Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

19 дүгээр зуунд төрсөн сүүлчийн хүн нас баржээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн өндөр настан гэдэг нь албан ёсоор батлагдсан 117 настай эмэгтэй өчигдөр буюу Бямба гарагт нас баржээ.

Эмма Морано 1899 оны арваннэгдүгээр сарын 29-нд Италийн Пиедмонт нутагт төрсөн юм. Тиймээс тэр 19 дүгээр зуунд мэндэлсэн манай дэлхийн сүүлчийн хүнд тооцогдож байв.

Эмма Морано гуайн урт наслалтын нууцыг түүний удмын гени, мөн өвөрмөц хоолны дэглэмтэй нь холбон тайлбарлаж байсан юм. Найман хүүхэдтэй айлын ууган охин байсан Морано хатагтай Италийн хойд нутгийн Вербаниа хотод гэртээ нас баржээ.

Тэр гурван зууныг дамнан амьдрахдаа дэлхийн хоёр дайныг үзэж, ганц хүүгээ алдан, аз жаргалгүй гэр бүлийн зовлонг туулж, Италийн 90 гаруй засгийн нүүрийг үзсэн байна.

Морано гуайн ээж 91 насалж байсан бол хэд хэдэн охин дүү нь 100 гаран насыг насалсан ажээ.

90 гаруй жилийн турш тэр өдөрт гурван өндөг идэхдээ хоёрыг нь түүхийгээр иддэг байсан гэнэ. Дэлхийн нэгдүгээр дайны дараа эмч түүнийг цус багадалттай гэж оношилсон тул ийм хоолны дэглэмд орсон байна. Харин сүүлийн жилүүдэд тэр өдөрт идэх өндөгний тоог хоёр болгож, бага зэрэг жигнэмэг хэрэглэх болжээ.

Тэр жимс, хүнсний ногоо ховор хэрэглэдэг байсныг сүүлийн 27 жил эмчилж байгаа эмч Карло Бава баталсан юм.

Карло Бава “Түүнтэй анх уулзахад тэр өдөрт гурван өндөг идэхдээ хоёрыг нь өглөө түүхийгээр хэрэглэдэг, өдөр нь нэгийг омлет хэлбэрээр иддэг, орой нь тахианы мах иддэг дэглэмтэй байсан” гэжээ.

Урт насалсан нэг шалтгаанаа Морано гуай 1938 оноос ганц бие амьдарч эхэлсэнтэй холбон тайлбарладаг. Түүний хайртай залуу нь дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгдсэний дараа тэр хатуу харгис хүнтэй гэр бүл болж багагүй зовлон үзсэн байна. Дөнгөж зургаан сартай хүү нь нас барсны дараа тэр нөхрөөсөө салж, үлдсэн амьдралаа ганцаар өнгөрөөсөн юм. 26 настай бүсгүйд өөр сонголт байгаагүй тул өөртэй нь гэрлэхгүй бол ална гэж заналхийлсэн эртэй хамт амьдарч байсан гэж 112 насандаа Ла Стампа сонинд өгсөн ярилцлагадаа дурссан байдаг.

“Би хэн нэгний дарамтад орохгүйн тулд дахиж гэрлээгүй” гэж Морано гуай ярьж байв. Дөнгөж хоёр жилийн өмнөөс бүтэн цагаар асруулах болсон Морано гуай сүүлийн 20 жилийн турш хоёр өрөө байрандаа амьдарсан юм.

Америкийн Өндөр наслалтын Судалгааны Группын мэдээлснээр Ямайкийн иргэн, 1900 оны гуравдугаар сарын 10-нд төрсөн Виолет Браун одоо манай дэлхийн хамгийн өндөр настанд тооцогдох болж байгаа ажээ.

 

Эх сурвалж: BBC