Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ан Мён Хуан: Өвөл Монголд ирээд маш их даарсан. Хүйтэн учраас галдаа хог хүртэл шатаадаг гэж сонссон

Г.Номин, iKon.mn
2019 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын их сургуульд энэ хичээлийн жилд 20 орны 459 гадаад оюутан суралцаж байна.

Гадаадаас ирж суралцаж буй оюутнуудын эх орноо, ахуй соёлоо сурталчлахын зэрэгцээ монгол хэлийг хэр сайн сурснаа тайлагнадаг арга хэмжээ болох "Соёлын өдөрлөг" өнөөдөр болж байгаа юм.

Өдөрлөгт оролцож буй гадны оюутнууд үндэсний хувцсаа өмсөж, уламжлалт хоол, соёлоо танилцуулаад оролцдог бөгөөд МУИС-д БНХАУ, ОХУ, БНСУ-аас хамгийн олон оюутан суралцаж байгааг МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Оюутны зөвлөлийн дарга Н.Мягмарсүх хэлж байв.

2013 оноос хойш уламжлал болгон жил бүр зохион байгуулж буй "Соёлын өдөрлөг" гадаад оюутнуудын хувьд хүлээлт үүсгэдэг арга хэмжээ гэнэ.

"Шинээр ирсэн оюутнууд "Соёлын өдөрлөг хэзээ болох вэ?" гээд их хүлээлттэй байдаг"
 

МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсийн гадаад оюутан хариуцсан мэргэжилтэн Б.Буянханд "МУИС-ийн гадаад оюутны тоо жил ирэх тутам нэмэгдэж байна. Өнгөрсөн хичээлийн жилд 323 гадаад оюутантай байсан бол энэ жил 459 болж нэмэгдээд байгаа. 459 гадаад оюутны 106 нь хэлний бэлтгэлд суралцаж төгсөөд ирэх хичээлийн жилээс бакалавр, магистр, докторын зэрэг горилохоор суралцаж эхэлнэ.

МУИС-д нэг жил хэлний бэлтгэлд суралцсан оюутнуудын хувьд монгол хэлний ярианы чадвараа шалгуулах, тайлагнах арга хэмжээ юм. Мөн оюутнуудад их сэтгэгдэл төрүүлдэг байх. Шинээр ирсэн оюутнууд "Соёлын өдөрлөг хэзээ болох вэ?" гээд их хүлээлттэй байдаг" хэмээн ярив.

Гадаад оюутнууд Засгийн газар хоорондын гэрээ эсвэл МУИС-тай хамтын ажиллагаатай сургуулиудаас ирж суралцдаг байна.

Засгийн газар хоорондын гэрээгээр Лаос, Вьетнам, Орос, Хятад, Казахстан, Унгер, Чех, Польш, Умард Солонгос улсаас өнөөдрийн байдлаар 121 оюутан МУИС-д суралцаж байна.

МУИС-тай хамтарч ажилладаг сургуулиас ирсэн оюутнууд 1-2 жил монгол хэл үзээд ирдэг аж.

Ан Мён Хуан: Монгол хэлний дуудлага маш хэцүү учраас сонсоод сайн ойлгодоггүй
 

БНСУ-аас ирж суралцаж буй оюутан Ан Мён Хуан/Монгол нэр нь Бараа/ "Би Солонгост хоёр жил монгол хэл сураад энэ оны нэгдүгээр сард Монголд ирээд хэлний бэлтгэлд сурч байна.

Монгол хэлний дуудлага маш хэцүү учраас сонсоод сайн ойлгодоггүй. Харин өгүүлбэрийн бүтэц солонгос хэлтэй төстэй учраас солонгосчууд монгол хэл сурахад бусад хэлнээс арай амархан байж магадгүй.

Өвөл Монголд ирээд маш их даарсан. Хүйтэн учраас галдаа хог хүртэл шатаадаг гэж сонссон. Агаар их утаатай амьсгалахад хэцүү байсан. Одоо бол цаг агаар дулаахан, таатай сайхан байна" хэмээн ярилаа.

Солонгос оюутнууд өнөөдрийн өдөрлөгийн үеэр үндэсний хоол болох догбүги, уламжлалт баяраар тоглодог юннори гэх тоглоомыг танилцуулж байлаа. Өнөөдөр танилцуулж буй догбүги нь түгээмэл байдаг халуун ногоотой нь биш, эрт үед хаан, ихэс дээдсийн иддэг байсан хүндэтгэлийн төрөл нь гэдгийг онцлон хэлж байв.

ХБНГУ-ын Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн их сургуулийн найман оюутан дөрвөн долоо хоногийн хугацаатай дадлага хийхээр Монголд иржээ. Тэд "Соёлын өдөрлөг"-ийн талаар сонсоод эх орноо сурталчлахаар арга хэмжээнд оролцож байгаагаа хэлэв.

 

Хөдөлмөрийн их сургуулийн оюутан Никлас Швайгер, Самуэль Ялчин нар "Монголд ирээд хоёр долоо хонож байна. Бид мэргэжил сонголтын зөвлөхийн чиглэлээр суралцдаг. Дадлагын хугацаандаа МУИС-ийн оюутнууд, багш нараас мэргэжил сонголтын талаар Германтай харьцуулсан судалгаа авч байгаа.

Германы соёл шар айрагтай салшгүй холбоотой. Гэхдээ сургууль дээр шар айраг сурталчилж болохгүй учраас түүхэн дурсгалт барилга, цайзуудынхаа талаар танилцуулж байна. Мөн хөлбөмбөгийн соёлоо сурталчилж байгаа" хэмээн ярилаа.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг