Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

О.Энх-Эрдэнэ: Гадны улс орнуудаас хамтарч ажиллах албан ёсны хүсэлт ирүүлсэн зүйл одоогоор байхгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 14
iKon.MN
 

"Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О.Энх-Эрдэнэд шагналын 100 сая төгрөгийг "Гацуурт" ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбат албан ёсоор гардуулан өгсөн юм. Энэ үеэр түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

- Монголын хамгийн олон үзэгчтэй, хамгийн их хүний хүч хөдөлмөр орсон мундаг том шоунд оролцож тэргүүн байр эзэллээ. Юун түрүүнд таны сэтгэгдлийг хуваалцмаар байна?

- Маш их баяртай байгаа. Энэ шоунд ороод түрүүлсэн маань ганцхан миний хөдөлмөр биш. Маш олон хүмүүсийн хөдөлмөр, итгэл, сэтгэлийн хүчээр энэ шоунд ялсан гэж бодож байна. Цаашдаа энэ мундаг хүмүүсийнхээ итгэлийг хэрхэн дааж явах вэ? Гэдэг том хариуцлага миний өмнө ирж байна.

- Финалын шатны үзүүлбэрээ үзүүлж дуусаад, санал хураалтын үр дүнгээ сонсохоор зогсож байх агшинд яг юу бодогдож байсан бэ?

- Тэр агшинд маш их сандарсан. Мэдээж  энэ шоунд оролцсон хүн бүр ялагч болох хүсэл тээж орсон нь тодорхой. Би ч мөн адил тийм л байсан. Тэр үед дотроо маш их догдолж, сандарч байсан.

- Үндэстний хэмжээний авьяастан болж, 100 сая төгрөгийн эзэн болоод хамгийн түрүүнд уулзахыг хүссэн хүн хэн бэ?

- Хамгийн түрүүнд ээж, аавтайгаа уулзахыг маш их хүсэж байсан. Тэр хүмүүс байгаагүй бол би тэр тайзан дээр зогсож байхгүй байсан.

- Нууц биш бол 100 сая төгрөгөө юунд зарцуулах вэ?

- Би дуучин болохыг маш их хүсдэг. Энэ шоунд ороод ялагч болсон нь миний энэ хүслийг улам бадраасан. Энэ чиглэлээрээ сурахдаа зарцуулна гэж бодож байна.

- Чамд итгэл хүлээлгэсэн Монголынхоо сая сая үзэгчдэд хандаж юу гэж хэлмээр байна?

- Та бүхэндээ чин сэтгэлийнхээ гүнээс баярласан талархсанаа илэрхийлье. Та бүхнийхээ итгэлийг алдахгүйг маш их хичээж байна. Дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц мэргэжлийн дуучин болоод, та бүхэндээ сайхан уран бүтээлээ хүргэхийг хүсэж байна. Намайг дэмжсэн, надад саналаа өгсөн бүх хүмүүстээ, надад санал өгөөгүй хүмүүстээ бүгдэнд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бүх зүйл чинь бүтэж байх болтугай.

- Энэ шоуны хоёрдугаар улирал зохион байгуулагдаж эхэлснээс хойш финалын шатыг дуустал явлаа. Шоунд оролцсоноор юу сурч мэдэж авсан бэ?

- Хүн ганцаараа явсанаар амжилтанд хүрдэггүй. Түүний цаана маш олон хүний хөдөлмөр, хамтын хүч байдаг гэдгийг маш сайн ойлгосон. Би хагас шигшээ шатанд тэнцсэнээсээ хойш маш олон удаа бэлтгэл сургуулилт хийсэн. Тэр бүхнээс би маш их зүйл сурсан.

 

- Шоунд оролцож байх үеийн хамгийн сайхан, дурсамжтай мөчүүдээсээ хуваалцвал?

- Хагас шигшээ болон финалын шатанд оролцоход шилдэг оролцогчид маань хамтдаа нэг өрөөнд байрлаж, бэлтгэлээ хийдэг байсан. Тайзны эхний бэлтгэлээс дараагийн бэлтгэл хүртэл бараг л бүтэн өдөржингөө хамт байдаг байлаа. Шилдэг оролцогчидтойгоо тэнд л сайн танилцаж, сайхан найзууд болсон. Тэр мөчүүд л хамгийн сайхан дурсамжтай байсан даа. 

- Цаашдын ирээдүйгээ хэрхэн төлөвлөж байна?

- Эхний ээлжинд өөрийгээ хөгжүүлэх хэрэгтэй байна. Хоёрдугаарт дэлхийд танигдсан дуучин болох зорилго өөртөө тавьсан.

- Финалын шат хүртэл хамт явсан бусад долоон оролцогчдоо хандаж юу гэж хэлмээр байна?

- Та бүхэн маань бүгдээрээ ялагч байж чадсан шүү. Бүгдэнд нь маш их баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсмээр байна. Тайзан дээр гарахаас бусад үед сайхан ах дүүс, сайхан найз нөхөд байсан. Цаашдаа ч энэ эрчээрээ сайхан найзалж нөхөрлөнө гэж бодож байна.

- Танд гадны улс орнуудаас хамтарч ажиллах санал хүсэлтүүд ирж байгаа гэж сонссон. Тэр талаараа?

- Одоогоор албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй байна. Зарим сонин, сайтуудаар иймэрхүү мэдээлэл явж байсан. Гэхдээ тэр бүгд бол албан ёсны зүйл биш шүү гэж хэлмээр байна. 

Ярилцсан Ж.Ариунжаргал

О.Энх-Эрдэнийн үзүүлбэрүүд: