Уншиж байна ...

Хонины цэцэг өвчний эсрэг тусламжийн нэг сая тун вакциныг хүлээж авлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 3 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам

Монгол Улсад өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч улмаар малын дархлаа суларснаас хонины цэцэг өвчний болзошгүй эрсдэл үүсээд байна.

Дээрх өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Биокомбинат ТӨХХК-аас худалдан авдаг бөгөөд энэ жилийн тухайд үйлдвэрлэлийн технологиос шалтгаалан хэрэгцээг хангах боломжгүй болжээ.

Тиймээс Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, малын эмч А.Нарантуяа Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын лавлагаа лабораториор баталгаажсан вакцин үйлдвэрлэгчдээс тусламж хүссэний дагуу Иорданы Вант улсын Био үйлдвэрийн төв буюу JOVAC-аас нэг сая тун вакцины тусламжийн түрүүчийг ирүүлснийг хүлээн аван эрсдэл бүхий аймгуудад хуваарилан хүргэхээр ажиллаж байна.

Мөн БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн 2,5 сая тун вакцин нийлүүлэхээ илэрхийлсэн бөгөөд уг вакциныг авснаар хонины цэцэг өвчний эрсдэлийг бүрэн бууруулах боломжтой.

Биокомбинат ТӨХХК-аас бусад хэрэгцээт 9,5 сая тун вакцин нийлүүлэхээр ажиллаж буй аж. 

Хонины цэцэг өвчин гэж юу вэ?

Өндөр халуурал, арьс, салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм. 

Халдварын эх үүсвэр нь өвчилсөн, нууц үедээ байгаа хонь, ямаа бөгөөд тэдгээрийн нус, нулимс, баас, шээс, шарх, тавны хогжруу зэргээр гадаад орчныг бохирдуулна. Мөн өвчтэй мал амьтныг гардан эмчлэх, тэжээх явцад хувцас, малын тоног хэрэгсэл, ноос, ноолуур, арьс, вирусээр бохирдсон хашаа хороо, тэжээл, хэвтэр бууцаар дамжин халдвар тархана. 

Цэцгээр хонь ямаа нас, хүйс, үүлдэр харгалзахгүй өвчлөх ч нялх ишиг, эрлийз мал илүү мэдрэмтгий байдаг.

Өвчний нууц үе нь 21 хүртэл хоног байна. Цэцгээр өвчилж буй хонь, ямааны биеийн халуун 410 С хүрч 1–5 өдрийн турш үргэлжилнэ. Нүд, ам, хамраас нулимс, салст идээт нус, нуух гоожих, зовхи хавагнах, судасны лугшилт олширч амьсгал түргэсэх, цэцгийн цэврүүт гүвдрүү, булдруу ихэвчлэн толгой, уруул, хамрын самсаа, шанаа, нүдний орчим болон  цавь, суга, дэлэн, хуухнаг, гуя болон сүүлний дотор талын үсгүй хэсэгт үүсэж ус тэжээлд дургүй болох шинж тэмдэг илэрнэ.  

 

Эх сурвалж: Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам