Индэр    
2017 оны 9 сарын 5
Зураг
Эрүүл мэнд, Зөвлөгөө

ТАНИЛЦ: Нууц ноёнтон “ВИТАМИН С”

Зураг

Бие махбодын бодисын солилцоог идэвхжүүлэх, зарим урвалын фермент, ко фермент байдлаар оролцдог нэгдэл бол витамин юм. Амин дэмийг дотор нь усанд уусдаг С, В витамин, тосонд уусдаг А, Д, Е, К витамин гэж ангилдаг. Эдгээр витаминуудаас Витамин С-ийн үйлчлэл, ашиг тусыг онцлон хүргэе.

Анагаах ухааны практикт Витамин С-г чийг бам өвчин, зүрх судасны эмгэг, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, томуугаас урьдчилан сэргийлэх болон эмчилгээний үед хэрэглэдэг. Харин эдгээр эмчилгээний талаас нь мэдээллэх бус физиологи, биохимийн талаасаа хэрхэн эерэг нөлөө үзүүлдгийг нь тайлбарлахыг хичээе.

ӨӨХ ШАТААХАД ВИТАМИН С НУУЦ НОЁНТОН БАЙДЛААР ОРОЛЦДОГ

 

Илүүдэл жингээ хасах гэж байгаа хүмүүс ихэд сонирхдог зүйл нь өөх шатаах нэмэлт бүтээгдэхүүн байдаг. Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээд хялбар аргаар, түргэн хугацаанд жингээ бууруулах хүсэл сонирхолтой нь холбоотой. Өөх шатаах биохимийн процесст л-карнитин хэмээх биологийн нэгдэл нь өөхний эс дэхь идэвхжсэн тосны хүчлийг митохондрлуу зөөснөөр өөх шатаалтанд оролцдог байна. Л-Карнитин нь хүний биед нийлэгжиж үүсдэг. Л-Карнитин нийлэгжихэд оролцдог 2 фермент нь Витамин С-ийн оролцоотойгоор идэвхждэг байна. 

Өөрөөр хэлбэл Витамин С байхгүй бол л-карнитин нийлэгжихгүй гэсэн үг. Иймд витамин с хэрэглээ өндөр байгаа үед хүн өөрөө л-карнитин нийлэгжүүлж өөхөө шатаадаг байна. Мөн л-карнитин агууламж хамгийн өндөр байдаг хүнс бол үхрийн мах юм. 100 гр үхрийн маханд 100 мг л-карнитин агуулагдана. Иймд химийн аргаар нийлэгжүүлж гарган авсан л-карнитин нэмэлт бүтээгдэхүүн байдлаар хэрэглэхээсээ илүүтэйгээр витамин С, үхрийн мах хэрэглэх замаар л-карнитиныг дотооддоо нийлэгжүүлж өөхөө шатааж илүүдэл жингээ бууруулах боломжтой.

АРЬСЫГ ТОЛИГОР БАЙЛГАДАГ КОЛЛАГЕН УУРГИЙН НИЙЛЭГЖИЛТЭНД ВИТАМИН С ОРОЛЦДОГ

 

Хүний арьс нь өнгөн давхарга (эпидермис) жинхэнэ арьс (дерма) гэсэн хоёр давхаргаас тогтдог. Өнгөн давхарга нь хүний арьсны өнгийг тодорхойлох меланин ялгаруулдаг учир ямар төрлийн арьсны өнгөтэй байх нь энэ давхаргын эсүүдээс хамааралтай. Харин жинхэнэ арьсны давхаргад арьсыг уян хатан байлгадаг эластин уураг, арьсыг толигор байлгадаг коллаген уургийн ширхэг нийлэгждэг.

Коллаген уургийн ширхгийн нийлэгжил буурах нь хөгшрөлттэй холбоотой харин нарны хэт ягаан туяа, химийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн, энгэсэг гэх мэт гадаад орчны нөлөөгөөр коллаген ширхэг задардаг. Коллаген ширхэг багасах нь арьс үрчийх, гадаад үзэмжээрээ хөгшрөх үндсэн шалтгаан болдог юм. Коллаген ширхэгийг арьсны дерма давхаргад нийлэгжихэд витамин С ферментийн үүрэгтэйгээр оролцоно. Ийм учраас эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүнд коллаген + витамин с гэсэн хоршсон найрлага орсон байдаг.

Хоол хүнсээрээ Витамин С өндөр тунгаар авдаг хүмүүсийн арьс нь толигор байх бүрэн боломжтой.

ХООЛНЫ ДУРШИЛ БУУРУУЛАХ НЕЙРОТРАНСМИТТЕР ҮҮСЭХЭД ОРОЛЦОНО

 

Ходоодноос ялгарах грелин даавар гипоталамуст байх өлсөлтийн төвийг идэвхжүүлж өсөлтийг үүсгэдэг. Грелин даавар ялгарахад нөлөөлах хүчин зүйл бол цусан дахь глюкозын хэмжээ буурах явдал юм. Ходоод хоосорч, цусан энергийн эх үүсвэр үгүй болсон үед грелин даавар ялгарч өлсөх мэдрэмж үүснэ гэсэн үг. Харин ходоод дүүрэн, цусан дахь глюкозын хэмжээ хэвийн эсвэл өндөр байх үед хоол идмээр санагддаг процесс бол өлсөх биш дуршил (аппетит) нэмэгдэх юм. 

Тэгвэл хоолны дуршил нэмэгдэх нь допамин даавартай холбоотой. Допамин даавар ихсэх нь хоолны дуршилыг үүсгэнэ. Допамин даавар биосинтезийн урвалаар норэпинеприн хэмээх мэдрэл сэтгэцэд эерэг нөлөөтэй нейротрансмиттер болон хувирдаг. Энэ хувирах үйл явцад нь Витамин С оролцоотойгоор өрнөнө. Иймд допамины хэмжээг тодорхой хэмжээнд бууруулж хоолны дуршил бууруулахаас гадна анхаарал төвлөрөхөд эерэгээр нөлөөлдөг нейротрансмиттер үүсгэхэд оролцдог байна.

ӨДРИЙН ХЭРЭГЛЭЭ

 

Насанд хүрсэн хүн өдөрт 90-100 мг тун, жирэмсэн, хөхүүл эхчүүд өдөрт 120 мг тун хэмжээтэй витамин С зайлшгүй авч байх шаардлагатай. Харин тамхи татдаг хүмүүс эдгээр тун хэмжээнээс даруй 50 мг тунг илүү авч байх шаардлагатай хэмээн ДЭМБ зөвлөдөг. Эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор хоногт хэрэглэх дээд тун 2,000 мг юм. 

Витамин С-ийн агууламж хамгийн өндөр хүнсний бүтээгдэхүүнд нохойн хошуу, чацаргана багтана. 100 гр чацаргана 700 мг витамин с агуулна. 

 

Боловсруулсан: Цахим Эмч

Facebook.com/tsahimemch

Twitter: @tsahimemch