Уншиж байна ...

Х.Булгантуяа: НДЕГ-ын цахим системийг "IT Zone" компани $970 мянгаар дөрвөн жил гүйцэтгэсэн боловч гацаж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аж Ахуйн Нэгж (ААН), байгууллагын төлсөн шимтгэлийг Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар(НДЕГ) цахим системдээ оруулж нэгтгэснийг И-Монголиа системд татаж авдаг.

Ингэснээр иргэд И-Монголиа цахим платформыг ашиглан эмнэлэгт үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх, зээл авах гэх мэт нийгмийн бусад үйлчилгээг авах боломжоо эдэлдэг.

Гэтэл НДЕГ ААН, байгууллагуудын шимтгэл төлөлтийг бүртгэхгүй удсанаас иргэд дээрх боломжийг ашиглаж чадахгүй байгаа нь олон нийтийг бухимдуулж байна.

НДЕГ-ын цахим систем яагаад гацаад байгаа талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Нийгмийн даатгалын шинэ систем оны эхнээс авхуулаад гацсантай холбоотойгоор байгууллагууд нэгэн зэрэг тайлангаа шивж оруулж байгаа. Тиймээс ачаалал их авч гацалт үүссэн. 

Тэтгэмж авах хүмүүсийн олголт асуудалгүй хийгдэж байгаа. Гол нь шивж оруулахад гацалт үүсээд байна. Гацалтаас болж хугацаа нь хоцорч, листээ авч чадаагүй хүмүүсийнхийг нөхөж олгоно. 

НДЕГ-ын цахим системийг хийлгэхээр 2019 онд "IT Zone" ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгосон. Ингэхдээ тухайн үед 970 мянган ам.доллароор гүйцэтгүүлнэ хэмээн шалгаруулсан. 

Тус компани 24 сарын турш хийх ёстой байсан боловч цар тахлын улмаас 48 сар болгосон. Эцэст нь хүлээж авахаас ч өөр аргагүй нөхцөл үүссэн. Олон улсын санхүүжилттэй учраас төслийн хугацаа нь дуусаж, мөнгөө татаж авах гээд байсан.

Өнгөрсөн жил туршиж үзэхэд ачаалал бага байсан учраас гацаагүй. Гэтэл энэ жил ачаалал нэмэгдэх үед гацалт ихэссэн. Мөн хуучин системээс шинэ рүү датагаа хоёр долоо хоногийн турш өдөр, шөнөгүй хуулсан. 

Яагаад гэвэл 1.3 сая НДШ төлөгчдийн 2006 оноос хойших мэдээлэл цахимаар хадгалагдаж байгаа юм. 2006 оноос өмнөх мэдээлэл цаасаар хадгалагдаж байгаа. Гэхдээ хуучин систем ч ажиллаж байгаа гэдгийг хэлье. 

2024 оноос шинэ систем ажиллаж эхэлсэн. Учир нь аймаг орон нутгууд мэдээллээ нийгмийн даатгалын систем рүү шивээд, тухайн газрынхаа сервер дээр хадгалдаг. Тэр нь манай төв систем рүү шөнө хуулагддаг. Энэ хооронд шууд хуулагддаггүй учраас алдаа гардаг. 

Шинэ систем рүү шилжүүлнэ гээд сүүлийн дөрвөн жил серверүүдээ шинэчлээгүй. Мөн "IT Zone" ХХК манай яамнаас "ejob" гэх том ажил авсан боловч маш асуудалтай байгаа. 

Цахимжилт явснаар хүний бүх мэдээллийг хооронд нь тулгаж явах ёстой. И-Монголиа системтэй асуудалгүй холбогддог шинэ платформтой болохоор 2016 оноос гурван жил ажлын даалгавар боловсруулсан. 

2019 онд тендер зарлаж хоёр жил хийх ёстой ажлыг дөрвөн жил хийсэн ч барахгүй нөхцөл байдалтай байна. Энэ бол манай программын компаниудын хүний нөөцийн асуудал юм шиг. Хоёр жилийн өмнө хийж байсан хүмүүс нь ажлаа гарчихсан. Шинэ хүн хийдэг гэх мэт. 

"IT Zone" ХХК саяхан нэлээд хүмүүсийг шинээр ажилд авсан. Тэр хүмүүс нь нийгмийн даатгалын хурлын заалд ажиллаад сууж байна" хэмээн ярилаа.