Уншиж байна ...

Энэ оны эхний дөрвөн сард экспортын дүн импортынхоос $1.5 тэрбумаар давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гадаад худалдааны 2024 оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлийг экспортын 231,835, импортын 125,963 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргаснаа Гаалийн Ерөнхий Газраас танилцуулав.

2024 оны эхний дөрвөн сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.4 тэрбум ам.доллар болж 2023 оны мөн үеэс 619.1 сая ам.доллар буюу 8 хувиар өсжээ. Экспортын дүн импортынхоос 1.5 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

Дурдсан хугацаанд манай улс экспортод 4.9 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.9 хувиар буурлаа.

Экспортын барааны нийт дүнд

  • эрдэс бүтээгдэхүүн 4.4 тэрбум ам.доллар буюу 89.3 хувь
  • сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 296.1 сая ам.доллар буюу 6 хувь
  • нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 47.4 сая ам. доллар буюу 1 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.2 хувийг бүрдүүлж байгаа юм.

2024 оны эхний дөрвөн сард экспортолсон хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал, түүхий нефть болон чулуун нүүрсийг 100 хувийг БНХАУ-д, үхэр адууны боловсруулсан ширний 87.4 хувийг БНХАУ-д, самнасан ноолуурын 77.4 хувийг Италид, ямааны угаасан ноолуурыг 98.6 хувь БНХАУ-д тус тус экспортолжээ.