Индэр    
2018 оны 3 сарын 6
Зураг
Freelance journalist

Анне Вествордз: Монголын БҮДҮҮЛЭГ ХАРАНХУЙ тал

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголд дугуйгаар аялсан Герман бүсгүй Анне Вествордз өөрийн блогтоо "Монголын БҮДҮҮЛЭГ ХАРАНХУЙ тал" хэмээх нийтлэл оруулсан нь сүүлийн үед олон нийтийн сүлжээнд багагүй анхаарал татаад байна. 

Учир нь бүсгүй уг нийтлэлдээ Монгол эрчүүд хэрхэн түүнийг бэлгийн дарамтад оруулж, согтуу зарим нь түүнийг зодож байсныг дэлгэрэнгүй бичжээ. Бид нийтлэлийг Анне Вествордзын блогоос бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.


Энэ бол муухай пост. Үүнийг бичихэд ч сэтгэл өвдмөөр байлаа. Бичиж байхдаа би уйлсан. Үүнийг бичих шаардлага гараагүй байсан ч болоосой. Гэхдээ шаардлагатай. Эхний шалтгаан бол хүмүүст анхааруулах хэрэгтэй байна. Тэр тусмаа ганцаараа аялж байгаа эмэгтэйчүүдэд. Өөр нэг шалтгаан бол би буруутнуудын өмнө дуугүй баймааргүй байна. Надад тусалж байсан Монголчууд харин энэ нийтлэлийг битгий уншаасай.

Үнэхээр азгүй. Гэхдээ би үнэнийг хэлэх ёстой. Монголд орхисондоо баяртай байгаа гурван зүйл байгааг бичье.

1. Хувийн орон зайны талаар март

-Би түүнийг нэлээн удаан харсангүй дээ

-Юу гэсэн үг вэ

-Бараг цаг харсангүй дээ, өрөөнөөсөө гарсангүй.

-Зүгээр байлгүй дээ.

-Хүмүүс өөр хүмүүс анхаарахгүй үед үхдэг гэж мэдэх үү. Тэр аюулд орсон ч юм билүү. Гэнэтийн үхэл гэж байдаг юм шүү дээ.

-Ёстой тэгж бодоогүй юм байна.

-Байнга шалгах хэрэгтэй. Хэн ч байсан гэсэн. Бид түүний үхсэн амьдыг шалгах хэрэгтэй.

-Ер нь бол энэ бидний үүрэг. Шалгая.

Дугуйчны үүдийг тогшлоо. Хэн ч хариулсангүй. Илүү чанга тогшлоо. Хариу байдаггүй ээ. Гутлаараа хаалгыг өшиглөв. Ядарсан бүсгүй хаалгаа онгойлголоо. За, юу болсон бэ, би унтаж байлаа. (Хоёр залуу өрөөгөөр нэг харчихаад, бүсгүйг нэг харчихаад, үг хэлэлгүй яваад өгөв)

-Өө тэр амьд БАЙСАН байна. Бид хаалгыг тэгж чанга нүдэх ёсгүй байж дээ. Тэр зүгээр л сонсож байхад.

- Чи мэдэхгүй шүү дээ. Бас гэнэтийн дүлийрэл гэж байдаг юм. Хүмүүс гэнэт л дүлийрчихдэг гэсэн. За ядаж л түүний зүгээр эсэхийг мэдчихлээ.

30 минутын дараа.

-Хүүе. Нөгөөхийг чинь бас л удаан харсангүй, зүгээр байгаа.

Яг ийм харилцан яриа болоогүй байх л даа. Тэгэхдээ яг иймэрхүү яриа байн байн болсон гэж би төсөөлж байна. Өөрөөр яагаад хүмүүс байн байн миний өрөөг шалгаад байсныг тайлбарлаж чадахгүй. Мөн яагаад хүмүүс миний өрөөний хаалгыг өшиглөөд байсныг ерөөсөө ойлгоогүй. Нэг шөнө дэн буудлын эзэн нь шөнийн 03:00 цагт, дараа нь дахиад 06:30 цагт ямар нэг шалтгаангүйгээр намайг шалгасан. Монголд хувийн орон зай гэж байхгүй юм байна гэдгийг ойлголоо. 

Энэ нь миний бодлоор хуучны, магадгүй өнөөдрийн нүүдэлчин амьдралтай холбоотой байх. Бүх гэр бүлээрээ нэг гэрт амьдардаг мөн хаалга ихэнхдээ онгорхой байдаг. Монголчуудад ганцаараа байна гэсэн ойлголт байдаггүй байх. Наадмын үеэр гэр бүлүүд нийлээд долоо хоногоор амрахаар явдаг. Тэд хоёр гурван машинаар биш, бүр долоо найман машинтай нийлээд аялдаг! Хүн гав ганцаараа аялна гэдэг ойлголт Монголчуудад маш сонин сонсогддог.

Гуанзанд Монголчуудтай ярилцахад ганцаараа гэдэг үг ярианы гол сэдэв болдог л доо. Намайг дугуйгаар аялж байгаа гэхэд тэд ихэвчлэн эрхий хуруугаа гозойлгох  боловч ганцаараа, нээрээ юу? Итгэж ядан толгойгоо сэгсэрнэ. Яаж хүн тэсдэг байна аа? Мэдээж хүн соёл иргэншлээс тасран ганцаараа аялахад тодорхой хэмжээний аюул байгаа гэдэгтээ би санал нийлж байна. Гэмтэх юм уу өвдвөл ганцаараа явж байгаа учраас туслах хүн байхгүй. Гэхдээ би үүнийгээ мэдэж байгаа, эрсдлээ ч өөрөө үүрч яваа. Өөрийнхөө чадах чинээгээр бүх бэлтгэлээ хангасан ч гэсэн надаас давсан хүчин зүйлүүд гэж мэдээж бий. Ер нь тэгээд би азаа туршиж л яваа нэгэн. Гэхдээ Монголчуудын хувьд ганцаараа аялна гэдэг нь бие мах бодийн сорилт даваанаас илүү хүндхэн зүйл юм шиг санагддаг бололтой.

“Танай гэрийнхэн чинь их хүлээцтэй хүмүүс байх даа, чамайг ийм аялалд ганцаараа явахыг зөвшөөрч байдаг"...

Би насанд хүрсэн хүн. Би энэ аяллаа өөрөө ажиллаж, хөдөлмөрлөж хадгалсан мөнгөөрөө санхүүжүүлж байгаа. Надад эцэг эхээсээ зөвшөөрөл авах шаардлага байхгүй.

“…гэхдээ л тэд үнэхээр тэвчээртэй хүмүүс юм аа…”

(Өндөр боловсролтой, дунд эргэм насны, олуулаа нэгдэн аялж яваа эмэгтэй ингэж хэлсэн)

Би Монголд ганцаараа байх гэж ирсэн. Ийм өргөн уудам газартай, гуравхан сая хүн амтай, тал нь нийслэл хотдоо суурьшдаг гэхээр ганцаараа байхыг амаргүй юм гэж санаагүй л дээ. Нөгөө 1.5 сая хүн ам тэр өргөн талаар тархсан бөгөөд энд тэндгүй гэр байгаа гэдгийг мэдэж байсан. Чи магадгүй хараагүй ч гэсэн, нүүдэлчид чамайг харчихсан байдаг. Би ихэвчлэн майханд хонож байсан ба өглөө юм уу орой сонирхсон хүмүүс майхны гадаа байж байх нь ойлгомжтой. Майханд тогших хаалга байхгүй тул мотоциклоор ирсэн нь моторын дуугаараа, мориороо ирсэн нь исгэрч юм уу, дуулж ирж буйгаа надад мэдэгддэг байлаа.

Нүүдэлчидтэй уулзан танилцах нь ихэвчлэн таатай байсан. Зочид буудлын өрөөний хаалганы гадаа урилгагүй зочин байнга байж байхаас л хавьгүй дээр. (Мөнгөө төлсөн өөрөөнийхөө хаалгыг цоожлох эрх байгаа гэж хэрэлдэхээс мэдээж дээр). Олон нүүдэлчид надад санаа тавьж, гэртэйгээ ойрхон буудаллахыг санал болгож, намайг цай, идэх уух зүйлээр дайлдаг байсан. Надад хоол цай авчирч буй энэ зочломтгой зан миний сэтгэлийг их хөдөлгөсөн. Гэхдээ миний мартаж чадахгүй байгаа нэг зүйл байсан...

2. Sexism (Хүйсээр ялгаварлан гадуурхах) Chauvinism (Үндэсний дээрэнгүй үзэл)

Секс? Би дугуйгаар хоёр сар Монголд аялахдаа хэдэн ч удаа энэ асуултад даруулснаа санахгүй байна. Ихэнхдээ өөрийгөө ч танилцуулалгүйгээр, сайн байна уу ч байхгүйгээр  асууна. Би бүр эхлээд секс гэдэгтэй ойролцоо сонсогддог өөр утгатай Монгол үг байдаг юм болов уу гэж бодсон л доо. Асуултыг дагаад ойлгомжтой дохио зангаа орж үзүүлэхэд миний эргэлзээ арилсан.

“Энэ гадаадын тэнэг хүүхэн юуг нь ойлгож ядаад байгаа юм бол, энэнээс өөр юу л асуувал гэж” гэж хэлж буй мэт нүүрний хувирлууд.

Эхэн үедээ миний хэл татсан мэт л байлаа. Нүүдэлчид миний майханд оройн цагаар орж ирээд секс асууж байна гэж үү, нээрээ юу, би ойлгохгүй байсан, одоо ч ойлгохгүй байна. Гуйлгачид яагаад мөнгө гуйдаг вэ гэхээр тэд урьд нь гуйгаад амжилттай байсан учраас, гуйхаар хүмүүс мөнгө өгдөг учраас тэр. Энэ эрчүүд? Энэ дэлхий дээр ямар ч эмэгтэй хүн, тэгье ороод ир хөгшөөн гэж хэлнэ гэж төсөөлөх ч үгүй байна. Үнэхээр тэгж төсөөлж чадахгүй байна. (магадгүй би төсөөлөл муутай байж болох юм) Би татгалзаж тэднийг хөөхөд зарим эрчүүд  урам нь хугарсан байдалтай харж байсан нь үнэхээрийн сонин санагдсан.  Заримдаа бүр гэрт нь очиж түүнтэй унтахаар явахад зориулаад илүү морь хөтлөөд ирж байсан нь үнэхээрийн халамжтай.

Гэхдээ тэд зөвхөн нүүдэлчид биш байсан. Бүх л нөхцөл байдалд амьдарч байгаа, бүхий л насны эрчүүдийг хамарч байна. Хээр талд ч суурин газар ч 12 настнаас эхлээд 60 нас хүртэлх эрчүүд надаас секс асууж байсан. Гудамжны дэлгүүрээс ус авах гээд зогсож байхад секс асуудаг хүмүүсээс дээрдээд байх зүйл алга. Тэд ядаж л миний хаана унтаж байгааг мэдэхгүй, тийм учраас би шөнө хүрч ирээд хүч хэрэглэх вий гэхээс санаа зовох шаардлагагүй. Азтай нь надад тийм зүйл тохиолдоогүй ч гэсэн тухгүй санаа зовсон шөнүүд байсан. Тэд миний англи хэлээр хараал хэлж байгааг ойлгоогүй ч гэсэн дууны өнгөнөөс минь намайг ойлгосон байх.

Яагаад энэ бүх сексизм? Би яг сайн мэдэхгүй байна. Энэ тал дээр Азид харьцангуй аюулгүй байдаг. Өндөр, спортлог эмэгтэйчүүд дур булаамд тооцогдоод байдаггүй. Эмэгтэй хүн ганцаараа аялахад ямар ч асуудалгүй гэж хөтөч номон дээр бичсэн байсан. За тиймээ, би хүчиндүүлээгүй. Тэгэхдээ би энэ асуудлыг үнэхээр доромжлол гэж бодож байна. Энэ нь дээрэнгүй үндсэрхэг үзэл магадгүй Орос порно үзсэнэээс ч юм уу (цагаан арьст хүүхэн тоглосон порно ч юмуу) болсон байх. Яагаад ч юм Монгол эрэгтэй хүний толгойд цагаан арьст хүүхнүүд  хаана ч хэзээ ч унтахад бэлэн байдаг гэсэн ойлголт байдаг бололтой.

Сексийн асуулт төвийн аймгуудтай холбоотой байсан. Яагаад гэвэл тэр хэсгээр явахдаа хамгийн их ийм асуулттай тулгарсан. Заримдаа бүр өдөрт 2 удаа асуух ч үе байсан. Дараа нь би таван өдөр хүнгүй, гантай, аюултай хээр талыг дугуйгаар туулсан. Ямар ч эрэгтэй хүн байхгүй. Ямар ч секс асуулт байхгүй. Зэрлэг онгон байгаль, багахан хэмжээний ус, шумуулын арми. Миний нэг өдөр ингэж л өнгөрнө. Гэхдээ ядаж л ганцаараа үлдсэн байлаа. Би энэ сэдэв дууссан байгаасай, Монголын хэсэг газар л ийм байх гэж найдаж байсан. Дараагийн 1,000 км замд хүслээ барьж дийлэхгүй эрчүүдтэй учрахгүй гэж бодож байлаа.

Таван өдрийн дараа би Увс аймгийн нэгэн гуанзанд ирлээ. Ус зардаг болохоор нь бөөн баяр ирэв. Би энэ онгон зэрлэг байгалийг туулаад гараад ирлээ шүү дээ гээд л! Би аюулгүй байна! Би усны саваа дүүргэж цүнхэндээ хийж байлаа. Ус багатайгаар тэр их замыг туулсны дараа нэг миллитер ус хүртэл үнэ цэнэтэй, ус хамгийн чухал зүйл мэт санагдаж эхэлдэг. Усны үнэ цэнийг мэдрэн нэг дуслыг ч асгачихгүй юмсан хэмээн бодож байтал араас нэг гар хоёр хөлний минь завсраар ороод ирэв. Энэ миний хувьд хэзээ ч мартагдахгүй мөч. Анхны удаагийн тохиолдол биш л дээ. Янз бүрийн тохиолдлууд надад эвгүй мэдрэмжүүд үлдээсэн ч гэсэн энэ үйлдэл намайг яс маханд тултал жихүүцүүлсэн. Гэнэт би маш ихээр, гүн гүнзгийгээр ядарснаа мэдрэв. Би эзгүй хээр талыг дөнгөж давж туулсан байлаа. Биеийн хувьд ч тэр сэтгэл санааны хувьд ч тэр энэ тав хоног аяллын хамгийн том сорил байсан. Тийм болохоор би хүмүүсийн дунд аюулгүй орчинд орно гэхээс хүлээж ядан байв. Гэтэл хоёр дахь уулзсан хүн маань л намайг доромжилсон. Миний ядарч туйлдсан бие сэтгэлийг өөрийн сексийн тухай гаж ойлголтоороо хүчирхийлсэн. Энэ бүх замыг туулсан миний доторх галыг унтрааж дэвслэх шиг л мэдрэмж төрсөн. Гэнэт миний дотор үнс нурам болсон мэт санагдсан. Надад юу ч үлдээгүй мэт санагдсан. Орилох, алгадах ямар ч хүч үгүй мэт. Би харах ч үгүйгээр зүгээр л дугуйгаа унаад дараагийн толгод руу жийсэн.  Арай аюулгүй мэт санагдсаныхаа дараагаар дугуйнаасаа буугаад уйлсан. Иранд бүлэглэн хүчирхийлэх оролдлогод өртөж байсан аймшигтай зүйлийн дараагаар анх удаа уйлсан нь тэр юм.

Увс аймгийн эрчүүд асууж цагаа үрдэггүй юм байна гэдгийг ойлголоо. Тэд зүгээр л үйлдлээрээ үзүүлдэг байх нь. Надаас асуулгүйгээр хөхөнд, гуянд хүрэх энүүхэнд. Энэ зүгээр нэг санаандгүй зүйл биш. Тэд ихэвчлэн намайг дугуйгаа бэлдэх, усаа дүүргэх, хүүхдүүдтэй ярих үед энэ үйлдлээ хийдэг. Би ихэвчлэн уурлаж хашгирдаг, сүүлдээ ч бүр ядарч залхсан. Өөрийгөө бие сэтгэл санааны хувьд энэ залуусаас дээр гэдэгтээ үнэхээр итгэлтэй байсан л даа. Гэхдээ л би энэ новшийн зүйлсээс залхаж байсан.

Өнөөдрийг хүртэл би зургаан өөр улсад амьдарч, 50 өөр орнуудаар аялж үзлээ. Мэдээж өөр оронд бэлгийн халдлагад өртөж байсан. (өөрийн эх орон болох Германд ч гэсэн) Гэхдээ Монголд байсан зүйлтэй бол хаана ч учирч байгаагүй. Ийм их давтамжтай биш гэсэн үг.

Хүмүүс Муслим орнууд эмэгтэйчүүдэд хэцүү тухай ярьдаг. Монголоос өмнө дугуйгаар аялсан долоон Муслимын оронд ихэнх тохиолдолд надтай хүндлэлтэй харьцаж байсан. Мэдээж үнэхээрийн муухай тохиолдлууд байсан ч гэсэн ерөнхийдөө сайн сайхан хүмүүс байлаа. Мэдээж тэнд эмэгтэйчүүд тэгш эрхтэй биш. Битгий намайг буруугаар ойлгоорой. Мэдээж би тэнд эрчүүдээс дорд үзэгдэж байсан ч гэсэн намайг үнэлж хүндэлж байсан.

Би энэ нийгмийг өөрчилж чадахгүй. Өөрчлөх ч гээгүй. Миний хийж чадах зүйл гэвэл өөрийнхөө реакцийг удирдах, энэ үйл явдлуудтай зохицох, тэсвэрлэх. Би суралцахыг хичээж байлаа. Хэт их туйлдаж ядарсан байсан учраас орилж хашгирах зандрах тэнхэлгүй болсон байв. Миний хувьд гадаад хүн гэдгээрээ бусад оронд аялж байхдаа ялгаварлан гадуурхалтад бага өртөж байсан л даа. Тэгэхдээ энд бол тэсвэр тэвчээрийнхээ туйлд хүрсэн. Магадгүй энэ үйл явдлаас болж илүү хат суусан байж болох ч нөгөө талдаа яагаад энэ бүх новшийн зүйлийг тэсвэрлэх ёстой гэж бодогдож байсан.

Бэлгийн дарамтын үед хүн өөртөө эргэлзэж эхэлдэг юм байна лээ, өөрөөсөө асуудаг, би ямар нэг буруу зүйл хийчихэв үү, буруу газар руу явчихав уу гэх мэтээр. Надад итгэ, чиний буруу биш. Монгол намайг энэ талаар ихийг бодуулсан. Энэ бол зүгээр л хараал идсэн нийгэм (уучлаарай) бүр жоохон эрэгтэй хүүхэд хүртэл эмэгтэй хүнтэй буруу харьцахыг сурсан нийгэм. Аль эсвэл энэ бүхнийг ЗОГСООХЫН төлөө юу ч хийдэггүй нийгэм. Миний амьдардаг нийгэмд ийм зүйл тохиолддог ч гэлээ арай ч Монгол шиг биш. Энэ нь магадгүй миний дараагийн ярих сэдэвтэй холбоотой байх.

3. Архидалт

Энгийн нэг зочид буудал. Өөхтэй мах, хэрчсэн гурилтай нөгөө л нэг цуйвангаа идээд сууж байв. Дан өөхнөөс нь хэдэн ногоо түүж идэхийн тулд их анхааралтай байх ёстой байдаг ч миний нүдний буланд нэг эр алхаж яваа харагдав. Согтуу л юм шиг санагдсан. Энд угаасаа архидалт давамгайлсан учраас сум, тосгодоор дугуйтай явж байхад тасартлаа уусан эрчүүдтэй гудамжинд таарах энгийн үзэгдэл. Гэхдээ  тэр эр намайг нүүр лүү минь цохиод авна гэж санаагүй. Гайхаад цус эргэлдсэн нүдээрээ дээш харахад тэр залуу гараараа дугуйн хөдөлгөөн хийж дугуй руу минь заав. Өө тэгэлгүй яахав би хамгийн хайртай эрдэнээ намайг цохисон нэг согтуу эргүү малд өгөөд явуулна гэж үү! Би толгойгоо сэгсрээд буцаад хоол руугаа харах гэтэл дахин нэг цохилт өгөв. Энэ удаад миний эгэмний яс руу цохив. Өвдөлт мэдэрсэн би үсэрч босов. Хэрэв зодолдох гэж буй бол хөл дээрээ зогссон нь дээр! Согтуу монгол уур нь хүрсэн бололтой. Дахиад дугуйн хөдөлгөөн хийж дугуй руу минь  илүү заналтай заахад миний уур дүрсхийж, юу гэж хоёрдох удаагаа цохиулчихаад дугуйгаа өгөх вэ. ХОЁР цохих нь НЭГ цохисноос дээр учраас уу. Би байдаг чадлаараа “ҮГҮЙ, ЗАЙЛ” гэж орилов. Мэдээж тэр юу ч ойлгоогүй байх гэхдээ миний дууны өнгөнөөс ойлгосон байх. Гуравдахь удаагаа цохихыг бодож буй бололтой. Гэвч түүний царай гэнэт цочролд орж, юу авахыг үхтлээ хүсээд байснаа мартсан бололтой эргэн тойрноо нэг хараад гайхширсан байдалтай байхад нь би хаалга руу заахад тэр эгэнцэж догонцон гарч одов.

Согтуу Монголчуудтай таарсан минь дээр дурдсан сексист (ихэвчлэн эрүүл байсан хүмүүс) хүмүүстэй таарахаас хамаагүй бага байв. Гэсэн хэдий ч би Монголд байх хугацаандаа гурван ч удаа цохиулсан. Нэг удаад нь миний толгой руу цохихыг оролдсон авч би азтай байж, миний зөн совин намайг хамгаалсан. Хоёр хөл дээрээ зогсох нь бас л буруу санаа байж – энэ үед согтуучууд харин ч илүү уурсдаг. Хэдийгээр хэн нэгэн над руу дайрч байхад суугаад байх нь утгагүй ч үнэхээр босч зогсохоос өөр аргагүй байдаг байсан. Зугтаах эсвэл эргэж зодолдох хүний зөн совин хүчтэй учраас би зогссоор байх болно бас хэрэгтэй бол зодолдох болно.

Ихэвчлэн хэрэв хэрэг гарвал би эрэгтэй хүн шиг (малгайтай цамцныхаа малгайг өмсөх нь тусалдаг) харагдахыг хичээхэд амжилттай болдог. Учир нь ихэнх хүн тийм өндөр эмэгтэй байна гэж төсөөлдөггүй. Өөрийн биеийн өндөртөө найдаж аюулаас хол өнгөрч байсан үе надад бий. Гэхдээ Монголд эсрэг талын хүн чинь өндөр, илүү хүчтэй харагдвал зодолдох хүсэл (ялангуяа согтуучуудын хооронд) төрдөг бололтой. Би энэ авирыг ойлгохгүй авч миний Монголоос бусад газар болоод байдаг зөн совин бол хүчтэй байх, сул дорой биш.

Сексизмтэй уялдаад би давхар шийтгүүлсэн. Миний биеийн хүч намайг баргийн юмнаас аваад гарчихдаг. Харин энэ давуу тал минь миний эсрэг үйлчлээд байх шиг. Миний бие МАШ ИХ (сексийн) анхаарал татсан. Мөн цөөнгүй хэдэн зодооны анхаарлын төвд байсан.

Харин ч сонирхолтой нь биеийн хүчирхийлэл сексизм шиг намайг өвтгөөгүй.

Үүнээс юу дүгнэх вэ?

Монголд ганцаараа аялж буй ямар ч эмэгтэйд би муу юмнаас хамгаалах зөвлөгөө өгч чадахгүй нь. Би энд эрэгтэй хүнтэй адил харагдах гэж хичээлээ. Харамсалтай нь Ирантай харьцуулахад ямар ч үр дүнгүй байв. Үсээ хусаад ч нэмэргүй байв – Монгол эрчүүд намайг дугуйгаа унаад (эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль алинд таарах хувцас өмсөөд ч) явж байхад араас хараад эмэгтэй гэдгийг минь таньдаг байсан. Тоо томшгүй удаа “сэкси бейби” гэж дуудуулж байсан минь үүний гэрч – тэдгээр залуус унаагаараа надтай зөрөхөөсөө өмнө ч ингэж дууддаг байсан. 

Миний өгөх нэг зөвлөгөө бол суурин газруудад аль болох бага цагийг өнгөрөөж, согтуучуудаас аль болох хол явах хэрэгтэй. Хээр буудаллаж байхдаа нуугдах гэж хичээх хэрэггүй – тэд чамайг хаанаас ч олоод, чи хэн ч байхгүй хээр газар байна гэж бодож байхад хүртэл ирээд сексийн талаар асуух болно. Үүний оронд айлуудын ойр буудаллах талаар зөвшөөрөл авах хэрэгтэй (бусдын өмнө сексийн асуулт асуугаад байхааргүй нөхцөл). Гэсэн хэдий ч нэг эрэгтэй охиныхоо дэргэд надаас сексийн талаар асууж байсан. Тэгэхээр бусад эрэгтэй хүн байх газар буудаллах нь зөв (яагаад гэвэл эмэгтэй хүмүүс монгол байна уу, герман байна уу тоодоггүй).

Өөр нэг зөвлөгөө бол үргэлж сонор сэрэмжтэй байх. Өөрөө өөртөө л найдаж, хамгаалах. Хэрэв боломжтой бол доош тонгойж байхдаа эсвэл усаа дүүргэж байхдаа хана руу налж зогсох нь зөв. Хэзээ ч, хэнийг ч, юу ч гэж байсан, тэр буудлын менежер байсан ч гэсэн (менежер нь өрөөнд орж ирээд миний хөхийг базаж байсан удаатай) зочид буудлынхаа өрөөнд бүү оруул. Хэрэв боломжтой бол цоожилж болдог өрөө авах. Гэвч монгол эрчүүд үүнийг боломж ашиглах төгс хувилбар гэж бодох нь бий.

Гэвч саарын хажуугаар сайн гэгчээр зарим гайхалтай Монгол эрчүүдийг дурдахгүй байхын аргагүй. Монголын баруун хязгаар Ховд аймагт би арай гэж энэ бүгдээс салсан. Тэнд надад юу ч тохиолдсонгүй. Энэ нутаг бол Орос, Казахстан, Хятадтай худалдаа наймаа хийдэг тул хөл хөдөлгөөнтэй, олон ястнуудаас бүрдсэн газар. Мөн ихэнх нь Исламын шашинтай. Миний таамаглаж буйгаар энэ магадгүй тайлбар нь байх. Гэсэн хэдий ч намайг Монголоос явсны дараа бусад эмэгтэй дугуйчдаас нэг нь яг энэ аймагт хүчиндүүлсэн тухай сонссон...

Харамсалтай нь гайхалтай үзэсгэлэнтэй газар нутагтай орон байлаа ч гэсэн Монголд ганц бие аялахыг би зөвлөж чадахгүй нь. Хэрэв аялахаар шийдсэн бол аймгаа болгоомжтой сонгож, сэтгэлзүйн хувьд бараг хувийн орон зайгүй байна, маш их бэлгийн хүчирхийлэл, архидалтаас үүдэлтэй хүчирхийлэлтэй тулгарна гэдэгтээ бэлтгэлтэй байх хэрэгтэй. Би өмнө нь олон хөгийн нөхцөл байдалд орж байсан боловч шийдэлд хүрч чаддаг байсан. Магадгүй шийдэл байсан байж болно. Энэ бүхний цаана сургамж буй байх. Гэхдээ үнэндээ би олоогүй байна.

Хоолгүй удаан явж болно харин усгүй удаан явж чадахгүй. Миний хувьд би нэг ч өдөр сайн хүмүүст итгэж найдахгүйгээр амьдарч чадахгүй. Биеийн хүнд сорилуудаас илүүтэй хүний муу зан чанартай тулгарах л Монгол аялахад хамгийн хүнд зүйл байв. Надад сайн хандаж байсан Монгол хүмүүстэй би мэдээж учирсан ба тэднийг тусламжийн гараа сунгахад итгэмээргүй талархал төрдөг байсан. Энгийн инээмсэглэл ч гэсэн сайн сайхан бүхнийг санагдуулдаг байв. Үгэн болон биеийн доромжлол хүртсэний дараа би хүний эрхэмсэг найрсаг занг усны дусал хайж байгаатай адил хүсдэг байв. Гэхдээ хүний найрсаг зан чанартай газар олдвол тэндээ аль болох удаан хугацааг өнгөрөөдөг байв.

Миний аялал биеийн чилээгээ гаргахаас гадна сэтгэл зүрхээ амраах зорилготой байсан тул үүнд тусалсан монголчуудад чин сэтгэлээсээ талархаж байна.Харин бусдыг нь уучлах сэтгэл надад төрөөсэй гэж найдаж байна.