Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Амраг хосуудын тухай батлагдсан ЗУРГААН баримт

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хүн төрөлхтөн өөрөөсөө бусад зүйлсийг илүү судалсан байдаг. Харин хүн хоорондын харилцааны нарийн ширийн зүйлсийн талаар тийм сайн мэдэхгүй. Тэгвэл шинжлэх ухаанаар батлагдсан хосуудын хайр сэтгэл, бэлгийн харилцааны хачирхалтай баримтуудыг сонирхоё.

Хосууд төстэй ДНХ-тэй байх магадлал өндөр

Судлаачдын олж тогтоосноор хосууд бие биеэ сонгохдоо зан ааш, нас, арьс өнгө, шашин шүтлэг, санхүүгийн түвшин, хүмүүжил зэргээрээ ижил төстэй байдлыг харгалзан үзэх хандлагатай байдаг. Гэвч саяхны судалгаагаар хүмүүс мөн ДНХ-ээрээ төстэй хүнийг сонгох явдал түгээмэл болохыг илрүүлжээ.

Судлаачид 825 цагаан арьст Америк хосуудын генийн материалыг судлахад хоорондоо маш төстэй байсан байна. Харин ижил тооны цагаан арьст санамсаргүй сонгосон хосуудынх үүнээс нэлээд ялгаатай байсан гэнэ.

Эндээс тооцоолж үзэхэд генетикийн хувьд ижил хосоо сонгох магадлал гурван хос тутмын нэгд тохиож байсан нь боловсролын түвшнээрээ ижилссэн хосуудын тоотой ижил байжээ.

Романтик кино үзэх нь гэрлэлтийг бэхжүүлдэг

Кино үзэх нь бат бэх гэр бүл бий болгох нэг арга гэж Бингхэмтон Их сургуулийн профессор Мэттью Жонсон үзэж байна. Түүний судалгаагаар хоёр бүлэг хосуудын нэг бүлэгт нь тогтмол зөвлөгөө өгч харин нөгөө бүлэгт нь хайрын сэдэвтэй кино үзүүлж байжээ.

Гурван жил өнгөрсний дараа дүгнэхэд хоёр арга хоёулаа хосуудын салалтын түвшинг тал хувиар бууруулсан байна. Гэхдээ кино үзэх арга нь 50 хувь бага цаг зарцуулдаг, бас гэртээ хийх боломжтой тул илүү давуутай юм гэж үзжээ.

Бүсгүйчүүд дуу хоолойгоо “секси” болгож чаддаг бол эрчүүд чаддаггүй

Albright Их сургуулийн судлаачдын 2014 оны туршилтаар бүсгүйчүүд нэгээс арав хүртэл тоолохдоо зориудаар дуу хоолойгоо улам бүр дур татам болгож удирдаж чадаж байв.

Харин эрчүүдийн хувьд энэ оролдлого нь амжилтгүй болсон ба дуугаа өөрчлөх бүрт улам бүр муухай болж байжээ.

Эрчүүд эмэгтэйлэг дуу хоолойд татагддаг. Тиймээс эмэгтэй хүний секси хоолой бол эрчүүдэд мэдрүүлж байгаа урин дуудсан дохио юм.

Сэрэл хөдөлсөн үед сэжиглэх цээрлэхээ больдог

Секс нь үнэндээ маш их шингэн болон үнэр ялгаруулдаг бохир үйлдэл боловч “халсан” хосууд үүнийг төдийлөн сэжиглэдэггүй. Нидерландын Гронингений их сургуулийнхан сэрэл хөдлөл нь хүний сэжиглэх мэдрэмжийг бууруулдгийг тогтоожээ.

Тэдний туршилтанд оролцсон эмэгтэйчүүдийн нэг хэсэг нь эротик кино, нөгөө хэсэг нь ердийн кино үзжээ. Үүний дараа тэдгээр эмэгтэйчүүдээр таатай бус үйлдэл хийлгэжээ. Тухайлбал дотор нь шавьж унасан аягатай ус уулгах гэх мэт.

Гэтэл эротик кино үзсэн хэсэг нь эдгээр үйлдлийг сэжиглэж цээрлэлгүй хийсэн нь сонирхолтой. Энэ үзэгдэл эрчүүдэд ч мөн адил давтагджээ.

Гэрлэлт нь эрүүл мэндэд сайн

Лос Анжелесийн Калифорнийн их сургуулийн судалгаагаар гэрлэлт нь эрчүүдийн ясыг бэхжүүлдгийг олж тогтоожээ. Гэхдээ 25 наснаас хойш гэрлэвэл бүр илүү нөлөөтэй гэнэ.

Мөн бусад судалгаагаар гэрлэсэн хүмүүс илүү урт насалж, хорт хавдраар өвчлөх магадлал нь буурч, зүрх судасны өвчин тусах эрсдлээс хол байдаг юм байна.

Хөгшин болсон ч хийсээр байдаг

Сексийн дур хүсэл нас ахих тусам буурдаг. Гэхдээ энэ нь бүр больчихно гэсэн үг биш. Судлаачийн баталж байгаагаар хүмүүс нас өндөр болсон ч, тэр ч байтугай хорвоогоос яван явтлаа секс хийсээр байдаг гэнэ. Харин ч жирэмслэлтээс хамгаалах зовлонгүй болсон байдаг тул хамгаалалт хэрэглэхээ больсноор элдэв халдварт өвчин тусах явдал нэмэгддэг ажээ. Бэлгийн замын өвчний тархалтаар зөвхөн өсвөр, залуу үеийнхэн бус настайчууд ч томоохон хувийг эзэлдгийг тогтоосон байна.

Эх сурвалж: health.com