Уншиж байна ...

Их Британи улс хөгжүүлж буй лазерын шинэ зэвсгээ "Украинд илгээх боломжтой" гэв

Т.Давааням, ikon.mn
2024 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Их Британийн хөгжүүлж буй өндөр чадлын лазерын зэвсгийг Оросын дронуудыг устгах зориулалтаар Украинд илгээх боломжтойг тус улсын батлан хамгаалахын сайд мэдэгджээ.

Сайд Грант Шаппсын үзэж байгаагаар уг шинэ зэвсэг нь Европын дайн мөргөлдөөнд “асар том үүрэг гүйцэтгэх” магадлалтай гэнэ.

DragonFire нэртэй уг зэвсгийг 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа ч үйл явцыг хурдасгах боломжтой гэж тэр үзэж байна.

Энэ оны нэгдүгээр сард DragonFire зэвсгээр агаар дахь байг устгах анхны туршилт амжилттай болжээ.

Солсбэригийн ойролцоо оршдог Портон Дауны батлан хамгаалах судалгааны төвд зочлохдоо Шаппс шинэ зэвсгийн хөгжүүлэлтийг хурдасгах хүсэлтэй байгаагаа сэтгүүлчдэд ярьсан байна.

“Украинчууд энэ зэвсгийг ашиглахад 100 хувь төгс болсон байх албагүй. Бид үүнийг 99.9 хувийн төгс төгөлдөрт хүргэсний дараа тулааны талбарт ашиглаж эхлэхгүй. 70 хувьд хүргэсний дараа ашиглаад дараа нь үргэлжлүүлэн хөгжүүлэх боломжтой гэж би үзэж байна” гэж Шаппс энэ үеэр хэлжээ.

зураг
 

Их Британийн батлан хамгаалах яамны мэдээлснээр шинэ зэвсэг нь нэг километрийн зайнаас нэг фунт стерлингийн зоосыг онох хэмжээний өндөр нарийвчлалтай гэнэ.

Үүнийг дайсны дронуудыг амдаж устгахад пуужингаас илүү хямд шийдэл болно гэж үзэж байна.

Лазерын зэвсгийн хамгийн том давуу тал нь зардал бөгөөд эрчим хүчний эх үүсвэр байгаа тохиолдолд “онолын хувьд хязгааргүй тооны сум гаргах” чадвартай юм.

Харин сул тал гэвэл онох бай нь саадгүй ил харагдаж байх ёстой.

АНУ бас эрчим хүч чиглүүлэх (directed-energy weapon) зэвсгийг олон жилийн турш судалж, туршиж байгаа юм.

LDEW (Laser Directed Energy Weapon) төрлийн зэвсэг нь өндөр эрчимтэй гэрлийн урсгалаар дайсны байг устгах зорилготой байдаг.

Дронуудыг одоо уламжлалт пуужингаар устгадаг бөгөөд энэ нь асар өндөр зардалтай арга юм.

Их Британийн батлан хамгаалах яамны мэдээлснээр DragonFire зэвсгээр 10 секундийн турш буудахад ердийн цахилгаан халаагчийг нэг цаг ажиллуулсантай тэнцэх буюу 10 фунт стерлинг хүрэхгүй хэмжээний зардалтай байх гэнэ.

 

Эх сурвалж: BBC