Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Түүхийн хуудаснаас арчигдсан ЗУРГААН ХҮН

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 12 сарын 7
iKon.MN

Үзэл суртлын шалтгаанаар хэн нэгнийг түүхийн хуудаснаас бүр мөсөн зайлуулах ажиллагаа явагдсаар иржээ.

Хамгийн сүүлд гэхэд хоёр жил хүрэхгүй хугацааны өмнө ийм үйл явдал болсон байна.

Ингээд түүхээс дүр нь арчигдсан зургаан хүний тухай танилцуулъя.

 

Хойд Солонгосын удирдагчдын нэг Жан Сон-тэк

 

Хоёр жил орчмын өмнө Ким Жон Уны авга, ойрын зөвлөх Жан Сон-тэкийг цаазаар авхуулсан тухай мэдээ тархсаны дараа Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг бүх фото зураг, онлайн архиваас бүр мөсөн цэвэрлэх ажиллагаа явуулжээ.

Guardian сонин энэ явдлыг “KCNA мэдээллийн агентлаг, Родон Синмун сонины түүхэнд байгаагүй том цэвэрлэх ажиллагаа” гэж бичиж байв.

 

Николай Ежов, Иосиф Сталины нууц цагдаагийн байгууллагын тэргүүн

 

“Цэвэрлэгч комиссар” нэрээр алдаршсан Ежов 1940 онд цаазлуулсны дараа гэрэл зургийн архиваас сураггүй алга болсон юм.

Сталинд үнэнч Ежов нь нууц цагдаагийн газрыг тэргүүлж Сталины их цэвэрлэгээний жилүүдэд Зөвлөлтийн дэглэмд итгэдэггүй гэж үзсэн олон хүнийг баривчилж, цаазалсан байдаг.

Гэвч өөрийн сүүдэртэй түүхийг гэрчлэх хүн үлдээх дургүй Сталин түүнийг дараа нь баривчилж цаазалсан бөгөөд архиваас бүх баримтыг нь устгасан гэнэ.

 

Адольф Гитлерийн үзэл суртлын сайд Иозеф Геббельс

 

Авьяаслаг илтгэгч, тууштай жүүдийн эсрэг үзэлтэн Геббельс нь Гитлерийн хамгийн итгэлтэй хүмүүсийн нэг байсан. Гитлер түүнийг үзэл суртал эрхэлсэн сайдаар томилж Герман орон даяар нацист үзлийг сурталчлуулахаар илгээж байв. Үүний үр дүнд ч Германчуудын сэтгэл зүй дайнд бэлтгэгдсэн юм.

Ойр хүрээлэлд нь байсан Геббельсд Гитлер бүрэн итгэж амиа хорлосных нь дараа цогцосыг нь шатаах итгэлт хүнээр томилогдож байжээ.

Сталины нэгэн адил Гитлер өөртөө хэрэггүй хүмүүсийг цэвэрлэдэг байсан ч яагаад 1937 онд Германы зураглаач Лени Риефеншталийн буулгасан энэхүү зурагнаас Геббельсийн дүрсийг арилгуулсан нь одоо хүртэл нууц хэвээр байна.

 

Оросын хувьсгалч Лев Троцкий

 

Большевик хувьсгалын эхэн үед Троцкийн дуу хоолой маш их нөлөөтэй байсан ч сүүлдээ Ленины тойрон хүрээлэгсдээс урвуулан Меншевикүүдтэй хуйвалдсанаар ардын дайсан болж хувирсан юм.

Хэдийгээр дараа нь Большевикуудтай эргэн нэгдсэн ч Ленин түүнийг 1917 онд “өөдгүй новш” хэмээн зарлаж Лениныг нас барсны дараа Сталин түүнийг архивын гэрэл зургуудаас арчсан гэдэг.

Эцэстээ Троцкий ЗХУ-аас дүрвэж Мексикт амьдарч байгаад Сталины илгээсэн алуурчны гарт алагдсан юм.

 

ХКН-ын удирдагчдын нэг Бо Гу

 

Хятадын Коммунист Намын нөлөө бүхий удирдагч Чинь Баншянь буюу Бо Гу их удирдагч Мао Зэдуний баруун гар байсан.

Гэвч алдарт Их аяны үеэр байлдааны тактикийн асуудлаар Маотай маргалдсан тул “улс төрийн ноцтой алдаа” хийсэнд тооцон зайлуулагдаж 1935 онд түүний оронд Жан Вентянийг томилжээ.

Яг ямар асуудлаар санал зөрөлдсөнийг янз бүрээр тайлбарладаг ч Мао түүний дүрийг өөрийнхөө гэрэл зургаас арилгуулсан нь нэлээд том зөрчил байсны илрэл байх.

 

 Зөвлөлтийн сансрын нисэгч Григорий Нелюбов

 

1960 оны гэрэл зурган дээр байгаа Нелюбов нь тухайн үедээ анхны сансарт нисэх хүний сонголтонд дээгүүр жагсаж байжээ.

“Сочигийн зургаа” гэгдэн сансарт нисэхээр бэлтгэгдэж байсан залуусын гурав эсвэл дөрөвдүгээрт бичигдэж байсан Нелюбовыг архитай холбоотой зөрчлөөс нь болоод Зөвлөлтийн сансрын хөтөлбөрөөс хөөсөн гэдэг. Ингээд түүний баримтуудыг архиваас устгажээ.

Сүүлд Нелюбов галт тэргэнд дайруулж амиа алдсан ба үүнийг нь амиа хорлосонд тооцсон байдаг.

 

Эх сурвалж: Business Insider