Юун түрүүнд валютын ханш өсөлт, бууралтын талаар ярихаас өмнө валютын ханшинд нөлөөлөх голлох хүчин зүйлсийн сүүлийн үеийн тоо мэдээллийг авч үзье.
Манай голлох салбар уул уурхайн салбарын өсөлт 2018 оны 1 дүгээр улиралд хүлээлтээс өндөр гарсан нь нийт эдийн засгийн өсөлт төсөөллөөс өндөр гарахад нөлөөллөө. Төмрийн хүдэр болон зэсийн баяжмал нэмэгдэж, зэсийн баяжмал дахь алтны агууламж сайжирсан нь гол тайлбарлагч хүчин зүйл болж байна. Монгол Улс 2018 оны 5-р сарын байдлаар 6,1 хувийн эдийн засгийн өсөлттэй байгаа юм. Оюу толгойн хөрөнгө оруулалтаас бусад хэлэлцээрийн түвшинд буй томоохон хөрөнгө оруулалтын төслүүд бодитоор хэрэгжиж эхэлбэл эдийн засгийн өсөлт суурь төсөөллөөс өндөр гарах болно.
Валютын ханшийг тодорхойлдог гол хүчин зүйл болох Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2018 оны 5-р сард 201.7 сая ам долларын ашигтай гарчээ. 2017 оны жилийн эцэст 1,459.9 сая ам долларын ашигтай гарч байсан. Энэ нь бидний валютын нөөц нэмэгдэж байна гэсэн үг юм.
Монголбанк 2018 оны эхний хагас жилийн байдлаар 7.1 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 430 кг-аар их буюу 6%-иар өссөн үзүүлэлттэй байна. Мөн 2017 онд 20.0 тонн алт худалдан авсан нь түүхэн дээд үзүүлэлт болсон юм.
Гадаад валютын албан нөөцийн хэмжээ 2018 оны 5-р сард 3256.3 сая ам долларт хүрсэн байна. Дэлхийн зах зээл дээрх алтны үнэ оны эхнээс 10 орчим хувиар өссөн нь алтны орлого нэмэгдэх, цаашилбал нөөц өсөхөд эерэг нөлөөллөө.
Улс төрийн нөхцөл байдал 2020 оны сонгуулийн жил хүртэл тогтвортой байхаар харагдаж байгаа бөгөөд томоохон мега төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эдийн засгийн орчин сайжрах төлөвтэй байна
Монгол Улсын Засгийн газраас Олон улсын хөрөнгийн захад “Хуралдай” болон “Гэрэгэ” бондыг гаргахад Монголбанк хамтран оролцож амжилттай гаргасан. ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ОУВС болон донор орнуудаас 700 сая гаруй ам.долларын санхүүжилт орж ирсэн. Энэ жил мөн хэмжээний гадаадын санхүүжилт орж ирнэ. Энэ бүхний үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, хувийн секторт гадаадын хөрөнгө оруулалт ч бас нэмэгдэв. Гадаадын томоохон өрүүдийг дарж, зарим бонд, своп хэлцлийн хугацааг сунгасан нь 2020 гартал гадаадын ямар нэг зээлийн дарамтгүй болсон.
Дээрх валютын ханшинд нөлөөлөх голлох нөхцөлүүд сайн байгаа нь валютын ханш буурах суурь нөхцөлийг бүрдүүлж байна. Гэвч валютын ханш сүүлийн үед багахан өсөх төлөв ажиглагдав. Энэ өсөлт нь түр зуурийн шинжтэй гэж хэлж болохоор байгаа юм.
Эдийн засгийн судлаач хүний хувьд дараах хэд хэдэн хүчин зүйлсээс шалтгаалж түр зуурийн валютын ханш өсөв гэж үзлээ.
Олон Улсын Валютын Сан (ОУВС)-ийн Захирлуудын зөвлөл 2018.06.27-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дөрөв дэх шатны үнэлгээний тайланг хэлэлцэж батлав. Тус үнэлгээгээр хөтөлбөрийн хэрэгжилт сайн гэж үнэлжээ. Тодруулбал, төсвийн болоод гадаад валютын нөөц бүрдүүлэлт, хөтөлбөр хэрэгжүүлэх гүйцэтгэлүүд зорилтоос давж биелэхийн хамт Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг байна хэмээн дүгнэв.
Үүний үр дүнд 36.91 сая ам.долларын санхүүжилт 2018 оны 06 дугаар сарын 29-ний орой Монголбанкны дансанд шилжин орж, санхүүжилтийн дүн 184.55 сая ам.долларт хүрэв. 2018 онд нийт 836 сая ам.долларын санхүүжилт хүлээгдэж байна. Төгрөгийн ханш цаашид тогтвортой байхад эдийн засгийн суурь хүчин зүйлс тогтвортой үзүүлэлт сайтай байгаа нь ихээхэн итгэл төрүүлж байгаа юм.