Индэр    
2017 оны 12 сарын 7
Зураг
Эдийн засгийн мэдээлэл

Гадаад валютын ханш хэрхэн тогтдог вэ?

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Арилжаанд орж байгаа аливаа хэрэгсэл өөрийн гэсэн нэрлэсэн үнэтэй бол валютын ханш гэдэг нь үндэсний мөнгөн тэмдэгтийн бусад орны мөнгөн тэмдэгттэй харьцуулсан үнэ юм. Өөрөөр хэлбэл нэг валютыг нөгөө валютаар худалдаж авахад төлж байгаа үнэ аж.

Тэгэхээр валютын ханшийг тодорхойлдог газар нь гадаад валютын зах юм. Монгол улсын хувьд гадаад валютын зах гэдэгт валют солих цэгүүд буюу ББСБ, банк хоорондын зах, Монголбанкны bmatch цахим зах зэрэг багтна. Харин валютын ханш нь өөрөө зах дээр эрэлт нийлүүлэлтийн зарчимаар тогтдог. Хэрэв Монгол Улсад доллар эсвэл юань зэрэг валютуудыг хүмүүс ихээр худалдаж авбал тэдгээрийн зарах үнэ төгрөгийн эсрэг чангарна гэсэн үг.

Валютын ханш тогтоход нөлөөлдөг хүчин зүйлс

Валютын ханш эрэлт нийлүүлэлтээр зохицуулагдаж байдаг тул эдийн засгийн суурь нөхцөл байдал голчлон нөлөөлдөг. Үүнийг төлбөрийн тэнцэл буюу Монгол Улсаас валютын гарах болон орох урсгалын тэнцэл гэдэг ойлголтоор голлон тайлбарладаг. Хэрэв төлбөрийн тэнцэл ашигтай, эерэг утгатай гарвал Монгол Улс гадаадын улсуудтай хийж байгаа худалдаа болон хөрөнгө оруулалтаас олох олз ихсэж, доллар зэрэг гадаад валютын нөөц нэмэгддэг. Хэрэв валютын нөөц нэмэгдвэл түүний нийлүүлэлт эрэлтээс давж, ханшийг тогтоох эсвэл бууруулах нөлөө үзүүлдэг.

Ханшид нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл нь хүлээлт юм. Хүлээлт гэдэгт хүмүүс ирээдүйд ханш буюу эдийн засгийн суурь хүчин зүйл яаж өөрчлөгдөх бол гэсэн ойлголт багтдаг. Жишээлбэл 2016 оны УИХ-н дараа эдийн засаг хүндэрч, төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч ихэлсэн. Үүнээс болж долларын ханш чангарсан. Гэвч 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа төлбөрийн тэнцэл ашигтай гарч ихэлсэн ч ханш чангарсан нь иргэд валютын ханш өснө гэсэн хүлээлттэйгээр валютын захад оролцож, илүүдэл эрэлт үүсгэсэнтэй холбоотой.

Ханшийн дэглэм

Гадаад валютын ханшийг тогтооход баримталдаг тодорхой дэглэмүүд байдаг ба тухайн дэглэмээс хамаарч улс орнуудын валютын ханшинд барих бодлого адилгүй байдаг. Дэглэмүүдийг дотор нь хөвөгч, тогтмол, холимог гэж ангилж болно. Ханшийн тогтмол дэглэмд улс орнууд өөрийн мөнгөн тэмдэгтийг гадаадын аль нэг валюттэй уяж, тогтмол ханшаар арилжаалахыг хэлдэг. БНХАУ-ын 1994 оноос 2005 оны хооронд юанийг ам.долларын ханштай уяж, тогтмолоор 1 ам.долларыг 8.2768 юаниар арилжаалж байжээ. Мөн дэлхийн 2-р дайны дараа Бретон Вүүдийн тогтолцоо бий болж Европын улс орнууд өөрсдийн мөнгөн тэмдэгтээ ам.доллартай уяж байсан. Гэхдээ хожим нь энэ дэглэмийг тохиромжгүй гэж үзэж, хөвөгч ханшийн дэглэмд шилжсэн.

Хөвөгч ханшийн дэглэм гэдэг нь зах дээр валютын ханш зөвхөн эрэлт нийлүүлтийн зарчимаар тогтохыг хэлдэг. Тэгэхлээр эдийн засагт аливаа өөрчлөлт боллоо гэхэд зах өөрөө тохируулгаа хийж ханш тодорхойлогддог гэсэн үг юм. Энэ дэглэм нь өөрөө чөлөөт хөвөгч болон удирдлагатай хөвөгч ханшийн дэглэм гэх зээргээр мөн ангилагддаг. Монгол Улсын хувьд энэхүү дэглэмд 1993 онд шилжсэн ба өдгөө удирдлагатай хөрвөх ханшаар зохицуулагддаг. Удирдлагатай хөвөгч ханшийн дэглэмийн үед Төв банк үндэсний валютын ханшийг зах зээлд чөлөөтэй хэлбэлзэж байхыг хүлээн зөвшөөрдөг ч, ханшийн огцом хэлбэлзэлийн үед зохицуулалт хийдэг.

Гадаад валютын албан нөөц

Гадаад валютын албан нөөц нь Төв банк болон арилжааны банкны эзэмшилд байгаа мөнгөжсөн алт, чөлөөтэй хөрвөдөг гадаад валют, гадаадын үнэт цаасны зах дээр чөлөөтэй борлогдох үнэт цаас болон бусад олон улсын хэмжээнд валютын нөөцөд тооцогдох үнэт зүйлээс бүрдэнэ. Эдгээрийг тухайн орны Төв банкинд болон гадаадын банк, санхүүгийн байгууллагуудад хадгалж байдаг. Монголбанк нь Монгол Улсын валютын гадаад нөөцийг удирдаж, нэмэгдүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй.

Төлбөрийн тэнцэл ашигтай гарах үед гадаад валютын албан нөөц ихсэж улмаар гадаад валютын ханшид эерэгээр нөлөөлдөг. Мөн гадаад валютын албан нөөц их байснаар улсын үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэл нэмэгдэж, гадаад өр төлбөрийг барагдуулах, төлбөрийн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэх баталгаа болдог аж.

Зах дээр хэтэрхий их интервенц буюу зохицуулалт хийх нь гадаад валютын нөөцийг шавхагдуулах эрсдэлтэй байдаг тул удирдлагатай хөвөгч ханшийн дэглэмийн үед болгоомжтой хандах хэрэгтэй. Учир нь ханшийг богино хугацаанд тогтоохын тулд интервенц хийх нь эдийн суурь хүчин зүйл болох нөөцийг барагдуулдаг ба энэ нь дунд, урт хугацаанд ханшийг бүр их өсгөх аюулыг дагуулж байдаг.

 

Нийтлэлч Э.Цэлмэг