Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Алибабагийн YunOS Хятадын хоёр дахь том мобайл үйлдлийн систем боллоо

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 11 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Шинжээчдийн дүгнэлтээр энэ оны эцэст Алибаба группын хөгжүүлсэн YunOS нэртэй гар утасны үйлдлийн систем Apple-ын iOS-ийг гүйцэж, Хятадын зах зээлийн 14 хувийг эзлэн Андроидын дараа дэд байранд орохоор байгаа гэнэ.

Өмнө нь Алибаба групп өөрөө энэ оны эхний улирлын дүнгээр YunOS нь iOS-ийг гүйцсэн тухай мэдэгдэж байв. Харин Хятадын дотоодын зах зээлд ийм амжилттай байгаа хэдий ч гадаад зах зээлд “хямд үнэтэй гар утасны” хүрээнд хязгаарлагдах төлөвтэй байгааг шинжээчид мэдэгдсэн байна.

Энэ онд нийтдээ 100 сая YunOS-той гар утас борлуулагдахаар байгааг хөндлөнгийн шинжээчид тооцоолж гаргасан нь Алибабагийн өөрийнх нь тооцоотой нийлж байгаа юм.

Алибаба YunOS-ийг зөвхөн гар утас биш, телевиз, гэрийн ухаалаг тоног төхөөрөмжүүд, таблет, ухаалаг автомашин, Софтбанк компанийн “Pepper” роботод тохируулан ажиллуулж байгаа. Өнгөрсөн сард Ханьжоу хотод болсон клауд тооцооллын (cloud computing) хурлын үеэр YunOS-ийн бүтээгдэхүүний захирал Айден Ён “Бид YunOS-ийг Хятадын смарт салбарын гол үйлдлийн систем болгох зорилготой” гэж хэлж байжээ.

Мөн өнгөрсөн сард Хятадын гол хагас дамжуулагчийн үйлдвэрлэгчид болох Spreadtrum Communications, RDA Microelectronic компаниуд Алибабатай хамтран YunOS-той шинэ чип гаргасан нь Internet of Things буюу ухаалаг, бичил төхөөрөмжүүдийн зах зээлд нэвтрэх алхам болсон юм.

Гэхдээ YunOS-ийн нэг сул тал нь одоогоор ийм системтэй утаснууд голдуу хямд, ядуу зах зээлд голлож байгаад оршиж байна. YunOS нь Хятадын 4-р зэрэглэлийн жижиг хотуудад 54 хувь нь нэвтэрсэн бол Бээжин, Шанхай зэрэг нэгдүгээр зэрэглэлийн хотуудад 9 хувьтай байгаа юм.

Linux-ийн үнэгүй хувилбар дээр суурилж бий болсон YunOS нь 2011 оны долдугаар сард анхны гар утсанд нэвтэрч байв. Эхэндээ уг системийг суулгах үйлдвэрлэгч олдохгүй байсан тул Алибаба нь Meizu гар утас үйлдвэрлэгчийн бага хувийг $590 саяар худалдан авч YunOS-ийг нэвтрүүлэхэд хөрөнгө оруулж байжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post