүхэд ч байна” Гэтэл бид уламжлалаа хадгалж үлдэх тухай л ярьж сууна. Судалгаанаас харахад зургаан жилийн дотор мориноос унаж бэртсэн хүүхдийн тоо ТАВ дахин өссөн байна.

Гэвч энэ тоо хурдан морины унаач хүүхдэд үзүүлэх хор уршгийг бүрэн илэрхийлж чадахгүй юм. Учир нь, мориноос унаж бэртээгүй ч гэлээ эрүүл мэндийн ноцтой хохирол амссан унаач хүүхүүд бий. "Хүүхэд олон жил морь унаснаар бөөр унжих, шээсний сувагт механик гэмтэл үүсч, мөн төмсөгт бичил судасны хагарал үүсч яваандаа үргүйдэлд хүрэх аюултай" хэмээн дотрын эмч, доктор Т.Баясгалан Өдрийн сонинд ярилцлага өгөхдөө онцолжээ.

Зарим гэмтсэн хүүхдүүд эмчлүүлэх мөнгөгүйн улмаас насаараа хөгжлийн бэрхшээлтэй болсон жишээ ч байна. Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд судалгааны тайлангаас харахад "2004 оны Өвөрхангай аймгийн уралдаанд 12 настай эмэгтэй хүүхэд мориноосоо унаж, түнх, булууны яс нь хугарч, хөлгүй болж, байнгын тахир дутуу болсон бөгөөд эмчилгээний зардал байхгүйгээс гадаадад явж эмчлүүлж чадаагүй."

Хүүхэд хурдан морь унах нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр мөн хэмээн Хүний эрхийн үндэсний комисс үзсэн байна. Жишээлбэл, Алтанбулагт кино зураг авалт хийгээд, хөдөөний айлын хажууд хэдэн сар амьдарч байсан найруулагч залуу "Манай айлын хоёр хүүхэд үүрийн зургаан цагаас эхлээд өдөржин давхиж бэлтгэл хийдэг байсан, ядаргаанд ороод нэгнийх нь үс нь бүр туг тугаараа унаад халцарчихсан байсан" гэж хуучилж байв.  

Хурдан морины уралдаанд орохын тулд хүүхдүүд байдаг чадлаараа хичээж, хичээл номоо ч хойш тавьдаг байна. "Хаврын уралдааны үеэр унаач хүүхдүүд ихэнхдээ 30 хүртэл хоног хичээлээс чөлөө авдаг, тасалдаг бөгөөд тэдний чанартай боловсрол эзэмших эрх нь зөрчигддөг." гэж 2015 оны "Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх" судалгааны тайланд тэмдэглэжээ.

Өв уламжлалаа нандигнах нь туйлын чухал зүйл мөн боловч хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа үед эргэн харж өөрчилж шинэчлэх гарц хайх тухай ядаж бодож эхлэх нь орчин үеийн ухаант хүмүүсийн хийх ёстой үйлдэл юм.

Хуульч О. Мөнхсайханы “Хурдан мориноос унаж амь насаа алдсан 25 хүүхдийн гэгээн дурсгалд зориулав” нийтлэлд ийм гарц санал болгожээ. “Хавар (өвөл) төдийгүй зун (намар)-ны бүх улиралд явагддаг томоохон уралдаанд бүх насны хүүхдээр хурдан морь унуулахыг бүрэн хориглохгүйгээр хүүхдийн амь нас, эрүүл мэндээ хамгаалуулах, тэвчишгүй хөдөлмөрөөс ангид байх, сурч боловсрох эрх, ашиг сонирхлыг хамгаалах боломжгүй бөгөөд ийнхүү хориглох нь хурдан морь уралдуулах үндэсний уламжлалыг үгүйсгэхгүй юм.”

Хуульч Б.Гүнбилэг “Нүүдэл Шийдэл” хэлэлцүүлгийн үеэр, “Хүүхдээр морь унуулахаа болиулая гэж хавтгайруулж ярьж ерөөсөө болохгүй. Тухайн цаг үеэсээ хамаараад тухайн засаг дарга нь өөрөө шийддэг эрхийг нь өгөх хэрэгтэй. Зохион байгуулалтын хувьд машин дагахаа болиулах, тоог хязгаарлах гэх мэт олон зохицуулалтыг судалгааныхаа санал зөвлөмжинд оруулсан. Одоо хийх ёстой зүйл бол төр засаг өөрөө анхаараад хуульч нар бид нар хуулийг нь бичээд өгье.” гэж хэлэв.

Томоохон уралдаанд бүх насны хүүхдээр морь унуулахаа больчихвол ямар үр дагаварууд байна вэ? “Нүүдэл Шийдэл” хэлэлцүүлгийн үеэр, Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч Н. Даш-Өлзий хэлэхдээ “Ойролцоо тоогоор өнөөдөр 40,000 хүүхэд морь унаж байна. 10,000 хүүхэд нь өөрийн биш морь унадаг. Энэ хүүхдүүд морь унаад урамшуулал авдаг, тэр урамшууллаараа амьдралаа залгуулдаг, хувцасладаг, хооллодог. Хэрвээ хаврын уралдааныг зогсоочихвол энэ 10,000 хүүхэд гудамжинд гарна”.

Хүүхдүүд өөрийгөө хувцаслаж хооллох үүрэггүй бөгөөд энэ бол эцэг эхчүүдийн үүрэг юм. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12-р зүйлд Эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах амьдрах эрүүл саруул, аюулгүй  орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай  хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэгтэй гэж заажээ. Морь унах үнэхээр дуртай хүүхэд байж болох ч хүүхэд өөрт тохиолдож болох олон эрсдлийг тооцон бодож шийдвэр гаргах чадваргүй. Ялангуяа долоон настай хүүхэд.

Морин спорт уяачдын холбооноос хүүхдийн эрх ашгийн хамгаалах талаар ажил хийсэн үү гэвэл хийсэн. Н.Даш-Өлзий хэлэхдээ “Морин спорт уяачдын холбоо Хүүхдийн төлөө үндэсний төвтэй нягт хамтран ажиллаж ирсэн. Энэ хугацаанд бид хүүхдийг даатгалд хамруулсан, хамгаалалтын хувцастай болгосон, уралдааныг зохион байгуулалттай болгосон. Хүүхдүүдэд спортын зэрэг цолыг  нь олгодог болгосон.

Хуульзүйн профессор О.Мөнхсайханы нийтлэлд: “Хөгжлийн бэрхшээл арилахгүй учраас эдгээр хүүхэд насан туршдаа хохирно. Нас барсан хүүхдийг амьдруулах ямар ч боломжгүй учраас энэ бол даатгалаар шийдэгдэх асуудал биш. Хамгаалалтын хувцас хэрэглэдэг болсон үеэс хойш унаач хүүхдийн амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох нь багасахгүй байна” гэж дурджээ.

Мөн зарим иргэний нийгмийн байгууллагууд зарим том компанийн захирлын морийг 500 сая төгрөгөөр уралдаанд даатгаад унах хүүхдийг нь 5 сая төгрөгөөр даатгасан нь хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Хүүхдээр унуулахаа больчихвол хэн хурдан морь унах вэ?

Хөнгөн жингийн боксын тамирчин гэж байдагтай адилаар хөнгөн жингийн 18 аас дээш насны “унаач”, “уралдаанч” гэсэн карьер, спортын тамирчин бэлтгэх боломж байна. Үнэхээр Монголоос олддоггүй юм бол гаднаас хүмүүс авчраад бэлдээд оруулж ч болно. Мэргэжлийн тамирчин авчраад ч унуулж болно. Орчин цагт хаа газрын спорт ингэж л хөгждөг. Монгол хүн тэр тусмаа Монгол хүүхэд морьтойгоо давхиж байгаад л энэ уламжлалын утга учир оршиж, Монгол хүнийг омогшуулж байгаа гэж үздэг хэсэг бүлэг хүмүүс байна. Том хүн тэр тусмаа гадаад хүн унаад эхэлвэл ямар ч утгагүй болно гэдэг ч хүүхэд алан гэмтээн  байж хэн нэгэнд бахархал төрж омогших ёсгүй юм

Ингээд ярихаар УЛАМЖЛАЛ гэдэг зүйлд ахиад л даруулаад ирдэг. Тэгвэл өөр ямар оронд ямар "уламжлал" байдаг талаар зүгээр л сонирхуулахад:

Иемен улсад найман настай охин 40 настай эртэй гэрлэсэн анхны шөнөө дотуур цус алдалтаар нас баржээ гэсэн сэтгэл сэртхийм мэдээ саяхан олон улсын хэвлэлээр шуугисан. Судалгаагаар, дэлхий дээр  57.5 сая гэрлэсэн хүүхэд байдаг. Эмэгтэй хүний бэлэг эрхтэнг зэрэмдэглэн тасалдаг, оёдог ёс заншилтай улс орон НҮБ ийн 2016 оны судалгаагаар 30 байдаг бөгөөд 27 нь Африк тивд байдаг юм байна. Мөн энэ судалгаагаар энэхүү ажилбарыг 200 сая одоо амьдарч буй эмэгтэй хийлгэжээ. Гэхдээ энэ бол уламжлал. Анхнаасаа л тийм байсан.

 

x