Post
Share
Ерөнхий мэдээлэл
Авсан санал
4,086
Саналын хувь
2.4%
Нас
31
Хүйс
Эмэгтэй
Одоо эрхэлж буй ажил
Эрүүл мэндийн мэргэжилтэн
Мэргэжил
Био-Анагаах, Дархлал судлаач- Нийгмийн эрүүл мэндийн магистр
Зорилго
Зорилго 1: Залуу гэр бүл, хүүхдийн төлөө амьдралд буусан, залуусын амьдралд тулгардаг асуудлуудыг шийдвэрлэх хууль батлуулах / ИОННамын мөрийн хөтөлбөрт тусгасанаар/ Зорилго 2: Залуусын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх

Замнал

Боловсрол
2011-2016: АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль
2017-2021: АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль
Ажлын туршлага
2017-2024: Эрүүл мэндийн салбарт Лабораторийн эмчээр 7 жил ажилласан.
Нэмэлт мэдээлэл

Сүүлийн 8 жилд БАТБАЯРЫН АРИУНЗАЯА би юу хийсэн бэ?

Эргээд бодоход өнгөрсөн 8 жил миний хувьд маш завгүй, чухал үйл явдлуудаар дүүрэн он жил болон өнгөрчээ. УИХ-ын сонгуулийн хуудсан дээр Батбаярын АРИУНЗАЯА гэж нэрээ бичүүлэх болсноо бодохоор ахисан ч юм шиг. Эргэн тойрноо харахаар төөрдөг байшинд гацсан, эсвэл намагт шигдсэн юм шиг сонин мэдрэмж зэрэгцээд байж байна. 

Дархлал судлаач ээж болсон нь: 2016 он. Олон үйл явдлууд зэрэг тохиолоо. Оны эхээр ээж болж, өвлийн амралтаараа хүүгээ “под” хийлгэж аваад эргээд хичээлдээ орлоо. Шинэхэн ээж АШУҮИС-ийг төгсөнө гэдэг тийм ч амар даваа байгаагүй юм. Төгсөөд шууд л аав, ээжийн гэрт буюу орон нутагт очив. Хүүгээ ой гарантаа болтол орон нутагтаа амьдарч, ээжийн үүргээ яс биелүүлэв. Тэр хооронд бас зүгээр суусангүй ээ. Хүүгийнхээ памперс, витамины мөнгөнд дэм болчих санаатай онлайнаар жижигхэн зүйлс зарж, бичиг цаасны ганц нэг ажил олдвол хийж бас сонгуулийг ч зүгээр өнгөрөөсөнгүй. Орон нутагт ажлын байр тийм ч элбэг биш дээр нь миний эзэмшсэн мэргэжлийн ойлгож, мэддэг хүн тун ховор.

Ажилчин ангид орж, дахин оюутан болов: Улаанбаатар хотод л мэргэжлээрээ ажиллах боломжтой тул 2017.06 сард хүүгээ ээж аавдаа орхиод ажил хийхээр Улаанбаатарыг  зорин ирэв. Туршлагагүй, шинэхэн судлаач тул шууд мэргэжлээр минь ажилд авах газар олдохгүй байлаа. Туршлагажих зорилгоор сорьцын сувилагч албан тушаалаар ажилд оров. 9 сард нь Нийгмийн эрүүл мэндийн магистрт бүртгүүлж амжив. Надад бодогдож байсан бодол “Хүүгээ орхиод ирсэн юм чинь би ажлаа ч тэр, сургуулиа ч тэр аль алийг нь амжуулах ёстой”  гэж бодож байв. Ингээд оюутны завгүй амьдрал дахиад эхлэв.

Олон улсын судалгааны ажил эхлүүлэв: 2018 онд ажлаа сольж Манба Дацан эмнэлэгт өөрийн мэргэжилтэй нэлээд дөхүү Лабораторийн эмч тушаалаар ажилд оров. Яагаад дөхүү гэж хэлж байна вэ? гэхээр миний эзэмшсэн мэргэжил Био Анагаах, Дархлал судлаач. Тэр үед энэ мэргэжлийн талаар манай сургуулийн багш нараас өөр бараг сонссон хүн байхгүй. Ойлгохгүй. Угтаа бол миний мэргэжил эд, эсийн түвшинд судалгаа шинжилгээ хийж, шинэ эмчилгээ, оношилгооны арга техникийг нэвтрүүлж байх учиртай их чухал мэргэжил юм. Аз болж миний ажиллаж байсан газар эмнэлэг, сургууль гээд сургалтын цогц бааз байсан ба олон улсын эмнэлзүйн судалгааны багт орж ажиллах аз тохиосон юм. 

Гарчиггүй жил: Энэ жилийн талаар бодоод бодоод сонин содон зүйл олж чадсангүй. Учир нь 2019 он бол 2017-2018 онуудад эхлүүлсэн ажлууд эд өрнөж байсан завгүй жил байжээ. Үндсэн ажлын хажуугаар магистрын ажилдаа шамдах, олон улсын судалгааны дата /мэдээлэл/ цуглуулах гээд л.

Ухаарал дагуулсан үйл явдлууд: 2020 онд ковид-19 гарч эмнэлэгтээ байрлаж ажиллах, ковидийн шинжилгээ авч ХӨСҮТ-д хүргэх, эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн халдвар хамгааллыг мөрдүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар

зөвлөгөө мэдээлэл боловсруулах багт орж манлайлан ажиллаж байв. Цаг үеийн байдал ч замбараагүй, төр засгийн шийдвэр ч туйлбаргүй байсан тул дагаж мөрдөж ажиллах нь иргэдэд ч тэр, эмнэлгийн байгууллагын ажилтнуудад ч тэр хүнд даваа байлаа. Энэ үеэр баян ядуугийн ялгаа, ялгаварлан гадуурхалт, хүмүүсийн амиа хичээсэн үйлдлүүд, дайны хажуугаар дажин гэгчээр өвчин зовлонгийн хажуугаар ашиг олох гэсэн эрх мэдэлтнүүдийн шунахайрал зэргийг хараад өөрийгөө хэчнээн гэнэн итгэмтгий, тэнэг байснаа ухаарч байв.

Хүүтэйгээ цуг амьдрах хүсэл: 2021 онд ковидийн улмаас хугацаа хойшлогдсоор байсан магистрын ажлаа, ОУ-ын судалгааны төсөлт ажлаа ч тус тус хамгаалав. Сонирхуулахад, магистрын ажил маань “Улаанбаатар хотын гадаад орчны агаарын бохирдол ургийн төрөх үеийн жинд нөлөөлөх нь” сэдвийн хүрээнд байсан юм. Уг судалгаагаар агаарын бохирдол нь бага жинтэй ураг төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэсэн үр дүн гарсан юм. Судлаад ойлгосон хүн чинь энэ их агаарын бохирдол дунд хүүгээ хажуудаа авчраад амьдрах зориг байсангүй. Тиймээс тус тусдаа амьдарсаар л. 

Тэмцэлийн жил: 2022 оноос “Тэмцэхгүй л бол…” гэдэг бодол толгойноос салахаа больсон юм. Орон нутагт ядаж цэвэр агаарт, ойрхон сургуультай стресс багатай орчинд өсгөх шийдвэрийг гаргаж, хүүгээ эмээ, өвөө дээр нь сургуульд оруулав. Хоёр тусдаа, хамт байя гэхээр цалин мөнгө, орчны бохирдол, сургууль гээд түмэн асуудал. Ингээд зүгээр ажлаа хийгээд бүх зүйл болж байгаа мэт жүжиглэж амьдарч болохгүйг ухаарч 2 ч удаа жагсаалд оролцсон юм. Сүүлийн жагсаал буюу 2022 оны 12 сарын “Нүүрсний хулгайн” жагсаалд 14 хоног хоолойгоо сөөтөл ордны гаднаас хашгарав. Ингээд зүгээр сошиалаар, эсвэл талбай дээр гарч орилоод бид нарын дуу хоолой хүчгүйг мэдэрч, 2023 оноос эхлэн ИОННамын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, ижил асуудал, ижил амьдралын үнэт зүйлстэй хүмүүстэй нэгдэж дуу хоолойгоо илүү хүчтэй хүргэх зорилготой болсон юм.

Шинэ сэдэв: 2023 оныг улс төр хэмээх шинэ сэдвээр суралцах жил болгож, улс төрийг судалж, хулгайч нарын хэрхэн хулгайгаа гоё нэртэй хуулийн дотор нууж, иргэдийн чихэнд цэцэг ургуулдаг талаар мэдэх тусам улам бүр тэмцэх ёстойгоо мэдэрсэн юм.

Төлөөлөл: Яг над шиг агаарын бохирдол, сургууль цэцэрлэг, түгжрэлийн асуудлаас болоод хүүхэдтэйгээ хамт амьдарч чадахгүй байгаа эсвэл арай хийн тэсэж амьдарч байгаа Баянзүрх дүүргийнхээ залуу эцэг эхчүүдийг төлөөлөхөөр 2024 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх ажилд шамдсан юмаа.

Тэмцэлээс төлөөлөл рүү шилжсэн жилүүдэд өөрийн болон бусдын амьдралд тулгамдаж буй дээрх асуудлуудыг шийдвэрлэх арга замыг Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын залуустай тууштай эрж хайсны үр дүнд олсон юм. 

 

БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ

 

Хүндэтгэсэн, Батбаярын Ариунзаяа

Хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлан

Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангийн хураангуй

Нэр дэвшигчийн мөнгөн хандивын тайлан

Хөрөнгө орлогын мэдүүлэг
2023 | нийт хөрөнгө: 303,065.70 мян.төг
Овог нэр:
Батбаярын АРИУНЗАЯА
Өөрийн орлого:
20,398.33 мян.төг
Гэр бүлийн гишүүдийн нийт орлого:
3,261.05 мян.төг
Орон сууц, барилга байгууламж:
200,000.00 мян.төг

1. Нийтийн орон сууц - 1

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад:
3,506.32 мян.төг
Зээл:
75,900.00 мян.төг