Индэр    
2017 оны 7 сарын 27
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

С.ДЭМБЭРЭЛ: Мөнгө хүүлэлтийн эсрэг хууль гаргая

Зураг

 

       УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэлтэй ярилцлаа. Тэрбээр сүүлийн жил гаруйн хугацаанд нийгэм, улстөр-эдийн засгийн олон сонирхолтой судалгаан дээр ажиллаж байна. 

Ерөөс Монголд эгэл иргэдээсээ эхлээд шийдвэр гаргагчид хүртлээ алив зүйлийг таамаглал, төсөөллийн хүрээнд ойлгож, ярьж түүнээ бодлого болгон андуурч байхыг үгүйсгэхгүй. 

Учир нь юу гэвэл манай нийгэмд шинжлэх ухаан, судалгаа, шинжилгээний ажил учир дутагдалтай явж ирсний гор ийнхүү илэрч буй биз. Энэ нь гэхдээ зөвхөн нэг салбарын бус нийгэм, улстөрийн "өвчин" гэдгийг хэлэх хэрэгтэй. 

Тиймээс ч бидэнд бэлэн буй тоонууд дээрх сонирхолтой гаргалгаа, судалгааг хийж буй хүмүүсийн нэгтэй олзуурхан уулзлаа. 


Нэг. МАЛЧДААС НЭГ ХУВИЙН ХӨРӨНГИЙН ТАТВАР АВЪЯ

- Сүүлийн жил гаруй хугацаанд та нийгэм, эдийн засгийн 10 гаруй судалгааны ажил хийсэн гэлээ. Ямар судалгаанууд хийв. Сонирхолтой үр дүнгүүд гарав уу?
- Янзын гоё судалгаанууд. 2012 -2016 онуудад хууль хийсээр байгаад суурь судалгаанаас жаахан хөндийрсөн байна. 

Хууль тогтоогчид, засгийн газар бодлогыг хэрхэн гаргаж байна вэ гэдгийг 2012-2016 онуудад дотор нь орж хараад Монгол Улсын эдийн засгийг политэкономи гэж хуучин ярьдаг байсан улстөр-эдийн засгийн талаас нь судалсан судалгаа хийх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. 

Хоёрдугаарт, Их хурлын гишүүд, шийдвэр гаргагчид, цаашлаад олон нийтэд онол, математик ярихаасаа илүү эдийн засгийн аливаа үйл явцыг улстөр-эдийн засгийн талаас нь судлаад түүнийгээ энгийн үгээр, математик биш алгебр байхаар ном хийе гэж бодоод бичиж эхэлсэн юм. Ингээд эхэлсэн сүүлдээ тэд нар маань судалгааны ажил болоод хувирчихлаа. Эхлээд макро эдийн засгийн суурь ойлголт тэр дундаа төсвийн алдагдлыг судаллаа.  

Танай дээр бичсэн байх аа. Төсвийн алдагдлын тухай?

- Тийм ээ. УИХ-ын гишүүдэд зориулсан хичээл #1. “Засгийн газрын өр хаанаас үүсдэг вэ” тухай iKon бичсэн.
- Тийм тийм. Түүнийг чинь тайлбарлаж бичсэн. Улстөрчид өөрсдөө өр баталчихаад улсын өрд санаа зовнидог тухай. Энэ хоёрын хоорондын холбооны алгебрын илэрхийлэл нь юу вэ гэдгийг тайлбарласан. Кейнсийн онолоос эхлээд урсгал данс тэнцэх нь гэж байгаад л нэмэх, хасахын тухай ойлголт юм. 

Шийдвэр гаргагчид маань уншиг. Жишээ нь, Төв банк нь жил бүр төсвийг алдагдалгүй батлах санал оруулж ирээд байхад улстөрчид яагаад төсвөө алдагдалтай батлаад байдаг вэ. 

Төсвөө алдагдалтай батлаад л байвал өр нэмнэ гэсэн үг. Энэ чиглэлийн 100 гаруй хуудас бүхий хоёр судалгаа хийлээ. 

Хоёрдугаарт, манай Үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гээд биччихсэн байдаг. Үндэсний баялаг гэдэг нь Адам Смитийн онолоор (The Wealth of Nations) мөнгөөр илэрхийлэгдэх ёстой. Гэтэл манайд 61 сая толгой гэсэн л тоо бий. Баялаг маань ямар үнэлгээтэй вэ гэдэг зүйл огт байдаггүй. 

Хөдөөний амьдрал мэддэггүй Дэмбэрэл малчдын амьдралыг судлах шаардлагатай болсон. Малчин өрхийн орлого, малын тооны хуваарилалт, бүтэц энэ бүхнийг судлаад малаа үнэллээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн үнэлгээ хийсэн. Үүнийг хийх явцад малчид маань энэ нийгмийн аль ангид орох юм, хөдөөд яг юу болоод байгаа вэ, дундаж анги нь хэн юм гэсэн асуултууд гарч ирсэн. 

Одоогоор манай улсад дундаж ангийг илэрхийлсэн хоёр л судалгаа бий. Энэ судалгаануудыг хэрэглээн дээр суурилж гаргасан байдаг.
 
Гэтэл бидэнд малын тоо нь байна уу байна, бүтэц нь байна уу байна. Дээр нь малчдад энэ нь яаж хуваарилагдсан байгаа нь байна. Энэ бүхнийгээ ангилаад үзэхээр малчин ангийн дунд өнөөдөр баялгийн тэгш бус хуваарилалт явагдчихаж. Өөрөөр хэлбэл, 500-аас дээш толгой малтай (500 -1,499, 1,500-2,001+) өрх нийт малчин өрхийн 10 орчим хувийг эзлээд нийт малынхаа 70 гаруй хувийг эзэмшиж байна. Энэ нь баялгийн хуваарилалтын тэгш бус байдал маш өндөр байна гэсэн үг. Үүнээс бид өдий хүртэл явж ирсэн хөдөөг хөгжүүлэх бодлогодоо засвар оруулах болчихсон байгааг харж болно. 

- Энэ байдлыг өөрчлөх боломжтой юу?
- Үүнээс бидний хамгийн дургүй сэдэв гарч ирнэ. Малчдаас татвар авах тухай. Хөрөнгийн нэг хувийн татвар. Малын тоо толгойгоор нь бүлэглэсэн бүлгүүдэд хамгийн оновчтой байх татварын зохицуулалт хийх ёстой нэг ийм судалгаа хийлээ. 

Улсын хэмжээнд ийм татвар авахад 130 тэрбум төгрөг цуглаж байна. Өнгөрсөн таван жилд ноосны урамшуулалд бид 120 тэрбум төгрөг зарцуулчихаж. Тэрний ихэнх хувь нь 500-аас дээш малтай хүмүүстээ очсон байна. Гэтэл хөдөөгийн өрхийн 54 хувь нь 200 хүртэл толгой малтай байна. Хөрөнгийн үнэлгээ талаасаа талд нь нийт хөрөнгийн 20 хүрэхгүй хувь оногдоод байна. Энэ зөв үү, эрүүл үү. Эрүүл биш. Энэ гэхдээ жам ёсны үйл явц мөн үү мөн. Гэхдээ төр гэж зүйл байгаа учраас зөөлөвч хийдэг юм. Орлогын тэгш бус байдал гэж зүйлийг дэлхий даяар яриад үүнд баахан бодлого хэрэгжүүлж байна шүү дээ.  

- 61 сая толгой малаа та хэд гэж үнэлэв?
- Манай дотоодын нийт бүтээгдэхүүн 20 их наяд гэдэг. Тэгтэл манай 61 сая мал 740 орчим их наяд төгрөг гэж үнэлсэн. Үүний ашиглалт маш бага. Өөрөөр хэлбэл энэ их нөөцийн ердөө 10 орчим хувийг л бид ашиглаад үлдсэн нь өвс идээд л зүгээр бэлчиж байна. 

Тэгэхээр бид энэ хөдөө аж ахуйн салбарт ганц ноосны урамшуулал гэж өгөөд л эсвэл цагаан сараар очиж золгож сайн малчин олгох нь хангалтгүй. Уучлаарай, тэр ноосны урамшууллыг чинь цөөхөн хэдхэн баячууд л хүртэж байна. Тэгэхээр цоо шинэ бодлого л хэрэгтэй. Энэ бодлогыг би бүгдийг биччихсэн. Хөдөө аж ахуйн яаманд төлбөртэй өгөхөд бэлэн байна. 

- Малчдаас татвар авах талаар та яг одоогоор улстөрч биш учраас зоригтой ярьж байгаа байх. Гэвч малчдаас татвар авах нь ашигтай зөв бодлого байвч манай улстөрчид үүнийг хийж чадахгүй шүү дээ. 
- Малчдаас авсан энэ татвар нийтийн тогоонд орохгүй. Эргээд малчдадаа ашиглагдана. Малчид өнөөдөр 400 тэрбум төгрөгийн зээлтэй байна.  Нийт малчин өрхийн 50-с илүү хувь буюу 121 мянга өрх нь зээлтэй. Зээл нь 18-30 хувийн хүүтэй. Малчид 1 их наяд төгрөгийн малаа Хаанбанканд барьцаагаар тавьчихсан байна. Малынх нь борлуулалт 8-16 хувь. Монголын хөдөө аж ахуйн дилемма чинь энэ. Борлуулалт нь хязгаартай. Экспорт нь хязгаартай. 

Малчид татварын харилцаанд орохгүйгээрээ өөрсдөө хохирч байна. Нэг хувийн татвар өглөө. Жишээ нь, 50 хүртэлх толгой малтай айлын жилийн татвар 69 мянга буюу 70 орчим мянган төгрөг байна. 1,500 –аас дээш малтай айл жилд дунджаар гурван сая төгрөгийн татвар төлнө. Бүгдийг нь ангилаад гаргачихсан. 

130 тэрбум төгрөгийг малчид хоёр жил дарааллаад л өгөхөд нийт зээлийн үлдэгдлийнх нь ихэнх нь босчихно. Тэгэнгүүт малчдын зээлийн хүүг бууруулах боломжтой болно.

Малчдын өрийн дарамт багасна, борлуулалт, малын тоо нэмэгдэнэ. Малчдад өөрсдөд нь ашигтай. Тэгэхээр би нэг талаас улстөрч мөн байгаа биз дээ. Шийдэл гаргаж байна. 

ХОЁР:  УИХ-ын гишүүд жишээ нь тойргийг хэзээ ч сөрж чаддаггүй. Тойргоо л дагадаг

- Та төрийн албан хаагчдын сүүлийн таван жилийн хөрөнгө орлогын мэдүүлэг дээр анализ хийсэн гэж байсан.  Сонирхолтой мэдээллээс нь хуваалцахгүй юу?
- Хөрөнгө орлогын мэдүүлэг дээр судалгаа хийж байсан түүх манайд байхгүй. Миний энэ анхных нь. 

Нэгдүгээрт, хүн ам зүйн талаас нь аваад үзвэл Монголын төрийн алба ихээхэн залуу бүтэцтэй. Залуу бүтцийн хараал ч гэж байна. Ерөөл ч гэж байна. Монголын нийт демограф ямар байдаг тэр бүтэц илэрсэн. Гэхдээ чи залуу толгойтой байж болно. Гэхдээ мэдлэг гэдэг зүйл залуу, хөгшнийг ялгалгүй байх ёстой зүйл. Тэгэхээр төрийн албанд мэдлэг өөрөөр хэлбэл чанар хангалтгүй байна. Жендер талаасаа эмэгтэйчүүд төрийн захиргаанд давамгайлсан байгаа юм. Харин улстөрийн албан тушаалд эрэгтэйчүүд давамгайлжээ. 

Хоёрдугаарт, төрийн албан хаагчдын орлогыг авч үзвэл дунд болон дундаас дээш орлогын бүлэгт орохоор байгаа юм. Гэхдээ энэ бол төрийн албан хаагчдын өрхийн орлого дээр үндэслэн гарч байгаа мэдээлэл. ХОМ дээр зөвхөн өөрийнхөө биш гэр бүлийн орлогоо мэдүүлдэг. 

Гуравдугаарт, төрийн албан хаагчдын үл хөдлөх хөрөнгийн статистикийг нэгтэж гаргах хэрэгтэй юм байна. Тухайлбал, 2012 онд гэхэд нэг төрийн албан хаагч дунджаар 79.3 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцтай байж. 25,526 төрийн албан хаагч орон сууцтай гэж бүртгүүлж байж. 2016 онд нэг төрийн албан хаагчид ногдох орон сууцны үнэлгээ 112 сая төгрөг  буюу нэрлэсэн дүнгээр 42 хувь өссөн байгаа юм. Харин төрийн албан хаагчийн тоо нь 30,432 болж өссөн байна. 

Дөрөвдүгээрт, төрийн албан хаагчдын таван төрлийн малын статистик ихээхэн сонирхолтой. Төрийн албан хаагчдын малын тоог монголын малтай өрхийн тоотой харьцуулж үзвэл дундаж, дундаас дээш гэсэн ангилалд орохоор байна. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчид 2.6 – 3 сая толгой малтай. 2016 оны байдлаар малыг нь үнэлж үзвэл 802 тэрбум төгрөг болж байгаа юм.

 2016 онд 1,753 төрийн албан хаагч 22,716 хурдан удмын адуутай байна. Өөрөөр хэлбэл манай төр жинхэнэ утгаараа  “уяач” төр болж байна гэсэн үг

2012 онд гэхэд 788 төрийн албан хаагч 8,873 хурдан удмын адуутай байж. Энэ нь их эрчимтэй өсөөд 2016 онд 1,753 төрийн албан хаагч 22,716 хурдан удмын адуутай болсон байна. Өөрөөр хэлбэл манай төр жинхэнэ утгаараа  “уяач” төр болж байна гэсэн үг. Хурдан удмын адуу гэдэг маш том бизнес гэдгийг хэлэх хэрэгтэй. 

Тавдугаарт, газар өмчлөх, эзэмших эрхийн хувьд, төрийн албан хаагчдын тоо бас нэмэгдсэн. 2012 онд 14,734 төрийн албан хаагч газар эзэмших, 12,669 өмчлөх эрхтэй байсан бол 2016 онд эдгээр тоо 20,107, 16,329 болоод нийлээд 36,465 болж нэмэгдсэн байна. 

Зургаадугаарт, төрийн албан хаагчдын картын данс, хадгаламжийн үлдэгдлийг үзье. 2012 онд нэг төрийн албан хаагч дунджаар 7.9 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлж байсан. Тухайн үед хамгийн их хадгаламж нь 10 тэрбум төгрөг байсан. 2016 онд нэг хүнд ногдох хадгаламжийн хэмжээ 9.5 сая төгрөгийн хадгаламжтай бол хамгийн их нь 47.4 тэрбум болж нэмэгдсэн байна. 

Долоодугаарт, төрийн албан хаагчдын дунд зээлийн дарамт бол харьцангуй гайгүй. 

Гэхдээ бизнесийн оролцооны түвшин нэмэгдэж ирсэн. Эрх эзэмшил буюу тусгай зөвшөөрөл, патент эзэмшил нэмэгдсэн байна. Төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэг дээр гэхэд 20 хуудас ийм дүгнэлт гарч байна. Есдүгээр сард хурал хийж танилцуулах бодолтой байна.

Мөн би ядуурал, дундаж ангийн судалгаа, хүн ам зүйн (демограф) бүтэц гээд олон судалгааг хийлээ. 

- Демограф бүтцийн талаарх судалгаагаа тодруулахгүй юу?
- Монгол Улсын хувьд олон үндэстний улс. 2015 оны Хүн, ам, орон сууцны завсрын тооллогыг үзэхээр энэ угсаатны зүйн (этнограф) бүтцэд маш их өөрчлөлт гарч байна. Өөрөөр хэлбэл, бид этнограф бүтцийг дандаа соёл талаас нь яриад байдаг. Зүй нь олон үндэстэнд зориулсан эдийн засгийн бүтэц байх ёстой юм байна. Яагаад гэхээр этнограф бүтэц маань демограф талаасаа нэг хэсэг нь хөгширч байна. Нэг хэсэг нь устаж үгүй болж байна. Жишээ нь, Буриад үндэстэн гэхэд насжилтын хувьд хөгширч байна. Халх, Казахуудын өсөлт өндөр байна. Баядууд гэхэд өсөлт нь багасч байна. Ийм байдлаар этнограф, демограф судалгаанууд миний сонирхлыг маш их татлаа. 

Гэх мэтээр судалгаануудаа тоолоод байсан чинь 10 болчихлоо. Хамгийн сүүлд банкуудын зээлийн хүүгийн талаар бичиж байна. 

- Зээлийн хүүний талаарх судалгаагаа жаахан тодруулахгүй юу?

- Сая шинээр сонгогдсон Ерөнхийлөгч маань хүртэл өрхийн түвшинд өрийн байдал хүндэрч байгаа тухай ярьж гарч ирлээ. Энэ асуудал мөн үү мөн. Яагаад бид үүнийг ярилцдаггүй юм. Үүнийг миний хувьд ярьдаг байсан. Гэхдээ тэр маань яагаад замхраад байдаг байсан бэ. УИХ-ын гишүүн С.Чинзориг 2017 оны Үндсэн чиглэл хэлэлцэж байхад маш их гайхширсан зөв асуултыг тавилаа. Юу гэхээр нөгөө ард түмний чинь аж амьдралын үзүүлэлт хаана байна вэ гэж асууж байна лээ. Зөв. 

Дэлхий даяар Эдийн засгийг хардаг гурван л нүд байна. Манай Монголд ч энэ тоо байна. Манай статистикийнхан маань уг нь гаргачихдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлийн, орлогын аргаар, эцсийн хэрэглээгээр тооцчихдог. Эцсийн хэрэглээ гэдэг аргын 60 хувь нь өрхийн эцсийн хэрэглээний зардал байдаг. Энэ талаас нь барууны эдийн засагчид судлаад өрхийн эзэмшлийн орлого, бодит худалдан авах чадвар нь ийм болсон байна гэдгийг судлаад бодлого гаргаж байна.

Бид тэгэхэд энд 100 эх мал төчнөөн эрүүл төл бойжууллаа, аж үйлдвэрийн орлого төд боллоо л гэдгээ яриад яваад байдаг. Энэ бол бидний социалист эдийн засгаас өвлөж ирсэн загвар одоо ч давамгайлаад яваан илрэл юм. Энэ буруу биш. Гэхдээ Чинзориг гишүүний хаачив гэж асуугаад байдаг өрхийн өр, компанийн судасны лугшилт гэдэг чинь эдийн засгийн хамгийн чухал зүйл байх нь. Хөрөнгө оруулалт, хэрэглээ, хуримтлал гэдэг чинь хамгийн чухал гурван зүйл. 

Тэгэхээр энэ талаас буюу өрхийн эдийн засаг гэдэг ойлголтыг анх удаа судалж гаргаж ирж байна. 

Одоо бид хэдхэн макро тоонууд дээрээ л маргаад байдаг. Монгол Улсын эдийн засаг 17 хувийн өсөлттэй байсан, манай засгийн газрын үед, танай засгийн газрын үед гэж л маргаад байдаг. Зөв. Гэтэл 17 гэдгийн ард ямар тоонууд байсан юм бэ. Нөөц, эх үүсвэр талаасаа, өрхийн талдаа ямар байсан юм, дотоод, гадаад эрэлт ямар байсан юм бэ гэдэг дээр анализ хийсэн судалгааг хийлээ. 

Бүгдийг нь зарна.

- Таныг УИХ-ын гишүүн буюу хууль боловсруулагч, батлагч байхад ийм тоонууд хангалтгүй байсан учраас өөрөө ийм судалгааны ажилд идэвхийлэн орсон байна гэж ойлгож болох уу?
- Нэг талаас тийм. Нөгөө талд УИХ-д оруулж ирдэг тоонууд сайн. Хамгийн гол нь байгаа тоонуудаа уншдаггүй хүмүүс шүү дээ. Анализ хийж сургах, анализ хийхийн тулд тоонуудаа дахин боловсруулалтад оруулах ажил хийгээд байгаа юм. Өртөг нэмэгдүүлж байна гэсэн үг. Эндээс гарч байгаа тоонуудыг Ерөнхий сайд нь харж байх ёстой. Жишээ нь, Монгол Улсын хуримтлалын коэффициент хэд юм гэдгийг энэ шийдвэр тогтоогчид мэдэхгүй, ​өрхийн эзэмшлийн нийт орлогын худалдан авах чадвар хэд байна, Монгол Улс өөрийгөө санхүүжүүлэх харьцаа хэд вэ гээд ийм нэг манай хувьд стандарт болж чадаагүй тэгсэн мөртлөө дэлхийн нийтийн стандарт болчихсон үзүүлэлтүүдийг шийдвэр гаргагчид жонглёрддаг байх хэрэгтэй. Ингэж байж 860 мянган өрхтэйгээ холбогдоно. Үндэсний Статистикийн Газрын агуу их хөдөлмөр байна. Хүмүүс даанч ашигладаггүй. 

- Зээлийн хүүгийн талаарх судалгаа их сонирхол татаж байна. Тэр дундаа та моргейжийн хөтөлбөрийг судалж байна гэж байсан. Энэ тухайгаа ярихгүй юу?
- Нийгэм талаасаа 18-25, 25-35, 35-44 насны буюу залуу болон идэр насныхан хамгийн их хамрагдчихсан, орлогын талаасаа 1.1 саяас дээш орлоготой хүмүүс хамрагдчихсан 90 мянган өрх моргейжийн зээлтэй. Энэ зээл нь найман хувийн хүүтэй. Үүнийгээ болж байна гэж бид үзээд байдаг. Гэтэл дэлхий дээр орон сууц худалдан авах боломжийн индекс (housing affordability index) гэдгийг гаргаж байж улс орнууд моргейжийн хөтөлбөрийг ард иргэддээ буюу санхүүгийн хэрэглэгчдийгээ хохироохгүйгээр боломжтой байдлаар шийддэг. Тэгэхээр энэхүү индексийг анх удаа гаргалаа. 

Олон улсад оромжийн ядуурал (shelter poverty) гэж ярьдаг. Чиний моргейждээ төлж байгаа мөнгө чинь чиний орлогын 30-50 хувиас илүү гараад ирэхээр чи оромжийн ядууралд орж эхэлдэг. Энэ бол ядуурлын шинэ төрөл. Үүнээс болгоомжлох хэрэгтэй.

Хоёрдугаарт, моргейжийн хөтөлбөр хэрэгжүүлдэг дэлхийн бүх улсад хууль тогтоомжинд санхүүгийн хэрэглэгч (financial consumer) гэсэн нэр томьёо байдаг. Тэр хүмүүсийн эрх, үүргийг хуулиуддаа суулгаж өгдөг. Мөнгө зээлдүүлэгч, зээлдэгч хоёрын эрх, үүргийн хэм хэмжээг суулгаж өгдөг. Энэ хэм хэмжээ алдагдаж эхэлвэл олон улсад үүнийг нь мөнгө хүүлэлт гэж үзээд мөнгө хүүлэлтийг хязгаарласан заалтыг иргэний, банкны, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, эрүүгийн хуульд суулгаж өгдөг. Өөрөөр хэлбэл, мөнгө хүүлэлтийн эсрэг хуультай. Түүнээс биш бидэн шиг зээлийн хүү өндөр байна гэж яриад 27 жил явдаггүй юм байна л даа. 

Энэ талын судалгааг хийлээ.

- Монголчууд тэгвэл бодлого хийчихээд араас нь яавал зөв байх байсан бэ гэдэг судалгаагаа хийж байна гэсэн үг үү?
- Тийм. Моргейжийг цаашид яаж сайжруулах юм. Асуудал 90 мянган өрхөөр дуусахгүй. Тэгэхээр энэ талын 60-70 хуудас бүхий судалгааг хийчихсэн. Энэ судалгаагаа би Монголбанкны захиалга болгоод үргэлжлүүлээд явж байна. 

- Монголбанктай судалгааны чиглэлээр хамтраад эхэлчихсэн гэж ойлголоо. Зөв үү?
- Монголбанкыг би зориуд онцолж магтмаар байна. Саяны миний ярьсан үндэсний тооцоо, төлбөрийн баланс зэрэг дээр арга зүйгээ маш хурдан шинэчилдэг. Хамгийн сайн тоо ашигладаг, хамгийн сайн эдийн засгийн потенциал сайтай төрийн байгууллага гэвэл Монголбанк л байна. 

Төр гэдэг өөрөө судалгааны потенциал маш сайтай байх ёстой. Судалгаанд суурилсан шийдэл маань таны хүсээд байгаа зөв бодлого, хууль гаргадаг. 

- Найман хувийн зээл эхэлсэн нь таныхаар зөв байв уу. Буруу байв уу?
- Эхэлсэн нь маш зөв. 2013 оноос моргейжийн хүү буурч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, төр моргейжийг зорилтот хөтөлбөр болгосон. Иргэд нь орон сууцны анхдагч хэрэгцээгээ хангаж чадаагүй байна гэдэг дээр төр анхаарч бодлого хийх ёстой. Гэтэл төр нийлүүлэлт талаас нь анхаараад байдаг. 

Харин одоо моргейжээ аваад зээлээ хэвийн төлөөд явах ёстой өрх талаас нь анхаарах ёстой судалгааг хийлээ.  

Одоо бидэнд хоёр бодлого хэрэгтэй. Нэгдүгээрт, моргейжийн зээлтэй хүмүүсийгээ оромжийн ядууралд оруулахгүй байх дээр анхаарах. Хоёрдугаарт, зээлийн хэрэгцээтэй хүмүүст зориулсан бодлого хэрэгтэй байгааг бүх аргачлалаар тооцоод судлаад гаргаад ирсэн. Монголбанкинд өгчихсөн байгаа. Монголбанк аравдугаар сард УИХ-д оруулна. 

- Судалгаа, тоог хамгийн сайн ашигладаг нь Монголбанк гэлээ. Тэгвэл Монголбанкнаас оруулж ирж байгаа санал, Мөнгөний бодлогыг жишээ нь УИХ, Засгийн газар маань дагадаггүй шүү дээ. 
- Үнэн, үнэн. Одоо сүүлдээ Монголбанкыг бүр айлгаад хаячихлаа. Та нар зөвхөн классик зүйл хийгээрэй л гэчихсэн. Жишээ нь, Золжаргалд буруу байж болно. Тэгвэл түүний оносон зүйл нь вэ гэдгийг огт ярихгүй байна. Алдаа, оноог нь жингийн туухай дээр тавих хэрэгтэй.  Тэр хүн риск хийсэн. Эрсдлийг авсан. 

Хамгийн сүүлд төлбөрийн балансийг шинэ аргачлалаар хийсэн байна. Өмнөхүүд нь 1212.mn байж байна. Энэ хоёрыг харахаар 2012-2016 оны төлбөрийн баланс, урсгал дансны тэнцэл энэ бүхэн дотоод, гадаад актив дээр дандаа бодлого хэрэгжиж байсан байдгийг түвэггүй харж болно.  

Цаашлаад инфляцийг хүртэл би тайлбарлах гэж үзлээ. Өнгөрсөн дөрвөн жилд маргахын аргагүй нэг тоо бол эрэлтийн гаралтай инфляц 0 түвшинд очсон. Эдийн засагт мөнгө гаргасан, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүнд алдаа байсан уу байсан байх. Нийт өрсөлдөөнийг урамшуулж чадаагүй зэрэг алдаа байсан байх. Би шүүгч биш. Гэхдээ 2012-2016 онд Төв банк инфляцийг онилдог үндсэн зорилтоо хэрэгжүүлсэн үү хэрэгжүүлсэн. Бүр дефляци болтол явсан байна шүү дээ. 

- 2012 -2016 онд Төв банк жишээ нь үндсэн гурван үүргээ амжилттай биелүүлсэн байна. Төлбөрийн тэнцэл, инфляц, системээ хамгаалах гэсэн гурван үндсэн зорилгоо биелүүлсэн байна. ЭНЭ БОЛ БОДИТ ТОО. Харин одоо үүнийг эсрэгээр нь тайлбарлаж байгаа шүү дээ. Зөвхөн эдийн засгийн хямрал байсан гэдэг ч юм уу. 
- Эсрэгээр нь болгож байгаа хүмүүс нь улстөрчид юм. Харин эдийн засагчид наанатай, цаанатай үнэлнэ. 2012-2016 оны мөнгөний бодлогод би үнэлгээ өглөө. 2012 оноос хойших Мөнгөний бодлогын зөвлөлийн бүх протокол болон гаргасан мэдэгдэл дээр нь үндэслэсэн. Энэ бүхнээс үзэхэд мөнгөний бодлого бол явдгаараа явсан. 

Ер нь төсвийн бодлого, мөнгөний бодлого маань идэвхээрээ ялгарах ёстой. Мөчлөг сөрсөн бодлого гэхээсээ манайд тойрог дагасан, тойрог сөрсөн л бодлого байдаг. УИХ-ын гишүүд жишээ нь тойргийг хэзээ ч сөрж чаддаггүй. Тойргоо л дагадаг. Тийм учраас төсвөө алдагдалтай баталдаг. Энэ өөрөө политэкономи болчихдог. Дотор нь сууж байсан хүний хувьд хэлэхэд энэ бол улстөрчидтэй л хамааралтай. Өөрөөр хэлбэл, энэ төсвийн алдагдал гэдэг чинь улстөрийн алдагдал байдаг. 

Мөнгөний бодлогын хувьд товчхон хэлэхэд, өнгөрсөн дөрвөн жилд УИХ-д ямар хэлбэрээр нь орж ирнэ үү түүнийг нь УИХ –ын гишүүд хэлэлцээд өөрсдөө баталсан. Тэгэхээр нэг хүн рүү бүхнийг чихэх боломжгүй. Буруу бол бүгдээрээ буруудах ёстой. Гэхдээ буруу, зөвийн дэнсийг УИХ дээр ч юм уу гаргадаг эд биш л дээ. Эдийн засагчид дүгнэлт гаргах ёстой юм.

ГУРАВ: Мөнгө хүүлэлтийн эсрэг хууль гаргая

 

-  2012-2016 онд мөнгөний бодлого амжилттай хэрэгжээд үндсэн зорилгуудаа биелүүлжээ. Гэхдээ 2016 оны УИХ-ын сонгуульд иргэд Ардчилсан Намд нь зохих дүнг тавилаа. Тэгэхээр  алдаа нь төр бодлогоо хийхдээ таны яриад байгаа иргэн, өрхийн амьжиргаа гэдэг зүйлээ орхигдуулсаных гэж харагддаг. Үүнтэй санал нийлэхүү?
- Маш зөв. Миний гол судалгаа бол энэ. Үндэсний тооцооны дансанд таван гол сектор бий. 

Нэгдүгээрт нь, санхүүгийн бус сектор буюу компаниуд. Хоёрдугаарт нь, өрхүүд. Гуравдугаарт нь, засгийн газар. Дөрөвдүгээрт нь, санхүүгийн сектор. Тавдугаарх нь, өрхөд үйлчилдэг ашгийн бус байгууллага гэсэн таван сектор байна. 

Бид аж үйлдвэр, хөдөө аж ахуй гэж хуваадаг шиг институтыг сектороор нь хуваагаад үүн дээрээ хэрэглээ, хуримтлал, завсрын хэрэглээ, үндсэн хөрөнгийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, өрхийн орлого нь яав гэдгийг гаргадгийг ашиглаагүй. 

За Монголын түүхэнд ер нь ашиглаж байгаагүй. Ямар ч засгийн газар ашиглаагүй. Жаахан ойрхон ярих гээд байсан хүн нь П.Жасрай гуай байв. Д.Бямбасүрэн гуай бас тэр талын мэдрэмжтэй. Бусад засгийн газар бол дандаа өнгөцхөн бодлоготой байж. Хэт макро, хэт ерөнхий түвшинд асуудлыг авч үзээд байдаг. 

Эдийн засгийн талаасаа жишээ нь, АН-д яагаад муу дүн тавьсан бэ гэдгийг ярья. Гоё зам тавьсан. Дэд бүтцүүд барьжээ. Гэтэл тэр гоё зам дээгүүр халаасандаа мөнгөтэй хүн л явах ёстой байсан чинь худалдан авах чадвар нь олигтой өсөөгүй, зээлтэй иргэд яваад байсан байна. Гол алдаа энэ. Гэхдээ энэ талын шийдвэр гаргасан. Тэр нь оройтсон шийдвэр байсан нь нөгөө “сайн” хөтөлбөрүүд юм. Энэ хөтөлбөрүүд нь хэрэгжээгүй, үр дүн өгөөгүй байхад сонгууль болчихлоо л доо.

- Та түрүүнд АН-ын энэ удаагийн (ерөнхийлөгчийн) сонгуулийн өргүй болгох хөтөлбөрийн талаар дурдаад өнгөрсөн. Энэ талаар арай дэлгэрэнгүй ярихгүй юу?
- Дэлхийн түүхэнд ийм жишээ байна. Америкт 2007 онд The Mortgage Forgiveness Debt Relief Act гэж гаргасан. Өрхийн өрийг өршөөх хууль. Энэ нь өрхийн өрийг байхгүй болгоно гэсэн үг биш. Зээлийн түүхийг нь харж үзэх явдал юм. Манай нэг залуу ажилтан ярьж байна. Цалингийн зээлээ хоёр удаа хоцроогоод төлчихөж. Тэгсэн дахиад зээл авах гэсэн чинь зээлийн хар эсвэл саарал жагсаалтад орчихоод одоо зээл авч чадахгүй байна гэсэн. Энэ зээлийн түүхийг нь өршөөнө гэсэн үг. 

Хоёр. Норвеги гэхэд баян улс учраас моргейжийн зээлийнхээ 90 хувийг шийдэж өгсөн. Тэгэхээр энэ асуудлыг гаргаж тавьсан нь зөв гэж би харж байгаа. Гэхдээ энэ асуудлыг нэг сайдын, нэг яамны, нэг даргын түвшинд шийдэх зүйл биш юм. 

Нэгдүгээрт бид, санхүүгийн мөнгө хүүлэлтийн орчноо арилгах хэрэгтэй. Мөнгө хүүлэлтийн эсрэг хууль гаргая. Үүнийгээ иргэний хуульд суулгаж өгье. Банкуудын хуульд суулгаж өгье. 

Дэлхийн шаналлын индексээр 2014 онд манайх 120 гаруй улсаас эхний 20-д орчихсон байна. Энэ нь инфляц, зээлийн хүү, ажилгүйдэл, нэг хүнд ногдох ДНБ-ээр нь харьцуулаад их энгийн индекс гаргачихсан үзүүлэлт юм. 

Ардчилал гэж бид 27 жил явлаа. Одоо бид ардчиллыг батжуулъя гэж бодвол хүмүүсийн эдийн засаг, амьжиргаа, амьдралдаа хандах хандлагад өөдрөг элементүүд хийж өгөхгүйгээр цааш явахгүй. 

Бүх юмны шийдэл нь дундаж анги яагаад ийм туранхай байна вэ, дундаж ангийн дунд нэг их тарган дундаас доош түвшний анги яагаад бий болж байна вэ, ядуурал нь хотод их, хөдөөд бага болчихсон. Хөдөөд нь орлогын тэгш бус байдал нэмэгдчихсэн. Улаанбаатарт хотод явж байгаа машины ихэнх нь 10-аас дээш жил болчихсон. Орон сууцанд амьдарч байгаа өрхийн нэлээн хувь нь 40 хүртэл метр квадрат байранд амьдардаг энэ нийгэмд бид яаж дунд ангийг нэмэх вэ. Энэ бол эдийн засаг. Барууны эдийн засаг үүнийг л ярьдаг.

Гэтэл шийдвэр гаргагчид маань хаа байгаа уул уурхайн хоёр том төслийг л яриад байдаг. Гэтэл иргэдийнх нь амьдрал энд үргэлжлээд байдаг. Нөгөө талд 100 эх малаас төчнөөн төл авлаа гэдгээ л яриад сууж байна. 

Одоо бид ардчиллыг батжуулъя гэж бодвол хүмүүсийн эдийн засаг, амьжиргаа, амьдралдаа хандах хандлагад өөдрөг элементүүд хийж өгөхгүйгээр цааш явахгүй

- Таны хувьд шинэ Ерөнхийлөгчийн өргүй болцгооё гэдэг нь өргүй болно гэхээсээ өрийн нөхцлийг сайжруулна гэсэн санаа гэж ойлгож байгаа юм байна. Зөв үү?
- Үүнийг нэгдүгээрт, Х.Баттулга амлаагүй. Ардчилсан Нам л тийм бичиг өгчихлөө. 

Орчингоо сайжруулъя л гэж ойлгох хэрэгтэй. Ийм бодлого Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад одоо ч гэсэн үргэлжилж байна.

Монгол Улс чинь их сонин улс. Төв банкныхаа бодлогын хүүгээр дэлхийд эхний 10-т орж байна. Арилжааны банкны зээлийн хүүгээрээ 184 орноос эхний 20-д орж байна. Хадгаламжийн хүүгээрээ эхний дөрөвт орж байна. Ийм нэгэн сонин улс. Энэ улсад 860 мянган өрх төрөл бүрийн зээлтэй байна. Өрхийн түвшинд үзэхэд энэ хувь 40-ээс илүү гарчихаж. Зээлийн дарамт байна гэсэн үг.

- Арилжааны банкуудын өндөр хүүг мөнгө хүүлэлтийн эсрэг хууль гаргаад л шийдэж чадах уу. Өдийг хүртэл манай аль ч эдийн засагч банкны хүүг ингээд буулгачих гэсэн шийдэл санал болгоогүй л байна. Харин шүүмжилж болж чаддаг шүү дээ. 
- Нэг асуулт асууя. Дэлхийн бусад орон яасан юм бэ. Энэ хуулиудыг л гаргачихаж байна. Би орон бүрээр нь дурдаж өгч чадна. 

Зээлийн хүү гэдэг бол Монголын нийгмийн мухардал (дилемма). Гэхдээ бид хоосон ярьж болохгүй. Үүнийг цэвэр судалгаан шинжилгээн дээр ярих хэрэгтэй. Бид шийдвэр гаргах ёстой. Нийгэм шийдвэр гаргагчдаас шийдвэр л хүлээдэг. Тэр шийдлийг нь би хэллээ шүү дээ. 

Энэ Дэмбэрэл гэдэг нөхөр дандаа зах зээл гэж ярьдаг хүн юу яриад байна вэ гэх байх. Яг миний хувьд гэхэд 14 жил хувийн хэвшил гэж явсан. Тэр хооронд би өрхийн талыг ингэж гүнзгий судалж байсангүй. 

 Уучлаарай бид дэлхийг дуурайх ёстой. Бүр 1545 онд Англи зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож байсан байх юм. Зээлийн хүүгийн хязгаарлалт (interest rate restrictions) гээд 500 хуудастай судалгааг би нэлээн харлаа. 

Зээлийн хүүг бууруулахын тулд хууль гэхээсээ сууриа өөрчлөх хэрэгтэй гэх нь бий. Зөв. Хамгийн түрүүнд тархин доторх багаж зэвсгээ өөрчилье. Судалгаагаа сайн хий, юм сайн унш. Бусад орны эдийн засгийн судалгааг сайн унш. Уншаад зогсохгүй Монголд яавал зохимжтой байна түүнийг гаргаж ир. Ингэж багаж, зэвсэг чинь сайжирна. Дотоодын нийт бүтээгдэхүүн гэж зөвхөн нэг нүдээр хардаг бус гурван зэрэг хардаг болъё. Гурав дахь нүд бол орлого, хөдөлмөр ба капитал. 

Сууриа өөрчил гэдэг нь бид эдийн засгийг хардаг сэтгэлгээгээ л өөрчлөх явдал юм.