Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Барууныхан Сирид Оростой хамтрах хэрэгтэй юу?

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Энэ асуултанд Carnegie Europe-ын Жади Дэмпси экспертүүдээс хариулт авч  эмхэтгэжээ.

Тэдгээрээс түүвэрлэн хүргэж байна.

Федерига Бинди. Ахлах аспирант, Трансатлантын Харилцааны Төв,  Жон Хопкинсийн Олон улсын Харилцааны сургууль

Тийм, ингэх хэрэгтэй. Ингэснээр өнгөрсөн алдаанаасаа суралцах боломж гарна. Барууныхан 9 сарын 11-ний террорист халдлагын хариуд Афганистанд дайн хийсэн. Иракт дайн хийхдээ хуучин удирдагч Саддам Хусайнд бөөнөөр устгах зэвсэг байгаа гэсэн итгэл үнэмшил дээр дөрөөлсөн. Эцэст нь дарангуйлагч Муаммар Каддафигаас Ливийг чөлөөлөхөөр дайтсан.

Энэ бүх дайнд орохдоо Барууныхан ардчилал, хүний эрхийг экспортлоно гэж тайлбарлаж байсан ч бүтээгүй. Харин дараа нь тэдний алдаан дээр дөрөөлж Исламын улс мэтийн байгууллага гарч ирсэн.

Оройтоогүй байгаа дээр Исламын улсыг зогсоох үйл хэрэгт олон улсын хамтын нийгэмлэгтэй Орос нэгдэх ёстой. Ингэснээр Сирийн иргэний дайныг дуусгана. Хугацаа богино байна. Жихадистууд Газрын дундад тэнгисийн өмнөд хэсэт улам бүр тэлж байгаа. Европ руу чиглэсэн дүрвэгсдийн урсгалыг Исламын улс зохион байгуулж, хариуд нь жихад үзэлтэй залуу Европчуудыг зөрүүлэн татаж байгаа гэх тагнуулын мэдээлэл бий.

Барууныхан Ливи, Иракт явуулсан аргаараа Сирийн иргэний дайныг зогсоож чадахгүй.

Реализм дахин нэг удаа олон улсын харилцааг зохицуулах цаг ирж байна. Баруун болон Орос хамтдаа Сирид энхийг тогтоож ерөнхийлөгч Башар аль Ассадад жолоог нь өгөх хэрэгтэй. Хүндрэл бэрхшээлүүд олон байгаа ч 2015 оны долоодугаар сарын Ираны цөмийн хэлэлцээр нь Баруун болон Орос хамтдаа ажиллавал зорилгодоо хүрч болохыг батлан харуулсан шүү дээ.

 

 Ян Бонд. Европын Реформын төвийн гадаад бодлогын захирал

Сирийн асуудал дээр Баруунд Оростой хамтрахаас өөр сонголт байхгүй. Сирийн ерөнхийлөгч Башар аль Ассадын гол дэмжигч, НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүнийхээ хувьд Москва бүх дипломат ажиллагаанд оролцох ёстой.

Гэхдээ тэдэнд санал нийлэхээргүй сонирхлууд бий. Баруун Ассадыг зайлуулахын тулд тууштай бөгөөд үр ашиггүй тэмцэл явуулж байгаа бол Орос түүнийг үлдээхийн тулд мөн тууштай, гэхдээ илүү шийдэмгий ажиллаж байна.

Оросын ерөнхийлөгч Путин Ассадад Чеченьд хэрэглэсэн арга мэхээ зөвлөж байгаа нь эргэлзээгүй. Хэрвээ гол дайсан чинь дийлж болохуйц бол устгаад дараа нь тэднийг цуст Исламын улсын дайчид байсан мэтээр зохион байгуулна. Тэгээд дэлхийд мэдээлэхдээ өөрийнх нь үйлдсэн аллага Исламынхны учруулах байсан аюулын хажууд юу ч биш гэх юм.

Ассад нь Исламын улстай дайтахаас зайлсхийдэг төдий бус, тэр бас байгалийн хийн орлогыг тэдэнтэй хуваалцдаг. Жихадистуудын эсрэг дайтаж байгаа Барууны хүчийг айлгах агаараас хамгаалах системийг Путин Сирид тусламж болгон өгөх гэж байна.

Тэгвэл Орос үнэхээр Барууныхантай хамтарч Сирийн хямралыг тохинуулахыг хүсч байна уу?

Эсвэл зүгээр л хэрвээ авсан хориг арга хэмжээгээ зогсоохгүй бол Барууныхны ажиллагаанд саад болж чадна гэдгээ харуулж байна уу?

Хэрвээ Баруун энэ занганд унавал Сири болон Украйнаас улам олон дүрвэгч ирэхэд гайхах зүйлгүй юм.

 

Ян Бреммер. Евразиа Группын ерөнхийлөгч

Ойрх Дорнодод Орос гол бөгөөд шийдвэрлэх үүрэгтэй оролцох ёстойг хүлээн зөвшөөрөх цаг болсон. АНУ-ын ерөнхийлөгчийн Сири дэх бодлого нурлаа. Сирийн ерөнхийлөгч Башар аль Ассад тэсч үлдсэн төдийгүй олон улсын гэрээнүүдийг зөрчсөөр байна. 200 гаруй мянган хүн Сирийн иргэний дайн эхэлснээс хойш амиа алдаж, хүмүүс олноор дүрвэн, Исламын улс бүлэг шинэ элсэгчдээр эгнээгээ өргөжүүлсээр байна. Хамгийн муу хувилбар бүхнийг эндээс харж болно.

АНУ-ын Оростой харилцах бодлого тун муу байна. Вашингтоноос илүү Москвагаас хамааралтай Украин улсад үүсгэсэн хямралд АНУ-ын эрх баригчид бүдэрсэн бол ганцаардуулахад Орос орон хэтэрхий том гэдгийг ОХУ­-ын ерөнхийлөгч Владимир Путин батлан харууллаа.

Цааш нь харъя.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Ойрх Дорнод дахь гол зорилт бол түүхэнд байгаагүй сайн зэвсэглэсэн, сайн санхүүжилттэй террорист байгууллага Исламын улсыг устгах.

Энэ бүлэг Ойрх Дорнодын бүх улсад аюул занал учруулж байна.

Тэд дэлхий даяар элсэгчид, дагалдагчидтай болж, Турк, Ливан, Иорданыг дүрвэгсдээр дүүргэн, Европ руу энэ урсгалыг чиглүүлж байна.

Обамагийн засаг захиргаа болон Америкчуудын дийлэнх нь Америк цэргийг Ирак руу дахин илгээхээс зайлсхийж байгаа бол Исламын улс агаараас хийсэн довтолгоонд устахгүй болох нь харагдаж байна. Вашингтонд одоо түнш хэрэгтэй.

НАТО-гийн холбоотнууд, Иран, Ирак, Орост бүгдэнд нь Исламын улсыг дарах хүсэл байгаа нь сайн хэрэг.

 

Флоренс Гауб, Нику Попеску. Ахлах шинжээчид, Европын Холбооны Аюулгүй байдлын Судалгааны Хүрээлэн

Сирид явуулж байгаа бүтэлгүй ажиллагаандаа Барууныхан дурамжхан байгаа энэ үед урган гарч ирж байгаа гол асуулт бол тэд Оростой ажиллах хэрэгтэй юу?

Гэхдээ түүнд тохиролцохоос өөр сонголт алга.

Энхийн тохиролцоонд хүрэхийн тулд Оросыг оролцуулан бүх талууд ширээний ард суух хэрэгтэй.

Оросуудын харж байгаагаар Баруунынхан Исламын улс, Башар аль Ассад хоёрыг хоюуланг нь зайлуулахыг хүсч байгаа нь дэндүү том санаа. Оросууд харин Барууныхан аль нэгийг нь сонгохыг хүсч байгаа.

Гэвч баруунд олон хүн Башар аль Ассадыг л унагачихвал Исламын улс аяндаа мөхнө. Өөрөөр хэлбэл нэг сумаар хоёр туулай агнана гэдэгт итгэсээр байгаа юм.

Энэ нь ч илүү боломжтой. Учир нь Оросуудад Ассадтай наалдах нь гол биш, харин дэглэмийг хувьсгал хийж унагаахыг Орос дэмжихгүй гэдгээ байнга илэрхийлж байгаа.

Хэрвээ Орос ба Баруун Ассадыг зайлуулах (гэхдээ бүх Ассадистуудыг биш) дээр санал нэгдэж чадвал маш чухал алхам болно. Цаашлаад Сирийн талуудад Ассадыг буулгах нь дайныг зогсоох хамгийн боломжит зам гэдгийг ойлгуулах хэрэгтэй.