Г.Батцэнгэл: Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортод гаргах төр засгийн бодлоготой бидний үйл ажиллагаа нийцэж байгаа
Зураг
2018 оны 3 сарын 6
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Г.Батцэнгэл: Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортод гаргах төр засгийн бодлоготой бидний үйл ажиллагаа нийцэж байгаа

-  Таван Толгой төслийн бас нэгэн сорилт -

Шинээр байгуулагдсан Засгийн газар болгон л Таван Толгой (ТТ) төслийг цогцоор нь эхлүүлэх тухай зарладаг, амладаг. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хэн нь ч чадаагүй байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгдүгээр сард БНСУ-д хийсэн айлчлалынхаа үеэр удахгүй БНХАУ-ыг зорино. Мөн ТТ-н төслийг шийднэ гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр энэхүү төслийг хөдөлгөхөд зөвхөн Монголчууд дотооддоо л учраа ололцох шаардлагатай байгаа гэж байв. 

Тэгвэл УИХ-ын үнэмлэхүй олонх, Засгийн газраа дангаараа бүрдүүлсэн буюу бараг бүх шийдвэр гаргах эрх мэдлийг атгасан МАН, түүний Засгийн газар ТТ төслийг хөдөлгөж чадах уу болов уу гэсэн асуулт уламжлал ёсоор тавигдаад байна. 

Ерөнхий сайд БНХАУ руу хийх айлчлалын тов ч тодорхой гарч тэрбээр дөрөвдүгээр сарын 9-13-ны хооронд айлчлал хийх гэж байна. Тиймээс ТТ төслийг тойрсон талуудын байр суурийг  хүргэхээр Энержи Ресурс (ER) -ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлтэй ярилцлаа.  

 
mpa.mn

- 2017 он нүүрсний бизнес эрхлэгчдийн хувьд төлөвлөгөөнүүдээ давуулан биелүүлсэн, үнийн хувьд өсөлттэй жил байлаа. ER-ийн экспортын хэмжээ 132 хувийн өсөлттэй гарсан байна. Энэ өсөлтийн мөн чанарыг та тайлбарлаж өгөхгүй юу? 
- 2011 оноос эхлэн нүүрсний зах зээлийн илүүдэл нийлүүлэлттэй холбоотойгоор үнийн уналт ажиглагдаж эхэлсэн. Дэлхий даяар нүүрсний бизнес эрхлэгчдийн санхүүгийн хувьд хүндхэн үе байв. Өрсөлдөөн ч их ширүүн байсан. 

Харин хоёр жилийн өмнөөс нүүрсний хамгийн том хэрэглэгч, нөгөө талаас хамгийн том үйлдвэрлэгч манай урд хөршийн засгийн газрын бодлогын улбаатайгаар нүүрсний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр сэргэж эхэлсэн. Бидний харж байгаагаар энэ салбар зөв тал руугаа чиглэж эхэллээ. 

Хятад дотоодын байгаль орчны шаардлага хангахгүй байгаа их хэмжээний нүүрсний уурхайнуудыг хаасан. Олон зуун сая тонн нүүрсний нийлүүлэлтийг энэ зах зээлээс байхгүй болгосон гэсэн үг. 

Мөн нөгөө талд Хятадын Засгийн газар зөвхөн нүүрс гэлгүй бусад аж үйлдвэрийн салбар дахь илүүдэл хүчин чадлыг арилгах, хуучин хүчин чадлуудыг байгаль орчинд ээлтэй байх шаардлагаар цемент, гангийн үйлдвэрүүдээ танах, хаах байдалтай байсан. 

Зарим хүн үүнийг нь зөвхөн гангийн үйлдвэрүүдээ хааж байна гэж буруу ойлгоод байв. Тэгвэл Хятадын энэхүү бодлогын өөрчлөлт нь эсрэгээрээ гангийн үйлдвэрлэл сэргэх боломжийг гаргаж өгөөд байна. Учир нь нийтээрээ хүчин чадлаа хагас дутуу ашиглаж байснаас шаардлага хангахгүй байгаа үйлдвэрүүдээ хаагаад үлдэж байгаа хэд нь хүчин чадлаа давуулан ашиглах боломжтой болсон.

Хүчин чадлаа давуулан ашиглана гэхээр гангийн үйлдвэрийн зардал нь буурна. Бүтээгдэхүүний зардал буурахаар өрсөлдөх чадвартай болж үйл ажиллагаа тогтвортой явуулах чадамжтай болно. Үйл ажиллагаа нь тогтвортой яваад эхлэхээр бидний нийлүүлж байгаа бүтээгдэхүүний үнэ тогтворжоод эхэлж байна гэсэн үг. Энэ өсөлт нь 2016 оны дөрөвдүгээр сараас зүг чиг нь гарч эхэлсэн. 2016 оны төгсгөлөөс огцом өсөлт гарсан. Дээр нь давхардаад Хятадын дотоодын коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгч мужид зун үертэй, бороотой байсан нь мөн нөлөөллөө. 

2017 оны хувьд хэт өндөр үнэ үргэлж байх боломжгүй. Нийлүүлэлтийнхээ жамаар хэлбэлзээд явж байсан. Гэхдээ 2015 оны сүүл, 2016 оны эхээр хамгийн хэцүү үе байсан нь зөвхөн бид ч биш дэлхийн зах зээлийн хувьд хэцүү үе байв. Энэ үетэй харьцуулбал өнөөдөр нүүрсний үнэ гурав дахин өссөн. 

Баяжуулсан коксжих нүүрсний үнэ 2015 оны сүүл, 2016 оны эхээр 40 хүрэхгүй ам.доллар болж 40 доллараар борлуулъя гэхэд авах хүн олдохгүй хэцүү байдалтай байв. 

Харин 2017 оны дундаж үнэ 120 гаруй доллар болж байна. 

- 2018 оныг та бүхэн хэрхэн төсөөлж байна вэ?
- Баярлууштай мэдээ нь зах зээл харьцангуй тогтвортой үргэлжлэх юм байна. 

Нүүрсний хэрэглээний 50 гаруй хувийг дангаараа ашиглаж байгаа, гангийн үйлдвэрийн 50 гаруй хувийг  хангаж байгаа энэ том зах зээлийн барьж байгаа бодлогоос хамаарч дэлхийн түүхий эдийн үнэ ханш тогтож байна шүү дээ. 

Ингээд харахаар Хятадын Засгийн газрын өнгөрсөн жилийн байгаль орчинд ээлтэй, байгальд уршигтай илүүдэл хүчин чадлуудаа танах гэх мэт хатуу шаардлага нь үргэлжилж байна. Нөгөө талаас хэрэгжүүлж байгаа “Нэг бүс, нэг зам” санаачлагатай холбоотойгоор дэд бүтцийн төслүүд дэх хөрөнгө оруулалт ихээр нэмэгдэнэ. 

Сайн мэдээ нь, эдгээр төсөл нь Хятадын хойд болон баруун хэсэгт чиглэсэн дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд байх учраас Өвөрмонгол, Ганьсү, Шиньжян мэтийн манайтай хил залгаа бүс нутгаар гангийн үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэж байна.

Хятад бол том зах зээл. Зөвхөн нэг том цул зүйл гэж харж болохгүй. Хамгийн том зах зээл, хамгийн том үйлдвэрлэл нь далайн эрэг орчмоор явдаг байсан бол одоо бидэнтэй залгаатай мужуудаарх гангийн үйлдвэрлэл эрчимтэй сэргэж байна. 

Бид далайн эрэгт хүрч тэмцэлдэж хол явахгүйгээр ойролцоо орчимд маань илүү том орон зай бий болж байна

Өөрөөр хэлбэл, бид далайн эрэгт хүрч тэмцэлдэж хол явахгүйгээр ойролцоо орчимд маань илүү том орон зай бий болж байна. 

Жишээ нь, Бугат, Ганьсү, Шиньжяны хамгийн том гангийн үйлдвэрийн өнгөрсөн жилийн коксжих нүүрсний хэрэглээг харахад огцом нэмэгдсэн. Монголоос нүүрс авах сонирхол нь ч огцом нэмэгдээд байна.

Харин бид далайн эрэгт хүрвэл Австралийн, Оросын нүүрстэй өрсөлдөнө. Төмөр зам байхгүй, дэд бүтэц байхгүй шалтгаанаар бид энэ тал дээр бууж өгч байгаагаа мэдэх болов уу. 

Тэнгэр ивээж гэдэг шиг Монголтой ойролцоо зах зээлүүдэд нүүрсний хэрэглээ ингэж нэмэгдсэн нь ойрын 2-3 жилдээ нүүрсний зах зээл харьцангуй тогтвортой байх юм байна. Үнэ бол мэдээж хэлбэлзэнэ. Улирлын шинж чанартай гэх мэт хэлбэлзэл байна. 

График 1, Нүүрсний үнэ

- Монголоос нүүрс авах сонирхол нэмэгдэж байна гэдгийг та тодруулахгүй юу. Газар зүйн байрлалаасаа хамаарч байна уу?
- Мэдээж газар зүйн байрлалын нөлөөлөл. Монголын нүүрсийг хил давуулаад далайн боомтод хүргэхэд ямар зовлон учирч байна яг үүн шиг Австралийн нүүрс боомтоор орж ирээд эх газар руу тээвэрлэхтэй адилхан бэрхшээл тулгардаг гэсэн үг. 

Бидний хувьд Өвөрмонгол хамгийн ойрхон зах зээл. Тэдний хувьд ч бид хамгийн ойрхон нийлүүлэгч. Харилцан хамааралтай болох магадлалтай. 

Гэхдээ 2018 онд хамгийн том зовлон бол дэд бүтэц, хил нэвтрэлтийн хүчин чадал хэвээр байх болов уу. 

Нэг талаасаа ойлгох ёстой зүйл нь хөрш орнуудын харилцаа, эдийн засгийг хэрхэн тэлэх вэ гэдэг дээр анхаарч ажиллахгүй бол сүүлийн хагас жилийн хугацаанд маш их саад бэрхшээлтэй учирлаа. Компаниудын хувьд дор дороо янз бүрийн арга хэмжээ авах гэж үзэж байна. 

Холбогдох салбарын яам, төр засгийнхантай боломжтой хувилбаруудыг зөндөө ярьсан. Жишээ нь, 150 гаруй км урт дараалал үүсчихсэн байсантай сайд нар арваннэгдүгээр сард очиж танилцаад манай зүгээс тавьсан саналыг дэмжиж зуун зуун жолооч нарыг зовоосон, урт цуваа үүсгээд байхгүйгээр зохицуулсан. Гэхдээ энэ бол богино хугацааны л арга зам байв. 

Ганц модны боомт дээр тулгарч байгаа асуудлууд байсаар байгаа. Жишээ нь, Оюу Толгой гэхэд давагдашгүй хүчин зүйл тулгарсанаа зарласан. Нүүрсний компаниуд ч адилхан нөхцөл байдалд байна. 

Гашуунсухайт - Ганц модны боомтын хувьд Монголын экспортын 60 гаруй хувийг эзэлдэг. Тэгэхээр Монголчуудын экспорт хийж дотоодод гадаад валютын урсгалыг оруулж ирж байгаа гол боомт юм. Тиймээс ч энэ боомтуудын ач холбогдлыг эртнээс л ярьж хэлж анхааруулж ирсэн. Уг нь 2014 онд Монгол Улсад Хятадын тэргүүн Ши Жиньпин ирэхэд эдгээр боомтыг олон улсынх болгоё, төмөр замыг нь холбоё, далайц гарцтай болгоё, Хятадын найман боомтыг ашиглая, тарифийн хөнгөлөлт авъя гэх мэт ерөнхий нөхцөлүүд дээрээ тохирсон мөртлөө өнөөдрийг хүртэл 4 жил өнгөрсөн байхад яг үүнийг бодит ажил хэрэг болгосон зүйлгүй. Энэ том малгай дор транзит тээврийн гэрээ, хилийн цэг, боомттой холбоотой гэрээнүүд хийгдэх ёстой ч ямар нэгэн шалтгаанаар хийгдээгүй байна. 

Монгол Улсыг ямар нам, ямар хүн удирдах нь хамаагүй. Төр өөрийнхөө хийх ёстой гол ажлаа л хиймээр байгаа юм. Бидний зүгээс энэ тал дээр тулгамдаж байгаа асуудлуудаа байнга ярьж хэлж ирсэн. Гэхдээ компаниуд шийдэж хийдэг ажил гэж бий. Төрийн хийдэг ажил гэдэг тусдаа. Энэ хөдөлмөрийн хуваарилалт гэдэг зүйл л манайд алдагдчихаад байдаг юм шиг

- Боомтууд дээр үүссэн асуудалд олон янзын шалтгаан хэлдэг ч хамгийн гол хүчин зүйл улстөрийн шалтгаанаас үүдсэн гэж тайлбарлах хүмүүс бий. Хятадын хувьд дөрвөн жилийн өмнө төрийн удирдлага нь хэн байсан тэр хүмүүс л байж байна. Харин Монголын хувьд хэд ч солигдов. Хятадын байр суурь тодорхой. Хоёр орны улстөрийн нөхцөл байдлаас шалтгаалж буй гэдэгтэй та санал нийлэх үү?
- Өөрөө ч гэсэн хэллээ. Хятадын хувьд удирдлага нь хэвээрээ. Өөрчлөгдөөгүй. Харин манайх  2014 оноос хойш Засгийн газар нь дөрөв солигдчихлоо. Ши Жиньпин дарга 2014 онд Монголд ирэхэд миний мэдэхээр Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан. Дараа нь Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх гээд дөрвөн жилийн дотор дөрвөн засгийн газрын нүүр үзсэн байна. Тэгэхээр улсын энэ ажлыг санаатай удаашруулж байна гэж би бодохгүй байна. Яалт ч үгүй, дарга цэрэг солигдохоор тухайн яамдууд нь хөдөлнө, хүмүүс нь солигдоно. 

Хүн л юм чинь асуудлыг ойлгох гэж эхнээс нь танилцана. Ажлаа ойлгоод ийм зүйл хийх ёстой юм байна гэж бодож эхэлтэл ажил нь солигдчихдог. Энэ бол улстөрийн тогтворгүй байдлын төлөөс юм даа. 

- Бүх салбарт энэ бэрхшээл тулгарч байгаа. 
- Тийм ээ. Зовлон, жаргалаа эдлээд л явж байна. 

НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТОД ГАРГАХ  төр засгийн бодлоготой БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА нийцэж байгаа гэж бид ойлгодог

 

- Та төрийн Эрдэнэс Таван Толгой (ЭТТ) компанийг бидний үйл ажиллгаанаас 180 градус эсрэг ажиллаж байна гэж өмнөх ярилцлагандаа дурдсан. Энэ нь тус компанийн үнийн бодлогыг хэлсэн үү. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байхдаа та бүхнийг үнийн хувьд нэг цонхны бодлоготой болгох чиглэлийг өгч байсан. Энэ ажил огт хийгдээгүй юу?
- Ний нуугүй хэлэхэд, Монголын хувийн хэвшлийн компани Хятадын төрийн өмчит компани, Хятадын хувийн компани, Монголын төрийн өмчит компанид зэрэг балбуулж өрсөлдөж байна. Яаж өнөөдрийг хүртэл шүдээ зуугаад ингэж өрсөлдөж байна вэ гэж би өөрөө заримдаа гайхдаг. 

Дээр нь, Чалькогийн гэрээний хүрээнд их хэмжээний урьдчилгаа төлбөр авч Монголчуудад бүгдээрэнд нь 21 мянган төгрөг тараахын тулд тухайн үеийн зах зээлийн ханшаас бага үнээр бодож нүүрсээ нийлүүлэх тохиролцоо хийсэн. Үүнтэй холбоотойгоор маш их хэмжээний түүхий нүүрс өрөө төлөх маягаар гаргасан. Энэ гэрээний хүрээнд гэхэд Хятадын ченжүүд Монголоос нүүрс аваад дамлаж зарж байна. 

- Ингэхдээ сорчилж байна гээд байгаа.
- Махаар ярьвал би зөвхөн гуяны хэсгийг нь л авна гэдэг гэрээ явж байна гэсэн үг.

- ЭТТ өөрсдөө сорчлоогүй л гээд байгаа. 
- Бодит нөхцөл байдал дээр ямар байгааг харах хэрэгтэй. Гэрээн дээр заасан үзүүлэлт нь, хамгийн сайн чанарын, бага үнслэгтэй, коксжих, баяжих чанар өндөртэй гэх мэт зүйлийг тусгаад өгчихсөн байгаа. Ийм сайн чанарын нүүрсийг маань хятадад аваачаад муу нүүрстэй хопиод жигд бүтээгдэхүүн болгоод Таван толгойн нүүрс гэж зараад явж байгаа юм. 

Энэ нүүрстэй бид өрсөлдөж байна. Бидний хувьд аль болох урт хугацааны шууд нийлүүлэх гэрээнүүдийг харилцагчидтайгаа хийж байна. Дамжин өнгөрөх шатлалыг тууштай багасгаж эхэлсэн гэсэн үг. Дундын зуучлагч нарыг багасгаж байгаа нь төмрийн үйлдвэрүүддээ ч ашигтай юм. 

ЭТТ -н стратеги биднийхээс тэс өөр гэдэг нь тэд нүүрсээ уурхайн аман дээрээ борлуулна. Зуучлагч, чэнжүүдэд өгнө. Бүх нэмүү өртгөө Хятадын талд алдаж байгаа. 
Нөгөө талд нь тээврийн асуудал нь маш замбараагүй болж байгаа юм. ER-ийн хувьд тээврээ өөрсдөө хийдэг. Хамгийн бага зардлаар хийхийг хичээдэг. Шинэ, шинэ техникийн боломжийг ашиглаад давхар чиргүүлтэй машин зэргээр тээвэрлэж байна. 

Ийм технологиор бид Ганц модын боомтоор нэвтэрч Хятадын харилцагч нарын талбайд нь хүргэж өгөхөд зардлыг 10 долларт багтааж болж байгаа юм. Гэтэл тээврийн замбараагүй байдал, хил боомтын гацаанууд үүсээд эхлэхээр Хятад тээвэрлэгч нар Таван Толгойгоос Ганц мод орох хооронд 30, 40 доллар нэхэх нь холгүй болж байгаа юм. Тэр 30, 40 долларыг бид хэн нэгэнд алдаад байгаа биз. 10 доллараар хийж болох зүйлийг 30-40 доллараар хэн нэгэнд алдаад байгаа юм. 

Нэгэнт тээврийн зардал нь ийм өндөр үнэтэй болчихоор уурхайн аман дээрээс авах үнэн дээр ч бас өөр тохиролцоонд орох гээд байгаа биз. Бид ингээд л мэрүүлээд л байна гэсэн үг. 

Монгол илүү үнээр л борлуулж байвал улсдаа ч хэрэгтэй, компанидаа ч хэрэгтэй гэж би бодож байна даа. 

- Ж.Эрдэнэбат сайдын үүрэг болгоод байсан нэг цонхны бодлого огт амжилт олоогүй гэж ойлголоо. Зөв үү?
- Амжилт олоогүй гэж би бас хэлэхгүй. 2016 оны сүүлээр ЭТТ нүүрсээ 30 гаруйхан доллараар маш их хэмжээгээр борлуулж байсан. 

Олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ өсч байхад бид нүүрснийхээ үнийг чадлаараа дээш нь явуулах гээд хичээгээд 100 гаруй доллар болгочихсон байсан үе л дээ. Гэтэл ЭТТ 30 доллараар л гаргаад байдаг. Бид хичээлээ, хичээлээ гээд энэ үнийг удаан барьж чадахгүй биз. Араас нэг зүйл чангаагаад байна гэсэн үг шүү дээ. Энэ үед асуудлыг ярьж байж тухайн үед арга хэмжээнүүд авч жаахан нааштай өөрчлөлтүүд гарсан нь ЭТТ-н нүүрсний үнэ 50, 60 доллар, сүүлдээ 70 боллоо ч гэж байсан. Ядаж 30 доллараар зарахаа больсон юм.  

- Үнийн энэхүү алдаатай бодлогоос үүдэж ER харилцагч алдаж байгаа бодит жишээ та хэлж болох уу?
- Мэдээж манай байр суурийг унагаахын төлөө ажилладаг. ER 2009 оноос хойш уурхайг ажиллуулж, 2011 оноос баяжуулсан нүүрс борлуулж байгаа. 

Энэ нь төр засгийн бодлоготой ч нийцэж байгаа гэж бид ойлгодог.  "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого" гээд нэг зүйл баталсан. Үүнд нэмүү өртөг шингээсэн, боловсруулсан эрдэс баялгийн экспортыг шат дараатай нэмэгдүүлнэ тэр дундаа нүүрс гээд заасан байдаг. Бүх төр засгийн удирдлагын ярьдаг нэмүү өртөг шингэсэн, технологийн дэвшлийг ашиглана гэснийх нь дагуу хийж байгаа. Яг энэ зарчмаар нь ажиллаад байгаа гэж итгээд байдаг. 

Харин бид нүүрсний борлуулалттай холбоотойгоор төрийн компанитай нь өрсөлдөж байна. Хувийн компаниудтай өрсөлдөж байна. Дээр нь улстөрчид, хэвлэл мэдээлэл нь биднийгээ жаахан ад үзсэн байдалтай байж байна. 

Бидний хувьд тууштай явсных чанараа сайн барьсан, баяжуулсан нүүрс тогтмол нийлүүлж байна. Яагаад гэхээр бид ямар нэгэн муу чанарын нүүрстэй нүүрсээ хольдоггүй. Богино хугацааны ашиг харсан зүйлс хийхгүй байгаа. 

Бугатын үйлдвэр гэхэд “Танай чанар бол сайн. Тогтвортой. Ойлгомжтой учраас танай бүтээгдэхүүнийг сонирхож байна” гэдэг. Тиймээс ч нүүрсний экспорт маань хоёр жилийн өмнөөс нэмэгдэж, шууд нийлүүлэх гэрээнүүдийг хийгээд явж байна. 

- “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцлийн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т ОХУ-ын Ерөнхий сайдын зүгээс гарын үсэг зурж, Монгол Улс бүтээгдэхүүнээ гуравдагч хөрш орнууд руу хүргэх боломжтой боллоо гэцгээж буй. Ганцхан зах зээлээ олон болгож бүтээгдэхүүнийн үнийн хувьд өрсөлдөхүйц түвшинд хүргэх боломжтой болно гэж энэ хэлэлцээрийг тайлбарлаж байгаа. Танай компанийн зүгээс энэ хэлэлцээрийн эсрэг байр суурьтай байгаа гэж ойлгосон. Зөв үү?
- Эсрэг гэж ойлгож болохгүй л дээ. Зарим нэг нь заавал хоёр талд гарч, зодолдож байж санаа нь амардаг юм уу даа. Бидний хувьд хэзээ ч энэ хэлэлцээрийн тухай эсрэг байр суурь илэрхийлж байгаагүй. Харин 2011, 2012 онд бодитой ачилтыг нь хийгээд төмөр замаар зөөгөөд Чойр хүртэл машинаар ачаад Находка боомтоор нүүрс гаргаад явж байсан нь бид нар. 

Зарим нэг нь хэдэн вагон гаргачихаад л шоу хийдэг. Харин бидний хувьд тэр ажлыг нь бодитоор хийгээд Япон, Энэтхэг харилцагч нарт нүүрс нийлүүлж байсан. 

Ингээд явах зардлаа харахад, Чойр хүртэл зам байхгүй, шороон замаар явна. Өртөг өндөр. Тухайн үед тарифийн ямар нэгэн хөнгөлөлт байхгүй. Вагон, боомт гэх мэтэд түрээсийн өндөр төлбөр төлнө. Гэх мэт зүйлсийг тооцоход зөвхөн тээврийн зардал нь 170 доллар болж байсан. 

Энэ баримтуудаа л хэлж байгаа юм. Мэдээж энэ зардлыг буулгаад, хөнгөлөлтөө аваад гэрээ нь эцсийн дүнгээрээ зурагдаад дуусах байх. ОХУ-ын Ерөнхий сайдын захирамжийн хувьд энэ гэрээг байгуулах зарчмын талаас нь дэмжсэн байсан. Харин одоо гэрээ албан ёсоор зурагдсаны дараа хөнгөлөлтүүдийн нөхцөл, тоог нь харж байж эдийн засгийн тооцоо хийх хэрэгтэй байх. 

Гэхдээ энэ бүгдээс харагдаж байгаа зүйл нь дэд бүтэц л хөгжих ёстой гэдэг нь улам тодорч байна.  Тэр дэд бүтэц нь хаашаа тавигдах нь дараагийн асуудал. Монгол тэртээ тэргүй Орос, Хятадын дунд байгаа. 

Далайд хүрэхийн тулд Хятад эсвэл Оросоор л дамжина. 

Бизнесийн компанийн хувьд бид хамгийн дөт замаар хамгийн том зах зээлдээ хүрье гэж зорьсон. Харин төрийн бодлого зүүн тийшээ төмар замаа барья гэж байсан. Тэгээд түүнийгээ барих л хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн хүн болгон өөр өөрийнхөө л хийх ажлаа хийгээд явах ёстой. 

- Бизнесийн байгууллагын хувьд хамгийн түрүүнд орлогын эх үүсвэрээ бодох нь зөв. Харин төрийн бариад байгаа бодлого нь Хятад руу ашигт малтмалаа гаргадгаараа гаргана. Гэхдээ ганцхан зах зээлтэй байх нь үнийн хувьд зөвхөн худалдан авагчийн хэлсэн үнээр л наймаа хийгдэж байна. Харин нэмэлт зах зээлтэй болчихвол үнэ маань өрсөлдөх чадвартай болно гээд буй. 
- Зөв. Гэхдээ 10 жил өнгөрөхөд энэ бүгдээс алийг нь ч хэрэгжүүлээгүй байгаа биз. Аль ч хувилбар нь алга. 

Хүн юм хийе гэвэл дотроо бодоод тооцоолоод түүнийгээ хэрэгжүүлээд чимээгүйхэн ажлаа хийгээд л явах ёстой. Манайд бол шоу нь дэндээд хоёр талдаа гарч зодолдож байгаа байдал үүсгээд хэнтэй тэмцээд байгаа нь ойлгомжгүй заавал нэгийг нь харлуулаад байгааг ойлгохгүй байна. 

 Хоёр хөрш рүүгээ хоёулан руу нь төмөр замаа бариад өгөөч л гэж хэлмээр байна

Урагшаа ч төмөр замаа бариад, зүүн тийшээгээ ч бариад, Орос, Хятадтайгаа хэлэлцээрээ хийгээд бүх юмаа л зэрэг хийгээд дотроо бодолтой л ажлаа дуусгах хэрэгтэй биз дээ. Тэгтэл хоёр талд гараад суучихсан ч юм шиг, бид нар зөвхөн урагшаагаа төмөр зам барих сонирхолтой байгаа ч юм шиг хоёр тийшээ талцаж хуваагдчихсан ч юм шиг байдал үүсгэчихээд байна. Бид бүгдийг нь бариач, хоёр хөрш рүүгээ хоёулан руу нь төмөр замаа бариад өгөөч л гэж хэлмээр байна. 

Санаа нь бол ажлаа л хийе гэсэн үг. Одоо ярьж ханалаа. 

Төмөр зам ярьсаар 10 дахь жилтэйгээ золголоо. Зүүн нь ч алга, урагшаа нь ч байхгүй. 

Урагшаа барьж байсан төмөр замыг зогсоогоод зүүн тийшээ барьчихсан байгаа нь хаана байна вэ. Улстөрчдийн хувьд лоозогнох, шоу хийх нь илүү чухал байж магадгүй. Харин бид асуудлыг арай өөрөөр харж байна. Бодитой ажлуудыг хийгээд эхлээд, туршаад үзмээр байна.
 
- Зарим хүн төмөр зам байсан бол хямд үнээр бүр их нүүрс гарах байсан нь дэд бүтцээс шалтгаалаад арай бага хэмжээгээр гарч байна гэж тайлбарлахыг сонсож байв. 
- Хямдаар гарч байгаа шалтгаан нь өөрөө дэд бүтэц байхгүйтэй холбоотой. ЭТТ-н захирал Д.Ариунболд “Аман дээрээс зарж буй нүүрсний үнэ 68.1 ам.доллар ганц модны боомт ороход 32 ам.доллараар нэмэгдэж 220 юань болдог. Хил дээр очихдоо 100 ам.доллар болж, татвар шимтгэлээ төлөөд, угаагаад, далайн боомт ороход нэг тонн нүүрс 230 ам.доллар хүрдэг” гэж байсан. Яг л энэ яриад байгаа зүйл шүү дээ. Боомт хүртэл 30 доллараар зөөнө. Хятадад баяжуулна гээд явахаар маш өндөр өртөгтэй.

Гэтэл уурхайн аман дээрээ манайх шиг баяжуулах үйлдвэртэй дээрээс нь дэд бүтцийн асуудлаа шийдчихсэн, олон улсын боомт болгочихсон, транзит тээврийн хэлэлцээгээ хийчихсэн бол Ариунболд захирлын хэлээд байгаагаар далайн боомтод хүрч байгаа зардал 230 -аас хасах нь 70 доллар буюу нийт өртгийн 160 долларын дийлэнхийг дотооддоо үлдээнэ гэсэн үг шүү дээ. 

Тодруулбал, төмөр зам ашиглалтад ороод саяны хэлснээр олон улсын боомттой болоод баяжуулах асуудлаа зөв ашиглаад явсан төмөр замын тарифийн 40 хувийн хөнгөлөлттөө авсан бол энэ 160 долларын зардал өөрөө 40-50 доллар болж болох байсан. Харин үүний зөрүү бидний яриад байгаа Монголд л орж ирэх ёстой байсан. 

Төмөр замгүй учраас бид хямд зарж байгаа. Төмөр замын асуудал нь шийдэгчдчихсэн байсан бол нүүрсээ уурхайн аман дээрээсээ ч зарах үнэ нэмэгдэнэ шүү дээ. Яагаад гэхээр зардал буурчихаж байгаа учир. 

- Шинэ төмөр замын төсөлд 280 сая доллар зарцуулагдаж далан боссон. Харин энэ далангийн ажил хөрөнгө оруулалттайгаа харьцуулбал чамлахаар ажил болсон, болоогүй гэх янз бүрийн л байр суурь бий. Хамгийн ойрын мэдээллийн эх сурвалжтай, салбарын хүний хувьд цаашдын хөрөнгө оруулалт нь зогссон энэ далан оруулсан хөрөнгөө зөв зарцуулж чадсан уу?
- Нэг л зүйлийг хэлмээр байна. Энэ нь ганцхан төмөр зам дээр ч биш. Төсөл хэрэгжүүлнэ гэдэг нь бүх асуудлыг цогцоор нь шийдэхийг л хэлдэг. 

Зүгээр макет барьчихаад би маш гоё төсөл хэрэгжүүлэх гэсэн чинь мөнгө байхгүй болчихлоо гэдгийг хэн ч хэлж чадна. Надад 10 тэрбум доллар өгчихвөл би ч шинэ хот барьж чадна. Тэгвэл тэр төмөр зам ч бай, хот ч бай, цахилгаан станц ч бай ямар ч төслийг хэрэгжүүлэх нь эдийн засгийн үр ашигтай гэдгийг нотлоод, санхүүжилтийг нь босгоод, төслөө хийгээд дуусгаад ажилд оруулах нь төсөл амжилттай хэрэгжүүлэлт юм. 

Бидний Монголчуудыг харвал санаа, томоор ярих, 50 гаруй цахилгаан станц л гэнэ, хурдны зам хэд ч болчихсон юм, төмөр зам хэд ч болихсон юм, цаасаар бол төмөр зам, хурдны зам, станцаар л Монголыг хэрчихсэн байна. 

Том төсөл ярих бол нэг асуудал. Бодитой түүнийг дуустал нь хийгээд санхүүжилтийг зөв босгоод түүнийгээ зардал, өртгийг нь хэтрүүлчихгүйхэн шиг цаг хугацаанд нь дуусгаж чадна гэдэг чинь төслийн менежментийн урлаг, авьяас юм. 

Түүнээс цаасан дээр юм буулгаад ярих нь ажлын 50 хувь гэж Монголчууд ярьдаг нь бодит байдалтай нийцэхгүй байна. 

Нүүрс, зэсийн үнэ сайн байх үеийн солиорлыг Монголчууд бид бүгд л амслаа

 

- Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх сард БНХАУ руу албан ёсны айлчлал хийнэ. Энэ үеэрээ Таван Толгойн төслийг урагшлуулна гэдгээ мэдэгдсэн нь  хүлээлт үүсгээд байгаа юм. Тэрбээр ЭТТ эсвэл хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтарч энэ төслийг хэрэгжүүлэх хоёр хувилбар байгаагаа хэлсэн. Та бүхний хамтарч шалгарсан тендерийг одоогоор цуцалсан мэдээ бол гараагүй. Ц.Дашдорж салбарын сайд байхдаа хэлэлцээ хийх дахин шинэ ажлын хэсэг байгуулж байгаагаа зарлаж байсан. Үүнээс хойш юу болов?
- Ц.Дашдорж сайд байхдаа 2016 оны сүүлээр тендерт шалгарсан Монголын “Энержи Ресурс”, Хятадын “Чайна Шинхуа Энержи”, Японы “Сүмитомо” компанийн консорциумыг дуудаж уулзсан. 

Энэ үеэр тодорхой зүйл яригдаагүй. Би сайд боллоо.  Ажлын хэсэг шинээр байгуулагдаж байна. Цаашаа үргэлжлүүлээд ярилцана аа гээд л улстөрийн сонгууль, халуурал болоод замхарсан. 

Хамгийн сүүлийн шинэ Засгийн газар бүрдсэнээс хойш Таван Толгой төсөлтэй холбоотойгоор албан ёсны, албан бус ч ямар нэгэн уулзалт болсон зүйлгүй. 

Өмнө нь яригдаж байсан консорциумыг цуцаллаа гэдэг шийдвэр албан ёсоор байхгүй. 

Миний эртнээс хэлдэг байсан зүйл бол Оюу Толгой бол сайн төсөл. Монголын эдийн засагт, макро орчинд маш том нөлөө үзүүлж байгаа. Таалагдсан, таалагдаагүй Монголыг дэлхийд таниулж байгаа том төсөл юм. Олон мянган Монгол залуус энд ажиллаж байгаа. Гэхдээ энэ бол нэг төсөл. Монгол Улсын эрх ашиг юу юм гэхээр нэг төслөөс 100 хувь хараат улс байж болохгүй байлгүй дээ. Монголчууд уул уурхайгаас хамааралгүй баймаар байна гэдэг. Гэтэл уул уурхай дотроо зөвхөн нэг төсөл давамгайлсан байж бас болохгүй. Мэдээж Эрдэнэт Үйлдвэр нэг багана нь. Одоо Оюу Толгой босоод ирлээ. Нүүрсний салбар ч их ачааг үүрч байгаа. Гэхдээ цаашдаа бүр том боломж байна. Ачаа, ачааллыг зөв хуваарилах хэрэгтэй. Хэдийгээр уул уурхайн салбарын үнийн өөрчлөлт ерөнхийдөө ойролцоо мөчлөгтэй ч төрөл, төрөлдөө өөрчлөлтүүд байх нь бий. Зэсийн үнэ уначихсан байхад нүүрсний үнэ өсчихсөн тохиолдол ч байдаг. Алт унаж байхад бусад нь өсч л байдаг. Тэгэхээр бид эдийн засгаа солонгоруулна гэж ярьдгаа ч уул уурхайн салбарт хийх нь улсаа бодсон ч, төсвөө бодсон ч, олон нийтийг бодсон ч хэрэгтэй л юм. Тийм ч учраас энэ Таван Толгой төсөл гэдгийг яриад байгаа гэж ойлгож байгаа. 

Нэгхэн төслөөс хамаарах сонголтыг хийж байснаас  уул уурхайн салбарыг дотор нь ингэж төрөлжүүлэх тухай яриад байгаа юм. Түүнээс УУ-аас бусад аялал жуулчлал, шүлхийгээсээ салж чадвал тэр мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх асуудлыг би үгүйсгэхгүй. Канад, Австралийн загварыг харах юм бол хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан маш том байр суурийг эзэлдэг. Үүнийхээ хажуугаар хариуцлагатай уул уурхайгаа хөгжүүлж байна.

Төрийн зүгээс хувийн хэвшлийн компанийг энэ төсөлд оролцуулаад явна гэвэл бид хойшоо суухгүй

Энержи Ресурс хувийн хэвшлийн компанийн хувьд Таван Толгой бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын хөрөнгө оруулалттай, олон жил энэ салбарын буюу нүүрс, тээвэр, борлуулалт, баяжуулалт, санхүү, хөрөнгө босголтын туршлага нөү хау бид нарт байна аа. Төрийн зүгээс хувийн хэвшлийн компанийг энэ төсөлд оролцуулаад явна гэвэл бид хойшоо суухгүй. 

Төр нь бид нарыг оролцуулахгүй ээ гэвэл тэр төрийн л бодлого. Эсвэл Хятадуудад өгнө өө гэвэл бас тэр чинь төрийн бодлого. Оросуудад өгнө өө л гэвэл тэр биз. Бидний хувьд энэ шийдвэр гаргалтад оролцохгүй шүү дээ.

УИХ нь шийднэ үү, Засгийн газар нь шийднэ үү, Ерөнхийлөгч нь шийднэ үү мэдэхгүй. Ямар ч байсан улстөрчид шийднэ. Бидний хувьд тухайн үед энэ салбарт хамгийн сайн туршлага хуримтлуулсан гэж өөрсдөдөө итгэлтэй байгаа учраас энэ төслийг зөвөөр нь явуулахад тодорхой хэмжээний хариуцлага үүрээд явъя гэсэндээ энэ ажлыг хийе гэж байгаа. 

- Танай компанитай хамтарч тендерт оролцсон талууд ч төсөлд оролцох сонирхол хэвээрээ байгаа гэж ойлгож байна. Тухайлбал Хятадын төрийн компани болох Шинхуа гэхэд байр суурь хэвээрээ байгаа учраас энэ төслийг явуулахад шахалт үзүүлж Монгол-Хятадын хилийн боомтууд дээр гарч буй асуудал нь улстөрийн хориг хэлбэртэй гэж тайлбарлаж буй. Ийм мэдээлэл ч гарсан. Үүнтэй та санал нийлэхүү?
- Хятадыг дэлхий даяарааа ажиглаж харж байна. Эдийн засгийн энэ хүчирхэг байдлыг нь дагаад улстөрийн нөлөөлөл, бүс нутгийн нөлөөлөл гэх мэт зүйлс нь бидэнд таалагдсан, таалагдаагүй хөрш маань ямар бодлого явуулж байгааг ажиглаж харж байх ёстой. Оросын хувьд ч мөн адил. Бид таалагдсан, таалагдаагүй хоёр хөрштэйгээ эдийн засгийн эргэлтээ хөгжүүлж байж энэ улс явна. Эсвэл бид хэнтэй ч худалдаа хийхгүй, улсаа тойруулж хана бариад малаа маллаад амьдарч болно. Энэ бол сонголт. Бүгдээрээ iPhone утас барихаа больж, дарга нар нь Land Cruiser унахаа болиод морин тэргээ л уная. Хэн ч Монголчуудыг та нар ингэж амьдарч болохгүй гэж зааж чадахгүй. 

Тэгвэл ингэж амьдарч чадахгүй ээ. Одоо энэ амьдарч байгаа стандарт, олон улстай хөл нийлүүлээд, хүмүүсийн амьжиргааг нь дээшлүүлээд, энэ өндөр хөгжлийн сайн, мууг нь аваад сайжруулаад ирээдүйгээ хараад явъя гэж байгаа бол бид худалдаа наймаа хийж л таараа. Баялаг гэдэг зүйл агаараас бүтэхгүй. Газар дор байгаа баялаг гэж ярьдаг боловч түүнийг баялаг болгохын тулд маш их хөрөнгө оруулалт, хүч хөдөлмөр шаардлагатай, тэр баялгийг авах хүн нь байх хэрэгтэй. Асуудлыг бид бүтээгдэхүүнээ эдийн засгийн эргэлтэд л оруулна гэж харах хэрэгтэй.

Харамсалтай зүйл нь, Монголчууд бидэнд байдаг ганц зовлон нь бурууг дандаа гаднаас хайгаад байдаг. Эцсийн дүндээ бүх зовлонгийн эх үүсвэрийн 99 хувь нь өөрсдөөс нь байдаг. 

Орос, Хятадууд ингээд байна. Рио Тинто биднийг ингээд байна л гэдэг. Эцсийн дүндээ шийдэл нь бидний гарт байдаг. Бидний ч юу байх вэ бидний сонгосон төрийн түшээд нарын гарт байна.

- Ерөнхий сайдын ярьж буй хоёр хувилбарын нэг болох төрийн буюу ЭТТ компани дангаараа Хятадтай хамтарч төслийг үргэлжлүүлэх сонголт хийлээ гэхэд ямар эрсдэл байх вэ. Өөрөөр хэлбэл та бүхний шалгарсан тендерийг цуцлаад нөгөө хувилбарыг нь сонговол?
- Төрийн давамгайлсан оролцоо арай л их болчихгүй юу. Энэ сэдэв өөрөө их гоё. Ард түмний өмч, баялгийн тэгш шударга хуваарилалт гэх мэт зүйлсээ ярина, попроно. Зүй нь зөв засаглалаа л төр барих ёстой. Зөв зүйл үү гэдгийг бид байнга асууж байх ёстой. Зөв ба шударга гэдэг ойлголтын ялгааг гаргаж ирэх хэрэгтэй. 

Жишээ нь, ТТ нүүрсийн нэлээд хэсгийг хямд үнээр зарах гэрээ хийгээд их хэмжээний урьдчилгаа аваад бүх ард түмэнд 21 мянган төгрөг болгоод тараагаад өгчихсөн. Энэ өөрөө шударга уу. Шударга. Бүгд адил тэнцүү хуваагаад авсан. Гэхдээ зөв арга зам мөн үү. 

Шударга гэхээсээ зөв хуваарилсан уу гэдгийг бид асуух ёстой. Зөв менежмент, зөв засаглал, миний яриад байгаа зөв хөдөлмөрийн хуваарилалт байх ёстой юм. 

Эцсийн дүндээ шударга хуваарилалт гэх бүх баялгийг хурааж хуримтлуулж авчихаад би та нарт тэгш хуваарилна гэж ярьж байсан түүх амжилт олдоггүй. Шударга хөдөлмөрлөж байж л шударга хуваарилалтын тухай ярих ёстой. Хэрэв үгүй гэвэл Венесуэль л болж дуусна. 

Энэ сургамжуудыг бид харах ёстой юм. Миний хувьд коммунизм гэдэг зүйл бүтэхгүй, социализм ч бүтэхгүй ээ. Хувийн санаачлага гэдэг зүйл л бүтдэг гэсэн бодолтой учраас төр татвараа аваад зохицуулалтаа хийгээд эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдал гэсэн үндсэн үүргээ гүйцэтгэмээр байна. 

Хувийн хэвшлийн байгууллагын уян хатан байдал, менежмэнт, ур чадвар нь төрийнхөөс яаж ч бодсон илүү гардаг. Энэ бол бодит баримт

Хувийн хэвшлийн байгууллагын уян хатан байдал, менежмэнт, ур чадвар нь төрийнхөөс яаж ч бодсон илүү гардаг. Энэ бол бодит баримт. Мөн харьцангуй тууштай бодлого баримталж ажиллаж чаддаг. Бид түрүүн ярилаа, дөрвөн жилийн дотор дөрвөн Засгийн газар солигдсон байна. Түүнийгээ дагаад төрийн байгууллагын дарга нь магадгүй дагаад солигддог. 

Тэгэхээр Монгол Улсын хувьд төрийн компани дангаараа Хятадын төрийн компанитай хамтрахад ямар нэгэн маргаан гарвал хоёр улсын хоорондын маргаан болчих гээд байгаа юм.  Олон улсын харилцааны асуудал болж тулгарах гээд байгаа биз. Харин хувийн хэвшил тэнд ажиллаж байвал аж ахуйн маргаан гэж явна. Энэ бол миний л бодол. Эцсийн байдлаар ямар шийдвэр гарах юм. Мэдэхгүй. 

Би байр сууриа дахин хэлье. Ямар нэгэн байдлаар хувийн хэвшлийг оролцуулна аа гэвэл бид нар оролцох сонирхолтой байна. Тендер зарлана уу, өрсөлдүүлнэ үү аль ч талаар өрсөлдөхөд бид бэлэн. Түүнээс аль нэгэнтэй нь далд хуйвалдаад гэнэт гайхшруулсан зүйлс хийхгүй. 

- Монголын Санхүүгийн Зохицуулах Хорооноос хөрөнгийн зах дээрх давхар бүртгэлийн журам баталсан. Та бүхэн Монголын Хөрөнгийн Бирж дээр гарах сонирхол байгаагаа илэрхийлж байсан. Энэ ажил ямар түвшинд яваа бол?
- Монголын Хөрөнгийн Бирж дээр гарах нь бидний хувьд хөрөнгө босголт гэхээсээ нийгмийн хариуцлагат ажил гэж харж байгаа. Энэ талын хууль эрх зүйн зохицуулалт зэрэг судалгааны ажил хийгдэж байна. 

- Бас нэг цаг үеийн холбогдолтой асуулт байна. Засгийн газрын зүгээс 2019 оны тавдугаар сараас  түүхий нүүрс хот руу оруулахыг хориглосон. Үүнийг дагаад нүүрс боловсруулах, боловсруулсан түлш ашиглах төсөл ярьж байгаа. Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрт ч энэ талаар тусгагдсан. Харин тэр боловсруулах нүүрсэнд ТТ-н нүүрсийг авчирж ашиглах тухай яригдаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. ER-ийг энэ төсөлд оролцож хэрэгцээгүй нүүрсээ шахах гэж байна гэдэг нь үнэн үү?
- Үүнийг тайлбарлахгүй бол нөгөө зуух шиг зүйл болох гээд байгаа юм. Яг манай шууд оролцоо юу ч байхгүй. Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үеэс л нүүрс боловсруулах тухай энэ төслүүд яригдаж эхэлсэн. 

Боловсруулсан түлшний үйлдвэр барих гэсэн хүмүүс 2012 оны үеэс манай нүүрсийг авч явж шинжилсэн юм. Ингээд манай нүүрсийг болж байна аа л гэж өөрсдөө хэлсэн. Хэрэв энэ төслийн хүрээнд Улаанбаатарын утааг шийдэж чадаж байна, боловсруулсан түлш боловсруулахад нь нэмэр болж байна гэвэл тодорхой хэмжээнд 500, 600, 700, 800 тонн нүүрсийг бид нийгмийн хариуцлагын үүднээс үнэгүй нийлүүлж чадна. Үнэхээр Улаанбаатарын асуудлыг шийдэж чадах юм бол бид үнэгүй ав гэж байгаа. Харин бид УБ руу зөөж авчрах боломжгүй гэдгээ л хэлсэн. Ямар дурак нь тэр 600 км замын төслийг санаачилж олсныг харин би мэдэхгүй байна. 

Бид Улаанбаатарчуудад нүүрс зарах гээд хөөцөлдөөд байгаа юм байхгүй. Зөвөөр ойлгоорой. 

Утаагүй зуух гэж төслийн хүрээнд гэхэд Дэлхийн Банк, Мянганы Сорилтын Сан, Ерөнхийлөгчийн Тамгын Газар хамтраад манайхыг л хийхгүй бол өөр хийх хүн алга байна гэсээр байгаад энэ төсөл рүү оруулсан. Эцсийн дүндээ бид хоёр тэрбум төгрөгийн алдагдалтай л үлдсэн. Сүүлдээ утаагаар бизнес хийсэн нэр зүүсэн. Тэр болгонд тайлбар хийгээд байх зав ч бас алга. 

- Сүүлийн сэдвийн асуулт. Түүхий эдийн үнийн уналтын үеийн бодлого, өсөлтийн үеийн менежмент өөр байх ёстой. Монгол Улсын хувьд үүн дээр улсаараа алдаж оносоор байгаа шүү дээ. Танай компанийн хувьд үнийн өсөлтийн үед ямар бодлого барьж эхэлж байгаа вэ?
- Нэг их ухаантай санаачлаад байх юм байхгүй. Уул уурхай өөрөө мөчлөгтэй бизнес учраас эерэг үед нь хуримтлал бий болгоод сөрөг үед хуримтлалаасаа өл даагаад бизнесийг урт хугацаандаа тогтвортой явуулах ойлгомжтой загвар. Бид үүнийг л аль болох хэрэгжүүлж явна.  Нөгөө талаасаа хямрал болгон боломж гэдэг шиг танаж, тэвчиж болох зардлуудаа бүгдийг нь хассан. Үүнийг тултал нь хийсэн. 

- Жижиг өрсөлдөгчид тодорхой хэмжээнд дампуурсан. Зөв үү?
- Магадгүй. Гэхдээ компани дотроо өөрөө зөв бүтэцтэй, фит болох л хэрэгтэй. Хамгийн гол нь цаг сайхан болохоор налаачихгүй л байх туршлага хуримтлууллаа. Сүүлийн хэдэн жил хямралтай байсан нь миний хувьд нэг их буруу зүйл биш байсан болов уу. Компанийн хувьд ч ирээдүйд олон бэрхшээл даван туулах туршлагыг, чадварыг л бий болгож байгаа нэг хэлбэр шүү дээ. Эцсийн дүндээ дандаа сайхан яваад л байвал менежментийн авьяас ч тийм хэрэгтэй биш шүү дээ. Нүүрсний үнэ өссөн үед би их мөнгө олчихлоо гээд орилоод байхыг хэн ч чадна шүү дээ. Харин хэцүү үед ашигтай ажиллах, хэцүү үед үйл ажиллагаагаа тогтвортой явуулах тэр чадварыг л бий болгох ёстой. Улсын хувьд ч ийм нүдээр л харах хэрэгтэй болов уу. 

Нүүрс, зэсийн үнэ сайн байх үеийн солиорлыг Монголчууд бид бүгд л амслаа шүү дээ. 

Монгол Улсын хувьд төсөв ч тэр, бизнес ч тэр уул уурхайгаас хамааралтай учир зөвхөн УУ-н салбар биш бусад бизнес ч энэ трэндийг ойлгож сургамж болгож авах хэрэгтэй болов уу. 

ДНБ-ний гол бүрэлдэхүүн болох дотоодын үйлчилгээ, барилгын салбар гэхэд л яах аргагүй уул уурхайгаас орж ирсэн мөнгийг л бид хэд хэд эргүүлж бие биедээ солилцож буй шүү дээ. Яг үнэндээ валют уул уурхайн салбараас л орж ирж байна. 

График 2, Монгол Улсын нүүрсний экспорт

График 3, Монгол Улсын нүүрсний экспортын биет хэмжээ болон орлогод ER-ийн эзэлж буй хувь хэмжээ

- 2011, 2012 оны солиорол буюу мөчлөг сайхан байх үед Монгол Улсын эдийн засгийн өсөлт ч гайхагдаж бэлэн мөнгөө тарааж байсан сан. Ингээд нүүрс, зэсийн үнэ бууж сөрөг үе ирж үүнд бид арайхийж амьд үлдлээ. Эргээд ашигт малтмалын үнэ өсч төсвийн орлого нэмэгдэж, ЭЗ нэмэх болонгуут л дарга нар нь үүгээр шоудаж эхэллээ. Эргээд алдаагаа давтах вий гэдэг айдас байсаар байна. 
- Сургамж авбал авахаар л болсон доо. Тийм үү. Гэтэл улстөрч гэж хүний натур нь тийм юм шиг байгаа юм. Хэзээ ч сургамж авдаггүй юм шиг. Яагаад гэхээр тухайн үеийн л асуудлаа шийдэх ёстой юм шиг байгаа юм. Дөрвөн жилийн хугацаатай амьдралаа харна. Зөв гэхээсээ дээр ярьсанчлан таалагдах юм хийх нь илүү чухал болчихоод байдаг. 

Яагаад гэхээр зөв зүйл болгон бусдад таалагдах алба байхгүй. 

Тиймээс  хүнд бол найдаад хэрэггүй. Болдогсон бол систем нь уг нь зөв байх ёстой. Улстөрчид бол солигддог. Хэн ч сонгогдсон өөрсдийгөө нураахгүй нэг төрийн системтэй байх ёстой болчихсон байгаа биз. Төрийн алба нь байдаг нь юм уу, институт байдаг юм уу,  тэр институтүүдыг нь давхар шүүхийн зөв тогтолцоо хамгаалж байдаг л байх ёстой.

- “Check & balance” маань л алдагдчихсан байна. УИХ гэхэд бараг шүүх засаглал болчихсон ч юм шиг. 
- Энэ баланс алдагдахаар юу болдгийг бид мэднэ шүү дээ. Эцсийн дүндээ Гитлер бол сонгуулиар л гарч ирсэн. Сүүлд нь юу болсон бэ. 

 
mpa.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x