Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН ба МУУ талууд: iPhone 7 ба iPhone 7 Plus

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Ирэх Баасан гарагаас худалдаанд гарах iPhone 7 ба iPhone 7 Plus гар утаснуудыг технологийн шинжээчид түрүүчээсээ олж аваад туршилт, дүгнэлтээ хийгээд эхэлжээ.

Ерөнхийдөө тэд 7 дахь iPhone нь ирэх жил, iPhone-ий 10 жилийн ойд зориулан гарах загварын суурь технологиудыг багтаасан бүтээл болж гэж дүгнэж байна.

Ингээд тэдний дүгнэлтээс iPhone 7 ба iPhone 7 Plus утаснуудын сайн ба муу талуудыг тоймлон хүргэлээ.

 

Сайн талууд:

 

  • Усны хамгаалалт. Хэдийгээр гүнзгий усанд энэ нь үйлчлэхгүй ч гүехэн усанд санамсаргүйгээр унагах, норгох зэрэгт аюулгүй байхаар бүтээгдсэн нь iPhone-ий хувьд анхны бөгөөд чухал хэрэгтэй үзүүлэлт болжээ.
  • Камерны сайжралт. Ерөнхийдөө дан камертай iPhone 7-гийн хувьд ч тэр, нүүрний камерын чадвар ч тэр мэдэгдэхүйц сайжирсан байна. Нүүрний камер нь сэлфи хийхэд илүү тохиромжтой, өргөн өнцгөөр авдаг болсон. Зургийн чанар бүхэлдээ сайжирсан байна.
  • Баттерей зарцуулалт. Өмнөх iPhone 6s-ийн баттерейны зарцуулалтаас илүү сайжирсан байна. Зарлаж байсны дагуу 7 нь хоёр цаг, 7 Plus нь нэг цаг илүү урт ажиллах чадвартай болсон.
  • Дэлгэцний сайжралт. Дэлгэц нь илүү өргөн зурваст өнгийг харуулах чадвартай болсон. iPhone 7 утсаар авсан зургийг өмнөх 6s загварын авсан зурагтай харьцуулахад шууд мэдэгдэнэ.
  • Хурууны даралт мэдрэгчийн чанар. Өмнөх 6s загварт анх удаа нэвтэрсэн 3D touch буюу хурууны даралтын хүч мэдэрдэг технологи нь улам боловсронгуй болж, маш нарийвчлалтай ажилладаг болжээ. Мөн Apple-ын үндсэн аппликэшнүүдээс гадна бусад гуравдагч хөгжүүлэгчдийн аппликэшнийг хамрах болсон байна.
  • 7 Plus-ийн хос камерны татах чадвар. Дүрсийг татах буюу zoom хийх үйлдэл хос камертай 7 Plus загварт нэвтэрсэн нь зарим тохиолдолд мэргэжлийн камерыг орлох хэмжээнд хүрсэн байна.

 

Муу талууд:

 

  • Чихэвчний стандарт оролтгүй. Дагалдаж ирдэг чихэвчнээс нь өөр чихэвч ашиглах бол хувиргагч хэрэглэх шаардлагатай болж, энэ нь түвэгтэй санагдаж болзошгүй.
  • Jet Black буюу гялгар хар загварын гадарга нь амархан зурагддаг. Мөн хурууны хээ үлдэж, бохирдохдоо амархан.
  • Хэрвээ гэр ашиглавал iPhone 6-аас огтхон ч ялгарахгүй.
  • Утасгүй чихэвчний систем нь одоохондоо тогтворжоогүй байгаа тул найдвартай ажиллах баталгаа байхгүй.
  • Өөр чихэвч залгахад хувиргагч хэрэглэх шаардлагатай болсон нь хэрэглээг хүндрүүлж хувиргагчаас хамааралтай болгож байгаа.
  • Хос камертай iPhone 7 Plus нь ижил түвшний өрсөлдөгч нартай харьцуулахад том нүсэр мэт мэдрэмж төрүүлнэ. Үүнд хос камерыг эх биед багтаасан, камернуудын дурангийн товгор хэсэг (гадаргаас илүү гарсан) зэрэг нөлөөлж байна.
  • iPhone 7 Plus-ийн хос камерны чадварыг бүрэн ашиглах боломж одоогийн түвшинд бүрэн нээгдээгүй байна.

 

Эх сурвалж: The Verge