Уншиж байна ...

"Байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхай" төсөл 2026 оны есдүгээр сарыг дуустал хэрэгжинэ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 5 сарын 7
iKon.MN
зураг
 
Mininginsight.mn-ээс авав

"Байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхай" төсөл өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт нээлтээ хийснээр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэв.

ХБНГУ, Монгол Улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих энэ төсөл нь уул уурхайн салбарт нөхөн сэргээлт, хаалтын төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах, жишиг үйл ажиллагааг туршлага болгон түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Тус төслийг Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны захиалгаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Германы Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR) хамтран хэрэгжүүлэх бөгөөд 2026 оны есдүгээр сарыг дуустал хугацаанд үргэлжилнэ.

Монгол Улсад уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх нь байгаль орчинд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль хамгаалах нөхцөлийг сайжруулах, биологийн олон янз өвөрмөц байдлыг хадгалан хамгаалахад чухал ач холбогдолтой гэж төслийг хэрэгжүүлэгчид нь онцолсон.  

"Байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхай төсөл"-ийг Германы Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэнгийн Монгол, Төв Азийн зохицуулагч Др.Текла Абел, төслийн төлөвлөлтийн эхний үр дүнг "Байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхай төсөл"-ийн захирал О.Батболд нар танилцуулсан.

Энд онцлоход Германы Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэнгээс хэрэгжүүлж буй тус төслийн захирлаар анх удаа монгол мэргэжилтэн томилогдсон нь О.Батболд болж байна. Тэрбээр өмнө нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн түншлэл төслийн Дэд захирлаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.

зураг
 
Mininginsight.mn-ээс авав

БЭХУ төсөл нь дараах үндсэн дөрвөн чиглэлээр БОАЖЯ болон холбогдох төрийн болон орон нутгийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах аж.

Тодруулбал

  • Байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхайн чадавхыг хөгжүүлж, дэмжих
  • Хууль эрх зүй, дүрэм журмын шаардлагыг хэрэгжүүлэх бодит шийдлүүд санал болгох
  • Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, орхигдсон талбайг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх
  • Байгаль орчны хяналтын мэдээллийг хөгжүүлж, цахимжуулах юм.