Индэр    
2018 оны 2 сарын 20
Зураг
Эдийн засгийн мэдээлэл

Төлбөрийн тэнцэл гэж юу вэ?

Зураг

Төлбөрийн тэнцлийн статистик нь анх 14 дүгээр зуунд Англи улсад хэрэглэгдсэн бол статистик нэгтгэлийг Дэлхийн 1 дүгээр дайны дараагаас эхлэн орчин үеийн хэлбэрээр боловсруулж эхэлжээ.

Олон улсын нийтлэг аргачлалын дагуу “төлбөрийн тэнцэл” гэж аливаа улсын эдийн засгийн харьяатын гадаад эдийн засагтай буюу эдийн засгийн харьяат бустай тодорхой хугацаанд хийсэн худалдаа, үйлчилгээ, хөрөнгө, санхүүгийн болон бусад урсгалын орлого, зарлагын гүйлгээг системчлэн нэгтгэсэн статистикийн тайланг хэлдэг. Энэхүү статистик нэгтгэл нь аливаа улсын гадаад ертөнцтэй харилцах эдийн засгийн харилцааг харуулахаас гадна, тус улсын эдийн засгийн ерөнхий төлөв байдал, хандлагын талаарх мэдээллийг харуулж байдаг.

Энгийнээр хэлбэл төлбөрийн тэнцэл гэдэг бол тухайн улсын валютын орох, гарах урсгалын зөрүүг харуулж байдаг чухал үзүүлэлт юм.

Төлбөрийн тэнцэл дээр ашигтай гарвал Монгол улсын валютын нөөц ихсэж төлбөрийн чадвар сайжирч, төгрөг чангарч, валютын ханш буурах сайн талтай байдаг. Төлбөрийн тэнцэл дээр Монгол Улс сүүлийн 4 жил дараалан алдагдалтай гарч байсан хэдий ч дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ ханш өсч, мөн Монгол улсын нүүрсний биет экспортын хэмжээ өссөнөөр 2017 оны дунд үеэс ашигтай гарч эхэлсэн. Хамгийн сүүлийн байдлаар 12-р сард нийт 1,459.9 сая ам.долларын ашигтай төлбөрийн тэнцэл гарсан байна. /Зураг 1/

Зураг 1. Төлбөрийн тэнцэл

 

 

 2017 оны эхний 12 сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 27%-иар буюу 2,262 сая ам.доллараар өсч, 10,536 сая ам.долларт хүрсэн. Үүнд экспорт 26%-иар буюу 1,284 сая ам.доллараар, импорт 29%-иар буюу 977 сая ам.доллараар тус тус өссөн нь нөлөөлжээ. Тайлант хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 1,865 сая ам.доллараар давснаар гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 307 сая ам.доллараар өссөн байна.

Төлбөрийн тэнцэл бол валютын орох гарах урсгалын харуулдаг гол үзүүлэлт гэж дээр дурдсан. Валютын орох, гарах урсгалын тухай илүү дэлгэрүүлэн үзье.

Валютын орох урсгал. Бидний валютын орох урсгал буюу валютыг хэрхэн цуглуулдаг вэ гэдэг асуулт гарч ирнэ. Экспортын орлого бол бидний хамгийн гол валют цуглуулдаг хүчтэй суваг юм. Үүнд бидний сайн мэдэх зэс, нүүрс, алт, түүхий нефть, ноолуур гэх мэт орно. Чулуун нүүрсний экспортын хилийн үнэ 12 дугаар сард 72 ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 32%-иар өссөн бөгөөд уул уурхайн түүхий эдийн экспорт нүүрсний экспортын биет хэмжээ, үнэ өссөнөөс шалтгаалж 1,280 сая ам.доллараар өссөн байна. Харин мал аж, ахуйн түүхий эдийн экспорт үнэ, тоо хэмжээний аль аль нь нэмэгдсэнээс шалтгаалж 63 сая ам.доллараар өсчээ. Зээл бонд, гадны тусламж, гадаадын шууд хөрөнгө оруулалт зэрэг нь мөн валютын орох урсгал юм.

Сүүлийн үед дэлхийн улс орнууд аялал жуулчлалын салбарт ихээхэн анхаарал хандуулж, хөгжүүлэх болсон. Учир нь аялал жуулчлал бол тухайн улсын эдийн засгийг дэмжиж, валют цуглуулж өгөх гол салбарын нэг юм. 2017 оны байдлаар Монгол Улсад нийт 542.7 мянган гадаадын иргэн хилийн дээс давжээ. Цаашдаа энэ тоог нэмэгдүүлж аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлэх нь чухал байна.

Валютын гарах урсгал. Импортын төлбөрт бол бид валютаа хамгийн их зарцуулдаг. Үүнд: Бензин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, хүнс гэх мэт орно. 2017 оны эхний 12 сарын гүйцэтгэлээр импорт нь тоо хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалж 780 сая ам.доллараар, үнийн өөрчлөлтөөс шалтгаалж 198 сая ам.доллараар тус тус өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын хэмжээ 48%-иар өсч, импортын хилийн үнэ 2017 оны 12 дугаар сард өмнөх сараас 5 хувиар өсч тонн тутамд 648 ам.долларт хүрсан байна.

Мөн тээвэр, аялал, эмчилгээ, санхүүгийн үйлчилгээнд валютаа ихээхэн зарцуулдаг. Авсан бол өгдөг жамтай тул зээл, бондын төлбөрийг эргээд валютаар төлдөг байна.

Хамгийн чухал нь улс орон өөрсдөө үйлдвэрлэгч болбол, түүхий эдээ дотооддоо боловсруулдаг болбол бидний валютын гарах урсгал багасаж, валютын орох урсгал нэмэгдэх юм. Хэдий бид зарим бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэе, боловсруулъя гэж зориход дэлхийн улс орнуудаас илүү зардалтай, удаан бүтээх магадлалтай ч стратегийн чухал бүтээгдэхүүнүүдээ заавал үйлдвэрлэж байх нь чухал билээ.

 

Эдийн засагч Д.Баттуул