Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛ!

О.ЭРДЭНЭСҮХ
2016 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Зорилгоо хэрхэн биелүүлэх вэ? Зорилгодоо хүрсэн хүмүүсийн нууц нь юу байдаг юм бол оо? Хариулт нь их энгийн. Ер нь ерөөсөө л их энгийн.

Англиар "Work your ass off" гэж нэг хэллэг бий. Энэ нь соёлтойгоор орчуулбал байдаг бүхнээ дайчлаад, шаргуу ажилла гэсэн үг л дээ. Зорилгодоо хэрхэн хүрэх вэ гэвэл хариулт нь шууд бүх хүнд өгч болох хариулт энэ. Яг үнэндээ бас нэгдсэн хариулт гэж байхгүй л дээ. Яагаад гэвэл хүн бүхэн ижил зоригтой биш шүү дээ. Хүн бүхэн өөр зүйлийн төлөө явж байгаа, харин түүндээ хүрэхийн тулд хийх ёстой өөр өөр зүйлс бий. Бас дээрээс хүн хүн өөрийн гэсэн онцлогтой болохоор надад болдог бүхэн хүн бүхэнд болохгүй байх боломжтой. Гэхдээ зүгээр нийтлэгдүү гэмээр хэд хэдэн зүйлс бий.

  • Маш тодорхой бай. Салбартаа шагшигдсан мундаг мэргэжилтэн болно гэдэг бол хэтэрхий ерөнхий. Аа тэгээд зорилго ерөнхий байх тусам биелэх магадлал төдий чинээ бага. Хэдэн жилийн дараа, ямар ямар амжилт үзүүлж байж, хэдэн шатны албан тушаал дэвшиж байж, ямар шалгуураар хамгийн шилдэг нь болох уу, түүний төлөө өнөөдөр, маргааш, бүр өдөр бүр би яаж ажиллах уу гэдгээ тодорхой мэддэг байх хэрэгтэй. Тэгж байж та өөрөө түүндээ итгэнэ.
     
  • Цаг хугацаатай бай. Таны хүсэл мөрөөдөл, зорилго хязгааргүй байж болно харин таны амьдрах хугацаа хязгаартай. 12 жилийн сурагч сургуулиа нэг л өдөр төгсөнө дөө гэж ярьдаггүй биз дээ яагаад тэд яг 12 жил сураад төгсөнө гэдгээ мэддэг. Түүнтэй адил аливаа зорилгын ард "нэг л өдөр" гэдэг хугацаа тавиад байвал та харамсалтай нь түүндээ хэзээ ч хүрэхгүй.
     
  • Мэдээлэл, мэдлэгтэй бай. Сансрын нисгэгч болж саран дээр буух таны амьдралын зорилго хэмээн та ярьж болно. Гэтэл яг одоо сар, дэлхий хоёрын хоорондох зайг (384,400 км) цээжээр мэдэхгүй бол та үүлэн дээгүүр хөвөн зүүдэлж явна. Сэрэх хэрэгтэй. Та зорилгодоо хүрэхийн тулд ямар ямар мэдлэг чадварыг эзэмших ёстой, хичнээн цаг хугацаа зарцуулах ёстой, хэнээс суралцах ёстой, юу юуг золиослох ёстойг та нэвт шувт мэддэг байх хэрэгтэй. Тэгсэн цагт замд тань таарах саад тотгорт та торохгүй урагшилж чадна.
     
  • Шалтаг бүү тооч. Шулуун зам чадварлаг жолоочийг бэлтгэдэггүй гэж үг бий. Амжилтад хүн амархан хүрдэггүй, гэдсээ илж хэвтээд, бусдын араар орж хэвтээд, амаа чилтэл яагаад зорилгодоо хүрч чадахгүй байгаа чинь өөр хэн нэгний буруу талаар яриад та хаана ч хүрэхгүй. Мэдээж үнэхээр бусдын буруу байж болно л доо. Гэхдээ бодоо үз дээ. Тэглээ тэр хүмүүс чинь өөрчлөгдлөө юу? Тэглээ гээд таны эргэн тойрон дахь гадны нөхцөл байдлууд шууд сайжирлаа юу? Ёстой л ягшдээ морио, янцгаагаач унагаа шүү дээ. Үнэнийг хэлэхэд таны зорилгодоо хүрэх аялал хэзээ ч амархан, эсвэл дардан байхгүй харин хэцүү, зовлонтой, асар их тэвчээ хатуужил шаардсан, асар олон нойргүй хоногууд шаардсан байх болно. Тэр бол баталгаатай. Тэгээд дээрээс нь танд гай болох хүмүүс, таны эсрэг бий болох нөхцөл байдал, таныг албаар бүтэлгүйтэхийг хүсэх дайснууд захаас аваад л гарна. Гэвч цорын ганц үнэн бол та энэ бүхэндээ гомдоллоод, шалтаглаад учирлаад юу ч, бүр юу ч өөрчлөгдөхгүй. Бүх зүйл яг бахь байдгаараа харин таны эрч хүч илүү суларсан байх болно. Тиймээс л шалтгийг зүгээр л хумхиж байгаад хогийн сав руу чихчих. Тэгээд мартчих.

Эх сурвалж: erdenesukh.com