Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар энэ сарын 23-26-нд тус улсад төрийн айлчлал хийж байна.
Тажикистан улсын Ерөнхийлөгч Э.Рахмон нь 2009 онд Монгол улсад төрийн айлчлал хийсэн байдаг.
Харин энэ удаа манай улсаас анх удаа Ерөнхийлөгч төрийн айлчлалаа ийнхүү Тажикистан улсад хийж байгаагаар онцлог юм.
Тажикистан улс нь гол мөрөн, нуур, усны нөөцөөр арвин орон.
Төв Азийн усны нөөцийн 60 хувь нь эдгээр гол, мөрөнд ногддог бөгөөд цэнгэг усны нөөцөөр дэлхийд наймдугаар байранд ордог байна.
Цахилгаан эрчим хүчнийхээ 98 хувийг усан цахилгаан станцаар хангаж, эрчим хүчний бие даасан байдлаа хангах зорилттой Тажикистаны туршлагыг судлах нь чухал ач холбогдолтойг онцолжээ.
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон "Би 2009 онд хоёр өдрийн айлчлал хийж байсан. Өргөн уудам газар нутагтай Монгол орон миний айлчлах сонирхлыг их төрүүлж байна.
Бид Монгол улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх онцгой хүсэл эрмэлзэлтэй байна" гэдгээ илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс өгсөн онцлох яриаг хүргэж байна.
Тэрбээр "Манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагаа нэн чухал гэдэгтэй санал нэгдэж, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн уялдааг нэмэгдүүлэх боломжийг судлан хоёр орныг холбосон дөт авто замын чиглэлийг нээж, шууд нислэгтэй болох, тээврийн шинэ коридор байгуулах зэргийг хэлэлцлээ.
Хоёр улсын хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эхлүүлж, Тажикистан Улсад үржлийн мал нийлүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний солилцоог нэмэгдүүлэх, Монгол Улсаас халал мах нийлүүлэх боломжийг судлахаар тохиролцлоо.
Энэхүү хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх хүрээнд хоёр улсын мал эмнэлэг, мал аж ахуйн байгууллагууд хоорондын харилцааг идэвхжүүлж, холбогдох дүрэм журам, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Монгол Улсын “Цагаан алт” хөтөлбөрийг Тажикистаны хөвөн, нэхмэлийн салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан ноос, ноолуур, хөвөн зэрэг байгалийн гаралтай түүхий эдэд суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцлээ" хэмээв.