Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хялбар аргаар их мөнгө олох боломж буюу СҮЛЖЭЭНИЙ БИЗНЕС

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

“1-9-90 бол их дажгүй санагдаж байгаа. Хоёрхон хүн оруулаад, тэдэндээ туслаад байхад болно” хэмээн төрийн байгууллагад ажилладаг Ю.Наран ярилаа. 
Төрийн албаны цалин бага тул нэмэлт орлого олохын тулд ийнхүү сүлжээнд нэгджээ.

Түүн шиг цалингаас гадуур нэмэлт орлого олох, эсвэл гэртээ суунгаа мөнгөтэй болох боломж хайсан хүн их бий. Тэгвэл тэдний энэхүү хүсэл дээр сүлжээний бизнес "цэцэглэж" байна. Пирамид хэлбэрээр явагдаж, асар их мөнгө эргэлдүүлсээр хэзээ магад дампуурч, олон хүнийг хохироож мэдэх энэхүү бизнесийн талаар iKon.mn сурвалжиллаа. 

Зарим сүлжээ их мөнгөөр элсэн чамгүй арвижуулаад авах санал тавьдаг бол зарим нь багахан мөнгөөр элсэн цалинтай болохыг санал болгодог байна.

Ю.Наран 1-9-90 сүлжээнд 10 евро буюу 30 мянган төгрөгөөр элсчээ. “Удахгүй миний хоёрдугаар үе хаагдаж, би 150 мянган төгрөг авах боломжтой болж байгаа. Хэд хоногоос гадуур явж, хүмүүст сурталчлах санаатай байна. Тэгвэл үеүд хурдан хаагдаж, их мөнгөтэй болох боломж их бий. Ер нь сүлжээг цалин багатай хүмүүс, гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүд их сонирхдог” хэмээн ярилаа. 

 

1-9-90 нь Португалиас гаралтай сүлжээ бөгөөд Монголд орж ирээд удаагүй аж. Эхний удаад элсэхэд 10 евро буюу 30 мянган төгрөг төлөх ёстой. Ийнхүү өөрийн бүртгэлээ баталгаажуулж, данстай болсноор ажиллах эрх нээгдлээ гэсэн үг. 

Ингээд баг буюу матрицдаа хоёр хүн элсүүлэх ёстой аж. Харин багийн хоёр хүн нь дахин хоёр, хоёр хүн элсүүлж чадвал 36 евро дансанд нэмэгдсэнээр нэгдүгээр үе хаагддаг гэнэ. Гэхдээ үе ахих бүрд тодорхой дүнг суутгуулах юм.

Энэ мэтчилэнгээр цааш үргэлжлэн 10 үеийг дуусгаснаар 100 гаруй сая төгрөг авах ажээ. 

Ю.Наран “Монгол шиг өртөг ихтэй хэр нь цалин хөлс багатай дээрээ нь сүүлийн үед ажлын байр хомсдож байгаа үед хялбар аргаар их мөнгө олох боломж нь иймэрхүү сүлжээний маркетингаар ажилладаг бизнес болоод байна” гэдгийг тодотгож байсан.

Энэ мэтчилэнгээр сүүлийн үед үе шатлал сүлжээний маркетингаар ажилладаг бизнесүүд олширчээ. Эдгээр бизнес нь ямар ч бараа таваар зарахгүй, зөвхөн мөнгөө төлж, элсээд дахин хүмүүсийг урих тогтолцоотой байх юм. Ийнхүү зөвхөн бэлэн мөнгөн дээр оршин тогтнож буй сүлжээний маркетингтай бизнесийг хаанаас хянаж, хууль зүйн зохицуулалт хийж байна вэ гэх асуулт гарч байгаа юм.

Энэ оны эхээр Ерхөг гэх сүлжээ цахим орчинд нэлээд эрчимтэй явсныг та санаж буй биз. Долоо хоногт 2-3 удаа 40 мянган төгрөг авна хэмээн сурталчилж байв. Гэтэл энэ бизнес тэгэсхийгээд л таг болсон. Энэхүү сүлжээнд ажиллаж байсан Г "Тавдугаар сараас хойш мөнгөө авч чадаагүй. Гэнэт л таг чимээгүй болсон" гэв.

Сүлжээний маркетингаар ажилладаг бизнесийн нэг заль нь энэ юм. Нэг хэсэг олон нийтэд танигдаж, хүмүүсийг олноор хамруулаад, толгой дахь хүн их хэмжээний ашиг олсноор үйл ажиллагаагаа зогсоодог. Яг энэ байдал эдгээр сүлжээнд тохиолдохгүй гэх баталгаа байхгүй юм. 

Ийнхүү газар авч, хэзээ хэдэн хүнийг ч хохироож болзошгүй олон шатлал маркетингтай бизнесийг Монгол Улс хэрхэн хянаж, зохицуулалт хийдэг вэ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад, “Монгол Улс хуулиараа пирамид хэлбэрийн бизнесийг хориглодог. Мөн олон улсад ч энэ төрлийн бизнес явуулахыг хориглосон байдаг” хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн хэлсэн юм. 

Тодруулбал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.4-д “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаагаа явуулахыг хориглоно” гэжээ.

Мөн цагдаагийн байгууллагад ямар нэгэн гомдол санал ирвэл эдгээр бизнесийг шалгах боломжтой. Одоогоор тийм зүйл байхгүй байгаа учир шууд шалгалт хийх боломжгүй гэдгийг тэрбээр мөн хэлсэн. 

Түүнчлэн сүлжээний бизнес явуулж буй газруудыг хянах, шалгах газар байдаггүй аж. 

Аливаа бүтээгдэхүүн зарж борлуулдаг тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагаас бүтээгдэхүүнд хяналт тавьдаг. Харин зөвхөн бэлэн мөнгөөр элсч, багтаа хүн нэмж элсүүлэх маягаар л ажилладаг бол ямар төрийн байгууллага хянах талаар хариулт өгөх хүн байсангүй. 

Ингэж дээгүүрээ ямар ч хараа хяналтгүй байгаа бизнес иргэдийн дунд харин эрчимтэй газар авч байна. Тухайлбал, Ю.Нарангийн ойр дотнын найзуудын ихэнх нь сүлжээнд нэгдсэн аж. Мөн тэрбээр “Манай нэг найз саяхан өөр нэг сүлжээнд орсон. G time гэж. Тэр нь боломжийн санагдсан” гэв. Нарангаар дамжуулан найзтай нь холбогдож, G time-ийн талаар тодруулахаар тохиролцсон юм. 

Түүний найзыг Х.Энхмаа гэдэг бөгөөд гэртээ хүүхдээ хардаг. “Хүүхэд маань ой гарантай. Хоёр ой хүрэхээр цэцэрлэгт өгөөд ажилдаа орно. Тэр болтол нөхрийнхөө цалингаар л амьдраад байлтай биш G time-д элссэн. Идэвхтэй хүнийг матрицдаа оруулбал их амар. Би нэлээд эргэлзсэний дараагаар саяхан элссэн учраас одоогоор цалиндаа ороогүй” хэмээн ярилаа. 

G time нь Казахстаны санхүүжилтээр дэлхийн 70 гаруй оронд хэрэгжиж байгаа төсөл аж. Монголд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард орж ирсэн бөгөөд Хуримтлалын, Үндсэн, VIP, Автомашины гэсэн дөрвөн хөтөлбөртэй. Үүнээс монголчууд хамгийн их сонирхдог нь үндсэн болон VIP аж.

G time нь Ю.Нарангийн элссэн хоёр сүлжээг бодвол нэлээд их мөнгөөр элсэнэ. Хамгийн багадаа 135 мянгаас эхлээд 942 ам.доллар хүртэлх мөнгөөр элсэн, 8,000 ам.доллар авах боломжтой гэнэ. 

Мөн л 1-9-90-ийн адилаар өөрийнхөө матрицад хоёр хүн элсүүлэх байдлаар ажилладаг байна.

 

G time төсөлд нэгдсэн нэгэн бүсгүйгээс Монголд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байдаг талаар тодруулахад “Манайх олон улсын сертификаттай. Сайт дээр бүх зөвшөөрөл бий. Гэхдээ Монголд үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл байхгүй. 4,000 гишүүнтэй болохоороо нөхөрлөл, хоршоолол хэлбэрээр зөвшөөрөл авна” хэмээн хэлсэн.

Тэгэхээр асар их мөнгөний эргэлт явагдаж буй “их мөнгө олох хялбар боломж” гэж амлаж буй сүлжээний бизнес эрхлэгчид ямар нэгэн зөвшөөрөлгүй, хяналтгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн үг. 

Мөн манай улсад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.4-өөс өөр энэхүү төрлийн бизнестэй холбоотой хуулийн заалт огт байхгүй  болж таарч байгаа юм. 

“Хялбар аргаар их мөнгө олох” боломжууд ямар ч хяналтгүйгээр өргөжсөөр энгийн олон иргэнийг хохироох эрсдэл бий болжээ.