Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэд Эрээний бараанаас татгалзаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна

Н.Пунцагболд
2015 оны 2 сарын 4
Монголын мэдээ
Зураг зураг

Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болоход хоёр долоо хоногийн хугацаа үлдээд байна. Жил жилийн яг энэ үед Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн галт тэрэг ачааллаа дийлэхээ больж, нэмэлт галт тэрэг явуулдаг байсансан. Мөн шагийн тасалбарын үнэ тэнгэрт хадаж, авч дийлэхийн аргагүйд хүрдэг байв. 

Ердөө л жилийн өмнө вокзал орчмын “цаг агаар” иймэрхүү, хатуу ширүүн байлаа. Гэсэн ч Эрээн рүү явж бараа таваар авчирч зардаг наймаачид, цагаан сарын бэлэг сэлт, энэ тэрээ бэлтгэх гэсэн иргэд тэнгэрт хадсан шагийн тасалбарыг ямар ч хамаагүй үнээр булаацалдан авдаг байлаа. 

Тэгвэл энэ жил байдал 180 хэм эргэчихээд байна.  Дээрээс нь үндэсний үйлдвэрлэл жил ирэх тусам хөгжиж, иргэдийн сэтгэхүй ч өөрчлөгджээ. Тиймээс Эрээн рүү явж бараа цуглуулж хямдхан зарах, чанар муу­тай, үнэ хямд оймс, дотуур хувцас, цамц­хан авчирч бусдад бэлэглэдэг байдал үгүй болсон нь илт мэдрэгдэж байв.

Нөгөө талаар Орос руу визгүй явдаг болсон нь Эрээнээс татгалзахад хүргэсэн гэхэд болно. Манай сурвалжлах хэсэг өчигдөр Эрээн рүү явах урсгал хэрхэн татарч, иргэд хаанаас худалдан авалт хийж байгааг сурвалжилсан юм. 

Эрээн рүү чиглэсэн зорчигчийн урсгал эрс багасжээ 

Юуны өмнө Замын-Үүд, цаашлаад Эрээн рүү чиглэсэн зорчигчдын ачаалал ямар байгааг албаны хүмүүсээс тодруулахаар төмөр замыг зорилоо.  Жилийн яг энэ үед оволзож байдаг вокзал харин ч нэг эл хуль, тайван амгалан байнлээ. Орон нутгийн гал тэрэг тийшээ явна, ийшээ явна гэж хааяа зарлахыг эс тооцвол өөр онц юм алга. Билетийн касс дээр ч хүн бараг байхгүй. 4-5 цонхны ганц хоёр дээр нь цөөн хэдхэн хүн үйлчлүүлж байна. 

Дугаарлаж зогсох, уур уцаараа барах юм байхгүй, амар амгалан гэж жигтэйхэн сайхан. Тасалбар худалдаж авч байгаа иргэдийг хаашаа явах гэж байгааг нь тандаж, тэр хавиар жаахан эргэлдэв. Хуучин 10 хүний найм нь Замын-Үүд рүү явдаг байсан бол одоо бараг л эсрэгээрээ болчихож. Билетын касс хавиар 20 орчим минут эргэлдэхэд 20 гаруй хүн тасалбар авсан. Тэдний сайндаа л 7-8 нь Замын-Үүд чиглэлийн тасалбар авч байна.  

Гэхдээ бүгд Эрээн рүү явна гэсэн үг бас биш шүү дээ. Тэнд амьдардаг иргэд хотод ажлаа ирчихээд буцаж байж ч болно. Энэ байдлаас харахад, урагшаа чиглэсэн зорчигч тээврийн урсгал үнэхээр багассан нь мэдрэгдэж байлаа. Билет бичиж байгаа түгээгчид хүртэл ачаалал эрс багассан гэдгийг хэлж байсан юм. Ийн касс хавиар хэсэг эргэлдэж байгаад Зорчигч үйлчилгээний Улаанбаатар өртөөний дарга А.Арвинчимэгээс албан ёсны тодруулга авсан юм. 

А.Арвинчимэг: Өмнөх жилүүдийнх шиг тасалбар олдохгүй гэсэн асуудал байхгүй   

-Сар шинэ дөхөж байгаа үед Замын-Үүдийг чиглэсэн зорчигчдын урсгал нэмэгдэж, ачаалал үүсдэг. Энэ жил ямар байгаа вэ?

-Зорчигч тээврийн урсгал ерөнхийдөө нэмэгдэж байгаа. Гэхдээ өмнөх жилүүдийнхийг бодвол тасалбар олдохгүй болно гэсэн асуудал байхгүй.  Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд өдөртөө 1-2 галт тэрэг явж байгаа.

Ачааллаасаа хамаараад шүү дээ. Хэрвээ ачаалал бүр ихсээд эхэлбэл манай Улаанбаатар төмөр зам өдөр болгон хоёр галт тэрэг явуулна. Бүр шаардлагатай бол гурав дахь галт тэргийг явуулахад бэлэн болгоод, график гаргачихсан байна.
  
-Өмнөх жилийн энэ үед ямар байсан бэ. Харьцуулсан судалгаа, тоо байгаа юу?

-Өмнөх жилийнхээс арай буурсан. Буурсан тоо баримтыг яриад яах вэ дээ. Харин Улаанбаатар-Сүхбаатарын, цаашлаад Улаан-Үдийн чиглэлд зорчигч тээврийн урсгал эрс нэмэгдсэн.

Орос Монголын хооронд визгүй зорчдог болсноос хойш манай ард иргэд хойд хөрш рүүгээ явж, цагаан сарын эд зүйлээ бэлтгэж байгаа. Тиймээс Оросыг чиглэсэн зорчигчдын урсгал нэмэгдэж байгаа гэж ойлгож болно.  

-Замын-Үүдийг чиглэсэн зорчигчдын тоо өмнөх жилүүдийнхээс хэдэн хувиар буурсан гэсэн нарийн тоо гаргадаг уу?

-Манайхаас гадна хувийн 4-5 компани галт тэрэгний тасалбар борлуулж байгаа шүү дээ. Түүнээс гадна Амгалан, Толгойт гээд өөр өртөө, зөрлөгүүдээс ч тасалбар худалдаж авч болно. Манайх дээр зөвхөн Улаанбаатар өртөөн дээрээс худалдаж авсан тасалбарын тоо л гарна. Тийм болохоор нэгдсэн тоо баримт удирдах газар байгаа. Бид бол тийм нарийн тоо өгч чадахгүй.  Ямар ч байсан манай өртөөгөөр зарагдаж байгаа тасалбарын тоо тодорхой хэмжээнд буурсан.  

“Замын-Үүд рүү хямдхан явна шүү” 

Улаанбаатар өртөөний даргаас тодруулга авсаны дараа вокзал орчмоор “эргэлдлээ”. Тэр хавиар жижиг машинтай болон микро автобустай хүмүүс зогсоод, “Замын-Үүд явах уу” хэмээн хүн бүрээс асуух нь холгүй байдаг юм билээ. 

Эхний ээлжинд суудлын автомашинтай Замын-Үүд явах гэж байгаа ахаас хэдээр явахыг нь сонирхлоо. Үнэ өртөг нь 50 мянган төгрөг аж. Эхэндээ 50 мянгаар явна гэж байсан мань эр сүүл рүүгээ үнээ 10 мянгаар буулгаж, 40 мянгад авч явахаар  болдог юм байна. 

Хүн олдохгүй нэлээд тэвдэж байгаа бололтой юм. Түүний дараа  “Истана” маркийн микро автобустай нөхөр 30 мянган төгрөгөөр явна гэв. Бага зэрэг сонирхтол бараг л машиндаа чирж суулгах нь холгүй юм болно билээ.

Өнөөдөр явахгүй, зүгээр үнэ өртөг судалж байгаа юм, маргааш, нөгөөдрөөс явж магадгүй гэх мэтээр худлаа хэлж байж мултарч гарлаа. Тэр зуураа “Истана”-гийн жолоочоос бага зэрэг мэдээлэл авч юм асууж амжив. 

Түүний хэлж байгаагаар Орос визгүй болж, эдийн засаг хямарснаас хойш Замын-Үүд рүү явах хүн эрс багассан юм байх. Өнгөрсөн жилүүдэд цагаан сарын өмнө хүн нь багтахгүй, бараг зодолдохдоо тулдаг байсан бол энэ жил олдохгүй аргаа барж байгаа гэх.

Тэр дундаа наймаачид Замын-Үүд рүү машинаараа явахаа больсон бололтой хэмээн ярьж байлаа. Гэр орон руугаа явж байгаа хүмүүс л хурдхан очих зорилготой жижиг, тэрэг, микро автобусанд суудгийг эс тооцвол хүнгүй шахуу болсныг ч хэлж байсан юм.  

Замын-Үүд хүнгүй болж, Алтанбулаг дээр түм түжигнэж, бум бужигнаж байна

Саяхан Замын-Үүд явсан нэг танил маань тэнд ямар ч хүнгүй шахам болж, эл хуль байна билээ гэж ярьж, бүр гайхаад иржээ. Тэр чиглэлийн галт тэрэг ч гэсэн тун цөөхөн хүнтэй явж байгаа аж. Гэтэл хойд хөршийг чиглэсэн урсгал эрс нэмэгдэж, Алтанбулагийн хил дээр түм түжигнэж, бум бужигнаж байна.  

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий газраас гаргаж байгаа мэдээлэл, анхааруулгаар иргэдийг автомашинаар биш галт тэрэг, автобусаар хойд хөршийг зорихыг санууллаа. Мөн цагаан сар дөхсөнтэй холбоотойгоор Алтанбулаг-Хиагтын хилээр бизнес эрхлэхээр зорчигчдын тоо эрс нэмэгдэж, шөнөдөө 190 орчим тээврийн хэрэгсэл дугаарлан хонож байгаа ажээ.  

Иргэдэд хүндрэл учруулж буй энэхүү дугаарлалт Монголын талын хил хяналтын байгууллагуудаас үл хамаарч байгаа бөгөөд ОХУ-ын шалган нэвтрүүлэх алба хяналт шалгалтыг маш удаан хийж, цөөн тооны машин татаж буйтай холбоотой гэв. Тиймээс автомашинаар биш галт тэрэг, автобусыг сонгохыг уриаллаа. Түүнээс гадна Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн саяхан Алтанбулагт ажиллаад ирсэн. 

Түүнийг Алтанбулагийн боомтод ажиллах үеэр гарсан тоон мэдээллүүд Орос рүү чиглэсэн зорчигч тээврийн урсгал эрс өссөнийг харуулж байгаа юм.

Тодруулбал, хоёр улс харилцан визгүй болсноос хойш зорчигч, тээврийн хэрэгслийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад, зорчигч 36 хувь, тээврийн хэрэгсэл 23.1 хувиар өссөн байгаа юм. Зөвхөн энэ оны нэгдүгээр сарын байдлаар зорчигч 23226 буюу 88.5 хувь, тээврийн хэрэгсэл 5242 буюу 54 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.  

Энэ бүх тоо баримт, үзүүлэлтээс харахад, Монголчууд Хятадын чанаргүй барааг үнэтэй авахын оронд Орос руу гарах сонирхолтой болсон гэдэг дүгнэлтийг хийж болохоор байгаа юм. Тэгээд ч Хятадын юань тэнгэрт тулчихаад байгаа, дээрээс нь эдийн засаг хямарсан энэ үед чанартай барааг хямд үнээр авах сонголт хийх нь яах аргагүй зөв юм.  

Иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг болжээ 

Улаанбаатар өртөөгөөр орж, Замын-Үүдийг чиглэсэн зорчигчийн урсгал эрс буурсныг тодруулсны дараа “Монголд үйлдвэрлэв” дэлгүүрээр орж, худалдан авалт ямар байгааг сонирхсон юм. Тус дэлгүүр Улаанбаатар өртөөний хажууханд байдаг учраас дайраад гарсан хэрэг.  

Нэг үе үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ борлуулах нэгдсэн цэг гэж байдаггүй байлаа. Тиймээс бүтээгдэхүүнээ борлуулах тал дээр бага хүндрэл гардаг гэдгийг үргэлж хэлж, ярьдаг байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд ганц ч болов нэгдсэн цэг, дэлгүүр нээгдэж байгаа нь “Монголд үйлдвэрлэв”. 

 Монголчууд үндэсний үйлдвэрлэлээ маш сайн дэмждэг болсон.​ 

Тус дэлгүүрээр ороход тийм ч их худалдан авагч байсангүй. Гэхдээ бас ч гэж хоосонгүй. Тэр дундаа Оросын иргэд нэлээд их харагдсан. Тэд савхин бээлий, дээл, ноолууран цамц, эсгий эдлэл голчлон байв. Харин Монголчууд тун цөөн байх аж. Худалдагчдаас зарим зүйлийг сонирхож, худалдан авалт хэр байгааг асуулаа. Ерөнхийдөө хүн багатай байгаа ч иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг, худалдаж авдаг болоод байгаа талаар ихэнх худалдагчид ярьсан юм. 

Түүнээс гадна “Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төвд гарч байгаа болохоор бусад газруудад худалдан авагч нар бага ирж байгаа гэдгийг хэлж байлаа. Тиймээс бид “Монголд үйлдвэрлэв” дэлгүүрээс гараад шууд “Мишээл экспо” төвийг зорилоо.  Харин тэнд иргэд жинхэнэ утгаараа түм түжигнэж, бум бужигнаж байна.   

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа өнгөрөгч  сарын 27-оос эхлэн гарсан. Өнөөдөр үзэсгэлэн худалдааны хаалт болох учиртай.  Өндөрлөх дөхөж байгаа болоод ч тэр үү худалдан авагчид ихтэй байна. 

Ерөөс үзэсгэлэн худалдаа гэдэг үнэ өртгийн хувьд их, бага хямдарсан байдаг.  Дээрээс нь эх орны үйлдвэрийн бүхий л бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйл, цагаан идээ, чихэр жимс, хувцас хунар гээд бүхий л бараа нэг дор байгаа гэдэг утгаараа ийш тийшээ гүйгээд байхгүй амар.  

Дээрээс нь сүүлийн хэдэн жил тогтмол зохион байгуулагдаж байгаа учраас мэддэг болчихсон. Үйлдвэрлэгч нар ч жилээс жилд бүтээгдэхүүнийхээ чанар, сав, баглаа боодлыг сайжруулж байгаа. Мөн үнэ өртгийн хувьд ч дундаж байгаа гэдэг утгаараа иргэд үндэсний үйлдвэрлэлээ сайн дэмждэг болжээ. Хоёр жилийн өмнө “Цагаан сар” үзэсгэлэн худалдаанд нэгдсэн үндэсний үйлдвэрлэгчид 1.5 тэрбум төгрөгийн орлого олж байсан.

Тэгвэл өнгөрсөн жил хоёр тэрбум төгрөгийг цуглуулж чадсан гэсэн албан мэдээ байдаг.  Харин энэ жил өмнөх амжилтуудаа хол хаяж магадгүй байна. Учир нь олон газар зэрэг зэрэг үзэсгэлэн худалдаа болж байгаа. Олон ч аж ахуй нэгж, үйлдвэрлэгч нар оролцож байна. Дээрээс нь Монголчууд үндэсний үйлдвэрлэлээ маш сайн дэмждэг болсон.  Бид “Мишээл экспо” дээр очоод үндэсний үйлдвэрлэгч нартай уулзаж, жаал зугаа юм асууж, ярилцав. 

Ихэнх үйлдвэрлэгч нар худалдан авалт тун сайн байгаа, иргэд үндэсний үйлдвэрлэлээ илүү их дэмждэг болсон гэдгийг хэлж байсан юм. Тэгвэл худалдан авагчидтай уулзахад, Эрээнээс чанаргүй бараа авч байхаар Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авах нь дээр гэдгийг хэлж байв.  Наад зах нь бид дотооддоо оймс, цамц, дотуур хувцсыг давгүй хийдэг болчихсон учраас бэлэг сэлт авах гэж урагшаа яваад байх шаардлага байхгүй болсныг ярьж байсан юм.  

Захынхан дүнсгэр байна 

“Мишээл экспо” төв дээр очиж, үндэсний үйлдвэрлэгчдийн байдалтай танилцсаны дараа “Бөмбөгөр” захыг зорилоо. Өчигдөр Мягмар гараг учраас “Нарантуул” зах амарсан. Гэхдээ л хар захын байдлыг “Бөмбөгөр”-өөс харж болно.  Биднийг “Бөмбөгөр” зах дээр очиход худалдан авагчид тийм ч их биш байв. Тэр дундаа гутал, хувцас, бэлэн барааны хэсэг тун цөөн хүнтэй байх аж.  Ерөөс аль ч зах дээр худалдан авагч байхгүй, наймаачид гэртээ суух дээрээ тулаад байгаа юм билээ. 

Бидний очсон  хамгийн гол зорилго бол захынхан бараагаа татахын тулд хаашаа явж байгааг сонирхох байсан юм. Тиймдээ ч хэд хэдэн хүнтэй уулзаж, хаашаа явж байгаа нь асуусан юм. 10 орчим хүнтэй уулзахад тал хувь нь Эрээн рүү явж, бараагаа татаж байгаа гэсэн бол үлдсэн хүмүүс нь Орос руу явж бараа татаж үзэж байгаа талаар ярив.  Худалдаачдын ярьж байгаагаар Эрээн явах хүмүүсийн тоо буурах нь буурч байгаа ч огт байхгүй болоогүй аж. 

Өмнөх жилүүдэд цагаан сарын өмнө хувь хүмүүс Эрээн рүү явж, хувцас хунар, бэлэг сэлт цуглуулж ирдэг байсан. Харин энэ жил хувь хүмүүс Орос руу явж байгаа болохоор Эрээн рүү явах хүний тоо буурчихаад байгаа аж.

Монголчууд нэг үеэ бодвол үнэ хямдхан, чанаргүй бараа авахгүй болчихсон. 

Харин наймаачид Эрээн явж байгаа хэвээрээ. Тэр дундаа хувцас хунар авчирч зардаг хүмүүсийн ихэнх нь урагшаа явж байгаа гэдгийг хэлж байлаа.  Гагцхүү худалдан авалт муудсан учраас наймаачдын зарим нь гэртээ сууж эхэлсэн гэнэ. 

Тэгвэл зарим худалдаачид “Монголчууд нэг үеэ бодвол үнэ хямдхан, чанаргүй бараа авахгүй болчихсон. Тийм болохоор Эрээн рүү явж, хэрэгтэй, хэрэггүй юм авчрах наймаачид цөөрч байгаа. Харин Орос руу визгүй гардаг болсноос хойш тийшээ явах наймаачид нэлээд нэмэгдэж байх шиг байна. Гэхдээ Оросын бүх юм чанартай гэж ойлговол түүн шиг буруу юм байхгүй. Оросууд ч гэсэн Эрээнээс бараагаа татчихаж байгаа шүү дээ.

Рубль хямдхан болохоор тийшээ яваад, ялгаагүй Хятадын бараа аваад л ирж байгаа юм чинь” хэмээн ярьж байна. Ерөнхийдөө зах эл хуль талдаа байна билээ. Уг нь өдийд аль ч зах хүн ихтэй байдаг. Цагаан сарын бэлтгэлээ базаах гэсэн иргэд хоёрдугаар сар өнгийв үү, үгүй юу дэлгүүр, захын ачааллыг нэмдэг жамтай. Харин энэ жил ёстой тийм юм алга. Тиймдээ ч захынхан дүнсгэр байна.  

Ам.доллар, юанийн өсөлт Монголчуудад илт нөлөөлж, урагшаа гардаг мөнгөний урсгал татарч эхэлжээ. Дээрээс нь эдийн засгийн хямрал үнийн хөөрөгдлийг хазаарлаж, дураараа дургидаг наймаачид хөмсгөө зангидахаас өөрийг хийж чадахаа больж. Нэг талаараа сайхан хэрэг. Дээрээс нь үндэсний үйлдвэрлэгчид хүчээ авч эхэллээ. “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой бараа бүтээгдэхүүний нэр хүнд илт өссөн байна. Үүнээс илүү сайхан юм гэж хаана байна.

Зураг