Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: Жүдогийн ЗУРГАА дахь өдрийн өмнө

Б.Дөлгөөн
2016 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 100 КГ – Н.ТҮВШИНБАЯР

Монгол Улсын түүхэн дэх анхны олимпийн аварга Н.Түвшинбаяр 3 дахь медалийнхаа төлөөх дайралтыг хийх гэж байна. 4 жилийн өмнө Лондоны олимпоос мөнгөн медаль хүртсэн тэрээр олимпоос хос медаль хүртсэн цорын ганц тамирчин билээ. Тэрээр одоогоор дэлхийн чансааны 15-р байрт бичигдэж байна.

Эхний тойрогтоо гоц мөргөж буй манай бөх 2-р тойрогт Кубын бөх Хосе Арментеростой оноолт таарсан. 2014 онд Челябинскийн ДАШТ-д цоорч мөнгөн медаль хүртсэн Армантерос чансаанд 8- байрт эрэмблэгдсэн бөгөөд тивийнхээ аваргаар 3 ч удаа тодорч байсан бөх. Манай Түвшинбаяр өнгөрсөн жилийн ДАШТ-ий эхний тойрогт түүнтэй таарч, ялж байжээ.

Түүнийг ялбал шөвгийн 16-д Африкийн бөхтэй барилдах нь тодорхой байгаа. Африкийн аварга Египтийн Рамадан Дарвиш болон Сэйшэлийн арлын бөх Доминик Дугассе нарын ялсантай тэр барилдах оноолттой. Сонирхолтой нь манай аварга Египтийн Дарвиштай 4 удаа барилдахдаа нэг ч удаа ялж байгаагүй аж. 

Энэ хэсэгт Оросын бөх, өмнөх олимпийн финалд манай Түвшээг ялсан Тагир Хайбулаев багтсан. Гэхдээ манай бөх хэсгийн финалд түүнтэй барилдаж, боломжит “хариугаа” авахын өмнө Хайбулаев энэ жингийн номер нэг, Мастерсийн аварга Элмар Гасимовыг хожих учиртай. 

Н.Түвшинбаяр 2008 оны Бээжингийн олимпод түрүүлж, эх орондоо анхны алтан медалийг авчирч байлаа.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78 КГ – П.ЛХАМДЭГД
 

 

Манай жүдогийн тамирчдын сүүлийг мушгиж, -78 кг-ийн жинд П.Лхамдэгд барилдаанаа хийх гэж байна.

3 дахь удаагаа олимпод оролцож буй туршлагатай тэрээр 2008 оны Бээжингийн олимпод 7-р байрт орж байсан билээ. Лхамдэгд маань дэлхийн чансаанд 18-р байрт яваа.

Тэрээр эхний тойрогт Унгарын бөх Абигел Йоотой таарсан. Йоо бол Европын хошой аварга, 2013 оны Универсиадад түрүүлж байсан нэгэн. 4 жилийн өмнө Лондоны олимпод хүрлийн төлөө барилдаж, гэмтэл аван ялагдаж байсан түүхтэй. Манай Лхамдэгдтэй 4 удаа барилдаж байсан бөгөд 3-т нь ялж байжээ.

Түүнийг ялж чадвал Японы  Мами Умеки манай бөхийг хүлээж байх болно. Өнгөрсөн жил 20хон насандаа дэлхийн аварга болсон Умеки энэ жил 2 л тэмцээнд орж, чансаа нь 8-т бичигдсэнээр дэлхийн чансааг тэргүүлэгч, гол фаворитуудын нэг Кайла Харрисонтой нэг хэсэгт орчихсон байгаа. Манай Лхамдэгд Умекиг 2-р сард Парисын их дуулгад ялж байсан удаатай.  

П.Лхамдэгд 2-р сард Парисын их дуулгад дэлхийн аварга цолыг эзэмшигч Японы М.Умекиг ялсан юм.