Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Индонези улс хар тамхины хэрэгт холбогдсон гадаадын 10 иргэнийг цаазална

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Энэ сард хар тамхины хэрэгт холбогдсон гадаадын 10 иргэнийг цаазлахаар болсон нь Индонезийн ерөнхийлөгч Жоко Жокови Видодогийн гаргаж байгаа гурав дахь маргаан дагуулсан шийдвэр болж байна.

Индонезийн цагдаагийн мэдээллээр гадаадын 10 иргэнээс гадна Индонезийн таван иргэнийг хамтад нь Жава арлын өмнөд эрэг дэх шоронд буудаж хөнөөх гэнэ. Гадаадын иргэдийн дөрөв нь Хятад, нэг Пакистан, хоёр Нигери, хоёр Сенегал, нэг Зимбабве байгаа ажээ.

2015 оны дөрөвдүгээр сард Индонезийн эрх баригчид найман хүн цаазалсны тав нь гадаадын иргэн байсан юм. Үүнээс болоод Индонези болон Австрали зэрэг улсуудын харилцаанд хүндрэл гарч элчин сайдаа түр хугацаанд татаж байв.

Олон улсын дургүйг хүргэсэн энэ шийдвэрээ Индонезийн ерөнхийлөгч Жокови тайлбарлахдаа тус улсад гардаг хар тамхины гэмт хэрэгт “шок эмчилгээ” хэрэгтэй гэж зөвтгөж байгаа юм.

Индонези улсад 4.5 сая хүнд хар тамхины эмчилгээ хийх шаардлагатай байгаа ба өдөр бүр 40-50 залуус хар тамхинаас болж амиа алддаг гэсэн тоо бий.

Цагдаагийн газар цаазын ажиллагаанд бэлдээд эхэлсэн бөгөөд 180 цагдаа буудах ажиллагаанд оролцохоор бэлтгэгдэж байгаа гэнэ.

Одоогоор цаазлах өдөр болон цаазлагдах хүмүүсийн нэрсийг зарлаагүй байна. Индонезийн хуулиар цаазын ажиллагаанаас 72 цагийн өмнө мэдэгддэг аж.

Үүнтэй холбоотойгоор Эмнести Интернэшнл болон бусад хүний эрхийн байгууллагууд цаазын ажиллагааг эсэргүүцсэн тэмцлээ эхлээд байна.

 

Эх сурвалж: The Diplomat