Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

БАРИМТ: Хэдэн тэрбумаар үнэлэгдэх АСЕМ Виллагийн тухай

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж MCS группээс АСЕМ Вилла тансаг зэрэглэлийн хотхоныг барьж байгаа билээ. Уулзалтын үеэр гадны өндөр дээд хэмжээний зочдыг энд байрлуулах юм. Ингээд мэдээлэл нь тийм ч ил болоогүй байгаа тус хотхоны талаар сонирхолтой долоон баримтыг хүргэж байна.


АСЕМ Вилла Хүрхрээн аманд байрладаг

Улаанбаатар хотоос зүүн урагш орших Хүрхрээн ам нь Энхтайвны гүүрнээс 12.5 км-ийн зайтай. Эргэн тойрон уул ус тэгширсэн байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд их хотын завгүй амьдралаас түр амсхийх боломж олгоно.

53 Вилла бий

Бүтээн байгуулалт нь дуусах шатандаа явж буй энэ хотхонд нийт 53 байшин бий. Модерн загвараар хийгдсэн уг байшингуудыг хамгийн тансаг зэрэглэлд зориулж бүтээжээ.

Нэмж хэлэхэд эдгээр нь MCS группийн Виста брэндийн байшингууд юм. Өмнө нь тэд Белла Виста, Будда Виста зэрэг тансаг зэрэглэлийн хотхон барьсныг нийслэлчүүд сайн мэднэ.

АСЕМ Вилла 360 м2, 500 м2 гэсэн хоёр сонголттой
 

Энэхүү хотхоны байрнууд м2-ийн хувьд хоёр сонголттой. Бидний олж авсан мэдээллээр нэг байр нь хэдэн тэрбумаар хэмжигдэх үнэтэй ажээ.

Club House-аар үйлчлүүлнэ

Хотхоны зүүн талд Club House хэмээх үйлчилгээний газар баригдаж буй. Энд фитнесийн төв, ресторан, лоунж, уурын болон хуурай саун, халуун, хүйтэн жакуззи байгаа юм байна.

Байшин бүр 5 угаалгын өрөөтэй
 

М2-аас үл хамаарч байшин бүр таван угаалгын өрөөтэй байх юм байна. Мөн дөрвөн унтлагын өрөө, гэр бүлийн өрөө, номын өрөө, үүдний танхим, өлгүүр, агуулах, хоолны өрөө, гал тогоо, гэрийн үйлчлэгчийн өрөө, ажлын өрөө зэрэг 20 гаруй хэсгээс бүтжээ.

Угаалгын өрөөнүүдийг л гэхэд Японы TOTO болон Германы Kohler брэндээр тоноглосон байна.

Хажуудаа гольфийн талбай, цанын баазтай

Энэ барилгыг улам үнэтэй болгож буй онцлог нь 18 нүхтэй гольфийн талбай болон Скайрезорт цанын баазын зэргэлдээ оршиж байгаа байршил нь юм.

 

Мөн дугуйн маршрутаар Богд ууланд 10 км орчим аялах боломжтой. Нэмж хэлэхэд тансаг зэрэглэлийн хотхонуудад байдаг хөлбөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай ч бий.

АСЕМ дууссаны дараа хувь хүмүүс худалдаж авна

Энэхүү бүтээн байгуулалтыг хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр хийж буй. Тэд мэдээж АСЕМ-ын хурал дууссаны дараа байшингуудаа худалдах юм. Албан ёсоор худалдаж эхлээгүй байхад л бараг эзэд нь тодорчихсон тухай албан бус эх сурвалж мэдээлсэн. Сонирхолтой нь дэлхийн томоохон улс төрчдийн буудаллаад буцсан байшингуудыг (Путины, Ши Жиньпиний... гэх мэт) онцлон авахыг хүссэн хүмүүс их байгаа ажээ. 

 

Хүрхрээн амны нэг жилийн өөрчлөлт

Original Image 2015 оны зун
Modified Image 2014 оны намар