Уншиж байна ...

“Бид ажилтнуудынхаа хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон үндсэн цалин, нэмэгдэл, хөнгөлөлтүүдэд ямар ч өөрчлөлт оруулаагүй”

ikon.mn
2024 оны 3 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

Цаг үеийн асуудлаар “Оюу толгой” компанийн удирдлагууд мэдээлэл өглөө. 

- Урилгыг хүлээн авсанд баярлалаа. Эхний асуултыг гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерт тавимаар байна. ОТ-н ажилтнуудын зарим төлөөлөл цалин 50 хүртэлх хэмжээгээр буурсан гэсэн мэдээллийг олон нийтэд өгөөд байна. Нөгөө талаар ОТ компани бол үндсэн цалин болон бусад нэмэгдэл олговор хөнгөлөлтүүдэд өөрчлөлт ороогүй хувь хэмжээ буураагүй гэсэн мэдэгдэл гаргаад байгаа. Яг юу болоод байгааг нарийн тайлбарлаад өгөөч?

- Дэйрдрэ Лингенфэлдер, "Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирал: 

Юуны өмнө энд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодруулга өгөх боломж олгосон та бүхэндээ талархлаа илэрхийлье. Манай компани одоогоор 4500 гаруй ажилчинтай үүний 97% нь Монгол ажилчид байдаг. Дэлхийн хэмжээний томоохон зэсийн уурхай болох замдаа гарч байгаа, энэхүү том компанийн маань дийлэнх нь монголчууд байдаг гэдгээр би их бахархдаг юм.

Манай компанийн тухайд бүхий л хууль, дүрэм журам, холбогдох гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Ажилчдынхаа сайн сайхан байдлыг голчлон анхаарч анхаарал хандуулж ажилладаг гэдгээ Гүйцэтгэх захирлынхаа хувиар хариуцлагатайгаар мэдэгдмээр байна.

Бидэнд тулгараад байгаа энэхүү асуудал маань 2022 оны Хөдөлмөрийн тухай шинэчилсэн найруулгатай холбоотой 2 гол өөрчлөлт орсонтой холбоотой байдаг. Уг өөрчлөлт нь илүү цаг болон шөнийн ээлжийн нэмэгдэл хөлстэй холбоотой бөгөөд эдгээрийг хэрхэн тооцоолохтой холбоотойгоор энэ асуудал гарч байна. Улмаар яг ижилхэн ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс асар ялгаатай цалин авах нөхцөл байдал бий болсон. Мөн ажилтнууд маань ажлын байран дээр өсөж хөгжих албан тушаал дэвших сонирхол буурах нөхцөл байдал үүсээд байгаа юм. Ажилчидтайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс хөнгөлөлтүүдэд ямар ч өөрчлөлт  ороогүй. Энэ талаар манай багийн гишүүд маань нэмэлт тодруулгыг өгнө өө.

- Яг юу болоод байгааг жишээ баримтаар тайлбарлаж өгнө үү?

- Б.Дуламсүрэн, "Оюу толгой" компанийн Санхүү эрхэлсэн захирал: 

Гүйцэтгэх захирал сая хэллээ, манай ажилтнуудын үндсэн цалин, нэмэгдэл, олговор хөнгөлөлтүүдэд өөрчлөлт ороогүй, хувь хэмжээ нь хэвээр байгаа.

Асуудал юунд байгаа вэ гэвэл 2022 оны шинэчлэн найруулсан хөдөлмөрийн хуулиар цалин хөлсний бодолттой холбоотой хоёр гол өөрчлөлт орсон юм.

  • Эхнийх нь уртын ээлж буюу тэгш ажил амралтын хуваарьт шилжсэнтэй холбоотойгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас баталсан журмын дагуу  ажилтны тухайн сард 168 цагаас илүү гарсан тохиолдолд илүү цагийн нэмэгдэл хөлс олгодог болсон
  • хоёрдугаарт илүү цаг болон шөнийн ээлжийн нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцон олгодог байсныг өөрчлөн дундаж цалин хөлснөөс боддог болсон.

Юу өөрчлөгдөж байгаа вэ гэвэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд 2022 оны 4 дүгээр сард орсон нэмэлт өөрчлөлт (“Журмын нэмэлт”)-ийг бид хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ дагуу дундаж цалин хөлс тооцох аргачлалд өөрчлөлт орж байгаа юм.

Манай ажилтнуудын цалин хөлс үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал зэргээс бүрддэг. Илүү цаг болон шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг дундаж цалин хөлснөөс тооцдог болсон. Ингэж тооцохдоо (илүү цаг болон шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг бодохдоо) цалин хөлсний бүх бүрэлдэхүүнийг оруулсан дүнгээс боддог байсныг одоо үндсэн цалин болон нэмэгдэл орсон дүнгээс боддог болж байгаа юм.

- Танай ажилтнууд сардаа багадаа 20-30 сая төгрөг, бүр түүнээс дээш хэмжээний цалин авдаг гэх юм. Энэ үнэн үү?

- Б.Дуламсүрэн, "Оюу толгой" компанийн Санхүү эрхэлсэн захирал

Уул уурхайн салбар улсын хэмжээнд цалингийн түвшнээр тэргүүлж байгааг бид бүгд мэднэ. Мөн манай компанийн хувьд салбартаа цалингийн хэмжээгээр манлайлж ирсэн, иймд бид ажилтнууддаа зах зээлийн хамгийн өндөр цалин хөлсийг олгож байгаа гэдгийг онцлон хэлье.

Мөн компанийн зүгээс жил бүр ажилтны үндсэн цалинг тогтмол нэмэгдүүлж, жилийн эцсийн урамшуулал олгож ирснээр өнөөдрийн байдлаар манай ажилчдын цалин хөлс уул уурхайн салбарын дунджаас 3 дахин, улсын дунджаас 8 дахин өндөр болсон байна.

Мэдээж маш том нөлөө нь хуулийн шинэчлэлээр илүү цаг, шөнийн цагийн нэмэгдлийг бүх цалин хөлс урамшуулал тооцсон дунджаас боддог болсонтой холбоотой байгаа. Ингэснээр жишээ нь уурхайн операторын цалин сүүлийн 2 жилийн хугацаанд 2.4 дахин өссөн байгаа юм. Таны дурдсан тоо мэдээлэл баримжаатай байна.

- 2022 оны хуулиар ямар өөрчлөлт орсон бэ?

- Т.Отгонбаяр, "Оюу толгой" компанийн Техник, нэгдсэн төлөвлөлтийн Ерөнхий менежер

Хөдөлмөрийн хуулийн 22 оны шинэчлэлээр ажилтнуудын ажил  амралтын хуваарь өөрчлөгдөн тэгш ажил амралтын хуваарь буюу 14 хоног ажиллаж 14 хоног амардаг болсон. Ийнхүү ажилтнуудын ажил амралтын хуваарь өөрчлөгдсөнөөр ажилтнуудын ажиллах хугацаа 25%-иар багасаж, жилийн талд нь ажиллаж,  талд нь амардаг болсон.

Ингээд ажиллах хоног буурснаар цалингийн хэмжээ тэр хэмжээгээр буурахаар байсан. Гэхдээ компани ажилтнуудынхаа санхүүгийн байдлыг дордуулахгүйн тулд үндсэн цалинд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн.

Мөн 14/14 хуваариар ажиллаж эхэлснээр “Оюу толгой”компани 700 гаруй ажилтныг нэмж шинээр ажилд авсан. Энэ хэмжээний хүмүүс ажлын байртай болж, ажил амьдралаа авч явж байна гэсэн үгээ.

- Энэ хийж байгаа өөрчлөлт чинь хууль ёсны юм уу?

- Т.Отгонбаяр, "Оюу толгой" компанийн Техник, нэгдсэн төлөвлөлтийн Ерөнхий менежер

Тиймээ, бид энэ өөрчлөлтийг холбогдох хууль журмын дагуу хэрэгжүүлж байгаа.

Манай Гүйцэтгэх захирал бас сая хариуцлагатайгаар хэллээ. Компанийн зүгээс аливаа хууль дүрэм журам болон ажилтнуудтайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн асуудал энд огтхон ч байхгүй.

Ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тохирсон үндсэн цалин өөрчлөгдөөгүй хэвээр байгаа. Мөн нэмэгдэл, олговор хөнгөлөлтүүдэд ч өөрчлөлт ороогүй, хувь хэмжээ нь хэвээр байгаа болно.

Харин одоогийн энэ өөрчлөлт нь 22 оны Хөдөлмөрийн хуулийг дагалдан гарсан дундаж цалин тооцоолох аргачлалын өөрчлөлтийг хэрэгжүүлж байгаа явдал юм.

- Ажилтнуудын төлөөлөл цалин хөлсийг нэлээн өндөр хувь хэмжээгээр өсгөх шаардлага дурдаж байсан. Энэ тухайд та бүхэн ямар байр суурьтай байна вэ?

- Б. Дуламсүрэн, "Оюу толгой" компанийн Санхүү эрхэлсэн захирал

Бид ҮЭ-ийн хороотой байгуулсан Хамтын гэрээнийхээ дагуу 2022, 2023 болон 2024 онуудад тус бүр ажилтнуудынхаа үндсэн цалинг 3 хувиар нэмсэн. 2022 оноос хойш, жил дараалан ингэж нэмэгдүүлснээр, ам доллароор илэрхийлэгдсэн үндсэн цалин бүх ажилтны хувьд  9% өссөн.

Мөн манай компани ажилтнуудынхаа сайн сайхан байдалд чиглэсэн олон төрлийн тэтгэмж, урамшуулал, хөнгөлөлтүүдийг олгодог.

Үүний нэг нь Тэтгэвэр-хуримтлалын санд бүх ажилтнуудаа хамруулсныг энд дурдъя. Манай ажилтнууд болон тэдний гэр бүлд зориулсан урт хугацааны санхүүгийн баталгаа, найдвартай ирээдүйг бий болгох зорилгоор энэхүү Тэтгэвэр-хуримтлалын санг бид хэрэгжүүлж байна. Компанийн зүгээс ажилтныхаа үндсэн цалингийн 3%-тай тэнцэх хэмжээний хуримтлалыг сар бүр хуримтлуулдаг.

Энэ бол үндсэн цалингийн 3 хувийн өсөлт дээр дахин 3 хувийн нэмэгдлийг компанийн зүгээс тэтгэврийн сангаар дамжуулан ажилтандаа олгож байна гэсэн үг.

Санд хамрагдсан ажилтан 25 жилийн дараа тэтгэвэрт гарлаа гэж бодоход 5.3 жилийнхээ үндсэн цалинтай тэнцэх хэмжээний хуримтлалтай байх жишээний юм. 

- Цалингийн өөрчлөлттэй холбоотойгоор ҮЭХ ажилтнуудын байр суурь  ямар байгаа вэ? Шийдвэр гаргалт дээр нь оролцоо байна уу? Энэ шийдвэрийг гаргахдаа ҮЭ-тэй ярилцаагүй гэсэн цуу яриа байгаа. ҮЭ дээр давхар ажлын хэсэг байгуулагдсан гэсэн мэдээллүүд цаашид ер нь энэ шийдвэртэй холбоотойгоор ямар ажлууд хийгдэх вэ? Энэ талаар нарийн мэдээлэл өгөөч?

- Дэйрдрэ Лингенфэлдер, "Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирал

ҮЭ болон компанийнхаа ажилтнуудтай бид нягт хамтран ажиллаж, ил тод, нээлттэй, ний нуугүй яриаг хэлэлцэж ажиллаж байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Энэхүү өөрчлөлтийг хийх болсон үндэслэл шалтгаанаа тайлбарлаж хүмүүс маань энэ асуудлаар ямар сэтгэгдэлтэй байгаа энэ талаар ойлгох боломжийг нь олгох зорилгоор нийт ажилчдадаа 170 гаруй удаагийн уулзалт ярилцлагыг зохион байгуулсан.

Энэхүү яриа хэлэлцээг үр дүнтэй болгох үүднээс манай компани ҮЭХ-той нягт хамтран ажиллан хамтын ажлын хэсгийг байгуулсан. Хамтарсан ажлын хэсгийн зорилго нь компанийн гаргасан энэхүү шийдвэр маань хэр ул үндэстэй суурь шалтгаантай болохыг тайлбарлаж ойлгуулах, ойлголцох, нөгөө талаараа хамтарсан шийдэл гаргах юм.

Одоогийн байдлаар хамтарсан ажлын хэсэг маань шийдвэрийн суурь, үндэс, шалтгааныг нь судлаад, үнэлгээгээ гарган шийдвэр маань үндэслэлтэй болохыг нь тодорхойлсон дүгнэлт гаргасан. Хамтарсан ажлын хэсэгтэйгээ харилцан ашигтай бизнесийн болон ажилчдынхаа аль алиных нь ашиг сонирхолд нь нийцсэн шийдэлд хүрэхээр бид нар хамтран ажиллаж байна.

ОТ-н ҮЭ болон хамтарсан ажлын хэсэгтэй би биечлэн уулзсан. Цаашид нээлттэй, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлмээр байна. Мөн хамтарсан ажлын хэсгээс ирсэн бүхий л шаардлагыг бид нар анхааралтай судалж үзэж байгаа.

“Оюу толгой” компани маань хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн өндөр цалин хөлсийг олгож байдаг. Мөн ажилтнууддаа өсөн хөгжих боломжийг нь олгоход байнга анхаарч ажилладаг байгаа. Бид харилцан хүндлэлд суурилсан, аюул осолгүй, өрсөлдөхүйц ажлын байрыг бий болгохоор тогтмол анхаарч ажилладаг. Тийм учраас ажилтнуудынхаа хөдөлмөрийн мөлжлөг явагдаж байна гэдэг үндэслэлгүй юм аа гэж би хэлмээр байна.

Цаашид илүү өргөжин хөгжих бизнесийн хувьд энэ шийдвэр маань ирэх 10 жилийн үйл ажиллагааны тогтвортой байдалд чухал шийдвэр. Бид энэ шийдвэрийг гаргахдаа маш нухацтай бодож, судалж үндэслэлтэйгээр шийдвэрээ гаргаж байгаа гэдгээ хэлмээр байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.