Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад хэчнээн томроод ч салж чадахгүй 7 зовлон

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Саяхан шинжээчид Хятадыг энэ оны эцсээр АНУ-ыг гүйцэж түрүүлэн дэлхийн хамгийн том эдийн засаг болох боломжтой талаар шуугисан.

Гэвч энэ улсад ингээд ч шийдэж чадахааргүй 7 том асуудал байгааг “International Business Times”-ын Грег Мортенсон дурджээ.

  • Авлигал

Хятадын эрх баригчид төрийн албан хаагчдын оролцсон авлигалын хэргүүдийг илрүүлсээр, шийтгэл оногдуулсаар байгаа. Өнгөрөгч Мягмар гарагт гэхэд Коммунист намын дотоод сахилга батын зөвлөл Сичуань мужийн Намын хорооны дэд дарга байсан Ли Чунченийг авлига, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэргээр намаас хөөлөө. Ноднин жил 182,000 төрийн албан хаагчийг ингэж шийтгэсэн ба энэ нь 2012 оноос 13 хувь өссөн үзүүлэлт юм.

  • Бохирдол

Зөвхөн нэг статистикаас харахад орчны бохирдол хэр том асуудал болох нь харагдана. Засгийн газар хамгийн том 74 хотын бохирдлыг хэмждэг ба тэдний гуравны нэг нь л агаарын бохирдлын хамгийн доод стандартыг хангадаг. Бусадтай нь ярихын ч хэрэггүй.

  • Мэдээллийн хатуу хяналт

Нийгмийн бухимдлыг дарж байхын тулд иргэдийн харилцаа холбоог хянах, засгийн газрын үзэл суртлыг хүчээр тулгах, интернэт цагдаагийн хүчийг нэмэгдүүлэн гадаад ертөнцөөс тусгаарлах зэрэг бодлого хүчтэй явуулдаг нь эрх баригчдын хувьд байнгын зовлон, айдас түгшүүр болсоор байна.

  • Хүний эрх

Хятадын хүний эрхийн нөхцөл байдал өнгөрсөн онд улам доройтсон. Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн мэдээлснээр Ши Жинпинг дарга төрийн эрхэнд гарсны дараа хэд хэдэн тэрс үзэлтнүүдийг баривчлан хорих, гадаад ертөнцөөс харилцааг нь таслах зэрэг арга хэмжээ авч хяналтыг улам чангатгасан байна.

  • Удааширсан эдийн засаг

Хятад улс үйлдвэрлэлийн илүүдэл, орчны бохирдлыг багасгах бодлого явуулсны дүнд тус улсын байгалийн баялгаас хамааралтай, үйлдвэрлэл төвлөрсөн мужуудад огцом уналт бий болсон нь оны эхний улирлын үр дүнгээс харагдаж байна. Энэ бол Хятадын эдийн засгийн хамгийн эмзэг цэг юм.

  • АНУ-ын хөрөнгө оруулалтын бууралт

Хятадын зах зээлд ажиллаж түвэгтэй нөхцөл, эдийн засгийн өсөлт удааширсан зэргээс болоод АНУ-ын компаниуд хөрөнгө оруулалтаа бууруулж эхэлсэн талаар Хятад дахь Америкын Худалдааны Танхимын жилийн тайланд дурджээ.

  • Үндсэрхэг үзлийн аюул

Хятад улс Өмнөд болон Дорнод Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай арлуудын асуудалд улам бүр түрэмгий хандаж, ойр ойрхон байлдааны хөлөг онгоцууд илгээх болсон. Энэ авир нь бүс нутгийн хөршүүдтэйгээ харилцах харилцаанд хүндрэл бий болгож байна.