Зураг
Зураг
Индэр    
2017 оны 5 сарын 8
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Австралийн хэвлэл мэдээллийн салбарын шилжилт, өөрчлөлт...

“Нэгт, сурвалжилсан үйл явдал, арга хэмжээний фото зургийг хамгийн түрүүнд өөрсдийн олон нийтийн сүлжээ дэх хуудсуудаараа түгээнэ. Хоёрдугаарт үйл явдлын аудиог радиогоор цацна. Гуравдугаарт сурвалжлагын дүрс бичлэг буюу телевизийн мэдээллээ түгээнэ. Энэ зуураа цахим хуудсаараа мэдээллээ түгээсээр …” энэ бол Австралийн ABC корпорацийн сэтгүүлчдийн мэдээллээ түгээх үндсэн дараалал юм гэж тус телевизийн Квийнсланд дахь салбарын Ерөнхий продюсер Хэйди Рэкс ярилаа.

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дэмжлэгээр Монголын эдийн засаг, уул уурхайн сэтгүүлчид дэлхийн шилдэг 50 сургуульд багтдаг Австралийн Квийнсландийн Их сургуулиас жил гаруй хугацаанд үргэлжилсэн дөрвөн блок сургалтыг аваад байна. Тус сургалтын хүрээнд Австрали улсын хэвлэл мэдээлэл, уул уурхайн салбартай танилцах зорилготой сүүлийн шатны сургалт Квийнсланд мужийн Брисбэн хотод боллоо.

Хөтөлбөрийн хүрээнд төвийн болон орон нутгийн зургаан хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зочилж, туршлага судалсанаа салбарынхандаа болон энэ салбарыг сонирхогчдод зориулж дараах тэмдэглэлийг хүргэе.

НЭГ. Төрөөс санхүүжилт авдаг ч нийтлэлийн бодлогод "ТЭД" оролцох эрхгүй
 
ABC телевизийн Квийнсланд мужийн төв салбар,

Австралийн ABC телевиз нь 100 хувь төрөөс санхүүжилттай, 85 жилийн түүхтэй корпораци юм. Төвийн хотуудаар үндсэн найман салбарт үйл ажиллагаагаа явуулж тэдгээр найман салбар нь орон нутаг тус бүрт салбараа ажиллуулж байна.

Бидний зочилж очсон эхний салбар бол тус корпорацийн Квийнсланд мужийнхаа төв салбар юм.

ABC анх радио байсан нь өргөжиж телевиз болж өдгөө онлайн мэдээллийн хамгийн чухал эх сурвалжуудын нэг болж хэвлэлийн төрлөө өргөжүүлжээ.

Радиогийн уншигчид багасах үед залуучуудад зориулсан тусгайлсан суваг нээсэн нь сонсогчдынхоо тоог алдалгүй, ихэсгэх боломжтой болсон нь манай Монголын радио P3 радио  нээсэн туршлагатай адил сонсогдож байлаа.

ABC корпорацийн төвийн салбарууд нь улстөр, шүүх, байгаль экологи, эрүүл мэнд, эдийн засаг гэсэн бодлогын томоохон үйл явдлын сурвалжлага, тойм, нэвтрүүлгүүд дээр төвлөрөн ажилладаг. Түүнээс өдөр тутам болдог осол эндэгдэл, элдэв үйл явдлын мэдээллийг нэг их авч хэлэлцдэггүй талаар продюсер Хэйди Рэкс ярьж байв.

Төрөөс санхүүжилтаа авдаг ч тус корпораци эрх баригчдын дуу хоолой болдоггүй. Нийтлэлийн хатуу бодлоготой. Хөндлөнгөөс тус редакцид ямар нэгэн нөлөөлөл байдаггүй гэж итгэл дүүрэн ярих хатагтай Хэйди Рэксийн яриа өөрийн эрхгүй атаархал төрүүлнэ.

Гэхдээ тус телевиз зөвхөн төрийн санхүүжилтийг аваад зогсохгүй өөрсдийн бэлтгэсэн нэвтрүүлгээ борлуулах “дэлгүүр” ажиллуулдаг байна.

Телевизийн хувьд Монголтой төстэй оройн 18:00, 21:00 цагуудад хамгийн оргил үзэлтүүдээ авдаг. 19:00 цагийн гол мэдээллийн хөтөлбөрийг ихэвчлэн 55 наснаас дээш үеийнхэн үзэж байгаа судалгаа байдаг аж.

ABC залуу хүлээн авагчдыгаа радиогийн сонирхолтой нэвтрүүлгүүд, онлайн мэдээллийн сувгаараа голцуу татаж байна.

Онлайн мэдээллийн хувьд вебсайтад мэдээлэл бэлтгэж, нийтлэх гээд зөвхөн дижитал мэдээллийн хэсэгт Квийнсландын бүсийн хэмжээнд 100 гаруй хүн ABC-д ажиллаж байна. Эдгээрийн 40 орчим нь мужийн төвийн салбарт ажиллаж байгаа юм.

Үүний дотор олон нийтийн сүлжээг хариуцсан хоёр тусдаа хүн ажиллаж байна. 

Эдгээр хоёр хүн нь олон нийтийн сүлжээнд мэдээллээ хэрхэн зөв түгээх, байршуулах судалгааг эрэлхийлж байдаг аж.

Мөн олон нийтийн сүлжээнд түгээгдсэн мэдээ, мэдээлэл, зураг, бичлэг зэргийг үнэн,  худлыг ялгаж салгаж, шалгах, нягтлах бэлтгэгдсэн хүмүүс хүртэл ажиллаж байгаа талаар тус телевизийн Олон нийтийн сүлжээ хариуцсан ахлах ажилтан Гарри Кэмбл ярьж байлаа.

Олон нийтийн санаа бодлыг сонсож нэвтрүүлэх тал дээр гудамжаар явж иргэдээс ярилцлага авахаасаа илүү мэргэжлийн судалгааны байгууллагатай хамтран ажиллаж тодорхой сэдвүүд дээр олон нийт ямар санаа, бодолтой байгааг тандаж, мэдээлэл боловсруулдаг байна.

 
ABC телевизийн Квийнсланд мужийн төв салбар, телевизийн тагтнаас харагдах орчин,
 
ABC телевизийн Квийнсланд мужийн төв салбар,

Сэтгүүлчдийн ажлын ачааллын хувьд өдөрт хэдэн мэдээ бэлтгэх ёстой гэсэн тодорхой үндсэн шаардлага байдаггүй ч хэн ямар мэдээ, нэвтрүүлэг бэлтгэсэн талаарх бүтээмжийг удирдлагууд нь дотоод хяналтын системээр хянаж, хэмждэг аж.

Мөн ээж сэтгүүлчдийн хувьд харьцангуй уян хатан цагийн горимоор ажиллах боломжтой аж. Жишээ нь продюсер Хэйди ажлын дөрвөн өдөр ажиллах тохиролцоотой бөгөөд энэ дөрвөн өдрийн ажлын цагаа таван өдөрт хуваан ажилладаг байна.

Бидний зочилсон хоёр дахь хэвлэл мэдээллийн хэрэгсэл ABC корпорацийн Твүмба хот/суурингийн салбартай танилцсан юм.

 
ABC сувгийн орон нутгийн салбарын хоёр сэтгүүлч,

Мужийн төвийн салбартай харьцуулахад мэдээж энэ бол маш жижиг нэгж юм. Ердөө хоёр сэтгүүлчтэй. Хоёулаа нийлээд өдөрт ойролцоогоор 12 мэдээ бэлтгэдэг. Сайт, радио, телевизийн бүх мэдээллээ энэ хоёр бэлтгэнэ. Радио хөтлөгч, продюсер зэрэг бусад ажлын байр энд бий. Гэхдээ орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэх сэтгүүлч нар төвийн салбараасаа хамаагүй ачаалал ихтэй ажиллаж өндөр ур чадварыг эзэмшдэг байна. Тиймээс ч орон нутгийн салбарын сэтгүүлчид туршлага суугаад ирэхээрээ төв рүүгээ шилжиж тэндээ ажиллаж карьер ахидаг байна.

Твүмба дахь салбарын хоёр сэтгүүлчийн нэг Элли (зургийн баруун гар талаас) гэхэд 2016 оны үндэсний шилдэг сурвалжлагчийн шагналыг хүртэж байжээ.

Видео 1, ABC сувгийн Твүмба дахь салбарын радио студи,

Орон нутгийн энэхүү мэдээллийн хэрэгсэл гэхэд өдөрт 250 мянга орчим хэрэглэгчтэй аж. 

Будний зочилсон энэ өдөр тус хотын нэгэн дунд сургууль шатсан тухай Элли тусгай нэвтрүүлэг бэлтгэж байсан тул нөгөө сэтгүүлч нь 10 гаруй мэдээгээ бэлтгэх үүрэг ногдсон байлаа.

Хоёр. Сонингууд нэмэлт мэдээллийн сувгуудаар үйл ажиллагаагаа өргөжүүлж байна
 
Chronicle сонины редакц,
“Орон нутагт ажиллаж байгаа хэвлэл мэдээллийнхэн хотынхноос илүү чадварлаг болж, мөн технологийн давуу талыг ашиглаж байгаа байдлаараа илүү сайн” гэж “Chronicle” сонины Ерөнхий редактор Стуарт Грийн хэлэв.
 
Chronicle сонины Ерөнхий редактор Стуарт Грийн

Энэ бол бидний зочилсон гурав дахь хэвлэл мэдээллийн хэрэгсэл.

Твүмба хотод 10 гаруй сонин гардаг бөгөөд рейтингийн хувьд эхний хоёрт багтдаг тус өдөр тутмын сонин нь улстөрийн сэдвийг барагтаа сурвалжилдаггүй.

Хамгийн эрэлттэй мэдээлэл нь тус суурингийн оршин суугчдын хэмнэл.

Тухайлбал, шөнийн цагаар ажилладаг тахианы шарсан мах зардаг түргэн хоолны газар хаагдсан тухай мэдээлэл эдний хамгийн эрэлттэй мэдээллийн нэг.

 
Chronicle сонины редакц,
 
Chronicle сонины редакц,
 
Chronicle сонинд Монголын сэтгүүлчдийн тухай сурвалжлага нийтлэгдэв,
 
Chronicle сонины тухайн өдрийн төлөвлөгөө,

Тус сонин хэвлэмэл байдлаар 8,000, цахим байдлаар 4,000 захиалагчтай. Мөн өөрсдийн вебсайтаа ажиллуулж үйл явдлын мэдээллээ шуурхай түгээдэг аж. Ингэхдээ дотоодын хэрэгцээнд ашигладаг өөрсдийн хяналтын системд хамгийн их хандалт авч байгаа мэдээллээ улам баяжуулж сонины дугаартаа хэвлэдэг байна. 

Мөн тус сонин сүүлийн үеийн уншигчдадаа зориулсан богино хэмжээний видео контентуудыг ихээр бэлтгэн нийлүүлж байгаа  нь сонингууд цахимжиж улмаар видео контент ч бэлтгэж эхэлж буйн жишээ юм.

150 гаруй жилийн түүхтэй энэ сонинг амжилттай ажиллаж байгаа учир хэвлэлийн магнат Руперт Мурдокийн Ньюс Корпораци худалдан авч эгнээндээ нэгтгэсэн байна.

Австралийн медиа зах зээл ерөнхийдөө гурван баганатай. 

  1. Олон нийтийн/төсвөөс санхүүжилттай суваг. 
  2. Арилжааны дундаа Rupert Murdoch (News corporation) 64.2% 
  3. Fairfax 26.4%-ийг эзэмшиж байна. 

Дэлхий даяар ийм төвлөрөл бий болж байгаа нь нэг талаар санхүүгийн хувьд баталгаатай болж байгаа ч үзэл бодлын хувьд дэлхийн медиа хэдхэн хүний гарт очсоор байгаа билээ.

Гэхдээ “Chronicle” сонины хувьд Ньюс Корпорацийн эгнээнд багтсанаар нийтлэлийн бодлогод ямар нэгэн нөлөөлөл, өөрчлөлт ороогүй талаар ноён Стуарт Грийн ярьж байв. Харин энэ том корпорацид нэгдсэнээр хүчирхэг сүлжээгээр мэдээллүүдээ бие биедээ хуваалцах, зарим нэг талаар зардлын хэмнэлт хийх боломжтой болсон байна.

“Chronicle” мэргэжлийн 18 сэтгүүлчтэй. Өдөр бүр 30-60 нүүр хэвлэгддэг. 

Мөн энэ сонин дээрээс анхаарал татсан бас нэгэн нүүр бол зар мэдээллийн хэсэг дэх эмэгтэйчүүдийн цээжин хэсгээ гаргасан  зураг бүхий зарлал байлаа. 

 
Chronicle сонины зарын булан,

Энэ дундаас “Hot Mongolian girl” гэж бичээд зураг, утасны дугаараа тавьсан зарлал анхаарал татсан юм. Иймэрхүү төрлийн зарлалыг хуулиар хүлээн зөвшөөрдөг талаар Квийнслэндийн Их сургуулийн багш Брүс Вуллэй ярив.

Бидний зочилсон дараагийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол харьцангуй жижиг орон нутгийн хэвлэлүүд болох “Chinchilla News”, “Dalby Herald” сонингууд байв. Тус бүр 2-3 сэтгүүлчтэй нийт 7-8 ажилтантай эдгээр хэвлэл өөрсдийн үндсэн үйл ажиллагааны хажуугаар уул уурхайн компаниуд тус бүс нутагт ихээр олборлолт явуулах болсонтой холбоотойгоор уул уурхайн тусгай сонин, сэтгүүл гаргах зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлж ажиллаж байгаа аж. 

 
Chinchilla News сонины байр,
 
Dalby Herald сонины редакц,

 

Гурав. Уншигчдын цаг өөрчлөгдөж байна

Квийнсландийн Их сургуулийн багш Брүс Вүллэйгийн ярьсанаар Австралийн хэвлэл мэдээллийнхэн үндсэн ёс зүйн зарчимтай ч зарим шар хэвлэл нь үүнийгээ төдийлөн дагадаггүй гэлээ.

Тус улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2017 онд дэлхийн 180 орноос 19-т жагсаж байна. Харин Монгол Улс 69 дүгээр байрт жагсаж буй. Сэтгүүлчид ямар нэгэн байдлаар бусдын нэр хүндэд халдсан гэж тооцогдвол нийтлэсэн мэдээллээ заавал баталгаажуулах мөн олон нийтийн мэдэх эрхэд зайлшгүй хэрэгцээтэй мэдээлэл байсан гэдгээ нотлох шаардлагатай болдог.  Хэрэв мэдээлэлтэй холбоотой элдэв хохирогч гарч ирвэл тэр хүнээсээ сэтгүүлч эхний ээлжинд уучлалт гуйх, тохиролцох арга замыг хайдаг.  Мөн аливаа суваг салбарын өөрийн зохицуулалтын нэгж болох Хэвлэлийн зөвлөлийн гишүүн бол асуудлаа тэнд шийдэх нь бий. Хэрэв хоёр тал ойлголцолд хүрч чадахгүй бол хуулийн байгууллагаар асуудал нь шийдэгддэг байна. Эсвэл тухайн хэвлэл мэдээллийн байгууллага нь алдаа гаргасан сэтгүүлчээ ажлаас нь халаад дуусдаг талаар Брүс Вүллэй багш ярьсан юм.

Гэхдээ Хэвлэлийн Зөвлөл нь тус улсын сэтгүүл зүйн стандартыг өндөр хэмжээнд хүргэхэд онцгой ач холбогдол гүйцэтгэж байгаа талаар “Brisbane Times” сайтын Ерөнхий редактор Саймон Хох ярьсан ярив.

Бид хамгийн сүүлд Брисбэн хотын “Brisbane Times” сайттай танилцсан юм.

Видео 2, Brisbane Times сайтын редакц,

Тус сайт нь үндэсний хэмжээнд ажилладаг гурван сайтын нэг бөгөөд цомхон хамт олны хүчээр орчин үеийн хэмнэлттэй үйл ажиллагаа явуулахаар эрмэлздэг юм байна. Нийтдээ 20 сэтгүүлчтэй. 

Саймон Хохын ярьж буйгаар тус сайтын хамгийн өндөр хандалттай цаг нь өглөөний 9 цаг байсан бол одоо өдрийн 12 цаг болж өөрчлөгдөөд байгаа аж. Мөн үдээс хойш буюу 17 цаг, оройн 19-21 цагт хандалт өндөртэй байдаг талаар ярьсан юм. Тэд өглөөний өндөр хандалтыг ашиглаж ихэвчлэн улстөрийн мэдээллээ түлхүү түгээхийг чармайдаг бол өдрийн өндөр хандалтаар танин мэдэхүй, энтертайнмент мэдээллээ түгээж оройн цагуудаар дүгнэлт, анализ бүхий мэдээллээ нийтлэдэг байна.

Сэтгүүлчдийн ачааллын хувьд өдөрт 3-6 мэдээ бэлтгэдэг. Сурвалжлагч нар нь тодорхой сэдэв, салбараар мэргэшин ажилладаг ч өдөрт өөр бусад сэдвээр мэдээлэл бэлтгэдэг. Харин өөрийн мэргэшсэн сэдвээрх өгүүлэл, сурвалжлага, ярилцлагаа долоо хоногийн төлөвлөгөөний хүрээнд бэлтгэдэг нь iKon.mn сайтын редакцийн зохион байгуулалттай адил санагдсан юм. Мөн бүх л сэтгүүлчид видео камер, фото камер зэрэг техник төхөөрөмжтэй харилцах мэдлэгтэй, өөрөө бүх зүйлээ гүйцэтгэх ур чадвартай байх шаардлага тавигддаг. 

Саймон Хох мэдээлэл бэлтгэх үндсэн зарчмаа танилцуулахдаа гурван “E” -ийн шаардлага тавьдаг тухайгаа хуваалцав. 

Энэ нь сэтгүүлчийн бэлтгэж буй мэдээлэл:

  1. emotion/сэтгэл хөдөлгөсөн, 
  2. education/боловсрол, танин мэдэхүйн ач холбогдолтой, 
  3. evolution/хувьсал, өөрчлөлтийн агуулгыг шингээсэн байх ёстой гэлээ.

“Brisbane Times” сайт нь Австралийн хоёр дахь том групп болох “Fairfax"-ийн эгнээнд багтдаг. 

Харин “Chronicle”, “Dalby Herald”, “Chinchilla News” нь Ньюс Корпорацид харьяалагдаж байна.

Та Ньюс Корпорацийн хэвлэлүүдтэй өрсөлддөг үү гэсэн асуултад Сайман Хох “Тэгэлгүй яахав. Бид өрсөлдөгчид” гэж инээмсэглэн хариулаад "Гэхдээ бид харьцангуй олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэйгээ хамтран ажилладаг" гэлээ.