Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Хойд Солонгос цэргийн парадаар шинэ зэвсгүүдээ үзүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны өвөг эцэг, тус улсыг үүсгэн байгуулагч Ким Ил Суны мэндэлсний 105 жилийн ойд зориулсан цэргийн парад Пьёньянд болж өнгөрлөө.

Энэ өдрийг “Нарны өдөр” гэж тус улсад нэрлэдэг юм.

Цэргийн парадын гол зорилго нь өөрийн цэрэг зэвсгийн хүчин чадлыг Вашингтон, Сөүл, Токиод харуулах зорилготой. Парадын үеэр хэд хэдэн KN-08, KN-14 загварын пуужинг ачааны машин дээр тээвэрлэж үзүүлсэн байна.

Эдгээр пуужинг Хойд Солонгос хараахан туршаагүй байгаа ч ойрын үед АНУ-ын нутаг дэвсгэрт хүрэх чадвартай болно гэж мэргэжилтнүүд үздэг юм.

Үүнээс гадна төмөр саванд битүүмжилсэн том хэмжээтэй пуужинг үзүүлсэн нь яг ямар зэвсэг болохыг мэргэжилтнүүд тайлбарлаж чадаагүй байна. Парадын үеэр бас танкууд, пуужин харвагчид, их буунууд, шумбагч хөлгөөс харвах зориулалттай, хатуу түлштэй пуужин зэргийг үзүүллээ.

Мөн “Мусудан” нэртэй, дундын зайн тусгалтай пуужин үзүүлсэн нь АНУ-ын Гуам дахь цэргийн баазад хүрэх чадалтай гэгддэг юм. Ким Ил Суны талбайд болсон парадын дээгүүр байлдааны нисэх онгоцнууд 105-ын тоог дүрсэлж үзүүлсэн байна.

 
Эх сурвалж: Associated Press