Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр бүлээс гадуурх харилцаа гэмт хэргийн өгөөш болж байна

Р.Саруул
2016 оны 10 сарын 7
MorninigNews.mn
Зураг зураг

-Нийгмийн ёс суртахуун ямар нэгэн хэмжээгээр гэр бүлийн харьцаанд нөлөө үзүүлдэг байв- 

Сүүлийн жилүүдэд гэр бүлээс гадуурх харилцаанаас болж гэмт хэрэг гарч, нэг нь хохирогч, нөгөө нь гэмт хэрэгтэн болох үзэгдэл түгээмэл болсон билээ. Бодит жишээ гурван жилийн өмнө татварын байцаагч эмэгтэйчүүд нууц амрагаасаа болж нэгнээ хохироосон бол энэ жил гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдсэн хоёр ч хэрэг нийгэмд шуугиан тариад байгаа юм.

Гэтэл манай улсад энэ талаарх хуулийн зохицуулалт байхгүйн улмаас байдал замбараагаа алдаж бага насны хүүхдийн амь насыг хөнөөсөн хэрэг ч гарлаа. Өөрөөр хэлбэл, гэр бүлээс гадуурх харилцаанд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжгүй учраас ийм төрлийн гэмт хэрэг гарах боллоо гэсэн үг.

Тухайлбал, бидний ээж аавын залууханд буюу социализмын үед амрагийн элдэв явдалтай хүмүүс олны хэл аманд өртөж, өсөж дэвжих замд нь бул хар чулуу тээгэлдэн, ажил албан тушаалаасаа буудаг байсан. Угтаа бол нийгмийн ёс суртахуун тодорхой хэмжээгээр гэр бүлийн харьцаанд нөлөө үзүүлдэг байсан гэсэн үг юм.

Татварын байцаагч эмэгтэйчүүд нууц амрагаасаа болж нэгнээ хохироосон бол энэ жил гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдсэн хоёр ч хэрэг нийгэмд шуугиан тариад байгаа юм.

Энэхүү ёс суртахууны асуудал 1990-ээд оноос арчигдаж, гэр бүлд үзүүлж байсан сайн, муу нөлөөлөл үгүй болж гэр бүл салж, нууц амрагийн явдал ил тод болж эхэлсэн. 

Тухайлбал, өнгөрсөн сарын эхээр Дорнод аймгийн Хэрлэн суманд долоон настай хүүгийн амийг захиалгаар хөнөөлгөсөн аймшигт хэрэг гарч олныг цочирдуулсан. Хүү амиа алдах болсон шалтгаан нь гэвэл гэр бүлийн гадуурх харилцаанаас үүдэлтэй.

Тодруулбал, талийгаач хүүгийн аав 51 настай Ц.Цэдэвдорж гэгч этгээд 1992 онд төрсөн Г.Сэлэнгэтэй амрагийн харилцаа тогтоож улмаар "хүүгээсээ болоод чамтай амьдарч чадахгүй" гэж хэлснээс үүдэж бүсгүй захиалгаар хүүгийн аминд хүрсэн гэдгийг хуулийнхан тогтоосон.

Мөн 2013 оны долоодугаар сарын 2-ны өдөр гуч гаруйхан насны татварын байцаагч хоёр бүсгүй Д.Батболд гэх залуутай бас л гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснээс болж, хардалтын улмаас нэгнийхээ амийг хөнөөсөн. Өдгөө Ц.Туяа гэгч бүсгүй өс хонзонгийн сэдлээр, санаатайгаар хүний амь насыг хөнөөсөн хэргээр шүүхээс 22 жилийн ял сонсч эмэгтэйчүүдийн хорих ангид очсон.

Тэгэхээр дээрх хэргийн гол буруутнууд нь Д.Батболд, Ц.Цэдэвдорж. Гэтэл хэрэг үйлдсэн этгээдүүд нь эмэгтэйчүүд учраас хууль тэдэнд үйлчлэхээс өөр аргагүй. 

Яг үнэндээ манай улс гэр бүлээс гадуурх харилцааг ёс зүйн зөрчил гэж үзэж байгаа дээрх гэмт хэргүүд улам ихээр олширч, сүүлдээ хүүхдийг нь хөнөөлгөхөөр захиалга өгч буй юм. Тухайлбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж байсан.

Түүнд “Гэр бүлийн тухай анхны хууль 1996 онд батлагдсан үеэс хойш нэмэлт өөрчлөлт бараг ороогүй учраас гэр бүлээс гадуурх харилцаа, хамтран амьдрагч нарын асуудлыг шинэ хуулийн төсөлд дараах байдлаар тусгаж өгсөн байдаг юм.

Тухайлбал, гэр бүлээс гадуурх харилцааны асуудлыг уг хуулийн 13.1-д оруулж өгөхдөө “Иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн хүмүүс нэг ам бүлд хамтран амьдарч байгаа хэр нь өөр этгээдтэй эр эмийн харьцаа тогтоох нь хүүхдийн эрхийн зөрчил гэж үзнэ” гэж тусгасан байдаг.

Тэгэхээр энэ бүхэнд хүлээлгэх хуулийн харицлага байдаггүй учраас хүний амь нас хөнөөх нь наад захын асуудал болчихоод буй юм. Угтаа бол өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн тухай хууль нь өнөөгийн шаардлагыг хангахгүй зөвхөн ямар нэгэн байдлаар алдаа гаргасан бол эхнэр, нөхрөөсөө уучлал гуйдаг ч юм уу ийм л асуудлаар шийдэгдэж байгаа нь одоогийн дүр зураг.

Юутай ч эрх баригчид нэн түрүүнд Гэр бүлийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж замбараагүй энэ явдлыг таслан зогсоохгүй бол олон айл өнчирч олон ч хүн “аав”-ын хаалга татаж мэдэхээр байна. Эцэст нь хэлэхэд манай залуусын гэр бүл салалтад бараг 50-аас дээш хувь нь нууц амрагийн асуудал байдаг гэдгийг олон хүн батлан хэлж байна.

Тиймээс л гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн эр, эмийн тухай хуультай болж аль алиныг хариуцлагад татаж чадвал энэ байдал бага ч болов бурах магадлалтай. Хэрвээ тэд баримтаар нотлогдвол 3-6 сар хорих, эсвэл мөнгөн торгууль тавих, ажил болон карьерт нь нөлөөлөх гээд янз бүрийн аргаар шийтгэж болно шүү дээ.

Зураг