Зураг
Зураг
Индэр    
2018 оны 3 сарын 13
Зураг
МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, "Сэтгүүл зүйн тухай ярилцъя"

Худал хуурмаг үнэнийг үргэлж "ЯЛЖ" байгааг хуурамч мэдээний хамгийн том судалгаа нотлов

"Худал хуурмаг "нисч" байхад ҮНЭН араас нь доголсоор ирдэг" Жонатан Свифт 

Гурван зууны өмнө хэтрүүлэгт тооцогдож байсан энэ үг сошиал медиагийн үед баримттай дүрслэл гэдгийг худал хуурмаг мэдээллийг анх удаа хамгийн цогц байдлаар судалсан ажил баталж байна. 

Нүсэр, шинэ судалгаагаар Твиттерийн настай тэнцэх хугацаанд (2006-2016 оны хооронд) Твиттерийн орчинд англи хэл дээр түгээгдсэн гол мэдээнүүдэд анализ хийжээ. 

Харвард, Йель, ЭмАйТи тэргүүтэй дэлхийн шилдэг сургуулиудын 16 эрдэмтний баг 3 сая хэрэглэгчийн жиргээнд анализ хийж, 126,000 мэдээг хуурамч ангилалд ялган шинжилжээ. Судлаачид эцэст нь ҮНЭН ХУДАЛ ХУУРМАГТАЙ МӨР ЗЭРЭГЦЭН ҮЗЭЛЦЭЖ ЧАДАХГҮЙ гэж дүгнэсэн байна. 

 
Зүүн гар талаас MIT-гийн профессор, сошиал медиа, дижитал стратегийн тэргүүлэх судлаач Синан Арал; MIT-гийн дэд профессор, твиттерийн ахлах судлаач Дэб Рое; Судалгааны багийн ахлагч Соруш Восоуг нар,

СУДАЛГААГ ЮУ ОНЦГОЙ БОЛГОВ? 

Энэхүү судалгаа өнгөрсөн долоо хоногт “Шинжлэх ухаан” сэтгүүлд (Science) хэвлэгдсэний дараа нийгмийн шинжлэх ухааны судлаачдын төдийгүй барууны хэвлэл мэдээлийн агентлагуудын сонирхлыг ихэд татаж энэ талаар мэдээ, сурвалжлага олон бэлтгэжээ. 

Улс төрийн болон сошиал медиа судлаачид судалгааны ажлыг сайшаасан дүгнэлтүүд дээрх сайтуудад дүүрэн байна. Сошиал сүлжээнүүдийн хуурамч мэдээллийн асуудлыг хамгийн өргөн хүрээнд, хамгийн нягт нямбай байдлаар судалсан гэцгээж. 

Өнгөрсөн хугацаанд судлаачид худал хуурмаг онлайнаар тархаж буй талаар хөндөж байсан ч дандаа ганц үйл явдлын эргэн тойронд асуудлыг тавьж байв. Харин энэхүү шинэ ажил нь маш том хүрээтэй буюу Твиттерийн насжилтын бүхий л хугацаанд (2006.9 - 2016.12 дугаар сар хүртэл) нийтлэгдсэн маргаантай мэдээнүүдийг авч үзсэнээрээ гавьяатай юм. 

Судлаачид онлайн орчны баримтыг шалгадаг хөндлөнгийн шүүгчид буюу баримт нягталдаг вэб сайтуудад анхаарлаа хандуулжээ. “Snopes”, “Politifact”, “FactCheck.org”-ийг оролцуулаад 6 баримт нягтлах сайтын мэдээллүүдийг ухаж эхэлжээ. Сайтуудад 2006-2016 оны хооронд Твиттерт тархсан худал цуурхлууд олон арван мянгаараа байв. Тэдгээрээс “Gnip” сошиал сүлжээний эзэмшдэг хайлтын системээр Твиттерт тархсан мэдээллүүдийг ангилж авчээ. Нийтдээ 4.5 сая удаа дахин жиргэгдсэн 126,000 жиргээг олсон байна. 

ХЭЦҮҮ ДҮГНЭЛТИЙН ОРШИЛ: ХУДАЛ ХУУРМАГ ДАНДАА ЯЛЖ БАЙНА 

Хэмжүүр бүрээр авч үзэхэд Твиттерт худал хуурмаг үнэнийг үргэлж эзэлж байгааг судалгаа нотолжээ. Энэ нь худал хуурмаг мэдээлэл үнэнээс илүү олон хүнд хүрч, сошиал сүлжээнд илүү гүн нэвчиж, илүү хурдан тархаж байна гэсэн үг юм. 

“Худал мэдээлэл үнэн мэдээллээс даван гардаг гэдэг нь манай судалгаанаас маш тодорхой харагдаж байгаа” хэмээн энэхүү судалгааны багийн ахлагч, MIT-гийн Дата судлаач, 2013 оноос хойш хуурамч мэдээг судалж буй Соруш Восоуг хэлжээ. Тэрээр “Энэ нь зөвхөн бот-оос болж байгаа юм биш. Хүний төрөлхийн араншинтай холбоотой ямар нэг зүйлээс болж буй” гэв. 

Худал хуурмаг мэдээлэл нь үнэн бодит түүхтэй харьцуулахад вирус мэт хурдан тархдагийг судалгаа тогтоожээ. Худал мэдээлэл 1,500 хүнд хүрэхдээ үнэнээс дунджаар 6 дахин хурдан байв. 

Мөн худал мэдээлэл нь бизнес, терроризм ба дайн, шинжлэх ухаан,  технологи, энтертайнмент г.м бүхий л салбарт үнэнийг ялан дийлж байна. Тэдгээрээс улс төрийн салбарын тухай худал мэдээлэл хамгийн өндөр үзүүлэлттэй. 

ХЭЦҮҮ ДҮГНЭЛТ 1: ЖИРГЭЭЧИД ХУУРАМЧ МЭДЭЭ ТҮГЭЭХ “ЗУРШИЛТАЙ”

Твиттерийн хэрэглэгчид худал хуурмаг мэдээг түгээх хандлагатай байгаа нь тогтоогджээ. Судлаачид цуу яриа түгээсэн твиттер хаягуудыг олон дагагчтай эсвэл баталгаажсан гэх мэтээр нарийн ялган авч үзсэн ч худал мэдээг үнэн мэдээнээс 70 хувиар илүү дахин жиргэсэн байна. 

Хуурамч мэдээ үнэн мэдээнээс дандаа илүү олон хүнд хүрдэг бөгөөд сошиал сүлжээнд илүү гүнд тархдаг. Судалгаагаар үнэн мэдээ 10 RT (дахин жиргээ) аваагүй байхад худал мэдээ 19 RT авахдаа үнэн мэдээнээс 10 дахин хурдан байсныг тогтоожээ. 

Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас 2 жишээ татжээ. 2015 оны 8-р сард Дональд Трамп өвдсөн хүүгээ шуурхай эмчлүүлэхээр онгоцоо ашиглуулжээ гэсэн цуурхал сошиал медиад тархжээ. “Snopes” энэ цуурхал худал гэдгийг баримттайгаар мэдээлснийг ердөө 1,300 орчим хүн жиргэсэн байна. 2016 оны 2-р сард Трампын саяхан өөд болсон үеэл ах түүнийг ерөнхийлөгч болгохыг хэзээ ч дэмжиж болохгүй гэж захисан тухай цуурхал гарав. “Snopes” Трампын үеэл ах нас барсан тухай байтугай тийм хүн байдаг эсэхийг ч тогтоож чадаагүй тул цуурхлыг худал хэмээн мэдээлэхээс татгалзжээ. Харин энэ мэдээг Твиттерт 38,000 хүн шэйрлэжээ. Энэхүү түгээлт нь Трампын өвчтэй хүүгийн талаарх яриа худал гэх мэдээнээс хавьгүй хурдтай тархжээ. 

ХЭЦҮҮ ДҮГНЭЛТ 2: ГОЛ БУРУУТАН НЬ АЛГОРИТМ БИШ

Судалгааны багийнхан бас нэг асуултад хариулахыг эрмэлзсэн. Твиттерийн ботууд худал хуурмаг мэдээлэл тархахад тусалсан уу?

Асуудлын бурууг зөвхөн роботын “ах дүүс”-т тохоод өнгөрч болохгүйг судлаачид зөвлөсөн байна. Учир нь 2006-2016 онд Твиттерийн бот-ууд үнэн мэдээг хуурамч мэдээний адил түгээснийг судалгаа нотолжээ. Бот илрүүлдэг 2 өөр алгоритмаар 3 сая жиргээчийн постыг шинжлэхэд автоматжуулсан бот нь хуурамч мэдээ түгэхэд нөлөөлж байгаа ч үнэн зөв мэдээллийг ч мөн хуурамчтай ижил түвшинд түгээдэг байна. 

Үнэн, худал мэдээ Твиттерт хэрхэн ялгаатай тархаж буй тухай асуудал нь зөвхөн ботуудын оролцоотойгоор тайлбарлагдах боломжгүй гэж судлаачид үзжээ. Энэ талаар багийн ахлагч Восоуг “Хуурамч мэдээ цэцэглэлт роботуудаас биш хүмүүс илүү түгээснээс болж байгаа” хэмээн хэвлэлийнхэнд хариулжээ.   

ХЭЦҮҮ ДҮГНЭЛТ 3: ХУУРАМЧ МЭДЭЭ СЭТГЭЛ ХӨДӨЛГӨДӨГ БАС ШИНЭ МЭТ САНАГДДАГ

Яагаад хуурамч мэдээ ингэж хурдан тархдаг вэ?

Энэ асуултанд MIT төвтэй судлаачид хоёр таамаг дэвшүүлсэн байна. 

Нэгдүгээрт, Хуурамч мэдээний “Шинээр олж мэдсэн зүйл шиг санагдах” шинж чанар нь үнэн мэдээнийхээс илүү байдаг. Худал хуурмаг мэдээлэл хэрэглэгчийн таймлайн дээр 60 өдрийн үечлэл бүхий хугацаанд үргэлж анхаарал татам байгааг судалгаагаар тогтоожээ. 

Хоёрдугаарт, хуурамч мэдээ дундаж жиргээнээс хавьгүй сэтгэл хөдөлгөм байдаг. 126,000 хуурамч мэдээнд хариулсан жиргээнүүдэд ашиглагдсан үгсээр дата сан үүсгэн судалжээ. Ингэхэд үнэн мэдээг уйтгартай, итгэл төрүүлэхүйц үгсээр жиргэсэн байхад хуурамч мэдээг гайхашруулахаар, жигшмээр үгсээр жиргэсэн байна. Хуурамч мэдээ нь шинэ зүйл шиг санагдахаас гадна дандаа сөрөг агуулгатай байв. 

ХЭЦҮҮ ДҮГНЭЛТ 4: ХУУРАМЧ МЭДЭЭНИЙ ҮР НӨЛӨӨ ҮНЭНЭЭС ИЛҮҮ

Судалгааны бас нэгэн нээлт багийнхнийг бухимдуулжээ. 

Судлаачид ажлаа эхлүүлэхдээ хуурамч мэдээг түгээгчид нь нийтээс дэмжлэг хүсэгчид хэмээн таамаглажээ. Тэд сохроор итгэгчдийг дуулиан шуугиан дэлгэх аргаар өөртөө татаж дэмжигчээ болгохыг хүсдэг хэмээн таамаглаж байж. Гэтэл судалгааны дүн эсрэгээр гарчээ. Үнэн бодит мэдээллийг түгээдэг жиргээчид хуурамч мэдээ түгээгчдээс илүү олон дагагчтай, олон удаа жиргэдэг байна. 

Мөн баримтад суурилдаг тэдгээр жиргээчид нь Твиттерийг илүү удаан ашигласан бөгөөд баталгаажсан хаягтай байх нь олон аж. Гэсэн ч харамсалтай нь тэдний жиргээ хуурамч мэдээ түгээгчдийнхээс үр нөлөө бага байна. 

Хуурамч мэдээний тархалтыг үнэн мэдээний тархалттай харьцуулан судлахад олж мэдсэн зүйлс нь тэднийг гайхашруулсан байна. 

Энэ талаар жишээ татахдаа Восоуг “10,000 RT авах маш олон арга бий. Хэрвээ алдартай хүн A жиргээг хийсэн бол түүний дагагчдаас 10 мянга нь жиргээг харж дахин жиргэх эсэхээ шийдэх юм. Энд А жиргээ нь нэвтрүүлэгч бөгөөд өргөн бас өнгөцхөн замыг үүсгэж байна. Энэ хооронд олон дагагчгүй нэгэн хүн В жиргээг явууллаа. Үүнийгээ 20 дагагчдаа зориулан бичсэн бөгөөд тэдгээрийн нэг нь жиргээг олж харж, дахин жиргэжээ. Тэрний дахин жиргээг бас нэг дагагч нь дахин жиргэж, түүнийхийг бас өөр нэгэн дахин жиргэв. Ингэж явсаар В жиргээг 10 мянган хүн уншиж бас дахин жиргэжээ. Жиргээ А болон В ижил хэмжээний хүлээн авагчтай гэсэн үг. Гэвч жиргээ В А-аас илүү гүнд нэвчсэн. Учир нь В жиргээ А-гийн хэзээ ч бий болгож чадаагүй замаар вирус мэт тархсан” гэжээ. 

ОДОО БИД ЯАХ ЁСТОЙ ВЭ? 

Товч дүгнэхэд сошиал медиа нь худал хуурмагийг үнэний үнээр, системтэйгээр түгээдэг бөгөөд мэргэжилтнүүд, улстөрчид, технологийн компаниудын хэн нь ч энэ явцыг хэрхэн буцаахыг мэдэхгүй байна. 

Энэ бол олон нийтийн санаа бодлоор жинлүүлдэг систем бүхий ямар ч засгийн газрын хувьд маш аюултай нөхцөл юм. 

Судлаачид “Бид үнэнийг үнэлдэг, сурталчилдаг мэдээллийн шинэ экосистемийг хэрхэн бүтээж чадах вэ?” гэж асуув. 

Тэдний судалгаа үүнийг хийх огтоос амар биш гэж хариулсан. Гэсэн ч тэд “Бид 21-р зуунд мэдээллийн экосистемийг дахин загварчлах ёстой. Хуурамч мэдээллийн тархалтыг багасгах, энэ эмгэгийн үндэс суурьтай тэмцэхийн тулд салбар хоорондын судалгааны шинэ хөдөлгөөнийг эхлүүлэх ёстой” хэмээн уриалжээ.