Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баттулга: Би Д.Жигжид гуайтай “барилдах” гэж энэ киног хийгээгүй

Б.Даваахүү
2016 оны 5 сарын 14
Монголын мэдээ
Зураг зураг

Жүжигчин мэргэжилтэй ч, найруулагч гэдгээрээ олонд танигдсан уран бүтээлч бол С.Баттулга. Тэрбээр “Эдүгээчилсэн Монгол кино” төслийн хамгийн анхны уран бүтээл “Өнөр бүл өнөө цагт” киноны найруулагчаар ажилласан юм. Кино энэ сарын 15-ны өдөр бүх кино театруудын дэлгэцнээ нээлтээ хийх билээ. Сэтгэлд мөнхөрсөн хуучны киног эдүгээчлэх эхний түүчээ болж буй найруулагч, жүжигчин С.Баттулгыг  редакцийнхаа хойморт урьж, шинэхэн уран бүтээлийнх нь тухай ярилцлаа. 

-“Алтан үе”-ийн чадварлаг уран бүтээлчид дүрийг нь амилуулж, ард түмний сэтгэлд аль хэдийнэ хоногшоод үлдчихсэн киног эдүгээчлэн дахин бүтээхийн тулд та багаа хэрхэн бүрдүүлэв. Энэ асуултаас хоёулаа ярилцлагаа эхэлье?

-1980 оны “Өнөр бүл” кинонд авьяаслаг жүжигчид тоглосон учраас өнөөдрийг хүртэл хүмүүсийн сэтгэлд хоногшин үлдэж чадсан гэж би боддог. Үнэнийг хэлэхэд, Д.Жигжид гуай академик боловсролтой байгаагүй.

Гэхдээ Монголын кино урлагийн генерал гэж нэрлэгдэхээр даацтай уран бүтээлч байсан. Үзэгчид маань нэг л зүйлийг ойлгоосой гэж  хүсч байна.

Шекспирийн жүжгүүдийг театрт тавьдаг. Миний санаж буйгаар 1997 онд “Ромьёо Жульетта” жүжгийг Найдандорж амжилттай найруулан тавьсан. 

1997 онд “Ромьёо Жульетта” жүжгийг Найдандорж амжилттай найруулан тавьсан. 

Харин өнөөдөр Наранбаатар  шинэчлэн найруулж тавьсан. Бас л амжилттай болсон.

Театрын урлагт энэ мэт хувьсал явагдаж буйтай адил 100 гаруй жилийн настай Монголын кино урлагт ч гэсэн зохиолоор нь тухайн киног дахин хийх хувьсал явагдаж байна гэж ойлгож болно. Би 1980 онд бүтээгдчихсэн киног давсан кино хийх гэсэнгүй.

Гагцхүү зохиолыг нь л  кино групптэйгээ хамтарч өөрийн өнцгөөсөө харж найруулсан хэрэг. Түүнээс биш тэр кино сул санагдаад дахин хийж байгаа юм биш шүү. “Өнөр бүл” үнэхээр сайн кино. Хүүхэд байхаас сэтгэлд хоногшиж үлдсэн тэр киноны зохиолыг барьж өнөөдөр өөрийн өнцгөөсөө найрууллаа. Киног нь биш шүү. Зохиолыг нь барьж ажилласан хэрэг.

-Үзэгчдийн сэтгэлд үлдчихсэн, тэр хэвээр нь хүлээгээд авчихсан киног дахин хийхэд хэцүү байв уу?

-Тийм ээ. Зовлон байна. Ядаж байхад “Эдүгээчилсэн Монгол кино” төслийн эхний уран бүтээл нь байдаг.  Юмны эхлэл гэдэг утгаараа  зовлонтой байдаг юм байна.

Магадгүй надаас өмнө нэгээс хоёр уран бүтээл эдүгээчлэгдчихсэн бол арай л ондоо байх байсан болов уу.

Уулын спортоор бол мөр гаргаж буй хэрэг. Хамгийн урд авирч яваа тамирчин хамгийн хүнд ачааг үүрч явдаг гэдэг. Одоо надад яг тийм л сэтгэгдэл төрж байна. Ямар ч баримжаагүй байгаа учраас тэр. Гэхдээ гоё зовлон гэж хэлж болно. 

Нэг уран бүтээл хийгээд сайн, муугаар хэлэгдэх байх. Гэсэн ч, уран бүтээлээсээ авах таашаал гэж бий.

Хэчнээн шаналж, зовиурлаж байгаа ч, тэр маань амттай байна. Уран бүтээл бол шаналал юм гэж нэг их ухаантай хүн хэлсэн байдаг юм билээ. Уран бүтээл эмзэглэлээс гардаг ч гэж ярьдаг.

-Аваргыг давж, аварга болдог гэдэг. Та Д.Жигжид гуайг кино урлагийн генерал гэж тодорхойлсон. Энэ хүний киног эдүгээчлэхийн тулд их хөдөлмөрлөсөн байх даа?

-Мэдээж. Өндөр хариуцлага шүү дээ. Энэ киног тоглоом болгож хийвэл би Д.Жигжид гуайг доромжилсон болно. Зүгээр нэг маазарч, ашиг олох зорилгоор хийсэн бол Д.Жигжид гуайг цаашлаад кино урлагийг доромжилсон хэрэг болно.

Ингэхгүйн тулд кино группийн багтайгаа маш сайн ярилцсан, ажилласан. Гэхдээ би Жигжид гуайг давъя гэсэндээ энэ киног хийгээгүй юм шүү.

Д.Жигжид гуайн кино шүү дээ гэдэг үгийг би маш олон удаа сонслоо. 

Д.Жигжид гуайн кино шүү дээ гэдэг үгийг би маш олон удаа сонслоо. Манай киночид хүртэл “Чи Өнөр бүл киног хийж байгаа гэсэн үү.

Жигжид гуайн кино шүү дээ” гэж хэлж байсан. Нэг ёсондоо Д.Жигжид гуайтай “барилдах” гээд байна уу гэсэн утгатай асуулт байхгүй юу. Би Д.Жигжид гуайтай барилдах гэсэнгүй. Би кино зохиолыг нь л барьж ажилласан. Би Д.Жигжид гуайг, түүний бүтээлүүдийг нь шүтэж явдаг. 

-Шуудхан асууя. Зарим үзэгчдийн хувьд хуучны киноноос нь дордуулчих вий гэж болгоомжилж буй бол зарим нь шинэ санаа олохгүй хуучнаасаа хуулбарлалаа гэж шүүмжлэх аястай байх шиг. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Нэгэн айхтар кино шүүмжлэгч польш эр  ном гаргасан байдаг юм билээ. Тэрбээр дэлхий ертөнц дэх бүх л кино зохиолд анализ хийж үзсэний эцэст номдоо дэлхийн кино зохиолд 37 ширхэг нийтлэг санаа байна гэж бичсэн байдаг. Харин түүнийг хэрхэн яаж бичих нь зохиолчийн ур чадвар, яаж найруулах нь найруулагчийн ур чадвар, өөрийнхөөрөө яаж амьдруулах нь жүжигчнээс шалтгаалдаг юм байна. Үзэгчид шүүмжлэх нь тодорхой. Шүүмжилж болно, гэхдээ доромжилж болохгүй. 

Ний нуугүй хэлэхэд, тийм сайхан киног энэ залуучууд яачихав гэж шүүмжлэх хандлага үзэгчдийн дунд байгаа нь үнэн. Тэр шүүмжлэлийг давж гарна гэсэн итгэл, зориг бидэнд байна. “Энэ ч дээ” гэсэн бодолтойгоор би хэзээ ч уран бүтээлдээ хандаж байгаагүй. Хүмүүст таалагдана, хүргэнэ гэсэн итгэлээр  хийсэн. Гэхдээ түгшиж байна. Тавдугаар сарын  15-ны өдөр их хол, эсвэл хэт ойр байгаа ч юм шиг. 

-Киног найруулаач гэсэн хүсэлтийг та ер нь яаж хүлээж авав?

-Санааг нь би өөрөө өгчихсөн юм. 

-МУГЖ Ч.Алтан-Өлзий гуайн хүсэлтээр энэ киног хийж байгаа гэсэн үү?

-Үгүй. Ч.Алтан-Өлзий ах “Өнөр бүл-2” гэх киноны төсөл хэрэгжүүлэх гэж байгаа юм билээ. Би хожимхон мэдсэн. “Эдүгээчилсэн Монгол кино” төсөлтэй холбоогүй байх. 

-“Эдүгээчилсэн Монгол кино” төслийн эхлэл нь “Өнөр бүл өнөө цагт” кино болж байгаа. Дараа дараагийн бүтээлүүд нь юу байх бол. Та найруулагчаар нь ажиллах болов уу?

-“Хүлэгү пикчерс”, “Монгол кино” нэгтгэлийн “Эдүгээчилсэн Монгол кино” төслийн хүрээнд хийгдэж буй анхны бүтээл нь “Өнөр бүл өнөө цагт” шүү дээ. Би яг одоогоор үүцийг нь задлах эрхгүй.

Гэрээгээр ажиллаж буй учраас надад дараа дараагийнх нь уран бүтээлийг нь задлах эрх байхгүй. Гэхдээ сонирхуулж хэлэхэд, “Аман хуур” гэх мэт хэд хэдэн киноны нэр  сонсогдож байсан. Хоёр жилдээ нэг киног эдүгээчлэх төлөвлөгөөтэй байгаа юм билээ. 

-1980 оны киног эдүгээ цагт авчирч найруулахад аль хэсэг нь танд хамгийн хэцүү байв. Кино багийн зарим эрхмийн хувьд гол дүрийн хоёр баатрыг уулзуулахгүй байх л хэцүү байлаа гэж ярьж байсан? 

-“Өнөр бүл” кинонд Цэрмаа автобусны кондуктор байдаг. Гэвч өнөөдөр автобус кондукторгүй. Энэ хамгийн эхний асуудал. Тэгвэл Цэрмаа ямар ажил хийх вэ. Тухайн үед гар утас гэж байгаагүй. Харин эдүгээ ажил хийдэг хүн бүр  гар утастай. Тийм байтал тэр хоёрыг яаж уулзуулахгүй байх вэ гэдэг хамгийн хэцүү байсан нь үнэн. Тэр болгоныг чадан ядан  бид шийдэж чадсан.  

-Хүний мөс чанар муудчихсан өнөөгийн нийгэмд сайхан сэтгэлтэй Гармаагийн дүрийг дахин амилуулахад  найруулагчийн хувьд  хэр хэцүү байв?

-Яалаа гэж дээ. Хүн бүхэнд байдаг л чанар. Үнэн л дээ. Мөнгө улаан нүд цагаан болчихсон байна. Гэхдээ түүнээс гарахын тулд  ямар нэг зүйл  хийхгүйгээр элдвээр хараагаад суух нь утгагүй. Би дээр хэлсэн. Шүүмжилж болно, битгий доромжлоосой. Миний фэйсбүүк хуудаст хааяа ямар ч шалтгаангүй доромжууд ирдэг.

Би тэдгээр  хүмүүст доромжлуулах юу хийсэн юм бэ. Энэ чинь л хүний мөс, хүнлэг чанар мохсоны шинж байхгүй юу. Хүнийг шүүмжилж болно. Заавал хараалын үг бичиж, нервтэх шаардлага байдаг ч юм уу. Гэхдээ сайхан сэтгэлтэй хүмүүс хорвоогоор дүүрэн байгаа. 

-“Өнөр бүл” кинонд хоёр ихэр хүүхэд гардаг. Эдүгээчилсэн “Өнөр бүл”-д гурван ихэр хүүхэд гарах юм билээ. Энэ зохиолчийн санаа байв уу, эсвэл найруулагчийн нэг өнцөг үү?

-Зохиолчийн санаа байлгүй яах вэ. Өнөө цагт хоёр ихэр хүүхэд гайхаад байх зүйл биш юм шиг санагдсан юм. Учир нь би өөрөө ихэр хүүхэдтэй болохоор тэр байх. Гурван ихэр болгочихвол сонин бөгөөд содон болох юм шиг санагдсан. 

-Дүрийн сонголтыг яаж хийв?

-Киног хийх шийдвэр гарсны дараа кино багаараа дүр сонголтын талаар ярилцсан. Нэн тэргүүнд өнөө цагийн Гармаа, Цэрмаа, үйлдвэрийн дарга  хэн бэ гэсэн асуулт бидний өмнө тавигдаж байлаа.

1980 оны “Өнөр бүл” киноны жүжигчин бүр өөрсдийн бүтээсэн дүрээрээ хайрлагдаж чадсан байдаг.

 Авьяас нэгхэн хувь, 99 хувь нь хөдөлмөр гэдэг үгтэй би санал нийлдэггүй.

Тийм ч учраас зарим жүжигчдэд санал тавихад шууд татгалзах тохиолдол байсан. Бид дуу нэгтэйгээр гол дүрд Батааг сонгосон.

Батаа зүгээр нэг жүжигчин биш, олон дүрд хувирч чадах чадварлаг жүжигчин шүү дээ. Үйлдвэрийн даргаар Мягмарнаран ахыгаа сонгосон.

Харин Цэрмааг сонгохдоо нэлээд хэдэн удаа мэргэжлийн болон мэргэжлийн бус жүжигчдийн дунд сонгон шалгаруулалт явуулсан. Гэтэл яг хажууханд байсан юм билээ. “Оллоо” телевизийн сэтгүүлч бүсгүй байгаа. 

-Цэрмааг уруул дээрээ мэнгэтэй бүсгүй байгаа болов уу гэж төсөөлж байлаа?

-Мэнгэтэй. Цэрмаагийн дүрийг бүтээсэн Б.Болормаа амьдрал дээрээ ч уруулын орчимдоо мэнгэтэй шүү. 

-Цэрмаагийн дүрд мэргэжлийн бус хүнийг сонгон тоглуулжээ. 1980 оны “Өнөр бүл” киноны Цэрмаад ч мэргэжлийн бус хүн тоглож байсан юм билээ. Ер нь жүжигчин биш, сэтгүүлч мэргэжилтэй хүнтэй ажиллахад ямар байсан бэ?

-Авьяас байхад бүх юм болно. Авьяас нэгдүгээрт шүү дээ. Дараа нь хөдөлмөр, ухаан. Хэчнээн хичээл зүтгэл гаргаад авьяасгүй бол хэцүү. 

-Мэргэжлийн бус хүмүүс кино урлагт орж ирэхэд мэргэжлийн жүжигчид дурамжхан байдаг юм шиг байна билээ?

-Яаж дуртай байх вэ дээ. Өрсөлдөөн юм чинь. Гэхдээ авьяас хамгийн чухал. Жүжигчний мэргэжлийг дөрвөн жил сураад эзэмших үү гэдэг чинь өөрөө эргэлзээтэй. Авьяас нэгхэн хувь, 99 хувь нь хөдөлмөр гэдэг үгтэй би санал нийлдэггүй. Авьяас дийлэнх нь, түүн дээр хөдөлмөр нэмэгдвэл амжилт юм. 

-Киноны гол дүр гажиг Гармаагийн дүрд жүжигчин Баттөмөрийг сонгожээ. Гол дүрийн  жүжигчнийг яаж харж сонгосон нь их сонин байна? 

-Батаа байхгүй юу. Батаа л  өнөө цагийн Гармаагийн дүрд тохирно. Надад яагаад ч юм тэгж санагдсан. Батаагаас өөр Гармаагийн дүрд тохирох хүн байхгүй. Ч.Алтан-Өлзий ах гажиг Гармааг үзэгчдийн сэтгэлд тамгалчихсан хүн шүү дээ. Надад Батаагаас өөр хүн бодогдоогүй. 

-Та кинондоо туслах дүр  бүтээсэн гэсэн. Хэний дүрд тоглосон бэ?

-Гармаагийн найз Гунгаа гэдэг залуугийн дүрд тоглосон. Онгоцонд сонин дээр манай Гармаагийн зураг гарчихжээ гээд ээжтэй нь ярьдаг туслах дүр байдаг шүү дээ.  Тэр хүний дүрийг бүтээсэн. 

-Нэг ярилцлагадаа найруулж буй кинондоо дүр бүтээх хэцүү байдаг гэж та ярьсан байсан?

-Надад төвөгтэй санагдаад байдаг юм. Би анх өөрийн найруулсан нэг кинондоо дүр бүтээж байсан. Тэр үед ахиж хэзээ ч өөрийнхөө найруулсан кинонд тоглохгүй гэж бодсон удаатай. Гэвч хүсээгүй юм хүзүүгээр татна гэдэг шиг кино хийх болгондоо л өөрөө тоглочихоод байдаг юм.

Гэхдээ бүх кинондоо биш шүү. Найруулагч камерын ард жүжигчдийн тоглолтыг хараад сууж байх ёстой хүн. Өөрөө урд талд нь гараад тоглочихвол хяналт байхгүй болчихдог. Гэрэл сүүдэр, жүжигчдийн тоглолт, би өөрөө яаж тоглож байгаа гэдгээ ч хянаж чадахгүй болно.

Яах вэ орчин цагт сэргээгээд харж болж байна. Гэтэл ингэхдээ зөвхөн өөрийнхөө тоглолтыг хараад явчихдаг муу тал бий. Жаахан асуудалтай тал нь энэ. Сайн найруулагч  бол аль алиныг нь амжуулах  байх. 

-Ер нь жүжиглэх, найруулах хоёрын аль нь хэцүү байдаг юм бол?

-Хоёулаа л хэцүү. Авьяастай хүнд хоёулаа л амархан байх. 

-Өмнөх уран бүтээлүүд нь амжилтад хүрчихсэн уран бүтээлч шинэ кино хийхдээ өмнөхөөсөө давсан бүтээл болох болов уу гэсэн хүлээлттэй байдаг байх. “Өнөр бүл өнөө цагт” киноноос ямар хүлээлттэй байна?

-Айгаад л байна. Өөрөө өөртэйгөө өрсөлдөх л хэрэгтэй юм шиг байгаа юм. Гэхдээ гайгүй байх. Би бүрдүүлсэн багтаа л хамгийн  их итгэж  байна. Батаа гол дүрийг их өвөрмөц байдлаар амилуулсан. Бид өнөө цагийн Гармаа ямар байх вэ гэдэг дээр их ярилцсан. Бусад кино, шоун дээрх  тоглолтоосоо огт өөр Батаа энэ кинонд гарч ирнэ. Үүнд нь их олзуурхаж байгаа даа. 

-Хэдэн жилийн өмнөх ярилцлагадаа та өөрийн гэсэн брэнд уран бүтээлийг хийж амжаагүй  явна гэж ярьсан байсан. Түүнээс хойш нэлээд  уран бүтээл хийчихлээ. Брэнд уран бүтээлээ хийж чадсан уу?

-Үгүй. Би залуу, болоогүй  байна. Гэхдээ сайн уран бүтээл хийнэ. 

-Танд уран бүтээлийнхээ төрөл жанрыг өөрчлөх бодол байдаг уу. Ихэвчлэн романтик инээдмийн кинон дээр ажиллаад байгаа нь анзаарагддаг? 

-Би уян хүн юм шиг. Юмыг хүндрүүлж хийж чаддаггүй. Дээрээс нь хамтарч ажиллаж байгаа уран бүтээлчид ихэвчлэн иймэрхүү төрөл жанрын уран бүтээлийн саналыг надад  тавьдаг. Би жанраа өөрчилнө. Огт өөр уран бүтээл хийнэ. 

-Жүжигчний хувьд өөрий­гөө эвдсэн уран бүтээл­д тоглох  бодол байна уу?

-Надад нэг мөрөөдөл бий. Монгол ахуйтай кинонд тоглох юмсан л гэж боддог. 

-Долоо хоног бүр л шинэ уран бүтээл нээлтээ хийдэг. Гэхдээ Монгол ахуйг харуулсан уран бүтээл ховор байх юм?

-Ний нуугүй хэлэхэд, продюссер байхгүй байна. Надад ахуйтай хоёр ч зохиол бий. Тэр киног продюссерлэх хүн байдаггүй. 

-Монголын кино урлагийн хөгжилд одоо юу дутагдаж байна вэ?

-Зохиол. Кино урлагийн хөгжлийн тулгуур нь зохиол шүү дээ. Надад хоёр, гурван ч дүүмэд хүмүүс өөрсдийн кино зохиолоо уншуулж байсан юм. Тэр үед зохиол арай л биш байсан. Би сэтгүүлчдийг кино зохиолын салбар руу орж ирээсэй гэж хүсдэг. Кино зохиолыг юм  бичдэг хүн л бичих хэрэгтэй. 

Зураг