Индэр    
2018 оны 1 сарын 30
Зураг
Эдийн засгийн мэдээлэл

Саарал жагсаалт ба таны банкны данс

Зураг

Олон Улсад сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарч, өргөн хүрээнд арга хэмжээ авч байгаа зүйл бол мөнгө угаах болон, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх явдал юм. Учир нь анхаарч арга хэмжээ аваагүйн улмаас гарсан хор уршгууд нь дэлхийн эдийн засаг болон улс төрд ихээхэн сөрөг нөлөө үзүүлсэн түүхтэй.

Үүний нэг томоохон жишээ бол АНУ-ын Уотергейтийн скандал. Ерөнхийлөгчийн сонгуульд 1972 онд дахин өрсөлдөхөөр зэхээд байсан АНУ-ын Ерөнхийлөгч Никсоны нэр хүнд Вьетнамын дайнаас болж ихээхэн унасан байв. Никсон сонгуульд ялахын тулд зөвлөл байгуулсан ба харамсалтай нь тус зөвлөл буруу санхүүжилтийг ашиглаж, өрсөлдөгч ардчилсан намын Уотергейт дэх төв байранд нэвтрэн нууц бичиг баримт хулгайлсан нь илчлэгджээ. Үүнээс болж улс төрийн тогтворгүй байдал үүсч Никсон сонгуульд ялсан ч хожим нь огцорсон аж.

Ер нь мөнгө угаах гэдэг ойлголт нь Чикагогийн мафийн нэрт толгойлогч Аль Капонегээс үүсэлтэй. Тэрбээр гэмт хэргээс олсон мөнгөө тайлагнахдаа өөрийн эзэмшлийн хувцас угаалгын газрыг нуувч болгон ашигласнаар анх энэ хэллэгийг бий болгосон. Харин терроризмыг санхүүжүүлэх гэдэг ойлголт нь шууд утгаараа Исламын улс, Аль Кайда зэрэг бүлэглэлүүдийг шууд болон шууд бусаар санхүүжүүлэхийг нэрлэж байгаа. Эдгээр хоёр ойлголтыг нэгтгэж хуульчилдаг гол шалтгаан нь ил тод байдалтай шууд холбоотой аж.

Монгол Улсад 20 сая төгрөг буюу түүнтэй тэнцэх гадаад валютын гүйлгээ хийх тоолон Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй. Үүний шалтгаан нь гүйлгээ хийж байгаа иргэдийг террорист эсвэл мөнгө угаагч гэж сэжиглэж байгаа явдал огтоос биш харин эсрэгээр бидний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой арга хэмжээ юм.

Ер нь Монгол Улс шиг хөгжиж байгаа гэдэг ангилалтай болон буурай хөгжилтэй орнуудын санхүү, хууль эрх зүйн тогтолцоо гүйцэт төлөвшөөгүй байдгийн улмаас хууль бус мөнгө байршуулж хадгалах, дамжуулах эрсдэлтэй байдаг байна. Энэ нь цаашлаад манайх шиг жижиг эдийн засагтай оронд их хэмжээний мөнгө орж ирээд, удалгүй гарахад санхүүгийн системийн тогтвортой байдлыг алдагдуулах эрсдэлтэй. Нөгөөтэйгүүр аливаа байдлаар хууль бус мөнгийг нэвтрүүлбэл олон улсын тавцанд Монгол Улсын болоод манай банк, санхүүгийн байгууллагуудын нэр хүнд унах, банк, санхүүгийн байгууллагаар дамжин хийгдэж байгаа гадаад гүйлгээг саатуулан шалгах, тэдгээртэй харилцахаас татгалзах хүртэлх арга хэмжээг гадны орнууд авч болох юм.

ФАТФ буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ боловсруулах бүлгийн анхааруулаад байгаа зүйл бол энэ юм. Хэдийгээр Монгол Улс ФАТФ-ийн зөвлөмжийг бага багаар мөрдлөг болгож, дагаж байгаа ч нийт 40 зөвлөмжийг 2018 оны 10 дугаар сар гэхэд нийцүүлэн, хууль эрх зүйн шинэчлэл хийж байж “Саарал жагсаалт”-д орохоос сэргийлж чадна. Хэрэв нийцүүлэхгүй бол гадаадын банк санхүүгийн байгууллагууд Монгол Улсыг, мөн манай банк санхүүгийн байгууллагуудыг Олон Улсын стандартыг мөрддөггүй, мөнгө угаах болон, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцдэггүй гэж үзэн холбоогоо таслах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл та Солонгос, АНУ зэрэг орнууд руу мөнгө шилжүүлэх эсвэл хүлээж авч чадахгүй, таны дансны хуулгыг олон улсад хүлээн зөвшөөрөхгүй болно. Өнөөдрийн глобалчлагдсан ертөнцөд улс орнууд дангаараа, бие дааж оршин тогтноход тун бэрхшээлтэй болсон.

Энэ жилдээ багтаж “мөнгө угаах болон, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх” тухай хуулийн нэмэлт өөрчлөлт УИХ-д өргөн баригдах бөгөөд тус хуулийн төслийн зүйл заалт болгон ФАТФ-ийн зөвлөмжийг шингээсэн болно. Тус хуульд өөрчлөлт оруулах нь ийм чухал агуулгатай учир улс төржүүлж, хойшлуулах нь Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдалд аюул учруулж байгаа явдал болох юм. 

Өөр нэг чухал зүйл бол хууль батлагдсан ч комплаенс буюу хууль, дүрэм, журмыг мөрдлөг болгох явдлыг мөн нэвтрүүлэх шаардлагатай болоод байна. Манайд олон улсын стандартад нийцсэн комплаенсын тогтолцоо нэвтрүүлсэн санхүүгийн институт цөөхөн байна. Иймд энэ үйлст Монгол Улсын төр, захиргааны байгууллагууд, арилжааны банкууд, банк санхүүгийн холбоод, төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаач нар, ард иргэдийн оролцоо чухал болохыг онцолмоор байна. Банк, санхүүгийн байгууллагууд “харилцагчийг таньж мэдэх” хэмээх маягтыг бөглүүлдэг нь таны талаар мэдээлэлтэй болохоос гадна, хуулийн хэрэгжилтийг хангаж байгаа.

Эдийн засагч Н.Батжин