Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сар шинэ болоход САР хүрэхгүй хугацаа үлдлээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 1 сарын 22
iKon.MN

Монголчууд бидний хүсэн хүлээдэг ч халаасыг маань чамгүй “сэгсэрчихдэг” сар шинийн баяр болоход САР хүрэхгүй хугацаа үлдлээ.

Энд тэндгүй баярын уур амьсгал орж, худалдааны байгууллагууд өнгө засжээ. Сар шинийн баярын хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болох хэвийн боов, ууц, дээлний нийлүүлэлт дагаад нэмэгдсэн бололтой.

Сар шинийн ИХ худалдан авалт эхлэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй "Бөмбөгөр", "Хүчит шонхор", "Нарантуул" худалдааны төвөөр орж бараа бүтээгдэхүүний үнийн сурвалжлага хийснээ толилуулж байна.  

“ГАНДАН”-ГИЙН ХЭВИЙН БООВ ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БАЙНА

 

Үдээс өмнө 11.00 цагийн орчимд “Бөмбөгөр” худалдааны төв хүн багатай, сэлүүхэн байлаа. Эндээс хэвийн боов, ууц, өвчүүний үнэ судлахаар ирсэн боловч одоохондоо хэвийн боовны худалдаа л явагдаж байв. Шинэ “Бөмбөгөр”-ийн үүдээр ороод чигээрээ явахад “Өгөөж”-ийн үйлдвэрийн дэлгүүртэй таарав. Тэднийх хэвийн боовоо ширхэгийг нь 2200 төгрөгөөр худалдаж байгаа гэнэ. Мөн олон, цөөнийг авахаасаа хамаарч урамшуулалд нь том, жижиг, дунд хэмжээтэй еэвэн дагалдуулж байгаа аж.

Цааш явахад “гандангийн” нэртэй шар тос ихтэй, гурил нь бутарсан хэвийн боов зарагдаж байв. Сонирхоод асуухад “Бөмбөгөр” худалдааны төв дээрх хамгийн өндөр үнэтэй буюу ширхэг нь 2550 төгрөгийн үнэтэй хэвийн боов байлаа. Амталгаанаас нь амсахад ихэд таалагдав. Тэднийх гаднаа “Гандангийн шар тостой хэвийн боов” гэсэн хаяг хадсан байхаар нь учрыг лавлатал “Урд нь манайх “Их хүрээ” хийдэд хэвийн боовоо хийдэг байсан. Одоо тусдаа хувийн компани болоод гарчихсан” гэсэн юм. Мөн өдөрт амталгаанд арав гаруй хэвийн боов зарцуулдгаа ч хэлсэн юм.

Хэвийн боовнууд дотроо маслотай, шар тостой гэж хоёр ангилагдах бөгөөд үнэ нь ч ялгаатай. 

Энд хэвийн боовнууд ёстой л төрөл төрлөөрөө байсан. Гэхдээ хэвийн боовнууд дотроо маслотай, шар тостой гэж хоёр ангилагдах бөгөөд үнэ нь ч ялгаатай. Жишээ нь маслотой хэвийн боов 1300 гэж байхад шар тостой нь дунджаар 2100 төгрөг. Гэхдээ хүмүүс гандангийн, шар тостой хэвийн боовыг илүүтэй сонирхож байгаа нь анзаарагдсан юм.

ААРУУЛНЫ СОНГОЛТ УЛАМ ӨРГӨН БОЛЖЭЭ

 

“Бөмбөгөр” худалдааны төв дээр байгаа ааруулны сонголт тэнд байгаа чихэрнээс олон болсон гэхэд хилсдэхгүй байх. Учир нь манай цагаан идээ үйлдвэрлэгчид янз бүрийн хэлбэр хэмжээтэй, чихэргүй, чихэртэй ааруулнууд үйлдвэрлэдэг болжээ. Тавцангаасаа тааз хүртэл дүүрэн ааруул өрсөн нэгэн лангууны худалдагчаас лавлалаа. Тэднийх ааруулаа Архангай аймгаас авчирдаг гэнэ.

Тиймээс сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан ааруулныхаа сонголтыг улам өргөн болгожээ. Хүмүүс Архангайн ааруул худалдан авах нь элбэг байдаг гэв. Энд ааруулны үнэ 10-15 мянган төгрөгний хооронд хэлбэлзэж байна.

САР ШИНЭ ДӨХӨХ ТУСАМ УУЦНЫ ҮНЭ НЭМЭГДЭНЭ ГЭВ

 

Хотын төвөөс зайдуу оршдог ч хөл хөдөлгөөнөөр хэзээ ч тасардаггүй Дэнжийн мянгын “Хүчит шонхор” захыг зорилоо. Их хотын махны худалдааны бөөний цэг гэдэг утгаараа эндээс ууцны үнэ судлахад хамгийн тохиромжтой. Захын хашааны урд хэсэгт хойш харж байрлах контейнаруудад хонины гулууз мах, ууцны худалдаа явагдаж байв.

Харж байгаад хамгийн том ууц зарж буй худалдагч дээр очлоо. Тэрээр “Энд байгаа ууцнууд хамгийн хямддаа 140 мянга, хамгийн үнэтэй нь 320 мянга байгаа. Ер нь сар шинэ дөхөөд ирэхээр үнэ нь улам л нэмэгдэх байх даа” гэсэн юм. Харин хонины гулууз махыг нэг килограмм нь 4300-4400 төгрөгөөр борлуулж байна лээ.

ХОС ДЭЭЛНИЙ ҮНЭ 250-550 МЯНГАН ТӨГРӨГ

 

Сар шинээр хүнсээ базаахаас гадна баярын гоёлоо бэлдэх хэрэгтэй. Ялангуяа сүүлийн жилүүдэд Монголчууд үндэсний хувцсаараа ижилсэн гоёх хандлага ихтэй байгаа. Тиймээс дээлний үнэ судлахаар “Нарантуул” худалдааны төв дээр очлоо. Тэсгэм хүйтэн байсан ч тэнд хүмүүс гадуур хувцасаа тайлж дээл өмсөж үзэхээс татгалзаагүй бололтой. Ер нь захын хамгийн хөл хөдөлгөөнтэй хэсэг дээлний худалдаа болчихсон байв.

Захын хамгийн хөл хөдөлгөөнтэй хэсэг дээлний худалдаа болчихсон байв.

Олон янзын тод өнгөтэй дээлнүүдийг шугамдсан мэт л дэлгэж тавьжээ. Ер нь тэнд наймаа хийдэг оёдолчид Монгол дээлэндээ “гаршсан” бололтой. Өнгө, хэмжээ, хийцийн хувьд үнэхээр өргөн сонголттой, гоёмсог болсон байна лээ. Энд хос дээлний үнэ 250-550 мянга хүртэл байсан бөгөөд хамгийн үнэтэй дээлнүүд нь ихэвчлэн ноолууран материалтай ажээ. Эмэгтэй дээлний хувьд 120-180 мянга, эрэгтэй дээлний хувьд 130-180 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин хүүхдийн дээлний үнэ 35-150 мянга хүртэл хэлбэлзэх ажээ.