Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын үүсгэн байгуулагчийн мэндэлсний ойд зориулсан цэргийн парад болж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Хойд Солонгосын хамгийн том баяр болох улс орныг үүсгэн байгуулагч Ким Ил Суны мэндэлсний 105 жилийн ой тохиож, нийслэл хотод нь цэргийн томоохон парад болж байна.

Тус улсын төв телевизийн дамжуулж байгаа дүрсэнд удирдагчи Ким Жон Ун жагсаалыг үзэж байгааг харуулжээ. “Нарны өдөр” гэгддэг их удирдагчийн ойн баярын өдөр Пьёньян зургаа дахь удаагаа цөмийн туршилт явуулж болзошгүй хэмээн Өмнөд Солонгос, Хятад, АНУ, Япон улсууд анхааралтай ажиглаж байна.

 
 
 
 

Хэрвээ туршилтын эхний шинж тэмдэг мэдэгдвэл АНУ түрүүлж цохилт өгөхөөр зэр зэвсгээ Солонгосын хойгийн усанд байрлуулаад байгаа юм. Үүнээс өмнө 2012 онд их удирдагчийн мэндэлсний 100 жилийн ойн үеэр Хойд Солонгос анх удаагаа тив хоорондын баллистик пуужин болох KN-08-ийг туршиж байжээ.

Хамгийн сүүлийн цэргийн парад 2015 оны аравдугаар сард Солонгосын Хөдөлмөрчний Намын 70 жилийн ойгоор зохион байгуулагдаж байв.

Хойд Солонгосын дэглэм цөмийн зэвсэг болон эдийн засгаа зэрэг хөгжүүлэх “бёнжин бодлого” гэгчийг баримталдаг юм.

Энэ өдрийн баярыг сурвалжлуулахаар дэлхийн хэвлэл мэдээллийн 200 орчим сэтгүүлчийг уриад байна. Баярыг угтаж Пүрэв гарагт Пьёньянд орон сууцны шинэ хороолол, тэнгэр баганадсан цамхаг зэргийг нээжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ бүхэн нь эдийн засгийн дарамт шахалтыг ажрахгүй байгаагаа дэлхий нийтэд харуулах арга хэмжээ гэнэ.

Өнөөдрийн жагсаалын үеэр Хойд Солонгос анх удаагаа шумбагч хөлгөөс харвах зориулалттай пуужин үзүүлсэн тухай CNBC суваг дамжуулжээ.

 

Эх сурвалж: Korea Times, CNBC