Уншиж байна ...

Шэнь Миньжуань: БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан Замын-Үүд боомтын цогцолбор ашиглалтад орж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажил бүрэн дуусаж, өнгөрсөн амралтын өдөр ашиглалтад оржээ. 

Нээлтийн арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань оролцож үг хэлсэн байна.

Тэрбээр "БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан Замын-Үүд боомтын ачаа, зорчигч тээврийн цогцолборыг албан ёсоор ашиглалтад оруулж байгаад баяртай байна. Ингэснээр зорчигч болон ачаа тээврийг уг боомтоор нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх юм.

Замын-Үүд-Эрээн боомтоор Монгол, Хятадын худалдааны эргэлтийн 1/3 тээвэрлэгддэг. Өнгөрсөн оны сүүлчээр тус боомтын ачаа тэврийн гарцыг 24 цагаар ажиллуулсан төдийгүй 8-аас доош суудалтай автомашиныг боомтоор нэвтрүүлэх ажлыг сэргээсэн юм.

2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд Замын-Үүд-Эрээн боомтыг 24 цагаар ажиллуулахад бэлэн байгааг албан ёсоор мэдэгдье. Хоёр орны худалдааны хамгийн ачаалалтай үеийг хамаарч, үр өгөөжөө өгнө гэдэгт найдаж байна.

Замын-Үүд-Эрээн хотын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулахыг Хятадын тал зөвшөөрснийг мэдэгдэж байна. Энэ нь 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар хийсэн тохиролцоо юм. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нь "Бүс ба зам" санаачилга, Монгол, БНХАУ, ОХУ-ын гурван талын эдийн засгийн коридорыг урагшлуулахад түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж байна.

Боомтын сэргэлт нь Монгол Улсын эдийн засгийг сэргээх чухал хэсэг. Боомтуудыг нээж, төмөр зам, авто замаар холбоход Хятадын тал хүчин чармайлт гаргана.

Монгол, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн коридорын төв чиглэлийн төмөр замыг шинэчлэх, боомтуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулах, жолоочгүй тээврийг хөгжүүлэх, хил дамнасан аялал жуулчлалын журмыг хэрэгжүүлж, хамтарч ажиллахад бэлэн байна.

Гашуунсухайт боомтын төслийг түргэн хэрэгжүүлж, ашиглалтад оруулна" гэв.

Замын-Үүд боомтыг шинэчлэх бүтээн байгуулалтын ажлыг 2019 онд эхлүүлжээ.