Уншиж байна ...

Яармагийг I хороололтой холбох гурван гүүр 96%, зургаан эгнээтэй холбоос замуудыг барих ажил 48%-тай байна

Б.Манлай
2024 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Наадамчдын гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх буюу Яармагийн замыг Нэгдүгээр хороололтой холбох авто зам, гүүрэн байгууламжийн ажил 2023 оны гуравдугаар сарын 1-нээс эхэлж байв. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажил он дамжин үргэлжилж байгааг албаныхан мэдээлсэн юм.

Замын холбоосыг тодруулбал Яармагийн "Номин" их дэлгүүрийн зүүн талаас хойш Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-IV-ийн урд замтай холбоно. Үүний дараа уг замаас Нэгдүгээр хорооллын 34 дүгээр байрны урд байрлах "Барс-2" захын баруун тал хүртэл зам, гүүр барьж холбох юм байна.

Уг төсөл хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд нийт санхүүжилт 119 тэрбум төгрөг.

Эхний ээлжид Яармагийн замыг Эрчим хүчний гудамж дахь ТЭЦ-IV-ийн урд замтай холбох гурван гүүрний ажил 96%-тай, гүүрнүүдийг холбох зургаан эгнээ бүхий замын ажил 48%-тай үргэлжилж буй. Харин ТЭЦ-IV-ийн урд замыг Нэгдүгээр хороололтой холбох замын бүтээн байгуулалт эхлээгүй, зураг төслийн шатанд байгааг албаны хүн тайлбарлалаа.
зураг
 

Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсээс тодруулахад "Наадамчдын гудамж буюу Яармагийн замыг Эрчим хүчний гудамж ТЭЦ-IV-ийн урд замтай холбох эхний ээлжийн гурван гүүр, холбоос замын ажлын гүйцэтгэгч шалгарч, өнгөрсөн жил бүтээн байгуулалтын ажил эхэлсэн.

Харин ТЭЦ-IV-ийн урд замыг нэгдүгээр хороололтой холбох замын бүтээн байгуулалт эхлээгүй, зураг төслийн шатанд байгаа юм. Энэ төсөл нь хоёр үе шаттай хэрэгжинэ.

Яармагийн замыг ТЭЦ-IV-ийн урд замтай холбох урван гүүрний ажлын явцын тухайд Туул голын салаа дахь 36 урт/метр гүүр баригдаж дууссан.

Туул гол дээгүүрх 391урт/метр үндсэн гүүрний бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 96%-тай, хайс зэрэг заслын ажил хийгдэж байна. Энэ гүүр нь Яармагийн замыг ТЭЦ-IV-ийн урд замтай холбох юм.

Гурван гүүрний бүтээн байгуулалтын ажлыг "Мотор сервис", "Туулын гүүр далай", "Тэргүүн саруул зам" гурван компанийн түншлэлээр, гүүрнүүдийг холбосон авто замын ажлыг "Тотал Инж" гүйцэтгэж байна. Гурван гүүрний хувьд Туул голын салаа дахь 36 урт/метр, Туул гол дээгүүрх 391урт/метр, Дунд гол дээгүүрх 54 урт/метртэй.

Гүүрнүүдийг холбосон авто зам нь зургаан эгнээтэй, 2.8 километр урт. Холбоос замуудыг барих ажил 48%-ийн гүйцэтгэлтэй, далангийн дүүргэлтүүд хийгдэж байна.

Одоо ТЭЦ-IV-ийн урд байрлах хоёр хос дулааны шугамыг туннелийн системд оруулах ажил эхэлсэн, тавдугаар сарын 15-наас халаалт зогсохоор хийгдэх шугам сүлжээний ажлууд нэлээдгүй бий.

Яармагийн замыг ТЭЦ-IV-ийн урд замтай холбох зам, гүүрэн байгууламжийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг  2024 оны зургаадугаар сард багтааж нээхээр ажиллаж байна. Ус сувгийн болон дулааны магистраль шугамыг туннелийн системд оруулах ажил их бий учир тодорхой тов хэлэх боломжгүй" гэж ярилаа.

Гүүр, холбоос зам ашиглалтад орсноор Яармагийн замын ачааллыг 20%-аар бууруулна гэсэн тооцоолол гарчээ.

зураг