Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Чингисийн талбайд болох соёл, урлагийн арга хэмжээнүүд

С.Бадрал, iKon.mn
2016 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Баяр

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой,  Үндэсний их баяр наадмын үеэр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 оны 07 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд соёл, урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулна.


 “Учиртай гурван толгой” дуурь

2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 22:00 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд Монголын сонгодог урлагийн ноён оргил “Учиртай гурван толгой” дуурь тоглогдоно. Энэхүү тоглолтонд зориулан нийт 9,000 ширхэг сандал засч, тасалбарыг ticket.mn болон Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрын билетийн кассаар үнэ төлбөргүй түгээж байна. Энэ удаагийн “Учиртай гурван толгой” дууриййн гол дүрийг шалгаруулах уралдаан 06 дугаар сарын 30-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа зохион байгуулсан бөгөөд шалгаруулалтад нийт 15 уран бүтээлч өрсөлдөж, дараах уран бүтээлчид шалгарлаа. Үүнд:

  • Юндэнд - Э.Бумхүү / МУСТА УДБЭТ-ын  гоцлол дуучин /

  • Нансалмаад - Б.Энхнаран  / УДБЭТ – ын гоцлол дуучин /

  • Хоролмаад - Ө.Уянга  / МУГЖ, УДБЭТ-ын  гоцлол дуучин /

  • Балганд - С.Бат-Эрдэнэ /УДБЭТ-ын гоцлол дуучин/  нар шалгарсан.

 
“Улаанбаатарын үдэш” рок поп шоу /Харанга хамтлагийн тоглолт/

2016 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 21:00 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Улаанбаатарын үдэш” рок поп шоу болно. Энэхүү шоу арга хэмжээг UP MUSIC продакшн хариуцан зохион байгуулж байна. Олны дунд нэр хүнд бүхий телевизийн шоу нэвтрүүлгээс төрөн гарч буй уран бүтээлчдээс гадна залуу үеийн сонсох дуртай хамтлаг, дуучид ая дуугаа өргөж, алдарт “Харанга” хамтлагийн тоглолтоор үргэлжлэх юм.

“Талын бүжиг” фестиваль

2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 21:00 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам болно. Монгол туургатан улс орнууд болох БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Халимаг, Буриад улс, Монгол улсын мэргэжлийн урлагийн театр, чуулгын уран бүтээлчид нийлсэн 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тоглолтыг зохион байгуулах гэж байна.

“Морин хуур” фестиваль

2016 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 21:00 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд Дэлхийн хүн төрөлхтний соёлын өвийн дээжист бүртгэгдсэн Монгол түмний гайхамшигт Морин хуур хөгжмийн яруу тансагийг илтгэх фестивалийг зохион байгуулна. Энэхүү фестивальд Үндэсний их найрал, ардын урлагийн хамтлагууд, Морин хуурын мастеруудаас гадна морин хуур хөгжмийг сонирхогч гадаад уран бүтээлчид оролцоно.

“Улаанбаатар свинг найт” их талын жазз олон улсын жазз хөгжмийн наадам

2016 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 21:00 цагаас их хотын соёлын салшгүй хэсэг болсон жазз хөгжим, свинг хэмнэлийг мэдрүүлэх “Улаанбаатар свинг найт” арга хэмжээг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна. Монгол улсын жазз урлагийн шилдэгүүдээс гадна Япон, Турк, Орос, Герман зэрэг улс орнуудын уран бүтээлчид оролцож цоглог хөгжим, уян яруу аялгуугаар их хотын нэгэн үдшийг хамт өнгөрөөх болно.