Индэр    
Ч.Гүнждагва: Арбитрын ШИЙДВЭРИЙГ нэг л тохиолдолд ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ байж болдог. ГЭХДЭЭ ...
Зураг
2018 оны 3 сарын 15
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Ч.Гүнждагва: Арбитрын ШИЙДВЭРИЙГ нэг л тохиолдолд ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ байж болдог. ГЭХДЭЭ ...

Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенцийг 1958 оны зургаадугаар сарын 10-ны өдөр баталж, 1959 оны долоодугаар сарын 7-ны өдөр хүчин төгөлдөр болсон байдаг. Энэхүү конвенцид Монгол Улс 1994 оны тавдугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэгдэн орсон байдаг билээ. 

Тус конвенцийн хүрээнд Арбитрын шийдвэрийг шууд биелүүлэх албагүй гэх агуулга бүхий мэдээлэл гарах боллоо. Үүнтэй холбогдуулан Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гүнждагватай уулзаж ярилцсанаа хүргэж байна. 

Уншигч та бүхэн холбогдох хууль болон мэдээллийн талаар тодруулга хийсэн улаан бичиглэл дээр дарж үргэлжлүүлэн уншиж, нягтлах боломжтой. 
 

- Монгол дахь Арбитрын үйл ажиллагаа буюу та өөрийн ажиллаж буй байгууллагынхаа талаар юуны түрүүнд танилцуулахгүй юу?
- Арбитр гэдгийг нэг талаас цэвэр гэрээний шүүх гэж манай эрдэмтэн багш нар үздэг.

Энэ нь ч үндэслэлтэй. Эдийн засаг, бизнестэй холбоотойгоор гэрээ хийж байгаа талуудад маргаан гарвал Арбитраар шийдвэрлүүлнэ гэсэн тохиролцоог тусгасан байх ёстой. Гэрээндээ арбитрын хэлэлцээрийг тусгаснаар элдэв маргаан гарвал асуудлыг арбитр л шийдвэрлэнэ гэсэн үг. 

Тиймээс ч арбитрыг нэг талаас гэрээний шүүх гэж тайлбарлаж байгаа нь буруу зүйл биш. 

Мөн зарим нь Арбитрын шүүх гэж нэрлээд байгаа. Арбитрын тухай хуульд бол шүүх гэдэг ойлголт байхгүй. Зөвхөн арбитр гэж заасан байдаг. Энэ нь хөндлөнгийн маргааныг шийдэх гэсэн арга гэсэн ерөнхий хандлага олон улсад бий. 

Монгол Улсын хувьд ч Арбитр гэдэг нь өөрөө тийм шинэ тутам ойлголт биш. 

1930-1986 онуудад Улсын Арбитрын газар байсан. Аж ахуйн нэгж хоорондын болон улс хоорондын аливаа нэг гэрээний маргааныг хянан шийдвэрлэдэг байсан. 

Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх  Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр нь 1960 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. 

2003 он хүртэл зөвхөн гадаадын оролцогчтой эдийн засаг, бизнесийн маргааныг шийдвэрлэдэг буюу гадаад худалдааны арбитрын үйл ажиллагаа явуулж байсан өнөөдрийн байдлаар дотоодын ч маргаанууд дээр ажиллаж байна. 

Монгол Улсад цорын ганц үйл ажиллагаа явуулж байгаа Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арбитр юм.

Бид Ази, Номхон далайн Арбитрын холбооны гишүүн. Бидний гаргасан шийдвэр дэлхийн 180 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдөж биелэгдэж байна. 

Дэлхий дээрх Арбитрүүдын хэрэг маргаан шийдвэрлэх зарчим нэг л аргаар явагддаг. Энэ нь Арбитрын загвар хууль гэж бий. Энэ загвар хуулийг 200 гаруй орон өөрийнхөө хууль тогтоомжинд нутагшуулсан. Манай улс ч ялгаа байхгүй. 

Энэ хуульд арбитр гэж юуг ойлгох, Арбитрын шийдвэр ямар тохиолдолд хүчинтэй байх юм, гадаадын арбитрын шийдвэрийг хэрхэн биелүүлэх вэ зэрэг асуудлууд тусгагдсан байдаг.  2017 оноос шинээр дагаж мөрдөж эхэлсэн Арбитрын тухай энэ хууль маань олон улсын загвар хуульд нийцүүлэн гаргасан хууль юм. 

- Сүүлийн үед Эрдэнэт Үйлдвэртэй (ЭҮ) холбоотойгоор гадаадын Арбитрын шийдвэрийг заавал дагах ёстой юу гэдэг асуудал гараад байна шүү дээ. Энэ талаар та тайлбарлаж өгөхгүй юу?
- Засгийн газартай холбогдолтой хэрэг маргаан өндрөө авсан Марубен, Хан Ресурс, Эрдэнэт гэх мэт олон улсын гэрээ хэлэлцээтэй холбоотой маргаанд Монголчууд олон улсын арбитраар шийдвэрлүүлээд ялж байгаа тохиолдол ч байгаа. Ялагдаж байгаа тохиолдол ч бий. 

 “Бизнес эрхлэгчид гэрээндээ, иргэд хоорондоо ч зээлийн гэрээндээ, худалдах, худалдан авах, арилжааны гэрээндээ маргаан гарвал Арбитраар шийдвэрлүүлнэ” гээд заачихсан л бол ерөөсөө л тухайн гэрээний маргааныг Арбитр л шийднэ гэсэн үг.  Улмаар нэгэнт Арбитрын шийдвэр гарсан бол заавал хүлээн зөвшөөрч биелүүлнэ гээд Олон улсын конвенцид нэгдэн орох тухай Монгол Улсын гэрээнд тусгагдсан байдаг. 

Энэ конвенцид дэлхийн 181 орон нэгдээд орчихсон, аль нэг улсынхаа гаргасан Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлнэ гээд үүрэг хүлээчихсэн байдаг. 

- Арбитраар асуудлаа шийдвэрлүүлэхийн давуу болон сул талыг та иргэдэд тайлбарлаж өгөхгүй юу?
- Сул тал ч Арбитрт бас бий. Арбитр эцсийн удаа л шийднэ. Гарсан шийдвэр нь эцсийнх гэсэн үг. Тэгэхээр Арбитраар асуудал хэлэлцүүлж байх үед тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад тайлбараа зөв гаргаж өгч чадаагүйгээс, өмгөөлөгчийн ур чадвар сайн байгаагүйгээс хэрэг маргаан өөрийнх нь эсрэг шийдвэрлэгдэнэ гэдэг нэг талаар оролцогч талуудад эрсдэлтэй байдаг учраас Арбитр бол бизнес эрхлэгчид, хуулийн этгээдийн цэвэр сонголтын л асуудал байдаг. 

- Давуу талыг нь хэлвэл?
- Давуу талын тухайд Арбитрт мэргэшсэн хүмүүс асуудлыг шийдвэрлэнэ. Дээр нь давж заалдахгүй, гурван удаагийн шат дамжлага байхгүй, ганцхан удаадаа л асуудлыг эцэслэдэг гэдгээрээ давуу талтай.

Мөн аль ч оронд Арбитрын шийдвэр эцсийн бөгөөд заавал биелэгдэж байдаг. 

Арбитр нь цэвэр талуудын гаргаж өгч байгаа нотлох баримтыг баримталдаг. Цэвэр талуудын тохиролцоонд үндэслэгддэг учраас илүү уян хатан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, талууд Арбитрын бүрэлдэхүүнд итгэл үзүүлбэл хууль тогтоомжоос гадна бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, өмнө нь гарч байсан худалдааны зан заншлын жишгийг дагаж, баримталж шийдвэрээ гаргах давуу талтай. 

Мэдээж маргааныг шийдвэрлэхдээ холбдогдох хууль, дүрэм журмыг мөрдөнө. 

- Бизнес дэх өөрөө өөрийгөө зохицуулах механизм гэвэл арай зөөлдөх үү?
- Ер нь дөхөж очно. Яг бизнесийн зарчим, тогтсон хэв шинж, бизнесийн ёс зүй, худалдааны хэвшлийг анхаарч үздэг гэсэн үг. 

-  Монголын шүүхүүдэд Арбитраар шийдвэрлүүлэх боломжтой 30 мянга орчим хэргийг шийддэг гэж та мэдээлэл өгч байсан.  Монголчуудын Арбитрт хандах хандлага бага байдаг нь юутай холбоотой вэ?
- Арбитр гэж маргаан шийдвэрлэх шүүхийн бус арга байдаг юм шүү гэж манай аль ч их, дээд сургуулийн хичээлд заадаггүй. Сүүлийн үед л залуус өөрсдөө үүнийг дагнаж сонирхож байна. Тэгэхээр бизнес эрхлэгчид нь ч, хуульчид нь ч мэддэггүйтэй холбоотой. 

Хоёрдугаарт, Арбитр гэдэг цэвэр талуудын сонголтын асуудал. Энэ бүлэг маргааныг зөвхөн Арбитраар л шийдвэрлэнэ гэвэл утгаа алдана. Арбитр өөрөө эцсийн шийдвэр гаргадаг учраас осолтой гэж үзээд хүн сонгохгүй байж болно. Үүнтэй мөн холбоотой. 

Гол хүчин зүйл нь энэ талаар сайн мэддэггүйтэй л холбоотой болов уу. 

Харин манай Арбитрт хандаад асуудлаа шийдвэрлүүлээд үзчихсэн хүмүүсийн хувьд Арбитраар асуудлаа шийдвэрлүүлнэ гэсэн заалтыг бизнесийн гэрээндээ тусгах хандлага нэмэгдсэн гэж ажиглагдаж байгаа. 

- Арбитрын шийдвэр эцсийн байдаг ч давж заалдах цөөхөн тохиолдол бүхий боломжоо Монголчууд ЭҮ, Стандарт Банкны дунд үүссэн маргааны явцад алдсан гэдэг. Энэ ямар учиртай вэ. Та үүнийг тайлбарлаж өгөхгүй юу?
- Тухайн Арбитрын бүрэлдэхүүн хэрэг маргааныг агуулгын хувьд шийдвэрлэчихнэ. Энэ агуулгын хувьд гаргасан шийдвэр бол эцсийнх. Харин процессийн журмаар процессийн алдаа гаргасан бол Арбитрын шийдвэрийг хүчингүй болгох хэд хэдэн тохиолдолд олон улсад нийтлэг байна. 

Процесс гэдэгт Арбитрын маргаанд орж буй нэг тал нь эрх зүйн чадамжгүй байх, нэг талд нь тайлбар гаргах боломжоор хангаагүй, хуралдаанд оролцох нөхцөл боломж хангаагүй, Арбитрчаар сонгох боломжоор хангаж өгөөгүй гэх мэт  нөхцөл байдлаас үүдээд шийдвэрийг хүчингүй болгож давж заалдах шатны шүүхээр хянадаг.  Сүүлийн гурван жилийн байдлаар бид жилд дунджаар 70 орчим хэрэг шийдэж байна. Үүнээс 10 орчим хувьд нь гомдол ирдэг. Энэ 10 хувиас нь гомдол нь үндэслэлтэй байх 1-2 л удаагийн хэрэгт буцаж ажилласан байдаг. 

Талууд тайлбар, нотлох баримтуудаа өгөхгүй явж явчихаад шийдвэр гарсны дараа гомдол гаргавал Арбитрт гомдлыг хүлээж авдаггүй. 

- ЭҮ-ийн хувьд давж заалдах ийм цөөхөн тохиолдлын боломж олдсон ч үүнийгээ ашиглаж чадаагүй гэж зарим эх сурвалж мэдээлсэн. Та энэ талаар мэдээлэлтэй байна уу?
- Лондон шиг нэр хүндтэй Арбитр барагтаа алдаа гаргахгүй. Нэг л ойлголт байгаа. Үндсэн гэрээ хүчин төгөлдөр эсэхээс үл хамааран Арбитрын хэлэлцээр хүчинтэй байна аа гэж байдаг.   Маргаан бүхий гэрээнд хуурамч гарын үсэг ашигласанаас гэрээ хүчин төгөлдөр бус байж болно. Гэхдээ Арбитрын хэлэлцээр хүчин төгөлдөр. 

Тэгэхээр гарын үсэг хуурамч байсан, гэрээ хүчин төгөлдөр бус байснаас үл хамааран Арбитр л шийднэ. Асуудлыг Арбитраар шийднэ л гэчихсэн бол Арбитр л шийднэ гэсэн үг.

- Эрдэнэт Үйлдвэр Стандарт Банкинд баталгаа гаргаж өгсөн батлан даах гэрээг хуурамчаар үйлдсэн, түүн дээр Сугар, Ганзориг, Мөнхжаргал гэж хүмүүсийн гарын үсэг хуурамч болох нь нотлогдсон. Гэхдээ жинхэнэ гэж нотлогдсон гарын үсгийг өөр бусад гэрээнд зориулсан гэрээний төслөөс “хулгайлж” хольж ашигласан гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн. Өөрөөр хэлбэл Эрдэнэт Үйлдвэр албан ёсоор баталгаа гаргаж өгөөгүй байхад ЭҮ Жаст группийн зээлийг төлөх болоод байх шиг зарим хүн тайлбарлаад буй. Энэ тохиолдол нотлогдвол ЭҮ төлбөрийг Стандарт Банк руу шилжүүлэх нь учир дутагдалтай бус биш гэж үү?
- Арбитрын ажиллагааны явцад батлан даах гэрээ хуурамч байсан гэдэг асуудлыг тавиад асуудлаа шийдүүлэх боломж хангалттай байдаг. Хангалттай хугацаа бас өгсөн. Өөрөөр хэлбэл хуурамч нотлох баримт гэдгийг баталгаажуулах хангалттай хугацаа байсан. Нотлох баримтаа гаргаж өгөх, нотлох баримтаа үнэлүүлэх, хамгаалуулах нь аль, аль талын үүрэг. Энэ бол Арбитрын үүрэг биш. Тиймээс ч талуудын баримт, нотолгоо гаргах энэ боломжийг хангалттай олгодог, шалгадаг. 

Талууд тухайн үед л асуудлаа нотолж чадаагүй бол энүүхэндээ гэж хэлэхэд  ямар ч боломжгүй. Нэгэнт Арбитрын шийдвэр гарчихсан бол Монгол Улс үүнийг биелүүлэх үүрэгтэй. 

Гэхдээ хуурамч нотлох баримтыг үндэслэж Арбитрын шийдвэр гаргахад хүргэсэн буюу нотлох баримтаа хангалттай гаргаж чадаагүй хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх вэ. Энэ талаар манай Эрүүгийн хуульд тусгагдсан зохицуулалт байгаа шүү дээ. Бусдыг их хэмжээний өр төлбөрт унагах юм бол хохирлыг барагдуулаад дээр нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломж байгаа шүү дээ. 

Тиймээс ч Монгол Улс конвенцид нэгдсэн учраас шийдвэрээ биелүүлэх нь зүй ёсны асуудал. Арбитрын шийдвэрийг биелүүлэхгүй байх нь хөрөнгө оруулагчдыг үргээх маш сөрөг үр дагавартай. 

Хөрөнгө оруулагчдын хувьд аливаа нэг улсад хөрөнгө оруулалт хийхдээ 200-300 асуудал авч хэлэлцдэгийн гуравт нь Арбитр бичигддэг.

Нэгдүгээрт нь, улстөрийн тогтвортой байдал,

Хоёрдугаарт нь, татварын хууль, орчин,

Гуравдугаарт нь, Арбитрын эрх зүйн орчинг харж үздэг. Өөрөөр хэлбэл, Арбитрт гэдэг бол хөрөнгө оруулагчдыг татах хамгийн чухал үзүүлэлтийн нэг. 

Өөрөөр хэлбэл, бид Арбитрын шийдвэрийг дагаж мөрдөх хэрэгтэй. Харин үүний зэрэгцээ Арбитрт хэн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэв гэдгийг Монгол Улс өөрсдөө дотроо хариуцлага тооцох боломжтой. 

- Төрийн өмчит компаниудаар баталгаа гаргасан гээд буй энэ хэрэгтэй холбоотойгоор Улаанбаатар Төмөр Замын хэргийг Монгол Улсын дотоодод шийдэх хэрэг гээд салгасан гэж байсан. Өөрөөр хэлбэл, Арбитр өөрсдийн хэлэлцэх асуудлаасаа татгалзах боломжтой юу?
- Болно. Тухайн Арбитрын хэлэлцээрт хамааралтай асуудлыг л Арбитрт хэлэлцэнэ. Хэлэлцээрт дурдагдаагүй асуудлыг шийдвэрлэсэн бол Арбитрын шийдвэр автоматаар хүчингүй болно. 

- Манай улс Арбитрын шийдвэрийг хүлээж авахгүй байх боломжтой байдаг талаар мөн зарим холбогдох хүмүүс мэдээлэл өгсөн юм. Энэ боломжуудын талаар та ярихгүй юу?
- Арбитрын үндсэн шийдвэр нь Монгол Улсын нийтлэг ашиг сонирхлыг зөрчсөн бол түүнийг нь биелүүлэхгүй байж болно гэж хуулийн 47.2.2.б. -д заасан байгаа. 

- Монгол Улсын нийтлэг ашиг сонирхлыг хуульд тодорхойлдог уу?
- Яг үүнийг тодорхойлсон тодорхойлолт байхгүй. 

- Тэгэхээр Монгол Улсын хувьд Эрдэнэт Үйлдвэр нь их хэмжээний өр төлбөрт орж байгаа нь бидний хувьд нийтлэг ашиг сонирхлын эсрэг гэж үзээд Арбитрын шийдвэрийг хүлээж авахгүй байх боломж байхад манай Засгийн газар төлбөрийг нь санаачлагаараа төлөх гээд байгаа нь зээлдэгч талын эрх ашгийг илүү хангах талд байна уу даа гэх хардлагыг бас бий болгоод байгаа. 
- Монгол Улсын ард түмний эрх ашиг хохирно гэж үзэх үү, үгүй юу гэдгээс болно л доо. Арбитрын шийдвэр гарсан хойно талууд бас эвлэрэлцэж болно. 51 сая ам.доллар төлөхөөс 40 саяыг нь өгөөд тохиролцох гэх мэт. Хан Ресурсийн жишээг бид мэднэ. 

- Логикийн хувьд асууя. Ш.Батхүү гэж хүний өмнөөс Монголчууд “нийтээрээ” мөнгө төлөх нь зөв үү гэж асуугаад байгаа юм. 
- Хэлж мэдэхгүй юм даа. 

Нэг л зүйлийг хэлэхэд, Арбитрын шийдвэрийг Монгол Улс биелүүлэх л ёстой шүү.

Харин энэ шийдвэрийг гаргахад хэн нэгэн этгээд санаатай болон санамсаргүй хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн, нотлох баримтаа дутуу өгсөн хүмүүст нь Монгол Улсын эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх нь зайлшгүй.

- Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал гэж хоёр хүний утга агуулга өөр бүхий 28 хуудас гэрээнд зурсан жинхэнэ гарын үсгийг Ш.Батхүү гэж хүн ашиглаж бусад гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн гэж эх сурвалж мэдүүлж буй. Ингэхдээ үндсэн агуулга өөр бүхий 28 хуудас гэрээний 28 дахь буюу гарын үсэгтэй хуудсыг ашигласан. Гэхдээ энэ гэрээний үлдсэн 27 хуудас нь Монгол Улсын холбогдох хууль хяналтын газар байгаа ч үүнийгээ Арбитрт явуулаагүй нь манай ялагдлын шалтгаан болсон талаар эх сурвалж мэдээлж байв. Тэгэхээр Монголын хууль хяналтын байгууллагад ч хариуцлага яригдах болоод байна. 

- Дахиад хэлье. Талууд өөрсдөө л нотлох баримтаа бүрдүүлж өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, үнэхээр хүмүүсийн гарын үсэг хуурамч байсан бол Монгол Улсыг төлөөлж энэ хэрэг дээр ажилласан хүмүүсийн л хариуцлагагүй байдал гэсэн үг шүү дээ. 

Хэрэв манай тал нотлох баримт дутуу, хангалтгүй байгаа нь зайлшгүй бол энэ байдлаа Арбитрт тайлбарлаж хүсэлт гаргах ёстой. Хүсэлт гаргаж шинжээч томилуулах хүсэлт гаргаж болно. 

Арбитрын хувьд зөвхөн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргана. Гэхдээ үнэхээр онцгой тохиолдолд Арбитр өөрөө санаачлагаараа шинжээч томилж болдог. Шаардлагатай хэргийн бодит үнэнийг тогтоох нотлох баримт цуглуулж болно. Энэ нь гэхдээ онцгой тохиолдолд юм. 

- Арбитрын шийдвэрийг гүйцэлдүүлэхийн тулд Стандарт Банк манай хуулийн байгууллагад хандах ёстой. Үүний дагуу Монгол улсын холбогдох шүүх шийдвэр/захирамж гаргахын тулд нотлох баримт шаардах ёстой. Харин тэдгээр хуурамч гэгдээд буй гэрээнүүд Монголд ирвэл Арбитрын шийдвэр өөрөө биелэгдэх магадлал бага гэж зарим хүн үзэж байна. Гэтэл манай төр засгийн холбогдох хүмүүс төлбөрийг санаачлагаараа төлчихье гэж байгаа нь нэхэмжлэгч талын ямар нэгэн захиалганд орсон байх хардлага бас үүсээд байгаа юм. 
- Арбитрын загвар болон манай хуульд Арбитрын шийдвэрийг 90 хоногийн дотор талууд шийдвэрийг биелүүлэх тухай тусгасан байдаг. 90 хоногийн дотор албадан биелүүлэх эрх үүсдэггүй гэсэн үг. Хэрэв хариуцагч тал шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол нэхэмжлэгч тал гомдол гаргах эрх нээгдэнэ. Гэхдээ гомдол гаргахгүй ч байж болно. Хэрэв гомдол гаргаад Монгол Улсын шүүх дээр хэлсэнчлэн Монгол Улсын нийтлэг дэг журмын эсрэг гэж үзвэл л шийдвэрийг биелүүлэхгүй байх боломжтой. 

- Монгол Улсын холбогдох шүүх Арбитрын шийдвэрийг биелүүлэх захирамж гаргахын тулд Стандарт Банк гомдол гаргах ёстой. Зөв үү?
- Зөвхөн Стандарт Банк бус хариуцагч тал ч гаргаж болно. Өөрөөр хэлбэл талууд шүүхэд гомдол гаргана гэсэн байгаа.